Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 240

 

Б.М т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 357 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 24 дүгээр магадлалтай, Б.М т холбогдох 1834000000304 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч М.М гийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй У овогт Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.М ыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М , хохирогч М.М  нарын давж заалдах шатны журмаар гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч М.М  гаргасан гомдолдоо “...М.М  миний бие тус сумын 3 дугаар багт оршин суудаг. Б.М  нь хийсэн хэрэгтээ гэмшиж биднээс уучлалт гуйж, авсан зүйлээ бүрэн бүтэн буцааж өгсөн. Бидний хувьд ямар ч гомдол байхгүй. Мөнхбаярт оноосон ял шийтгэл нь хүндэдсэн гэж үзэж хэргийг дахин хэлэлцэж, хөнгөрүүлэн хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд ахлах прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан байна. Учир нь, прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Иймд хэргийг прокурорт буцаах саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч М.М гийн гаргасан гомдлыг үндэслэн Б.М т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Б.М ыг согтуугаар Т аймгийн ... сум, ... багийн ... тоотод оршин суух иргэн М.М гийн байшингийн вакум цонхыг төмрөөр хөшиж, хууль бусаар нэвтрэн мөнгөн тоноглолтой эмээл хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй яллах дүгнэлтийг үндэслэн хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын энэхүү алдаанд дүгнэлт хийхийн оронд хэрэгт цугларсан нотлох баримтуудаас гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг өөрсдийн санаачлагаар тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... хуулийн заалтыг чанд сахих” тухай хууль ёсны зарчим зөрчигдөхөд хүргэсэн байна.   

Тухайлбал, яллах дүгнэлтэд Б.М ын үйлдсэн гэмт хэрэг хэзээ үйлдэгдсэн цаг хугацааг огт бичигдээгүй байх тул энэхүү алдааг зассаны эцэст шүүх хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй.

Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах шаардлагатай, үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзлээ.  

Иймд хохирогч М.М гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 357 дугаар шийтгэх тогтоол, түүнийг хэвээр үлдээсэн Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 24 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.М т холбогдох хэргийг прокурорт буцаасугай.

 

 ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                   ШҮҮГЧ                                                Б.БАТЦЭРЭН

                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН