Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 3791

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: М.Н -гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.Т-д холбогдох,

“8,602,110 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа, нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Ншүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...М.Ннь Л.Тд хүнсний лангуугаа тогтвортой ажиллуулмаар байна, мөнгө хэрэгтэй байна, байраа барьцаанд тавьж өгөөч. Эгч нь зээлээ хугацаанд нь төлж байрыг чинь яг авч өгнө гээд гуйгаад байхаар нь итгэж тус болох зорилгоор өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16-р хороолол 19-р байрны 12 тоот 3 өрөө орон сууцыг “Сэд хаан” ББСБ-д 2015.02.10-ны өдөр 10,000,000 төгрөгийн зээлд Л.Т эгчийн гуйлтаар тавьж өгсөн болно. Гэтэл Л.Т эгч нь миний байрны ордерийг “Сэд хаан” ББСБ-д 12 сарын хугацаатай 10,000,000 төгрөгийн жилийн 3,8% хүүтэйгээр зээл авсан боловч хүүг нь өөрийнхөө нэрээр төлөхдөө зарим сард хоног хэтрүүлж эсхүл төлөх ёстой мөнгөө дутуу төлж үндсэн 10,000,000 төгрөгөөс 1,697,890 төгрөг төлсөн бөгөөд зээлийн хугацаа хэтэрч дахин шинээр зээл хүсэж зээлийн гэрээнд сунгалт хийнэ эсвэл байрыг чинь хураана гээд байхаар нь миний бие 2,000,000 төгрөг өгч зээлийн гэрээний сунгалтыг 2016.02.25-ны өдөр Л.Ттэй хамт “Сэд хаан” ББСБ дээр очиж гэрээг дахин 1 жилийн хугацаатай сунгаж 6,823,700 төгрөгийн зээлийг дахин байгуулсан. Гэтэл Л.Т нь мөнгө байхгүй өчнөөн өртэй би байрыг чинь авч чадахгүй гээд сүүлдээ утсаа ч авахаа болж миний бие нь 3 өнчин хүүхдээ гудамжинд гаргахгүйн тулд өөрийн эзэмшлийн машинаа зарж хүнээс мөнгө зээлж байж 2016.11.28-ны өдөр 6,302,110 төгрөгийг “Сэд хаан” ББСБ-д төлж өөрийн өмчлөлийн байраа авсан болно. Мөн миний Алтан ээмэг гинжийг Банбан барьцаат зээлийн газарт 2016.07 сарын үед 300.000 төгрөгт тавиулж удахгүй ээмэг бөгжийг чинь авч өгнө гээд тэр чигээрээ алга болж миний бие аргагүй эрхэнд өөрөө 300,000 төгрөг гарган хүүг нь Л.Тгөөс гаргуулж 2017-03-24-ны өдөр 344,310 төгрөгөөр өөрийн алтан ээмэг, гинжийг Л.Тгөөр авахуулсан. Л.Т нь миний байрыг барьцаанд тавиулж, ээмэг гинжийг минь байрын хүү төлүүлэх гэж барьцаанд тавиулсан. Эцэст нь би өөрөө аргагүй эрхэнд байр, ээмэг, гинжээ авч бусдад өртэй болж байгаадаа туйлын гомдолтой байна.

