Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2015/0320

 

Ө-2 СӨХ-ны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т , хариуцагч Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н , хариуцагч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, Д.Ш, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ч нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 246 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ө-2 СӨХ-ны нэхэмжлэлтэй, Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн захирагчийн ажлын албаны 2011 оны 06 дугаар сарын 29-ний өдөр З.Б т олгосон 2011016 дугаар эзэмших эрхийн гэрчилгээг, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолын З.Б т холбогдох хэсгийг, З.Б ийн орон сууц өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ****дугаарт бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Орон Сууц хувьчлах товчоо шүүхэд гаргасан тайлбартаа: Байгууллагын нэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан баримт хүчингүй болох гэж байхгүй. У.О  нь 2002 оноос энэ 00 тоот өрөөнд амьдраад, 2007 онд өргөдлөө Ухнаа гэдэг хүнд өгсөн байдаг. Энэ бол техникийн зориулалттай өрөө биш, хүн амьдрах ёстой өрөө. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар шүүхэд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол 2 дугаар байрны 0 тоот хаягт орших 18 м2 талбай бүхий нэг өрөө орон сууцыг орон сууц эзэмших эрхийн бичиг, Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд гаргасан өргөдөл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт гаргасан бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, үйлчилгээний хураамж төлсөн баримт, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооноос олгосон ***** тоот орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг нотлох баримтыг үндэслэн З.Б ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн ****дугаарт бүртгэсэн. Нийслэлийн орон сууц хувьчлах товчооноос 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолоор иргэн З.Б т уг орон сууц хувьчлагдсаныг холбогдох нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн нь хууль тогтоомж зөрчөөгүй гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн захирагчийн ажлын алба шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн З.Б  нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 2 дугаар байрны 11 дүгээр орцны 0 тоотыг 2011016 дугаар эрхийн бичгийн үндсэн дээр 2011 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн эзэмшиж байжээ. Улаанбаатар хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 171 дүгээр тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотод улс хоршоолол, олон нийтийн байгууллага үйлдвэр аж ахуйн газраас орон сууцыг хуваарилах журмын 5 дугаар хэсгийн 5.3-т ... хүндэтгэх шалтгаанаар сууц эзэмшигчийн нэр солиход өргөдөл гаргуулсны дараа ОСГ /харьяалагдах хороо/, ОСА-ын трест /ОСА-ын контор/-ийн тодорхойлолтыг харгалзан шийдвэрлэж, тухайн байранд эрхийн бичиг олгоно гэж заасан байдаг. Уг орон сууцыг У.О  нь эзэмшиж байгаад хөдөө шилжин ажиллах болсон тул З.Б т шилжүүлэх хүсэлтээ 2011 оны 03 дугаар сарын 21-ний өдөр манай албанд гаргасан бөгөөд түүний хүсэлт дээрх 171 дүгээр тогтоолд заасан шаардлагыг хангасан байна. З.Б т хувьчлагдаагүй орон сууцыг шилжүүлэн эзэмшүүлсэн захиргааны байгууллагын үйлдэл нь зохих хууль журмыг зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрх зүйн үндэслэлгүй гэжээ.

 

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 -д сууцны бус зориулалттай техникийн өрөө нь Сууц өмчлөгчдийн холбооны үл хөдлөх хөрөнгө мөн гэсэн заалт байдаггүй. Харин орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах эд хөрөнгийг нэрлэн заасан болохоос шууд СӨХ-ны үл хөдлөх хөрөнгө гэж нэрлэн заагаагүй. Тус хуулиар дундын өмчлөлийн эд хөрөнгийг Сууц өмчлөгчдийн холбооны хөрөнгө гэж тусгайлан зохицуулсан зохицуулалт байхгүй байхад өөрсдийн хөрөнгө мэтээр ямар ч үндэслэлгүйгээр хууль бусаар хувьчлан авсан хөрөнгө рүү дайрч нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү.

