Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/00307

 

М.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын  27-ны өдрийн 101/ШШ2017/03791 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: М.Н-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Л.Т-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 8 602 110 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.Н-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуяагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нь Л.Т-гийн гуйлтаар Баянзүрх дүүргийн 16-р хороолол 19-р байрны 12 тоот 3 өрөө орон сууцыг Сэд хаан ББСБ-д 2015.02.10-ны өдөр 10 000 000 төгрөгийн барьцаанд тавьж зээл авч өгсөн. Л.Т- нь Сэд хаан ББСБ-аас 12 сарын хугацаатай 10 000 000 төгрөгийг  жилийн 3,8% хүүтэйгээр авсаныг мэдэж зээл хүүгээ төлж байснаа зарим сард хугацаа  хэтрүүлж, дутуу төлсөөр эцэст нь байр барьцаанд хураагдах болоход М.Н-  2016.11.28-ны өдөр 6 302 110 төгрөгийг Сэд хаан ББСБ-д төлж байраа авсан. Мөн нэхэмжлэгчийн алтан ээмэг, гинжийг Банбан барьцаат зээлийн газарт 2016.07 сарын үед 300 000 төгрөгийн барьцаанд бариулж зээл аваад тэр чигтээ алга болж, аргагүйн эрхэнд  300 000 төгрөгийг өмнөөс нь төлж алтан ээмэг, гинжийг чөлөөлж авсан. Иймд Л.Т-гөөс зээл 6 302 110 төгрөг, 2016 оны 02 сарын 24-ний өдөр зээлийн сунгалт хийлгэсэн 2 000 000 төгрөг, 2017 оны 07 сард Банбан Барьцаат зээлийн газарт 300 000 төгрөг төлснийг нийт 8 602 110 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяагийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Л.Т- нь 2015.02.10-ний өдөр нэхэмжлэгч М.Н-гаас 8 500 000 төгрөгийн зээл авсан. Улмаар энэхүү зээлсэн мөнгөндөө хүү зээлийг  сар тутамд Сэд хаан ББСБ төлж байсан бөгөөд 2016.02.24-ний өдөр өөрийн булган шубээ барьцаанд тавьж 2 000 000 төгрөг төлсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Т-гөөс 1 665 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Н-д олгож, нэхэмжлэлээс 6 937 110 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 152 584 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Т-гөөс 41 590 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Н-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуяа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Л.Т- нь "Сэд хаан" ББСБ-д хандаж 2016.02.17-ны өдөр өргөдөл гаргахдаа хүүтэй зээл авснаа хүлээн зөвшөөрсөн. М.Н- Л.Т- нарын хооронд 2015.02.10-ны өдөр 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Нэхэмжлэгч нь шүүхэд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирол гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байхад зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэж, хүү авах эрхгүй гэж үзсэн нь буруу. М.Н-гийн "Сэд хаан" ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт нийт 8 635 000 төгрөгийг төлсөн нь хэрэгт авагдсан Д.Энхтуяа Х.Бадамханд нарын дансны хуулга, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байхад зөв дүгнээгүй. Зээлд 6 302 110 төгрөг, сунгалт хийхэд 2 000 000 төгрөг, алтан ээмэг, гинжний 300 000 төгрөг, нийт 8 602 110 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч нотлох баримтыг зөв харьцуулан дүгнээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ. 

 

Нэхэмжлэгч М.Н- нь хариуцагч Л.Т-д холбогдуулан гэрээний үүрэгт, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөний үүрэгт нийт 8 602 110 төгрөг гаргуулаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч М.Н- нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 19 дүгээр байрны 12 тоот  38 м.кв талбайтай, 3 өрөө  сууцыг “Сэдхаан” ББСБ-д барьцаанд тавьж, 10 000 000 төгрөгийг сарын 3,8 хувийн хүүтэй зээлж авсан. Уг авсан мөнгөн хөрөнгөө хариуцагч Л.Т-гийн өмчлөлд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, зээл, барьцааны гэрээ, төлбөр буцаан төлсөн баримт зэргээр нотлогдсон. /хх-ийн 7, 8, 9/

 

Зохигчид зээлийн гэрээ байгуулсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. Харин хариуцагчийн нэхэмжлэгч М.Н-гийн “Сэдхаан” ББСБ-аас авсан хүүтэй зээлийг хүлээн зөвшөөрч зээл, хүү төлснийг одоо нэхэмжлэлээр төлбөл зохих мөнгөнөөс хасч тооцсон нь үндэслэлгүй юм.

 

Хариуцагчийн зээлдэгчээс авч ашигласан мөнгөн хөрөнгө хүүтэй болохыг тэрээр мэдэж, өөрөө хүлээн зөвшөөрч зээл, хүүг төлж байсан нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дах хэсэгт зааснаар өрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Иймд хариуцагч өмнө нь хүүд төлсөн мөнгөө зээлийн төлбөрийн үлдэгдлээс суутгуулахаар шаардах эрхгүй. Харин нэхэмжлэгч нь хариуцагчид 10 000 000 төгрөг шилжүүлснээ нотлоогүй бөгөөд нэхэмжлэгчээс 8 500 000 төгрөг хүлээн авсан гэх хариуцагчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар няцааж чадаагүй. /хх-ийн 7, 36/

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчийн өмнөөс Банбан барьцаалан зээлдүүлэх газарт 300 000 төгрөг төлсөн нь нотлогдсон тул гаргуулах үндэслэлтэй./хх-ийн 1, 5/ Учир нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар бусдын өмнөөс, бусдын өрийг сайн дураар төлсөн хүн уг зардлаа өрийг чөлөөлсөн этгээдээс шаардах эрхтэй. Иймд М.Н- нь хариуцагчаас уг 300 000 төгрөгийн зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

 

Мөн нэхэмжлэгч нь байраа барьцаанаас чөлөөлж авахын тулд 2 000 000 төгрөгийн зардал гаргасан гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолоогүй. Харин хариуцагч нь н.Гэрлээ гэх иргэнээс 2 000 000 төгрөгийг булган шубээ барьцаанд тавьж  зээлсэн баримтыг шүүхэд гаргасан бөгөөд гэрч Х.Бадамхандын мэдүүлгээр “..,М.Н-гийн хамтаар ЛТ нь уг 2 000 000 төгрөгийг Сэдхаан ББСБ дээр ирж төлсөн” тул уг 2 000 000 төгрөгт холбогдох шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм. 

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас 5 102 110 төгрөгийг /8 602 110- 3 500 000/ гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын  27-ны өдрийн 101/ШШ2017/03791 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “281.1” гэсний дараа “496 дугаар зүйлийн 496.1” гэж нэмж, “1 665 000” гэснийг “5 102 110” гэж, “6 937 110” гэснийг “3 500 000” гэж, 2 дах заалтын “41 590” гэснийг “96 584” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Н-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152 580 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                                       Н.БАТЗОРИГ

                                                                       Ш.ОЮУНХАНД