Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2020/00579

 

Ж.Зын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/02407 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1861 дугаар магадлалтай,

Ж.Зын нэхэмжлэлтэй,

ЛБХ ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах, эмчилгээний зардалд 1.477.344 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, урамшуулалд төлсөн 46.000.000 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Зын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие 2016 оны 05 сарын 15-ны өдөр ЛБХ ХХК-д ерөнхий инженерийн ажилд томилогдсон. Гэтэл гүйцэтгэх захирал Б.Б-гийн 2018 оны 03 сарын 27-ны өдрийн 02 тоот тушаалаар ажлаас гэнэт халагдсан. Надад хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл өгөөгүй, би 2018 оны 02 сарын 22-ны өдөр барилгын талбай дээр хальтирч унан баруун гарын мөрөнд бэртэл авсан хэдий ч Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар зөөлөн эдийн гэмтэл гайгүй болчихно гэхээр нь ажил үүргээ гүйцэтгэсээр байсан. Улмаар өвдөлт нэмэгдэж 2018 оны 03 дугаар сарын эхээр Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлэхэд баруун мөрний шөрмөс тасарсан байна, яаралтай мэс засалд ор гэсэн. Улмаар Люкс мед эмнэлэгт очер хүлээж байгаад MRI өгч баруун мөрний шөрмөс тасарсан гэсэн тул харьяа дүүргийн эмнэлэгт үзүүлж 2018 оны 03 сарын 23-ны өдрөөс магадлагаа авч эмчилгээ шинжилгээ хийлгэж байгаад 2018 оны 04 сарын 03-ны өдөр хагалгаанд орсон. Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын газраас 2018 оны 04 сарын 17-ны өдөр үйлдвэрлэлийн ослын акт гаргасан. Гэтэл 2018 оны 03 сарын 27-ны өдөр өвчтэй эмчилгээ хийлгэж байхад үндэслэлгүйгээр ажлаас халагдаж бас хөдөлмөрийн чадвараа алдсандаа гомдолтой байна. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү. Үйлдвэрлэлийн осолд орсонтой холбоотой эмчилгээний зардал, хохиролд 1.477.344 төгрөг гаргуулж өгнө үү. Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 16.200.000 төгрөг гаргуулах шаардлагаа татан авч байна. Учир нь, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоолгоогүй болно гэжээ.