СӨХ-д 00 тоот өрөөг өмчлөх эрх хуулиар олгогдоогүй. Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 2 дугаар байрны 00 тоот өрөөг 2011 онд У.О  гэдэг хүний нэр дээр эзэмших эрхийн ордертой байхад нь З.Б  нь өөрийн нэр дээрээ шилжүүлж, 2011 онд Нийслэлийн захирагчийн албанаас албан ёсоор гэрчилгээ өгсөн, улмаар Орон сууц хувьчлах товчоонд өргөдөл гаргаж, 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолоор 00 тоот өрөөнийхөө 18 м2 талбайгаа хувьчлан авч улсын бүртгэлийн ****дугаарт бүртгэн гэрчилгээ олгосон нь хууль болон Засгийн газрын 2004 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 140 дүгээр тогтоолыг зөрчөөгүй учир хувьчлалыг хүчингүй болгох үндэслэл байхгүй. Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу хувьчлах орон сууцыг эзэмших эрхийн бичиг/ордер/-ээр эзэмшиж байгаа Монгол Улсын иргэн тухайн сууцаа хувьчлан авах эрхтэй гэж заасны дагуу З.Б  нь Нийслэлийн захирагчийн ажлын албанаас 2011 онд 2011016 тоот эзэмших эрхийн гэрчилгээ аван хууль ёсоор эзэмшиж байгаад хувьчлан авсан нь хууль зөрчөөгүй. Иймд эрх ашиг нь огт зөрчигдөөгүй шаардах эрх зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 246 дугаар шийдвэрээр: Орон сууц хувьчлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дүгээр зүйлийн 15.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ө-2 СӨХ-ны гаргасан Нийслэлийн захирагчийн ажлын албаны 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн З.Б т олгосон 2011016 дугаар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Нийслэлийн орон сууц хувьчлалын товчооны 2012 оны 6 дугаар сарын 25- ны өдрийн 13 дугаар тогтоолын 3.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, З.Б ийн өмчлөх эрхийг эд хөрөнгийн улсын бүртгэлийн ****дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: 1. Захиргааны хэргийн шүүхээс хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, гэрчээс мэдүүлэг авах зэрэг үүргээ хэрэгжүүлээгүй хэрэг хянан шийдвэрлэх явцад болон шүүхээр хэргийг шийдвэрлэхдээ оролцогчийн эрхийг зөрчсөн тухайд:

а/ Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хувьд удаа дараа шүүх хурал дээр хүсэлт гаргаж байсныг шүүх хурал хойшлуулж шийдвэрлэж байсан ч зарим нэг хүсэлтүүдийг шүүх хуралдаан дээрээ шийдвэрлэхгүй хожим нь дангаараа шийдвэрлэж захирамж гаргаж байсан ба тэгэхдээ анх У.О  гэх хүн 11 дүгээр орцны 00 тоот өрөөг авахдаа ашигласан иргэний үнэмлэх нь Сонгинохайрхан дүүрэг 12 дугаар хороо Өнөр 2-11-00 тоот 2007/10/22 гэсэн наалттай боловч Сонгинохайрхан дүүрэг 12 дугаар хорооны засаг даргын удаа дараагийн тодорхойлолт, өрхийн бүртгэлээр 2007 онд амьдарч байгаагүй, өрхийн бүртгэлгүй гэсэн зөрчилтэй байдлаас У.О ы 2007 оны тухайн хаягийн бүртгэл, иргэний үнэмлэхний лавлагаа зэргийг эрх бүхий байгууллагаас гаргуулахдаа хүсэлт гаргасныг шийдвэрлээгүй орхигдуулсан нь оролцогчдын эрхийг ноцтой зөрчсөн байна. Тухайн баримт нь хэрэгт чухал ач холбогдолтой, хамааралтай бөгөөд хуурамч бүртгэл, наалт, иргэний үнэмлэхээр эрх үүсгэсэн бол хэргийн шийдвэрт ч нөлөөтэй юм.

б/ Хэрэг хянана шийдвэрлэх явцад Ө-2 СӨХ-ны бүх гүйцэтгэх захирлын үед ажиллаж байсан архив, бичиг хэргийн ажилтанг гэрчээр асуулгах хүсэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Энэ нь нотлох баримтыг нэг талд үнэлэх боломжийг нэмэгдүүлж оролцогчдын эрхийг зөрчсөн.

в/ Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын талаар гуравдагч этгээдийн тайлбар, баримтыг танилцуулаагүй.

