Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 04

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Батсуурь, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга  Ц.Золзаяа,

улсын яллагч Д.Агар,

хохирогч Б.Мөнхзул,

насанд хүрээгүй шүүгдэгч П.Золзаяагийн өмгөөлөгч Ц.Мандал ҮД:14-94,

шүүгдэгч Э.Дөл, Ч.Оюунхандмаа нарын өмгөөлөгч О.Баярбаясгалан ҮД:12-60

насанд хүрээгүй шүүгдэгч П.Золзаяагийн хууль ёсны төлөөлөгч Н.Оюунханд

шүүгдэгч П.Золзаяа, Ч.Оюунхандмаа, Э.Дөл,

иргэдийн төлөөлөгч Э.Хунтогос   нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай  явуулсан шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1998 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 17 нас, 06 сар 18 хоногтой, эмэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 14-р байрны 94 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа  бүрэн  Боржигон овогт Пүрэвбаасангийн Золзаяа /РД:УК98111969/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1990 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 25 настай, эмэгтэй, халх, бага боловсролтой, зөөгч мэргэжилтэй, ам бүл-2, эцгийн хамт Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо, Шар хадны 20-р гудамжны 354 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа  бүрэн  Бэйл овогт Чойжилсүрэнгийн Оюунхандмаа /РД:УЗ90033187/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1989 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 26 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл-4, нөхөр, 4-8 насны 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Сармисны булгийн 1-р гудамжны 04 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа  бүрэн  Сайнноён овогт Энхбаатарын Дөл /РД:УМ89101542/ нарт

 

          Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар тус тус  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201525040498 дугаартай 105/2016/0583/Э индекстэй хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Насанд хүрээгүй шүүгдэгч П.Золзаяа нь  согтуугаар Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ВХ” нэртэй бааранд 2015 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин пивоны шилийг зэвсгийн чанартайгаар хэрэглэн хохирогч Ч.Оюунхандмаагийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт,

 

Яллагдагч Ч.Оюунхандмаа Э. Дөл  нар нь бүлэглэн  согтуугаар  Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ВХ” нэртэй бааранд 2015 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө “бүжгийн талбай дээр түлхсэн” гэсэн маргаанаас болж шалтгаалан П.Золзаяа, Б.Мөнхзул нарыг зодож улмаар П.Золзаяа, Б.Мөнхзул нарны бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч П.Золзаяа мэдүүлэхдээ: Би хэргийнхээ талаар ярихгүй гэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Оюунхандмаа мэдүүлэхдээ:  Би Мөнхзулд гар хүрснээ  хүлээн  зөвшөөрч  байна. Хэргийнхээ талаар ярихгүй  гэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Э.Дөл  мэдүүлэхдээ: Би   2015 оны  06 дугаар сарын 16-ны орой найз Оюунхандмаагийн хамт ВХ бааранд  орж пиво  авч   уугаад сууж байгаад бүжгийн талбайд бүжиглэж байхад  Золзаяа, Мөнхзул нар  биднийг бүжиглэхэд саад учруулаад байсан. Тэгээд Оюунхандмаа Золзаяатай муудалцсан. Тэгээд тэнд байсан хүмүүс  салгаад байж байтал  Оюунхандмаа, мөнхзул,  Золзаяа нар  гадагшаа тамхилахаар  цуг гарцгааасан. Тэгээд удаад байхаар нь араас  нь гарахад Оюунхандмаа цус нөжөндөө холилдсон байсан. Тэнд байсан залуучууд ойртуулахгүй байсан. Тэгээд би эд нарыг салгах гэж  Золзаяаг үсдсэн.  Би эднийг бүлэглэж зодсон асуудал байхгүй. Мөнхзулд  бол гар хүрээгүй  гэв.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Мөнхзул мэдүүлэхдээ: Би найз  Золзаяагийн  хамт  2015 оны 06 дугаар сарын 16-ны  орой ВХ баранд орж   бид хоёр, хоёр  пиво худалдаж аваад   нэг шилийг  нь  уугаад  нэг шилийг дутуу уугаад бүжгийн талбайд гарч бүжиглэж байгаад би Оюунхандмааг санаандгүй мөрөлчихсөн юм, тэгээд уучилаарай гэж хэлчихээд бүжиглэж байтал  гэнэт араас намайг үстдээд унагаасан. Тэгээд биднийг баарны зөөгч нар салгасан. Тэгээд би сууж байсан суудалдаа очоод суухад  манай нэг  найз чи одоо эндээс гар зодоон болох нь гэхээр нь  би хувцасаа  аваад гарах үед Золзаяа алга болчихсон  байхаар  нь  араас нь  гарахад   эд нарын хооронд зодоон болсон,  цус нөж  болчихсон байсан.Яг зодоон болох үед бол би байгаагүй. Тэгээд баарны зөөгч нар биднийг баарнаас  гар гээд  гаргасан. Би өөрт учирсан гэмтлээ эмчлүүлсэн. Одоо гомдол  саналгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэв.

