Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/434

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2020/0204/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,

Улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрмэнд,

Шүүгдэгч А.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б овогт А.Х-д холбогдох эрүүгийн 2018002530205 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,Б  А.Х /РД:.............../, ... оны ... дугаар сарын ..ны өдөр .. аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ......мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .. -ийн хамт ...... аймгийн .... сумын ... багийн .. дугаар байрны... тоотод оршин суух хаягтай /Улаанбаатар хот, ... дүүрэг, ..дугаар хороо, .. хотхон.. дүгээр байр, ..тоотод оршин суух бүртгэлтэй/, хэрэг хариуцах чадвартай, урьд:

- Сум дундын ... дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ял,

- ... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ....дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосон,

- ...... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож, 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч А.Х-нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Э.Д-г байнга зодсон хэрэгт урьд шүүхээр хорих ял шийтгүүлж, хорих ялаа эдэлж дууссаны дараа буюу 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ......... аймгийн........ гол сумын .....багийн ..... дүгээр байрны гадна хамтран амьдрагч 3 сартай жирэмсэн Э......г байнга зодсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Х мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлгээ өгсөн. Дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.  

 

Эрүүгийн 2018002530205 дугаартай хэргээс:

 

Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч картын хуулбар[1],

 

Хохирогч Э.Д-гийн мөрдөн байцаалтад 2020 оны 03 дугаар сарын 29, 04 дүгээр сарын 24-ний өдөр тус тус мэдүүлсэн ...Х бид хоёр хамт амьдраад 5 жил болж байна. Х нь өмнө нь намайг зодож Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байх хорих 413 дугаар ангид ялж эдэлж байгаад 2020 оны 01 дүгээр сард суллагдсан. ...2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр манай дүү А  хонь төхөөрсөн бөгөөд 14 цагийн орчимд Х намайг мах олж ир гэж хэлэхээр нь би чадахгүй гэж хэлээд гэрээсээ гарсан чинь намайг дагаж гарч ирээд намайг гэр лүү оруулах гээд цамцнаас татаад байсан чинь дээд айлын Г эгч цонхоороо намайг өмөөрч Х-тай хэрэлдсэн. Тэр үед Х байрны гадна миний толгойн ар хэсэг рүү гараараа цохиж унагасан бөгөөд би газар унасан. Намайг газар унасан байхад миний толгой руу хөлөөрөө дэвсэж нуруу луу өшиглөсөн. Энэ үед байрны А-гэх эгч намайг өмөөрч Х-ыг модоор ганц удаа зөөлөн цохиж цааш түлхэж явуулсан. Миний толгой руу цохисноос болж толгой хавдаж өвдсөн. Х намайг зодох үедээ архи уугаагүй эрүүл байсан. Дараа нь 04 дүгээр сарын 08-ны өдөр Х-тай гэртээ байхад гар утас дугарсан чинь Х Цагдаагаас залгаж байж магадгүй, чи утас авчих гэхээр нь би Чи өөрөө утсаа авч ярь гэж хэлсэн чинь надад уурлаж, уурандаа гэрийнхээ цонхыг хагалсан. Гэхдээ намайг цохиж зодоогүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.гэх мэдүүлэг[2],

 

Гэрч Ж.А-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мэдүүлсэн ...2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Хайрхан багийн ....  дүгээр байрны орцны үүдэнд сууж байхад хажуугийн 7 дугаар байраас Д  гүйгээд ирсэн бөгөөд Х араас нь гарч ирсэн. Х Д-г барьж аваад цохиод газарт унагаасан. Тэгээд газарт унасан байхад нь дээрээс нь өшиглөөд байсан. гэх мэдүүлэг[3],

 

Гэрч Л.Г-гийн мөрдөн байцаалтад 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мэдүүлсэн ...2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр цагийг нь сайн санахгүй байна. Намайг байрныхаа гадна сууж байхад хажуугийн 7 дугаар байрны тэндээс Х нь эхнэр Д-г араас нь хөөгөөд чанга чанга дуугарч явсаар байгаад манай байрны үүдэнд ирээд Д үстээд доош дарсан. Тэр үед Д доошоо тонгойгоод унахад дээрээс нь толгой руу нэг удаа өшиглөсөн. гэх мэдүүлэг[4],

 

Гэрч Э.А-ын мөрдөн байцаалтад 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлсэн ...Э.Д  бол миний төрсөн эгч бөгөөд нөхөр хүүхдийнхээ хамт .... багийн .... тоотод амьдардаг. Сүүлд Цагдаагийн газраас залгаад байхаар нь Д-ээс юу болсон талаар асуухад Х хэд хоногийн өмнө зодсон юм аа. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан. гэж хэлсэн. гэх мэдүүлэг[5],

 

А.Х-ын мөрдөн байцаалтад гэрчээр 2020 оны 03 дугаар сарын 29, яллагдагчаар 04 дүгээр сарын 23-ны өдөр тус тус мэдүүлсэн ...2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гэрт хоолны махгүй болохоор нь Д дүүгийнхээ гэрээс жаахан мах аваад ирээч 2 хүүхэд чинь өлсөөд байна гэхэд миний өөдөөс би яахаараа чамайг тэжээх ёстой юм гэж хэрүүл хийгээд байхаар нь байрныхаа гадна түүний толгой руу гараараа нэг удаа цохиж унагасан ба толгой дээр нь нэг удаа дэвсэж зодсон. Д  нь зодуулах үедээ 3 сартай жирэмсэн байсан. Би тухайн үед архи дарс хэрэглээгүй байсан. гэх мэдүүлэг[6],

 

Жижүүр эмч А.Х-ны 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ...Д  нөхөртөө зодуулсан ба толгой эргэнэ, дотор муухайрна гэх зовуурьтай. Баруун талын духанд 3,0х5,0см хэмжээтэй цус хурсан шархтай, толгой, хуйх хавагнасан, өвдөлт ихтэй.  гэх тодорхойлолт[7]

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 312 дугаартай ...Э.Д-ийн биед духны баруун талын цус хуралт, хуйхны хаван тогтоогдлоо. Дээрх цус хуралт, хаван нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг цус хуралт, хаван нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. гэх шинжээчийн дүгнэлт[8],

 

Аюулын зэргийн үнэлгээ[9],

 

Шүүгдэгч А.Х-ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[10], шийтгэх тогтоолын хуулбар, хувийн байдлын талаарх бусад бичиг баримтууд[11] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч А.Х-ын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А.Х нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Э.Д байнга зодсон хэрэгт урьд шүүхээр хорих ял шийтгүүлж, хорих ялаа эдэлж дууссаны дараа буюу 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ...... аймгийн ..... сумын ........багийн ... дүгээр байрны гадна хамтран амьдрагч 3 сартай жирэмсэн Э.Д зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч А.Х нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгч А.Х-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.1 дэх хэсэгт зааснаарэхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг тус хуулийн үйлчлэлд хамааруулахаар,

мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг,

5.1.2.“гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг гэж тус тус тодорхойлжээ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн гадаад илрэх шинж нь хохирогчийг байнга бие махбод, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийлэлд оруулж, зодож, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, хуваарьт болон дундын хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах үйлдлээр тодорхойлогддог.

Эрүүгийн хуулийн тусгай ангид тодорхой үйлдлийн давтамжийн шинжийг тодорхойлоход байнга гэсэн ойлголт хэрэглэдэг бөгөөд байнга гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав болон түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхыг авч үздэг хууль хэрэглээний ойлголт юм.

Шүүгдэгч А.Х-ын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Э.Д урьд зодож эрүүгийн хариуцлага хүлээсэн нь түүний Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн байнга гэсэн шинжийг үгүйсгэх шалтгаан болохгүй юм.

А.Х-ын үйлдлүүдийг “Байнга” үйлдсэн гэх шинжээр нэгтгэн “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт тооцоход үйлдэл хоорондын хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж шүүх үзэв.

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгч А.Х-ын гэр бүл, ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн харилцааны улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч А.Х-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай жирэмсэн хүнийг байнга зодсон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг шинжийг хангасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Э.Д  нь шүүгдэгч А.Х-аас нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Х-д 1 жил 05 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна гэв.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч А.Х нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч А.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр шүүгдэгч А.Х нь хэдийгээр урьд 3 удаа ял шийтгэгдсэн хувийн байдалтай боловч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Шүүхээс шүүгдэгч А.Х-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчлөхөөр шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б А.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Х-д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.Х-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ИДЭР

 

 

[1] Хавтаст хэргийн 11-12 тал

[2] Хавтаст хэргийн 16-17, 18 тал

[3] Хавтаст хэргийн 19 тал

[4] Хавтаст хэргийн 20 тал

[5] Хавтаст хэргийн 22 тал

[6] Хавтаст хэргийн 21,30-31 тал

[7] Хавтаст хэргийн 23 тал

[8] Хавтаст хэргийн 25 тал

[9] Хавтаст хэргийн 72-73 тал

[10] Хавтаст хэргийн 63 тал

[11] Хавтаст хэргийн 53-60, 64-71, 83-92  тал