Хариуцагч ЛБХ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Ж.З нь манай байгууллагад ерөнхий инженерээр ажиллаж байхдаа ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, ажиллаж байхдаа удаа дараа сахилгын зөрчил гаргаж байсан тул ажлаас чөлөөлсөн. Барилгын ажил хариуцлагатай, маш өндөр шаардлага тавигддаг, ялангуяа ерөнхий инженерийн хувьд аюулгүй байдал, талбай дээр ажиллаж байгаа ажилчдыг бүрэн хариуцах, мөн манай байгууллагын удирдах түвшиний хүний хувьд сахилга хариуцлагыг дээд зэргээр хангах үүрэгтэй атал ажлын байран дээр архи уусан, согтуу байсан нь ажлаас халах хангалттай үндэслэл болно. Үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан нөхөн төлбөрийн хувьд мөн хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тухайн гэмтэл манайхаас үүдэлтэй эсэх нь эргэлзээтэй, тухайн гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Ж.З нь ажлаас халагдах үедээ ажлаа хийж байсан, ямар нэгэн зовиур шаналгаа ажиглагдаагүй, ажил дээр хальтирч унасан гэдэг нь хангалттай тогтоогдоогүй. Эмчилгээний зардлын талаар, яг ямар эмчилгээ хийлгэсэн талаар манай байгууллагад мэдэгдээгүй энэ талаар бидэнд хандсан зүйл байхгүй, мөн энэ өвчний учраас энэ хэмжээний зардал гарсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Ж.З нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, ажлын байран дээр архи уусан, үйлдвэрлэлийн осолд орсон гэдэг нь ч эргэлзээтэй. Иймд Ж.Зын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ЛБХ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э-ын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ...Манай байгууллага 2016 оны 05 дугаар сараас эхлэн Ж.Зыг компанидаа ерөнхий инженерээр авч ажиллуулсан. Бид Ж.Зтай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа гэрээний 3.2 дахь заалтаар ажилтан ажилд орсноос хойш буюу 2017-2022 оны хооронд 5 жилийн хугацаанд өндөр бүтээмж гаргаж байгууллагын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан идэвх санаачлагатай ажиллавал Арцат апартментын 2 дугаар ээлжийн барилгаас 80 орчим м.кв талбайтай 3 өрөө байрыг урамшуулал болгон өгнө, хэрвээ бүтээмж муудсан сахилгын зөрчил гаргасан, хариуцлага алдсан тохиолдолд байрыг буцаан авна гэж заасан. Гэтэл Ж.З энэ нөхцлийг хангаагүй. Ажлын сахилга бат хариуцлага алдсан. Хөдөлмөрийн гэрээний 3.2-т заасны дагуу компанийн зүгээс Ж.Зт цалингаас гадна 2016 оны 05 сараас 2018 оны 03 сар хүртэл хугацаанд нийт 51.000.000 төгрөгийг түүний хүсэлтээр байр авах урьдчилгаа, урамшуулал байдлаар өгсөн. Үүнээс 7.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн, үлдсэн 43.500.000 төгрөгийг түүний Төрийн банк дахь данс руу шилжүүлсэн. Бэлнээр өгсөн мөнгөнөөс 2.500.000 төгрөгийн баримт байгаа, үлдсэн 5.000.000 төгрөгийн баримт олдохгүй байгаа тул 5.000.000 төгрөгийг нэхэмжлэхгүй. Иймд Ж.Заас урамшуулалд олгосон 46.000.000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Зын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц-гийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: ...Ж.Зыг ажилд ороход Б.Б- нь Орчлон констракшн ХХК-ийн 16 давхар 2 барилга дээр ажиллах санал тавьсан. Үүнд энэ барилгын карказ угсралтын ажлыг бүрэн дуусган хүлээлгэн өгвөл цалин тогтмол 1.200.000 төгрөг байхаар, илүү цаг болон хамтарч ажилласны хөлсөнд 50.000.000 төгрөг өгөхөөр тохиролцож хамтран ажиллахаар болсон. Ингээд 2016 оны 05 сараас 11 сар хүртэл ЛБХ ХХК-д ерөнхий инженерээр ажиллаж Орчлон констракшн ХХК-ийн High apartment барилгын карказ угсралтын ажлыг бүрэн дуусгаж хүлээлгэн өгсөн. Иймд цаашид хамтран ажиллахаар болж, эхний тохиролцсон 50.000.000 төгрөгийг 2016 оны 7 сар болон 09 сард, 2017 оны 07 сард сүүлийн тооцоо гэж цувуулан бага багаар өгөөд явж байсан. Ийм тохиролцоо хийгдэж Ж.З хариуцсан ажлаа чанарын өндөр түвшинд гүйцэтгэж тохирсон урамшууллаа авсан. Өөрийн хийсэн ажлаа үнэлүүлж, тохирсон урамшууллаа авсан байхад сөрөг нэхэмжлэл гарган буцаан гаргуулахаар нэхэмжилж буй нь үндэслэлгүй. Талуудын хооронд анхнаасаа хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй. Харин 2018 оны 03 сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, ийнхүү байгуулахдаа гэрээний 3.2-т Ажилтан нь ажилд орсноос хойш /2017-2022 он/ 5 жилийн хугацаанд өндөр бүтээмж гаргаж, байгууллагын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан, идэвх санаачлагатай ажилласан тохиолдолд компанийн зүгээс Арцат апартментийн 2 дугаар ээлжийн барилгаас 80 орчим м.кв талбайтай 3 өрөө байрыг урамшуулал болгон өгнө гэсэн заалтыг оруулсан. 2017 онд Арцат төслийн 3 блок карказ угсралт бүрэн дуусгаж 3 блок 3 давхар хүртэл цутгаад ажил зогссон. 2018 оны 02 дугаар сараас ажил эхэлж, үлдсэн 3 блок барилгын карказын ажлыг бүрэн дуусгаж хүлээлгэн өгсөн. 2017 онд 2017-2019 оны хийсэн ажилд байр өгөхөөр тохиролцсон боловч өгөөгүй үргэлжлүүлэн ажиллуулсаар байсан. 2016 онд хийсэн ажил, өгсөн мөнгө бүгд бүрэн таарсан, маргаан байхгүй юм. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ сүүлд 2018 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2 дахь заалтыг баримталж өмнөх онуудад олгосон урамшууллыг нэхэмжилж байх бөгөөд Ж.Зын хувьд ямар нэгэн сахилгын болон ноцтой зөрчил гаргаагүй, ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ажлын хариуцлага алдсан тохиолдол байхгүй тул түүний хийсэн ажилд нь тохирсон урамшууллыг буцаан шаардах үндэслэлгүй. Нөгөөтэйгүүр 3.2 дахь заалтын агуулгаас үзвэл ажил олгогч компани нь ажилтандаа орон сууц урамшууллаар олгохоор, тодорхой тохиолдолд гарсан бол байрыг буцаан авахаар зохицуулсан атал урамшуулалд өгсөн гэх 46.000.000 төгрөгийг байрны урамшуулалд олгосон мэтээр гуйвуулан тайлбарлаж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/02407 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЛБХ ХХК-аас 1 477 344 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Зт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч ЛБХ ХХК-д холбогдуулан гаргасан ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Ж.Зын нэхэмжлэл, мөн нэхэмжлэгч Ж.Заас 46 000 000 төгрөг буцаан гаргуулах тухай хариуцагч ЛБХ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч ЛБХ ХХК-аас үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр 16 200 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа нэхэмжлэгч Ж.З татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 246 340 төгрөг, хариуцагчийн 387 500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЛБХ ХХК-аас дутуу төлсөн 450 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, мөн 38 587 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Зт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1861 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/02407 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн М.Ц-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “Ажил олгогч нь иргэнийг ажилд авахад болон хөдөлмөрийн харилцааны явцад ажил, үүргийн онцлог шаардлагын улмаас ажилтаны эрх, эрх чөлөөг хязгаарласан бол энэ тухай үндэслэлээ нотлох үүрэгтэй" гэж заасан. 2018 оны 03 сарын 27-ны өдрийн байдлаар ЛБХ ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь О.Пүрэвдулам байхад захирал Б.Б- гэсэн төлөөлөх эрхгүй этгээд 02 тоот тушаал гаргаж Ж.Зыг ажлаас халсан байхад анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй. Ж.З нь 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс ЛБХ ХХК-д ерөнхий инженерээр ажилласан ба ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл болон захиргааны арга хэмжээ авагдаж байгаагүй, компанийн төлөө цаг наргүй, ашиг орлогыг нэмэгдүүлэхийн тулд инженерингийн оновчтой шийдэл гаргаж, ажлыг түргэн шуурхай явуулж ирсэн бөгөөд анхан шатны шүүх ямар ч нотлох баримтгүйгээр нэхэмжлэгчийн сахилгын ноцтой зөрчил гаргасан байна гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй. Үүнийг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүйн зэрэгцээ хэргийн оролцогч нарт шүүх хуралдааныг товыг огт мэдэгдээгүй эзгүйд Ж.Зын гомдлыг хэлэлцэж магадлал гаргасан. Ж.Зыг 2018 оны 02 сарын 22-ны өдөр байгууллагын үүдэнд хальтирч унасан талаар нэхэмжлэгч маргаагүй, эмчилгээ хийлгэж байх үед нь “ажлын байранд архи уусан” гэсэн үндэслэлгүй худал шалтгаанаар ажлаас халсан байхад анхан болон давж заалдах шатны шүүх нотлогдсон гэж үзсэн нь учир дутагдалтай. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэлээ хариуцагч бүрэн нотлоогүй, түүний хөдөлмөрлөх эрхийг нь ноцтой зөрчсөн ба шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг болон Компаний тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Магадлалд Ж.Зыг 3 дугаар сарын цалингаа бүтэн авсан гэж дүгнэсэн нь ажлын байранд согтуурсан, мансуурсан байдалтай ирсэн гэдгийг нотолсон баримт биш. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэр өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ж.З, ЛБХ ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах, эмчилгээний зардалд 1.477.344 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг, ЛБХ ХХК, Ж.Зт холбогдуулан урамшуулалд өгсөн 46.000.000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Хариуцагч үндсэн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх, Ж.Зын эмчилгээний зардалд 1.477.344 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангаж, түүний нэхэмжлэлийн бусад шаардлага болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцаа, ажил олгогч санаачилж нэхэмжлэгчийг ажлаас халсан үндэслэл, сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхийн талаар хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн дүгнэлт хийсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Ж.З ЛБХ ХХК-д ерөнхий инженерээр ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 02 тоот тушаалаар ажлаас халагдсан, тушаалд түүнийг ажлын байран дээр 3 удаагийн үйлдлээр буюу 2018 оны 03 дугаар сарын 9, 18 болон 21 өдрүүдэд архидан согтуурч, хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журмыг зөрчсөн гэх үндэслэл зааж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 6.8.3 дахь заалтыг баримталжээ.

