Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2018/ШЦТ/357

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Х.Оюунцэцэг,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Отгонбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Урианхад овгийн Балжиннямын Мөнхбаярт холбогдох эрүүгийн 1834000000304 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, төв аймгийн Цээл суманд 1992 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх,  дугаарын регистртэй, Урианхад овгийн Балжиннямын Мөнхбаяр

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч ******* нь согтуугаар Төв аймгийн Цээл сумын Майхан 3 дугаар баг 7-701 тоотод орших суух иргэн М.Мэндзаяагийн байшингийн вакум цонхыг төмрөөр хөшиж, хууль бусаар нэвтрэн орж, мөнгөн тоноглолтой эмээл хулгайлж, бусдад бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчоос 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч *******ын:

2018 оны 9 дүгээр сард хадлан дээр байж байгаад төв орсон. Тэгээд  Одгэрэл Лхагвасүрэн хоёр блок зөөлцөөд өг гэхлээр нь цуг блок зөөлцөж дуусаад 2 шил  архи хувааж уусан. Тэгээд би найз Лхагвадоржийн гэрт хонох санаатай очсон чинь хүн байхгүй байсан. Тэгэхлээр нь гэрт нь цонхоор нь ороод мөнгөн тоноглолтой эмээлийг нь авсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэргээс дараах хохирогч М.Мэндзаяагийн /хх-ийн 16-17 дугаар хуудас/, гэрч С.Даваасүрэнгийн /хх-ийн 18 дугаар хуудас/, гэрч  А.Юмжавын /хх-ийн 19 дүгээр хуудас/, гэрч Б.Оюунчимэгийн /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, гэрч П.Атарбаатарын /хх-ийн 22 дугаар хуудас/, яллагдагч *******ын /хх-ийн 24 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл //хх-ийн 1 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 2-3 дугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6 дугаар хуудас/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 28 дугаар хуудас/, шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 34, 35, 38, 39, 40-43, 46, 47 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч ******* нь согтуугаар, 2018 оны 09 дүгээр сарын 23-ны 21 цагийн орчим Төв аймгийн Цээл сумын Майхан 3 дугаар багийн 7-701 тоот иргэн М.Мэндзаяагийн байшингийн вакум цонхыг төмрөөр хөшин орж, мөнгөн тоноглолтой эмээл хулгайлсан үйл баримт нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч М.Мэндзаяагийн ...2018 оны 09 дүгээр сарын 23-ны... ...орой 21 цагийн үед ирээд байшингаа онгойлгоод гэртээ ороход жижиг өрөө буюу унтлагын өрөөний цонх онгорхой байхаар нь хулгай орсон байна гэж бодоод эд зүйлээ бүртгэж үзэхэд том өрөөнд хананы стек буйдан хоёрын хооронд модон суурин дээр байсан мөнгөн тоноглолтой эмээл хулгайд алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн... /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

гэрч С.Даваасүрэнгийн ...Мөнхбаяр 2018 оны 09 дүгээр сарын 23-ны шөнө 09 цагийн үед ирсэн... ...Нилээн согтуу байсан. Хөлөн дээрээ тогтож чадахгүй байсан. Шууд л унтаад өгсөн... /хх-ийн 18 дугаар хуудас/,

гэрч  А.Юмжавын ...*******тай Петровис клонкын урд таараад Бандан хад уулын тэр хавьд очоод нэг шил архи уусан. ******* тоосго зөөж байгаа гээд нэг хүнтэй явж байгаад хүргэж өгөөд Б.Атарбаатар ах бид 3 нэг шил архи уусан... ...******* найзындаа хүргүүлнэ гээд П.Атарбаатар ахыг гуйгаад хүргэж өгөөд ирье гээд явсан... ...Найзындаа л очлоо гэж хэлсэн... /хх-ийн 19 дүгээр хуудас/,

яллагдагч *******ын ....найз Лхагвадоржийнд очсон байшингийн хаалгын татаж үзэхэд хүн байхгүй цоожтой байхаар гэрт байдаг мөнгөн тоноглолтой эмээлийг авч зарахаар шийдээд байшингийн баруун талд байдаг цонхны жижиг порчигыг хашаанд дотроос нь төмөр олж хөшиж онгойлгоод жижиг өрөөнд нь орсон. Тэгээд жижиг өрөөнөөс дамжин том өрөөнд орж буйдан хананы стек хоёрын дунд модон суурийн дээр байсан мөнгөн тоноглолтой эмээлийг суурь модтой нь аваад жижиг өрөөний цонхоор буцаж гараад модон суурийг хашаан дотор нь хаяад хашааны баруун хойд булангаар даван гарч эмээлээ бариад 200 метр гаран алхаад Гомбоо гэх айлын хашаанд оруулан тавиад Гомбоогийнд хоноод өглөө хүмүүс сэрэхээс өмнө босоод эмээлээ аваад Гомбоогийн хашааны урд байдаг эзэнгүй хашааны жорлонд тавьж таглаад Цээл сумын зүүн дэнжид байдаг Жамъянсүрэн гэх айлд очоод байж байгаад цагдаад баригдсан... /хх-ийн 24 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл //хх-ийн 1 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 2-3 дугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6 дугаар хуудас/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 28 дугаар хуудас/, шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 34, 35, 38, 39, 40-43, 46, 47 дугаар хуудас/ зэрэг мэдүүлгийн болон бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт болон гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *******ын согтуугаар, М.Мэндзаяагийн мөнгөн тоноглолтой эмээл хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн хувьд бусдын орон байранд цонхыг нь төмрөөр хөшиж онгойлгоод хууль бусаар нэвтэрч, М.Мэндзаяагийн эзэмшлийн мөнгөн тоноглолтой эмээлийг өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар авч захиран зарцуулах боломжийг буй болгосноор төгссөн санаатай гэмт хэрэгт тооцохоор байх тул дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан байна.

 

Иймд шүүгдэгч *******ыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Мэндзаяад 8.500.000 /найман сая таван зуу/ төгрөгийн хохирол учирсан байна.

 

Гэвч шүүгдэгч ******* нь хулгайлсан мөнгөн тоноглолтой эмээлийг хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр өөрийн мэдэлд авсан хэдий ч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байлын улмаас захиран зарцуулах боломж олдоогүй бөгөөд тухайн хулгайд алдагдсан мөнгөн тоноглолтой эмээлийг хууль ёсны өмчлөгчид буцаан өгсөн нь хавтас хэргийн 11 дүгээр хуудсанд авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч *******т хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хорих ял оногдуулах боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч *******т оногдуулсан хорих ялыг хуульд заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

  Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг

        хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

              36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн

    1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Урианхад овгийн Балжиннямын Мөнхбаярыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч Урианхад овгийн Балжиннямын Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Урианхад овгийн Балжиннямын Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Урианхад овгийн Балжиннямын Мөнхбаяр нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

5. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Урианхад овгийн Балжиннямын Мөнхбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

 

6. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Урианхад овгийн Балжиннямын Мөнхбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ш.ГАНДАНСҮРЭН