 

Талуудын хүсэлтээр  хавтаст хэргээс:

 

Мөрдөн байцаалтанд  хохирогчоор тогтоогдож  өгсөн  Ч.Оюунхандмаагийн мэдүүлэгээс : ...бүжиглэж байхад 2 охин Зулааг өдөөд урд хойно нь гараад бөгсөөрөө түлхээд өдөөд байсан. Тэгэхээр нь би очоод дундуур нь орж бүжиглэхэд хар хувцастай өндөр охин нь “чаддаг юм бол гичий минь тулаад бүжиглээч, олигтойхон шиг бөгсөө хөдөлгөөч” гэж доромжилж хэлэхээр нь миний уур хүрээд хар хувцастай охиныг хацарт алгадсан. Тэгэхэд тэр охин над руу дайраад бид 2 хоорондоо үсдэлцэж зууралдсан....Тэгээд зууралдаж байгаад босоод үсдүүлээд доошоо тонгойсон байхад нэг юм хагарсанг харахад ягаан шорттой богино үстэй охин нь гартаа барьсан “Боргио” пивоны шилийг шатны бариул дээр цохиж хагалсан байсан. Би шилээр зүсүүлж биедээ гэмтэл авсандаа гомдолтой байна.гэх мэдүүлэг /хх-ийн 37-39-р тал/

 

Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй хохирогч Б.Мөнхзулын : ...  2015 оны 06 дугаар сарын 16-ны шөнө найз Золзаяагийн хамт “ВХ” бааранд орсон, өдөр нь Золзаяагийн ахын гэртээ пиво уучихсан байсан юм, бид хоёр бааранд ороод бас пиво авч уусан,Тэгээд хоёулаа бүжгийн талбай дээр бүжиглэсэн, би бүжиглэж байгаад санамсаргүй одоо энэ хохирогч гээд байгаа цээжээ зүсүүлсэн эмэгтэйг түлхчихсэн юм тухайн үед толгой дохиж уучлалт гуйсан, үүний дараа нөгөө эмэгтэй тухайн үед найзуудтайгаа байсан, тэгээд бид нар бие биенээ бүжгээр жаахан өдсөн, тэгээд хамт бүжиглэе гэж бодсон юм. Тэгээд бүжиглэж байхад хохирогч эмэгтэй намайг шууд үсдээд авсан. Тэгэхээр би зөрүүлээд үстдээд авсан. Хажуугаас найзууд нь орж салгасан. Би баарны зөөгчтэй уулзаж байх хооронд Золзаяа баарнаас гараад явчихсан юм, гадаа баарны хоёр давхараас нэг давхар луу буудаг шатан дээр зодоон болоод байх шиг байсан, тэгээд би цүнх эд зүйлээ аваад баарнаас гараад иртэл Золзаяа аль хэдийн нөгөө эмэгтэйгийн цээжийг нь шилээр зүсчихсэн байсан, хохирогч эмэгтэй намайг шилээр зүслээ гэж байсан, харин хохирогчийн найз цагаан палажтай эмэгтэй нь манай Золзаяаг чи манай найзыг шилээр зүслээ манай найзын аавыг хэн болохыг мэдэх үү гээд Золзаяаг алгадаж авсан.Намайг ч палажтай эмэгтэй алгадаж аваад номхон зогс гээд баарны үүдэнд зогсоосон, бид хоёр угаасаа ийм зүйл болчихлоо гэж бодоод номхон зогсож байсан, бид нарыг хохирогч болон түүний найзууд нь  гичий гээд зөндөө хэл амаар доромжилсон, хохирогч өөрийгөө хүнд хоёр удаа хутгалуулсан гэх зэргээр ярьж байсан. Тэгээд цагдаа нар нилээн удаж байгаад ирээд бид хоёрыг авч яваад хэлтэс дээр хонуулсан. Шатан дээр болсон явдлаа Золзаяа надад хэлэхдээ өөрийг нь хохирогч үсдсэн, тэгээд зодолдсон, зодолдох үедээ нөгөө эмэгтэй зүсчихсэн байсан, зүссэнийхээ дараа мэдсэн, хагархай шилээр зүсчихсэн байсан, тэгсэн хохирогчийн найз өөрийг нь үсдэж шатаар чирч баарнаас бүр гадагш нь гаргасан гэж ярьсан.гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р тал /

 

Мөрдөн байцаалтанд гэрч М.Мөнхцэрэнгийн: Тэр шөнө би “ВХ” бааранд джи-ээр ажиллаж байсан, баар их цөөхөн хүнтэй  байсан, 3-4 ширээ хүнтэй байсан. эхлээд гурвуулаа явж байсан эмэгтэйчүүд манай бааранд орж ирсэн.Дараахан нь шил барьдаг эмэгтэй найзтайгаа хоёулхнаа орж ирсэн. Тэгээд тэд нар  бүжгийн талбай дээр бүжиглэсэн, бүжгийн талбай дээр угаасаа тэр хоёр ширээний хүүхнүүд л байсан, өөр бүжиглэж байсан хүмүүс байгаагүй ээ. Би хөгжимнийхөө ард байж байгаад хартал бүжиглэж байсан хүүхнүүд хоёр хоёроороо дөрвөн эмэгтэй бие биенийгээ үсдчихсэн зогсож байсан, би зөөгчтэйгөө цуг очоод тэд нарыг салгасан, зодолдсон хоёр талын эмэгтэйчүүд бүгд согтуу байсан, тэгээд тэд нарыг баарнаас гаргасан юм. Би гурвуулаа явсан эмэгтэйчүүдтэй хамт баарнаас гарсан юм, гараад дахиад зодолдож магадгүй гээд хамт гарсан юм, тэгсэн гурван эмэгтэй нэг эмэгтэйг  шатан дээрээс  чирч унаагасан. нөгөө хоёр нь  хоцроод үлдчихсэн, харин хоёр найз нь түрүүлээд баарнаас гарсан. Тэгсэн араас нөгөө талын хоёр эмэгтэйн нэг нь болох шар царайтай тайрмал үстэй, цагаан цамц, ягаан шорттой эмэгтэй гүйж гарч ирээд шатан дээр зүсүүлдэг эмэгтэйтэй таарчихсан. Тэгснээ нөгөө хоёр чинь шатан дээр зодолдоод эхэлсэн, тайрмал үстэй эмэгтэй пивоны шил хагалаад өөртэй нь зодолдож байсан эмэгтэй хөхийг зүсчихсэн, намайг доороос шатаар гүйгээд очихын хооронд шилээрээ зүсчихсэн юм. Тэгээд би очоод тайрмал үстэй эмэгтэйг гарнаас нь хагархай шилийг авах гэж нилээн ноцолдсон, эсэргүүцээд зууралдаад шилээ огт өгөхгүй байсан.гэх мэдүүлэг /хх-ийн 48-50-р тал/

          

           Мөрдөн байцаалтанд гэрч Г.Аззаяагийн:..Тухайн үед 00 цагийн үед манай баар ажиллаж байсан юм. Тэгэхэд одоо энэ цээжээ зүсүүлдэг хохирогч эмэгтэй хоёр найз эмэгтэйн хамт бүжгийн талбай дээр бүжиглэж байсан, бүжиглэж байхдаа тэд нар бие биенийгээ бүжгээр өдөөд бөгсөөрөө шүргэх, түлхэх зэргээр хоёр удаа давтагдсан, тэгээд хоорондоо маргалдаад хэрэлдээд нэг нэгнийгээ үсдсэн байсан, шилээр зүсүүлдэг эмэгтэй нөгөө хоёр охинтой үсдүүлцсэн байхаар нь би  зохицуулаад гаргасан юм. Тэгсэн шилээр хүн зүсдэг тайрмал үстэй, ягаан шорттой шар охин хамт явсан арай урт үстэй охин нь эргэж бааранд орж ирээд хувцас цүнхээ аваад гарсан. Тэгээд гадаа шатан дээр бөөн юм болоод байхаар нь би  гараад шатан дээр очиход шилээр нэгийгээ зүсчихсэн байсан, зүсүүлсэн эмэгтэйгийн цээж хөх орчмоос цус гарч байсан, ягаан шорттой шар царайтай охины гарт пивоны хагархай шил байхыг харсан, тэр охины гараас шилийг нь авах гэж ойртсон найз болон хүмүүс рүү шилээ өгөхгүй гээд эсэргүүцээд байсан, хамт явсан найздаа хүртэл хагархай шилээ өгөхгүй савчаад байсан. Энэ шилээрээ хүн зүссэн байсан юм билээ, зүсүүлсэн эмэгтэй “чи намайг зүсчихлээ” гээд тайрмал үстэй, ягаан шорттой охиныг загнаад орилоод чарлаад байсан.гэх мэдүүлэг /хх-ийн 53-54-р тал/

 

Мөрдөн байцаалтанд гэрч Э.Баасанням :...тухайн үед манай баар их цөөхөн хүнтэй хоёроос гурван ширээ хүнтэй байсан, тэгсэн бүжгийн талбай дээр бүжиглэж байсан эмэгтэйчүүд хоорондоо маргалдсан, хоёр охин бүжиглэж байхдаа гурвуулаа явж байсан эмэгтэйчүүдийн нэгийг нь бөгсөөр түлхээд, шүргээд өдөөд байсан. Тэгсэн гурвуулаа явж байсан эмэгтэй нөгөө хоёр охины нэгийг нь түлхээд авсан, нөгөө охин нь зөрүүлээд түлхсэн, тэгээд үсдэлцээд авсан. Хоёр охин нийлээд цээжээ зүсүүлдэг эмэгтэйг үсдээд авсан, тэгэхээр нь би болон бармен бид нар очоод тэд нарыг салгаад тайвшруулаад тус тусынх нь ширээн дээр суулгасан юм. Тэгээд удалгүй шатан дээр шуугилдаад байснаа гурвуулаа явсан эмэгтэйчүүдийн нэг нь бааранд орж ирээд “Хүүе сальфетик 00-ийн цаас байна уу” тэнд нэгнийгээ зүсчихлээ шдээ гэхээр нь би сальфетик аваад гараад шатан дээр очиход анх бүжгийн талбай дээр  хоёр охины нэг болох тайрмал үстэй, шар царайтай, ягаан өнгийн шорттой, цагаан футболктой охин гартаа хагархай шил барьчихсан байсан.Хамт явсан найз нь гарнаас зуурчихсан шилээ хаяач гээд найзыгаа чангаагаад байж байсан.Нөгөө талын эмэгтэй аягүй их цус алдаж байсан.гэх мэдүүлэг /хх-ийн 57-58-р тал/

 