Иймд Л.Тгөөс байр барьцаанд тавьсан үндсэн зээл 6,302,110 төгрөг, 2016.02.24-ний өдөр зээлийн сунгалт хийлгэсэн 2,000,000 төгрөг мөн миний ээмэг, гинжний 2017 оны 07 сард Банбан Барьцаат зээлийн газарт 300,000 төгрөг тавьж тус банк бус санхүүгийн байгууллагын хүүнд өгсөн нийт 8,602,110 төгрөгийг Л.Тгөөс гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэлийг дэмжиж байна. Хариуцагч 2 дахь удаагаа М.Нгийн байрыг барьцаалуулж зээл авч байсан. Эхнийхийг нь төлөөд дуусгасан. Хоёр дахь зээлийг 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөгийг өөрөө эргэлдүүлэхээр авсан. Зээлийг Л.Т төлж байсан боловч 2,000,000 төгрөгийг М.Нтөлсөн гэдгийг гэрч хэлдэг. М.Нгийн алтан ээмэг, гинжийг барьцаанд тавиад 300,000 төгрөгийг Түмэн-Өлзий авсан. 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 344,315 төгрөг төлсөн байдаг. Мөнгө хүлээн авахад Л.Т гарын үсэг зурж авсан боловч эд зүйлийг авахдаа М.Нгарын үсэг зурсан байдаг учраас 300,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Л.Тгийн хүсэлтэд 2-3 банкны зээлтэй тул 3,000,000 төгрөг төлөх боломжгүй гэсэн байдаг. Л.Т мөнгийг төлөхгүй байсан болохоор аргагүй эрхэнд 2,000,000 төгрөг төлөөд зээлээ сунгуулсан. Л.Тг М.Нгийн өмнөөс зээл төлж байсан гэдгийг “Сэдхаан ББСБ” ХХК мэдэж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү ...” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “... Л.Т нь 2015.02.10-ний өдөр нэхэмжлэгч М.Нгаас 8,500,000 төгрөгийн зээл авсан. Улмаар энэхүү зээлсэн мөнгөндөө түүний зээлийг сар тутамд “Сэд хаан” ББСБ төлж байсан бөгөөд 2016.02.24-ний өдөр өөрийн булган шубээ барьцаанд тавьж 2,000,000 төгрөг төлсөн улмаар авсан зээлээ ББСБ болон өөрийн эд зүйлээ барьцаанд тавьж зээлээ төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Л.Т нь 2015 онд өөрийн хамаатны дүү болох М.Нгаас 8,500,000 төгрөгийг тодорхой хугацаа зааж, зээлж авсан. Улмаар зээлийн гэрээний төлөлтийг М.Нгийн зээлийн дансанд тодорхой хэмжээгээр төлөгдсөн. Энэ тухай баримт хэрэгт авагдсан байгаа. 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр М.Нгийн зээлийн гэрээг сунгах шаардлага гарсан тул өөрийн булган шубыг Гэрэлмаа гэж хүнд 2,000,000 төгрөгийн барьцаанд тавьж зээл авсан. Улмаар 2,000,000 төгрөгийг М.Нгийн хамт очиж, “Сэдхаан ББСБ” ХХК-д төлсөн. Ломбардаас авсан 300,000 төгрөгийг нь авсан нь үнэн, төлнө. Нэгэнт авсан 8,500,000 төгрөгөөс “Сэдхаан” ББСБ-д М.Нгийн өмнөөс төлсөн төлбөр, барьцаанд тавьж зээл аван төлсөн 2,000,000 төгрөгийг хасаж тооцоод үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрч болно ...” гэв.

 

            Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Нхариуцагч Л.Тд холбогдуулан “зээлийн үүрэгт 8,602,110 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс нэхэмжлэлд дурдсан хохирол гаргуулах гэснийг тодруулахад “зээлийн гэрээний улмаас учирсан хохирол” гэж тайлбарласан боловч нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг нэхэмжилж байна.

 

Хариуцагч тал “8.5 сая төгрөг зээлсэн, зээлийн ихэнх хэсгийг төлсөн” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

 Зээлдүүлэгч “Сэдхаан ББСБ” ХХК 2015 оны 02  дугаар сарын 10-ны өдөр зээлдэгч М.Нд 10,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.8 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл сарын 20 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцож, зээлийн барьцаанд М.Нгийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг 16-р хороо, 16-р хороолол, 19-р байрны 12 тоот 3 өрөө  орон сууцыг барьцаалан зээлийн гэрээ байгуулсан, зээлийн гэрээний хугацааг 2016.02.24-ний өдөр 12 сараар сунгасан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн зээл болон барьцааны гэрээ, зээлийн гэрээний сунгалт, барьцааны гэрээний сунгалт зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

М.Ндээрх зээлийн гэрээний үүргээ 2016.11.23-ны өдөр биелүүлж дуусган, барьцаалсан орон сууцаа зээлийн барьцааны бүртгэлээс хасуулсан болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан “Сэдхаан ББСБ” ХХК-ийн 2016.11.24-ний өдрийн 13371 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч тал дээрх зээлийг хариуцагч Л.Т авсан гэх боловч Л.Т зээл авахаар хүсэлт гаргасан, зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон, зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, зээлийн мөнгийг хүлээн авсан нь баримтаар тогтоогдохгүй, гэрч Х.Бадамханд ... Л.Ттэй “Сэдхаан ББСБ” ХХК зээлийн гэрээ байгуулаагүй, манай байгууллага М.Нтай зээлийн гэрээ байгуулж түүнд бэлнээр 10 сая төгрөг өгсөн... гэж мэдүүлсэн зэргээс зээлдүүлэгч “Сэдхаан ББСБ” ХХК болон зээлдэгч М.Ннарын хооронд байгуулагдсан 2015.02.10-ны өдрийн 10 сая төгрөгийн зээл болон барьцааны гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасны дагуу Л.Тг гэж үзэхээргүй байна.

