Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2020/00604

 

Г.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/02045 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1713 дугаар магадлалтай,

Г.М-гийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.М-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 1557 дугаартай захирамжаар Г.М-гаас 48.000.000 төгрөгийг гаргуулж Н.Сэлэнгэд олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2/12999 тоот албан мэдэгдлээр миний өмчлөлийн Ү-2205026352 дугаарт эрхийн бүртгэлтэй Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 76 дугаар байрны 14 тоотод байрлах 1 өрөө орон сууцыг үнэлгээчний тогтоосон 50.348.128 төгрөгийн 70 хувь болох 35.243.689 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах болсныг мэдэгдсэн. Зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэж үзэж байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Г.М-д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан түүний өмчлөлийн Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Төмөр замын 76 дугаар байр 14 тоот орон сууцыг битүүмжлэн хураасан. Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул шинжээч томилж, үнэлгээ тогтоогдсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээг талуудад танилцуулж, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулахыг 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2/12999 тоот албан бичгээр мэдэгдсэн. Г.М-гийн өмчлөлийн дээрх орон сууцыг Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлсэн үнэ 50.348.128 төгрөгийн 70 хувь буюу 35.243.689 төгрөгөөр тус албанаас зохион байгуулсан 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/02045 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.М-гийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 76 дугаар байрны 14 тоот хаягт байрлах 17,1 м.кв талбайтай орон сууцыг 50 348 128 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1713 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/02045 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.М- давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Үл хөдлөх эд хөрөнгийг хэрхэн үнэлэх талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т зааснаар “төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгө” шинжээчээр үнэлүүлнэ гэж заасан. Мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэх, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус, мэргэжлийн үнэлгээчний саналыг үндэслэн тогтооно” гэж тодорхой заасан байдаг. Дээрхи хуулийн заалтаас харахад 1-т үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаа явуулахаас өмнө төлбөр төлөгч болон төлбөр авагч нарыг хооронд нь тохиролцох боломжоор хангах ёстой. Хэрэв тохиролцоонд хүрэхгүй бол 2-т эрх бүхий этгээд үнэлгээчин буюу шинжээч томилох ёстой. Гэтэл НШШГА-ны зүгээс бидэнд шууд үнийн саналаа ирүүлэхийг шаардсан ба хэрэв үнийн санал ирүүлэхгүй бол шинжээч томилно гэж тулгасан. Төлбөр авагч нь гадаад улс руу явсан байхад бидэнд төлбөр авагчтай уулзаж үл хөдлөх эд хөрөнгийн талаар үнэ тохирох боломжоор хангаагүй нь процессын алдаа байсан байтал ийнхүү нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Цаашлаад, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гол нөхцөлүүдийн нэг нь хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх явдал байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн явцад талуудаас гаргасан тайлбар зэргийг бодитойгоор үнэлэлгүйгээр илт үндэслэл муутай шийдвэр гаргасан. Г.М- нь шүүх хуралдааны явцад барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой нотлох баримтаар гаргаж өгсөн. Тус баримт нь НШШГА-аас томилсон Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн гаргасан үнэлгээний жишиг үнийн хандлага хэсэг дэх хүснэгтэнд харьцуулсан unegui.mn сайтаас авсан болно. Тухайн хүснэгтэнд харьцуулснаар 54.880.023-56.840.000 төгрөгийн үнийн дүн гарсаар байтал 50.348.128 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Ийнхүү шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтаар гаргасан үнэлгээг харьцуулан үзэлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь нотлох баримтыг бодитой үнэлээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн шинжлээгүй болохыг харуулж байна. Мөн 2019 оны 7 сарын 04-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж гаргаж НШШГА-нд хүргүүлсээр байтал НШШГА анхны албадан дуудлага худалдаанд оруулсан нь алдаа гэж үзэж байна. Дээрхи зөрчлүүдээс үүдэн иргэний эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт багаар үнэлэн бусдад шилжүүлэх нөхцөл байдал үүсээд байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Бидний зүгээс төлбөрөө төлөхгүй гэж хэлээгүй зөвхөн ном журмын дагуу хуулийн хүрээнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж өгөхийг хүсэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Г.М-, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг, давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/01557 дугаар захирамжаар Г.М- нь 48.000.000 төгрөгийг Н.Сэлэнгэд 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлж, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Г.М- шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагч Н.Сэлэнгийн хүсэлтээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөрийг албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, уг ажиллагааны явцад төлбөрт барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө болох Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Төмөр замын 76 дугаар байр 14 тоотод байрлах, Ү-2205026352 дугаартай 17 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 2019 оны 3 сарын 27-ны өдрийн 144/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 4 сарын 02-ны өдрийн 14/02 дугаар тогтоолоор хураах ажиллагаа явуулсан байна.  

Төлбөр төлөгч Г.М- болон өмчлөгч нар нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны үнийн саналыг өгөөгүй шинжээчээр бодит үнэлгээг гаргуулах хүсэлт гаргасны дагуу хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй байна.

Шинжээчээр ажилласан Сэлэнгэ Эстимэйт ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг, “...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлогын хандлагын, өртгийн хандлагын, жишиг үнийн хандлагын аргуудыг хослуулан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасантай нийцжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь нэхэмжлэгч Г.М- болон өмчлөгч нарын хүсэлтийн дагуу шинжээч томилж үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон байх тул талуудыг тохиролцох боломжоор хангаагүй гэх гомдол үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн unegui.mn сайтаас авсан орон сууцны зарын талаарх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байна. Мөн нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан Бизнес проперти ХХК-ийн тодорхойлолтыг үндэслэн Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн үнэлгээ тогтоосон ажиллагааг хууль бус, үндэслэлгүй гарсан гэж үзэх боломжгүй. 

Түүнчлэн “...шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байхад анхны албадан дуудлага худалдаанд оруулсан нь хууль бус...” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. 

Дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/02045 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1713 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч Г.М- нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