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Болорчимэгийн:..Би одоо өдрөө санахгүй байна,мартчихсан байна. 2015 оны 06-р сард таны хэлээд байгаа өдөр мөн байсан байхаа.Нэг их сайн найз биш танилууд болох Оюунхандмаа, Дөлөө хоёртой гурвуулаа “ВХ” гэдэг бааранд шөнө орсон. Дөлөө, Оюунхандмаа хоёр уучихсан манай ажил дээр ирсэн юм. Тэгээд манай ажлаас ВХ бааранд орсон юм, би бол уугаагүй эв эрүүл байсан. Тэгээд бид нар гурвуулаа нэг нэг пиво захиалаад ууж байсан. Тэгсэн Дөлөө Оюунхандмаа хоёр бүжгийн талбай дээр гарч бүжиглэсэн. Тэгэхэд хоёр жаахан охин бүжгийн талбай дээр бас бүжиглэсэн. Тэгсэн бүжиглэж байхдаа нөгөө хоёр охин Дөлөөг эхэлж өдөөд байсан, бүжиглэж байхдаа мөрөөрөө мөрлөх, бөгсөөрөө түлхэх зэргээр өдсөн, тэгэж байгаад нөгөө хоёр охинтой Дөлөө, Оюунхандмаа хоёр дөрвүүлээ дөрвөн талаасаа бүжгийн талбай дээр үсдэлцээд авсан.Тэгэхээр би зөөгчтэй хамт очоод тэр дөрвийг салгасан. Уг нь бол тэгээд зүгээр болоод. Хүн болгон ширээндээ очоод сууцгаасан юм....Зөөгч эмэгтэй “та  нар бааранд зодоон битгий хий гарцгаа” гэсэн, тэгсэн манай Оюунхандмаа гарсан, нөгөө талын охидууд ч гэсэн баарнаас гарсан, дараа нь Дөлөө гарсан, би хамгийн сүүлд баарнаас гарсан, намайг баарнаас гараад шат руу явж байхад шил хагарах чимээ  гарсан. Шил хагарсан чимээ гарсаны дараахан Оюунхандмаа “ёо ёо”  гээд чанга орилсон. Тэгсэн Дөлөө “чи хүн алчихлаа” ш дээ гэж орилохыг сонссон. Тэгээд би шатан дээр хүрч ирээд харахад Оюунхандмаагийн хөх нь зүсэгдээд нилээн ангайгаад  их цус гарч байсан. Оюунхандмаа ухлаадастай хөхний дээд хэсэг нь ил гарсан цамцтай учраас хөх нь шууд зүсэгдсэн байсан. Харин нөгөө шилээр зүсдэг тайрмал үстэй шар охин орилоод хагархай шилээ огт тавихгүй хүн болгон луу чичээд шилтэй гараараа ойртох гэсэн хүн лүү саваад байсан, хамт явсан найз охин нь уйлаад “чи яаж байгаа юм бэ?” гээд шилийг нь гарнаас авах гээд байсан, шилээ ерөөсөө тавихгүй байсан, Дөлөө ч гэсэн шилийг тавиулахгүй гэж оролдсон.Би бол ерөөсөө тэр шилтэй охин луу ойртоогүй ээ. Дөлөө шил барьсан охиныг шатан дээрээс үсдээд шууд чирээд буулгачихсан, тэгээд бүгдээрээ гадаа гарсан, тэгээд Дөлөө уурлаад “номхон зогс” гэж байсан, бас Дөлөө манай найзын аавыг хэн болохыг мэдэх үү гэх зэргээр хэлж байсан, харин нөгөө шилээр Оюунхандмааг зүсдэг тайрмал үстэй шар охин “манай аав шоронд байдаг, би аавынхаа араас шоронд явах гэж байгаа, би хийсэн хэргээ хүлээж чадна” гэж яриад байсан. Тэгээд цагдаа нар нилээн удаж байгаад ирээд нөгөө хоёрыг машиндаа суулгаад аваад явсан, цагдаа нар Оюунхандмаад цаас бичиж өгөөд хэлтэс дээр араас ирээрэй гэж хэлээд явсан...Тайрмал үстэй шар царайтай охин шилээр зүссэн, би яг зүсэхийг нь хараагүй, дараахан нь гарч ирсэн. Дараа нь тэд нарын ярианаас сонсохнээ Золзаяа гэдэг охин шилээ шатны бариул дээр цохиж хагалаад Оюунхандмааг нь зүссэн гэсэн. Би шалаар хагарсан шил байхыг харсан.гэх мэдүүлэг /хх-ийн 57-59-р тал/

 

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 9198 тоот шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актанд:

 

1.Оюунхандмаагийн биед баруун хөх, зүүн бугалганд зүсэгдсэн шарх, баруун сарвуу, баруун бугалга, зүүн шуунд зулгаралт, зүүн зулай, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдпоо.

 

2.Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  

 

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.   Шинжээч эмч Б.Ундармаа гэх дүгнэлт /хх-н 15-р тал/

 

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 9093 тоот шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актанд:

 

1.Золзаяагийн биед тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод эрүү, баруун, зүүн бугалга, шуу, баруун далны цус хуралт, баруун шуу, баруун гуяны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

 

 2.Дээрх гэмтэл нь мохоо  зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

 

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.   Шинжээч эмч Б.Ундармаа гэх дүгнэлт /хх-н 20-р тал/

 

           -Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 9088 тоот шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актанд:

 