 

Иймд М.Н“Сэдхаан ББСБ” ХХК-д Л.Тгийн өмнөөс төлсөн гэх 8,302,110 /2016.02.24-нд төлсөн 2,000,000 төгрөг+2016.11.28-нд төлсөн 6,302,110 төгрөг/ төгрөгийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12-т заасны дагуу шаардах эрхгүй байна.

 

Харин М.Н“Сэдхаан ББСБ” ХХК-иас 2015 оны 02  дугаар сарын 10-ны өдөр авсан 10,000,000 төгрөгөө Л.Тд зээлүүлэхээр хүлээлгэн өгсөн талаарх бичгийн баримт байхгүй боловч Л.Тд зээлж, хүлээлгэн өгсөн болох нь хариуцагч Л.Тгийн 2016 оны 2 сарын 16-ны өдөр “Сэдхаан ББСБ” ХХК-д хандан .... М.Нгаар 2 дахь удаагаа зээл авахуулсан, төлөх боломжгүй учраас хугацаа сунгах... талаар гаргаж байсан хүсэлт, М.Нгийн авсан зээлийг төлж байсан нөхцөл байдал, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч тал ... М.Нгаас 8,500,000 төгрөгийг зээлсэн ... гэх боловч М.Нгийн 2015.02.10-ны өдөр “Сэдхаан ББСБ” ХХК-иас зээлсэн 10 сая төгрөгийг хариуцагч Л.Т зээлэн авснаа хүлээн зөвшөөрсөн тайлбар, хүсэлтийг “Сэдхаан ББСБ” ХХК-д 2016.02.16-нд гаргаж байсан нь хэргийн 59-р талд авагдсан баримтаар тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд зээлдүүлэгч М.Нзээлдэгч Л.Т нарын хооронд 2015.02.10-ны өдөр 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэв.

 

М.НЛ.Ттэй зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан шаардлага хангаагүй тул хүү шаардах эрхгүй, харин олгосон зээл 10,000,000 төгрөгөө шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч Л.Т 2015.02.10-наас 2016.11.21-ний өдрийг хүртэлх хугацаанд М.Нгийн “Сэдхаан ББСБ” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт нийт 8,635,000 төгрөгийг төлсөн нь хэрэгт авагдсан 5753384040 тоот Д.Энхтуяа, Х.Бадамханд нарын эзэмшлийн дансны хуулга, зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх ба Л.Тгөөс 8,635,000 төгрөг төлсөнтэй нэхэмжлэгч тал маргаагүй.

 

Иймд М.Нгаас Л.Тгийн авсан зээл 10,000,000 төгрөгөөс төлсөн 8,635,000 төгрөгийг хасвал 1,365,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

М.НБанбан барьцаат зээлийн газраас 2016 оны 7 сард 300,000 төгрөгийг зээлж, уг мөнгөө Л.Тд зээлсэн болох нь зохигчийн тайлбар, барьцаат зээлийн гэрээний баримтаар тогтоогдож байх ба хариуцагч тал уг 300,000 төгрөгийг төлнө гэж байх тул хариуцагчаас 2016 оны 7 сард зээлсэн 300,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.

 

Л.Т 2016.02.24-ний өдөр Н.Гэрэлмаагаас 2,000,000 төгрөгийн зээлийг 2 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлэн авсан нь Н.Гэрэлмаа Л.Т нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

2016.02.24-нд зээлдэгч М.Нгаас “Сэдхаан ББСБ” ХХК-д зээлийн үүрэгт 2,000,000 төгрөг төлсөн нь бэлэн мөнгөний орлогын баримт, гэрч Х.Бадамхандын ... манай байгууллагаас М.Нзээл авсан, 2016.02.24-нд бэлнээр 2,000,000 төгрөгийг М.Нтөлсөн... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул М.Нгийн 2016.02.24-нд “Сэдхаан ББСБ” ХХК-д төлсөн 2,000,000 төгрөгийг Л.Т Н.Гэрэлмаагаас зээлсэн 2,000,000 төгрөгөөрөө төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

 Дээр дурдсанаас дүгнэвэл хариуцагч Л.Тгөөс зээлийн гэрээний үүрэгт 1,665,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Н-д олгож, нэхэмжлэлээс 6,937,110 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Тгөөс 1,665,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Н-д олгож, нэхэмжлэлээс 6,937,110 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 152,584 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Тгөөс 41,590 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Н-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар Шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 101/ШЗ2017/19105 дугаартай захирамж хүчинтэй хэвээр байхыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БАТЦЭЦЭГ