Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 02045

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Нарны зам 1 гудамж, 29 дүгээр байрны 40 тоотод оршин суух, Боржигон овогт Гомбодоржийн Мөнхтуяа /РД:ЧЗ70021607/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-т холбогдох,

 

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Золжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Аюушцэрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Мөнхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Золжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 1557 дугаартай захирамжаар Г.Мөнхтуяагаас 48,000,000 төгрөгийг гаргуулж Н.Сэлэнгэд олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2/12999 тоот албан мэдэгдлээр миний өмчлөлийн Ү-2205026352 дугаарт эрхийн бүртгэлтэй Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 76 дугаар байрны 14 тоотод байрлах 1 өрөө орон сууцыг үнэлгээчний тогтоосон 50,348,128 төгрөгийн 70 хувь болох 35,243,689 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах болсныг мэдэгдсэн. Миний орон сууцыг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 1557 дугаартай захирамжаар Г.Мөнхтуяагаас 48,000,000 төгрөгийг гаргуулж, Н.Сэлэнгэд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Г.Мөнхтуяагийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 76 дугаар байрны 14 тоот орон сууцыг битүүмжлэн хураасан. Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нараас үнийн санал авахад төлбөр төлөгч үнийн санал өгөөгүй, харилцан тохиролцоогүй тул шинжээч томилж, үнэлгээ тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээг талуудад танилцуулж, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулахыг 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2/12999 тоот албан бичгээр мэдэгдсэн болно. Г.Мөнхтуяагийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 76 дугаар байрны 14 тоот орон сууцыг Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлсэн үнэ болох 50,348,128 төгрөгийн 70 хувь буюу 35,243,689 төгрөгөөр тус албанаас зохион байгуулсан 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч Г.Мөнхтуяа нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-т холбогдуулан Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 76 дугаар байрны 14 тоотод байрлах орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/01557 дугаартай шийдвэрээр хариуцагч Г.Мөнхтуяагаас 48,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Сэлэнгэд олгож, хариуцагч Г.Мөнхтуяа нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл түүний өмчлөлийн, барьцааны зүйл болох Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 76 дугаар байрны 14 тоот хаягт байрлах 17,1 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

Улмаар тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШЗ2018/16868 дугаартай захирамжаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/01557 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр захирамжилж, 102/ГХ2018/01294 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан байна.

 

Хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 76 дугаар байрны 14 тоот хаягт байрлах 17,1 м.кв талбайтай орон сууцыг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр битүүмжлэн, 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хураах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, талуудаас барьцааны зүйлийн талаар үнийн санал авахад талууд тохиролцоонд хүрээгүй тул тухайн эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгож, үнэлгээ хийлгэхээр 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилжээ.

 

Ийнхүү Сэлэнгэ эстимэйт ХХК нь нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 76 дугаар байрны 14 тоот хаягт байрлах 17,1 м.кв талбайтай орон сууцыг 50,348,128 төгрөгөөр үнэлснийг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч байх ба үндэслэлээ... зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн... гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.

 

Хэдийгээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор Бизнес проперти ХХК-ийн тодорхойлолт,UNEGUI.MN сайтаас авсан баримтыг нотлох баримтаар өгч байх боловч уг баримтыг үндэслэн Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүйд болгох үндэслэлгүй юм.

 

Иймд Сэлэнгэ эстимэйт ХХК нь нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг үнэлэхдээ зах зээлийн хандлагын арга, өртөгийн хандлагын арга, орлогын хандлагийн аргыг тус тус ашиглан үнэлгээг гаргасан байх ба уг үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй гэж үзэхээр байна.

 

Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Мөнхтуяагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 76 дугаар байрны 14 тоот хаягт байрлах 17,1 м.кв талбайтай орон сууцыг 50,348,128 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Г.Мөнхтуяагийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Мөнхтуяагийнхариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 76 дугаар байрны 14 тоот хаягт байрлах 17,1 м.кв талбайтай орон сууцыг 50,348,128 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Х.ЭНХЗАЯА