Хоёр шатны шүүх, нэхэмжлэгч Ж.З тушаалд заасан 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ажлын байранд согтуу байсан нь хэргийн баримтаар тогтоогдсон, уг зөрчил нь хөдөлмөрийн гэрээний 6.8.3-т заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд хамаарна гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно. Иймд нэхэмжлэгч Ж.Зыг ажлаас халсан хариуцагч ЛБХ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 02 тоот тушаал нь “...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг ажилтан гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болох Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг зөрчөөгүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг ажлаас буруу халагдсан гэж үзэн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1-д заасан нөхцөл үүсээгүй байна. Энэ талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Эмчилгээний зардал гаргуулах нэхэмжлэлийг хангасан хэсэгт болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт хариуцагч хяналтын журмаар гомдол гаргаагүй бөгөөд шүүх эдгээр нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ хэргийн баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Нэхэмжлэгч Ж.Зыг ажлаас халсан 02 тоот тушаалыг тус компанийн гүйцэтгэх захирал Б.Б- гаргасан ба түүнийг тушаал гаргах эрхгүй гэж нэхэмжлэгч маргасан байна. Б.Б- компанийн цорын ганц хувьцаа эзэмшигч бөгөөд тус компанийн удирдлагыг хэрэгжүүлж, хожим нь гүйцэтгэх захирлаар улсын бүртгэлд бүртгэгдсэн тул эрхгүй этгээд шийдвэр гаргасан гэж үзэхгүй талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад тулгуурлажээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зарлаж, энэ тухай 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Ж.З болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э нарт утсаар мэдэгдсэн тухай баримт хэргийн 93-р талд авагджээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар шүүх хуралдааны талаархи шүүхийн мэдэгдэх хуудсыг утсаар дамжуулж болдог тул давж заалдах шатны шүүх хуралдааны мэдэгдлийг өгөөгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/02407 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1861 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