1.Мөнхзулын биед зүүн шууны зүсэгдсэн шарх, цээж, зүүн бугалга, баруун зүүн суга орчим, баруун шуу, сарвууны цус хуралт, баруун шуу, баруун гарын алга, 5-р хурууны зулгаралт, зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

         

           2.Дээрх гэмтэл нь мохоо ба мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

 

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.   Шинжээч эмч Б.Ундармаа гэх дүгнэлт /хх-н 26-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

 Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

 Танхайн хэргийн объект нь нийгмийн хэв журам байна. Хүний нэр төр, эрх чөлөө, эрүүл мэнд нийтийн болон хувийн өмчийн эрх зэрэг нь энэ хэргийн давхар объект байж болно.

 

 Объектив тал нь бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэсэн буюу хэрэглэхээр заналхийлсэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн үйлдэл байдаг.

 

 Субъектив тал нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байх бөгөөд бусдыг үл хүндэтгэсэн танхайн сэдэлттэй байдаг.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгч нарын  хэргээ  хүлээн мэдүүлсэн  мэдүүлэг болон  шинжлэн  судалсан  нотлох баримтуудаас дүгнэхэд  шүүгдэгч П.Золзаяа  нь “ВХ” нэртэй бааранд 2015 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө үл ялих  зүйлээр шалтаглан  олон  нийтийн газар  бусдыг  илтэд үл хүндэтгэн  пивоны шилийг  зэвсгийн чанартай  хэрэглэн иргэн Ч.Оюунхандмаагийн  бие махбодид хөнгөн  гэмтэл  учруулсан  үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна.

 

 Иймд насанд хүрээгүй шүүгдэгч П.Золзаяа нь согтуугаар Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ВХ” нэртэй бааранд 2015 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин пивоны шилийг зэвсгийн чанартайгаар хэрэглэн хохирогч Ч.Оюунхандмаагийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож  байх тул  гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар  ял шийтгэлийг оногдуулах үндэстэй байна.

 

        Эрүүгийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэргийн   объектив талыг бусад хүний бие махбодь, эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан хор уршигтай үр дагавар, гэмт үйлдэл болон гэмт үр дагаврын хоорондох шалтгаант холбоо бүрдүүлнэ.

          Субъектив тал нь субъект  өөрийн  хууль бус үйлдлээрээ /эс үйлдэхүй/ хохирогчийн биемахбодид хөнгөн гэмтэл  учруулж буйгаа ухамсарлана. Эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулсан,хөдөлмөрийн чадварыг бага  хэмжээгээр алдагдуулах хор уршиг учрах нь  боломжтой болон  зайлшгүйг урьдаас мэдсэн хэр нь хүсч бий  болгосон шууд санаа, хүсээгүй боловч  үйлдлээрээ зориуд бий болгосон  шууд бус санаа хувийн  сэдэлттэй байна.

          Субъект нь 16 нас хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хувь хүн байна.

          Ч.Оюунхандмаа  Э.Дөл нар нь  бүлэглэн  согтуугаар  Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ВХ” нэртэй бааранд 2015 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө “бүжгийн талбай дээр түлхсэн” гэсэн маргаанаас болж шалтгаалан П.Золзаяа, Б.Мөнхзул нарыг зодож улмаар П.Золзаяа, Б.Мөнхзул нарны бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан  хохирогч, гэрчүүдийн  мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар Ч.Оюунхандмаа, Э.Дөл нар нь гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

         Шүүгдэгч П.Золзаяа, Ч.Оюунхандмаа , Э.Дөл  нар  урьд нь  ял шийтгэл хүлээж  байгаагүй  болох нь  тэдгээрийн  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар  нотлогдож байна.  /хх-н 92,94-95-р тал/

 

         Шүүгдэгч  П.Золзаяа, Ч.Оюунхандмаа , Э.Дөл  нар  нь  хэргийн  улмаас  цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн   баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  бусдад төлөх төлбөргүй байна.

 

         Шүүгдэгч П.Золзаяагийн  гэм буруугийн үйлдэлд  оногдуулсан ялаас  Улсын Их Хурлаас  2015 оны 08 дугаар сарын  11-ний өдөр  баталсан  Анхны  Ардчилсан Сонгууль Болж Байнгын Ажиллагаатай  Парламент байгуулагдсаны  25 Жилийн Ойг  Тохиолдуулан  Өршөөл Үзүүлэх  Тухай  Хуулийн  5 дугаар зүйлийн  5.1-т зааснаар 2 жилийн ялыг өршөөн  хасах, Ч.Оюунхандмаа , Э.Дөл  нарт оногдуулсан  ялыг мөн хуулийн  4 дүгээр зүйлийн  4.1-т зааснаар оногдуулсан  ялыг өршөөн хэлтрүүлэх  үндэстэй байна.

 

          Шүүгдэгч  П.Золзаяа нь  насанд хүрээгүй байхдаа анх удаа  гэмт хэрэг  үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж  байгаа, бусдад төлөх  төлбөргүй  зэрг байдлуудыг харглзан  түүнд  хорих  ял  оногдуулсан   шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-т заасан хугацаагаар  хойшлуулахаар  шийдвэрлэв.

 

         Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Пүрэвбаасангийн Золзаяаг пивоны шилийг зэвсгийн чанартай хэрэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан  догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Бэйл овогт Чойжилсүрэнгийн Оюунхандмаа, Сайнноён овогт Энххбаатарын Дөл нарыг бүлэглэн  бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус   тооцсугай.

 

 2.Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар Пүрэвбаасангийн Золзаяаг 5/таван / жил 1 /нэг / сарын  хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар  Чойжилсүрэнгийн Оюунхандмааг 5/таван / сарын хугацаагаар баривчлах ялаар, Энхбаатарын Дөлийг 4 /дөрвөн/ сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус  шийтгэсүгэй.

 

             3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар Ч.Оюунхандмаад 5 /таван/ сарын хугацаагаар,  Э.Дөлд 4 /дөрвөн/ сарын   хугацаагаар тус тус  оногдуулсан  баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан  эдэлүүлсүгэй.

             4.Улсын Их Хурлаас  2015 оны 08 дугаар сарын  11-ний өдөр  баталсан  Анхны Ардчилсан Сонгууль Болж Байнгын Ажиллагаатай Парламент байгуулагдсаны  25 Жилийн Ойг  Тохиолдуулан  Өршөөл Үзүүлэх  Тухай  Хуулийн  5 дугаар зүйлийн  5.1-т зааснаар  П.Золзаяад оногдуулсан  5 /таван / жил 1/ нэг/  сарын  хорих  ялаас  2 /хоёр/ жилийн  хорих ялыг  өршөөн хасч  биечлэн  эдлэх ялыг  3  /гурван/  жил  1 /нэг/ сарын  хугацаагаар тогтоосугай.

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар П.Золзаяад оногдуулсан 3 /гурван/ жил 1/нэг/ сарын хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн эмэгтэйчүүдийн хорих ангид  эдэлүүлсүгэй.

           6.П.Золзаяа, Ч.Оюунхандмаа, Э.Дөл  нар нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, одоогоор  бусдад төлөх  болохыг тус тус  дурдсугай.

           7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-д зааснаар П.Золзаяад  3 /гурван/ жил 1 /нэг / сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1/нэг / жилийн хугацаагаар хойшлуулж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг түүний эх Н.Оюунхандад даалгасугай.

 

           8.Улсын Их Хурлаас  2015 оны 08 дугаар сарын  11-ний өдөр  баталсан  Анхны Ардчилсан Сонгууль Болж Байнгын Ажиллагаатай Парламент байгуулагдсаны  25 Жилийн Ойг  Тохиолдуулан  Өршөөл Үзүүлэх  Тухай  Хуулийн  4 дүгээр зүйлийн  4.1-т зааснаар  Ч. Оюунхандмаад  5 /таван / сарын  хугацаагаар  оногдуулсан  баривчлах  ялыг, Э.Дөлд 4 /дөрвөн/ сарын  хугацаагаар  оногдуулсан баривчлах ялыг тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.

          9.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, П.Золзаяа, Ч.Оюунхандмаа, Э.Дөл нарт урьд нь  авсан бусдын батлан даалтанд өгөх авсан таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

          10.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч нар , түүний өмгөөлөгч, хохирогч  тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

        11.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл  шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

                                       ШҮҮГЧ                                  Д.БАТСУУРЬ

 

                                                                                       Э.ЧИНГИС.