г/ Хэдийгээр шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах эрхээ хэрэгжүүлээгүй ч, дүрс бичлэгийг үзэх боломжтой тул доорхи зүйлд гомдолтой байна. Тухайлбал: Захиргааны хэргийн энхэн шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 246 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийг танилцуулахдаа У.О  эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж тайлбарласан ба З.Б ийн талаар огт дурьдаагүй хариуцагч нар нэгэн дуугаар та андуурчлаа гэхэд хүлээн аваагүй гэтэл шүүхийн шийдвэр бичгээр гарахад У.О  биш З.Б  гэж уншиж сонсгон танилцуулснаасаа өөр байна. Теххик алдаа гэж үзэх боломжгүй бөгөөд шүүх хуралдааны дүрс бичлэгт бичигдсэн байгаа байх.

Шүүхийн шийдвэрт миний хэлсэн үгийг мушгих хэлбэрээр буруу тусгажээ. Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо нь ... татан буугдсан байх үедээ хуурамч нэрээр тогтоол гаргасан байгаа гэх миний бие 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх, тодруулахдаа ч тэр шүүх хуралд дээр ч тэр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 05 дугаар сарын 07-ны 57 дугаар тогтоол 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/393 дугаартай Нийслэлийн засаг даргын захирамжаар 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс татан буугдсан байх үедээ хуучин нэрээрээ тогтоол гаргасан нь хууль бус юм. Нэг үгээр хэлбэл эрх зүйн чадамжгүй этгээд тогтоол гаргасан гэсэн үг. Гэсэн тайлбар... хуурамч нэр гэж өөрчлөн утга агуулгыг өөрчилж нэхэмжлэгчид ашигтай баримтыг үнэлэхгүйгээр орхиж эрхийг зөрчсөн.

Шүүх хуралдааны мэтгэлцээний явцад нэмэлт нотлох баримт шаардлагатай гэж үзээд холбогдох байгууллагаас

1)     Сонгинохайрхан дүүрэг 12 дугаар хороо 1 дүгээр хороолол 2 дугаар байрны 1 дүгээр давхрын зураг төсөл ялангуяа маргаан бүхий 11 дүгээр орцны 00 тоот өрөө нь техникийн, үйлчилгээний, орон сууцны аль зориулалтаар төлөвлөгдөж, баригдан ашиглалтад орсон талаар

2)     Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны гүйцэтгэх захиргааны 1989 оны 171 дүгээр тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа эсэхийг тодруулах зэрэг хэрэгт чухал ач холбогдол бүхий хүсэлтүүдэд хүлээн авсан, татгалзсан зэргээр хянан шийдвэрлээгүйд гомдолтой байна.

2. Хэргийн нотлох баримтуудыг үнэлж дүгнэсэн тухайд:

Нэгэнт хэрэгт нотлох баримт дутуу оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул олон зүйл нуршилгүй шүүхээс шийдвэр гаргахдаа хэргийг тал бүрээс нь биш зөвхөн нэг талыг барьсан нь нотлох баримтуудыг үнэлж дүгнэсэн хэлбэрээс харагдана. Тухайлбал: Нэхэмжлэгчээс гаргасан баримтуудыг орхилоо гэхэд Сонгинохайрхан дүүрэг 12 хорооны засаг даргын удаа дараагийн тодорхойлолтууд, өрхийн бүртгэл, XVT-15-ын тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтсийн албан бичиг, лавлагаа, тодорхойлсон гэх мэт олон баримтуудад огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй байгаа юм.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 246 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Ө-2 СӨХ-оос Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолын З.Б т холбогдох хэсгийг, Нийслэлийн захирагчийн ажлын албаны 2011 оны 06 дугаар сарын 29-ний өдөр З.Б т олгосон 2011016 дугаар эзэмших эрхийн гэрчилгээг, З.Б ийн орон сууц өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ****дугаарт бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/393 дугаар захирамжаар Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс татан буулгаж, Орон сууц нийтийн аж, ахуйн газарт тасаг болгон нэгтгэжээ.

 

Үүнээс үзэхэд Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо нь татан буугдсан ч тухайн байгууллагын чиг үүрэг хэвээр хадгалагдсан, тодруулбал Орон сууц нийтийн аж, ахуйн газрын тасаг нэртэй нэгжээр ажиллах болсон бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/393 дугаар захирамж гарснаар тухайн байгууллагын 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хойшх огноо бүхий гаргасан шийдвэрүүдийг хууль бус гэж үзэх боломжгүй. Иймд эрх зүйн чадамжгүй этгээд тогтоол гаргасан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Нийслэлийн захирагчийн ажлын алба дээрх 00 тоот орон сууцыг З.Б ийн эзэмшилд шилжүүлж 2011 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2011016 дугаар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 171 дүгээр тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотод улс хоршоолол, олон нийтийн байгууллага үйлдвэр аж ахуйн газраас орон сууцыг хуваарилах журмын 5 дугаар хэсгийн 3-т ... хүндэтгэх шалтгаанаар сууц эзэмшигчийн нэр солиход өргөдөл гаргуулсны дараа ОСГ-ны хороо, ОСА-ын трестийн тодорхойлолтыг харгалзан шийдвэрлэж, тухайн байранд эрхийн бичиг олгоно гэсэнтэй нийцсэн төдийгүй Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 171 дүгээр тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа болох хэрэгт авагдсан хариуцагч нарын тайлбараар тогтоогдсон байна. Иймд З.Б т 2011 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2011016 дугаар эзэмших эрхийн гэрчилгээ олгосныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

З.Б  нь Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 /Хувьчлах орон сууцыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд тухайн сууцаа хувьчлан авах эрхтэй/-д заасан эрхийн хүрээнд өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 2 дугаар байрны 11 дүгээр орцны 00 тоот, 18 м.кв нэг өрөө сууцыг өөрийн нэр дээр хувьчилж авах хүсэлтийг Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд гаргажээ.

 

Нэхэмжлэгч З.Б ийн хүсэлтийг үндэслэн Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолоор уг сууцыг З.Б т өмчлүүлэхээр шийдвэрлэсэн нь Орон сууц хувьчлах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 /Сууц хувьчлах тухай шийдвэрийг үндэслэн сууц эзэмшигчид тухайн сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээ олгоно/-д гэж заасантай нийцсэн, үүний улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

З.Б  дээрх орон сууцыг өмчилж авах хүсэлтийг тус дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан, уг хүсэлтдээ З.Б ийн орон сууц эзэмших эрхийн бичиг, Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд гаргасан өргөдөл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт гаргасан бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, үйлчилгээний хураамж төлсөн баримт, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолоор З.Б т олгосон ***** дүгээр орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг баримтуудыг хавсарган өгсөн нь хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 /Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, мэдүүлэг хүлээн авсан өдрөөр эрхийн улсын бүртгэлийн дугаар өгч, хувийн хэрэг нээн бичилт хийж, гарын үсэг зуран, хувийн дугаар бүхий тэмдэгээ дарна/-д зааснаар бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй тул бүртгэл хийгдсэнийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахаар заасан бөгөөд Засгийн газрын 2004 оны 140 дүгээр тогтоолын дагуу хүн амьдрах шаардлага хангасан гэж үзэн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 2 дугаар байрны 11 дүгээр орцны 00 тоот өрөөг орон сууцны зориулалтаар 2008 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн иргэн У.О д эрх бүхий байгууллагаас эрхийн бичиг олгон эзэмшүүлсээр ирсэнд нэхэмжлэгч Ө-2 СӨХ татгалзаж маргаагүй, өөрөөр хэлбэл, тухайн 00 тоот өрөөг сууцны зориулалттай гэдгийг хүлээн зөвшөөрсөн атлаа зөвхөн З.Б т хувьчилсан асуудлаар маргаж байгаа нь ойлгомжгүй байна.

 

Эдгээр байдлуудад анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Харин шүүх тухайн асуудлыг нарийвчлан зохицуулсан хуулийн заалтыг хэрэглээгүй алдааг зөвтгөсөн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулахаар шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 246 дугаар шийдвэрийн 1 дэх хэсгийн Орон сууц хувьчлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 гэснийг Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1, 18 дугаар зүйлийн 1 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

 

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

 

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР