Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2020/0492

 

2020 оны 08 сарын 04 өдөр          Дугаар 128/ШШ2020/0492            Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “АӨ” ХХК

Хариуцагч: НЗД

Нэхэмжлэлийн шаардлага: НЗД-ын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дугаар “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ОТ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, А.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ОТ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай “АӨ” ХХК нь 2013 оноос эхэлсэн “Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэх зарим байршлыг тогтоох тухай” Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын дагуу 2014 оноос төсөл хэрэгжүүлэгчээр сонгогдсон, 2017 онд “И” хэсэгчилсэн талбайд 120 айлын орон сууц ашиглалтад оруулан гурван талт гэрээний дагуу зохих ёсоор ажиллаж ирсэн.

НЗД-ын 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн ******* тоот захирамжаар, НЗД-ын 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн ******* тоот захирамжаар тус тус Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч төсөлд хамрагдах иргэн, аж ахуйн нэгж болон Гэр хорооллын хөгжлийн газрын хооронд гурван талт гэрээ байгуулан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын дагуу дахин төлөвлөлтийн ажлыг зохион байгуулан ажиллаж байсан.

Гэтэл НЗД-ын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дугаар захирамжаар манай компанийн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Орон сууцны 7-р хорооллын И, Ө хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан байна.

Тус захирамжид Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар баталсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2, 5 дугаар зүйлийн 5.3-т заасныг үндэслэжээ. Уг зохицуулалт нь нэгт Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хоёрт үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан байхыг шаарддаг байна.

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 5.2-т “Төсөл хэрэгжүүлэгч нь барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэл хугацаанд барилгьн ажлыг эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх явцдаа үйл ажиллагааны болоод техникийн ноцтой зөрчил удаа дараа гаргасан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална.” 5.3-т ‘Гурван талт гэрээнд заасан нөхцөлийн дагуу гэрээ цуцлагдаж, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 18.2-т заасан нөхцөл хангагдахгүй болсон тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална" гэж заасан байна.

Манай компани нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Орон сууцны 7-р хорооллын И, Ө хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тухай Хяналтын хороо /Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар байгуулагдаж, гурван талт гэрээний дагуу төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллага/-ны санал тусгагдаагүй, удаа дараа үйл ажиллагааны ноцтой зөрчил гаргасан зүйл байхгүй, энэ талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй байхад НЗД захирамж гарган манай компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн НЗД нь дээрх журмын холбогдох заалтуудыг үндэслэн манай компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай захиргааны шийдвэр буюу захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заагдсан сонсох ажиллагаа хийгээгүй байдаг. Тус захиргааны акт гарснаар манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа бөгөөд сөрөг нөлөө бүхий захиргааны акт гаргах үед бидний зүгээс өөрийгөө сонсгох эрхтэй билээ. Сонсгох эрх нь хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны салшгүй хэсэг байх бөгөөд тус захирамжийн үндэслэл болж буй гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан гэх үндэслэлүүд дээр бидний зүгээс үгүйсгэх тайлбар гаргах байдлаар өөрсдийн сонсгох эрхээ хэрэгжүүлэх, Захиргааны байгууллагын хууль ёсны шийдвэр гаргах ажиллагаанд нөлөөлөх чухал ач холбогдолтой байх тул сонсгох ажиллагаа зайлшгүй хийгдэх шаардлагатай юм. Гэтэл НЗД-ын тус захирамж нь манай компанийн хуульд заасан сонсгох эрхийг хэрэгжүүлэх боломж олгоогүй захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн байна.

Түүнчлэн НЗД-ын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дугаар захирамж нь Захиргааны Ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан захиргааны актыг мэдэгдэх ажиллагаа хийгдээгүй гэж үзэж байна. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэх үүрэгтэй. Ийнхүү мэдэгдээгүй захиргааны акт нь хууль бус буюу захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн байх тухай Захиргааны Ерөнхий хуулийн 46 дугаар зүйлд заасан байдаг.

Манай “АӨ” ХХК-ийн зүгээс тус маргаан бүхий НЗД-ын 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ******* тоот захирамжтай холбогдуулан НЗД болон дээд шатны албан тушаалтанд хандаж урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэх шаардлагагүй гэж үзэн тус захирамжийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр, нэгж түүний удирдлагын тухай хуульд зааснаар НЗД-ын шийдвэрийг хянан шийдвэрлэх дээд шатны байгууллага, албан тушаалтан байхгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4-т зааснаар “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Түүнчлэн НЗД-ын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дугаар захирамж нь Захиргааны Ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан Захиргааны актыг мэдэгдэх ажиллагаа хийгдээгүй гэж үзэж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл тус үүргээ захиргааны байгууллагаас биелүүлээгүй байх тул тус захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандах хууль зүйн үндэслэлтэй байна.

Ийнхүү НЗД-ын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дугаар захирамж гарснаар 2013 оноос хойш Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах хүрээнд хийгдсэн бидний үйл ажиллагаа, иргэдтэй байгуулсан гэрээ, хэлцэл зогсонги байдалд хүрч, тус хугацаанд төслийн ажилд гаргасан бүхий л зардал үр ашиггүй болох, энэхүү төсөлд оролцож буй ажилчин албан хаагчдад ихээхэн хэмжээний сөрөг үр дагавар бий болох тул НЗД-ын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дугаар “Гэр хорооллын дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” захирамжийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насанжаргал шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн зүгээс үйл ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй, сонсох ажиллагаа болон мэдэгдэх ажиллагаа хийгээгүй гэж ярьж байна. Барилга хот байгуулалтын Сайдын 2018 оны 46 дугаар тушаалын 5 дугаар зүйлийн 5.2-т заасан 3 зөрчил байгаа энэхүү зөрчлүүдийн аль нэгийг гаргасан тохиолдолд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална гэж заасан байгаа. Өөрөө хэлбэл техникийн ноцтой зөрчил байгаа тохиолдолд мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргана. Бидний зүгээс техникийн ноцтой зөрчил гэдэг үндэслэлээр биш 3 талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан учраас үүнд мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргах шаардлагагүй. Сонсох ажиллагаа хийгдээгүй, бидэнд хүндэтгэн үзэх шалтгаан байгаа гэж байна. Энэ талаар тухайн үеийн нэршлээр Гэр хороолол дэд бүтцийн газрын 2018 оны 03/1105 тоот албан бичиг мөн 2019 оны 03/27 тоот албан бичгүүдээр сонсох ажиллагааг хийж мэдэгдэж ирсэн. Мөн 3 талт гэрээ болон холбогдох хууль тогтоомжуудаар төсөл хэрэгжүүлэгчийн үүрэг болох гэрээний биелэлтээ тухай бүр өгч байх, тайлан гүйцэтгэлээ сайн дураараа өгч байх үүрэгтэй боловч тогтоосон хугацаанд ирүүлээгүй. Мөн Гэр хороолол дэд бүтцийн газрын 2018 оны 03/592 албан бичиг мөн тайлангаа ирүүл гэсэн албан бичгийн тухай бүр 2018 оны 03/1143 тоот албан бичгүүдээр шаардаж байсан. Гэвч тухай бүр нэхэмжлэгчийн зүгээс ямар нэгэн тайлбар ирүүлж байгаагүй. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд хөрөнгийн чадвартай байгууллага байх ёстой анхнаасаа тендерт хөрөнгийн чадвартай гэж ялсан учраас зээл авах, баталгаа гаргах зэрэг нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй. Тиймээс нэхэмжлэгчийн шаардлагууд үгүйсгэгдэж байна.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Түвшинзаяа шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“АӨ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, НЗД-ын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дугаартай 'Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” захиргааны актыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Монгол Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагыг баримтлан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдээс нийслэлийн хэмжээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхээр 2013, 2014, 2018 онуудад нийт 26 байршил 78 хэсэгчилсэн талбайг баталсан. Батлагдсан 25 байршил, 76 хэсэгчилсэн талбай нь Улаанбаатар хотын 8 дүүргийн 1516,6 га талбайн 16317 нэгж талбарыг хамарч байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд нийт 9229 айлын орон сууц ашиглалтад орсноос 2019 онд 2002 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан байдаг. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх, төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг 2013-2015 оны хооронд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны “Журам батлах тухай” 3/31 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны ‘Журмын нэмэлт өөрчлөлтийг батлах тухай” 23 дугаар тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-аар зохицуулж ирсэн.

Төсөл хэрэгжүүлэх талбайд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 3.2-д заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 23 дугаар тогтоолоор “Нийслэлийн Сүхбаагар дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Орон сууцны 7 дугаар хороолол орчим ХЕТ-2013/1 багцын ”И хэсэгчилсэн талбайд НЗД-ын 2014 оны 06 дугаар сарын 04-ний *******, “М”, “Ж”, “Ө” хэсэгчилсэн талбайд 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаар захирамжаар тус тус хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “АӨ" ХХК-ийг шалгарсныг батламжилсан байна.

“АӨ” ХХК нь төсөл хэрэгжүүлэгчээр батламжилагдсанаас хойших хугацаанд сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч нартай гурван талт гэрээ байгуулаагүй, 4 айлын нутаг дэвсгэрийг чөлөөлж 120 айлын орон сууцыг 2017 онд ашиглалтад оруулсан боловч төслийн ажлыг эхлүүлснээс хойш удаашралтай Сүхбаатар дүүрэгт байрлах хэсэгчилсэн талбайд ажил хийгээгүйгээс иргэдийн хүлээлт, бухимдал ихсэн, амьдрах орчин нөхцөлөө сайжруулах болон өмчөө захиран зарцуулах эрх нь хязгаарлагдах болсон.

Үүнтэй холбогдуулан өнгөрсөн хугацаанд төслийн ажлыг эхлүүлэх, эрчимжүүлэх тухай хугацаатай үүрэг даалгаврыг өгч, удаа дараа албан бичгээр хүргүүлсэн боловч төслийн ажлын талаар аливаа арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн.

Мөн нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагадаа маргаан бүхий захиргааны актын үндэслэлийг дурдаж, үйл ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл байхгүй гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлажээ.

Гэтэл Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.6-д “...төслийн хэрэгжилтийн талаар оролцогч талуудад тайлагнах, хяналтын хороогоор хэлэлцүүлэх” гэж заасны дагуу манай газраас төсөл хэрэгжүүлэгч компанид гүйцэтгэсэн ажлын тайланг батлагдсан загвар дээр цаасан суурьтайгаар ирүүлэхийг удаа дараа шаардсан боловч холбогдох тайланг ирүүлж байгаагүй зөрчил илэрсэн.

Мөн тухайн нутаг дэвсгэрт амьдардаг иргэдээс уг төслийг хэрэгжүүлүүлэхтэй холбоотойгоор манайд удаа дараа өргөдөл гомдол гаргаж эрх нь зөрчигдөж байгаагаа илэрхийлсээр байгаа бөгөөд төсөл хэрэгжүүлэгч нь журамд заасан үүргээ биелүүлээгүйгээс иргэдийн хүлээлт бухимдал нь ихэссэн ба одоо ч хоёр болон гурван талт гэрээгээ цуцлуулахаар хандсаар байгаа билээ.

Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсанчлан Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийгээгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл манай газраас “АӨ” ХХК-д илгээсэн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 03/1105 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр Хяналтын хорооны хурлаар хэлэлцүүлэн зохих шийдвэр гаргахаар болсон тухай мөн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 023/21 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр Хяналтын хорооноос шийдвэр гарсан тухай мэдэгдэж байсан.

Маргаан бүхий захиргааны акт гарах болсныг нэхэмжлэгч нь мэдэж байсан. Өөрөөр хэлбэл дээрх мэдэгдлийг хүргүүлснээс хойш “АӨ” ХХК-аас 2019 оны 1 дүгээр сарын 24-ний 07 дугаар “Хүсэлт гаргах тухай” хяналтын хорооны хурлаас гаргасан шийдвэрээ дахин хянаж үзэхийг хүссэн агуулга бүхий албан бичиг болон 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн с/09 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” учирсан хохирлыг шүүхийн журмаар нэхэмжлэх болно гэсэн албан бичгүүдээр тус компаниас манайд хандаж байсан. Мөн Хяналтын хорооны хурал болох тухай байгууллага болон иргэдэд манай газрын дүүрэг хороо хариуцсан мэргэжилтнүүд утсаар мэдэгддэг бөгөөд тухайн хяналтын хорооны хурлын шийдвэрт иргэний төлөөллөөр оролцсон Б.Цолмонхорол гэх хүн гарын үсэг зурж баталгаажуулснаар иргэн болон компаниудад дээрх асуудлын талаар мэдэгдэж байсан гэдгийг хангалттай нотлох нотолгоо болно гэж үзэж байна.

Иймээс НЗД-ын 2019 оны 11 дугаар сарын 13-ны өдрийн ******* дүгээр захирамжаар “Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “орон сууцны 7 дугаар хороолол орчим” ХЕТ-2013/1 багцын "Ө”, “И” хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч “АӨ” ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үйл ажиллагааны зөрчил гаргасан нь тогтоогдож байх тул тус компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан шийдвэр нь хууль зүйн хувьд үндэслэл бүхий байна. Иймд нэхэмжлэгч “АӨ” ХХК-ийн гаргасан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

 ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэл Улаанбаатар хотод 2000 оноос эхлэн суурьшлын төлөвлөлт хийгдээгүйн улмаас гэр хорооллын тэлэлт зохицуулалтгүйгээр ихээхэн нэмэгдэж ус, агаар, хөрсний бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс давах болсон.

Үүнээс үүдэн гэр хорооллын иргэдийн хувьд Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж, байгалийн гамшигт өртөх магадлал ихэсч, нийгмийн үйлчилгээг тэгш хүртэж чадахгүй, үйлчилгээний чанар хангалтгүй зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх шаардлага үүсжээ.

Улмаар 2013-2015 онд хооронд хот, суурин газрыг дахин төлөвлөн хөгжүүлэх, газрыг дахин зохион байгуулах асуудлыг шийдвэрлэхээр Гэр хорооллыг дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулан, барилгажуулалтын үйл ажиллагааг явуулж, түүнийгээ Нийслэлийн иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны “Журам батлах тухай” 3/31 дүгээр тогтоол[1], Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны “Журмын өөрчлөлтийг батлах тухай” 23 дугаар тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам[2], хожим 2018 оны Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 46 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”[3] зэргээр тус тус зохицуулж байжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч “АӨ” ХХК  дээрх “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах үйл ажиллагаанд оролцож, 2014 онд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Орон сууцны 7 дугаар хороолол орчим ХЕТ-2013-1 багцын “И” хэсэгчилсэн талбайд, 2016 онд ХЕТ-2013-1 багцын “М, Ж, Ө” хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчээр шалгарчээ[4].

Улмаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны “Журмын өөрчлөлтийг батлах тухай” 23 дугаар тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 1.3.4, 1.3.5-д тодорхойлсон гэрээг талуудтай байгуулсан бөгөөд энэ талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар маргадаггүй болно.

Гэтэл НЗД-ын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дүгээр “гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” захирамжаар “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх “...гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан...” гэж “АӨ” ХХК-ийн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Орон сууцны 7 дугаар хорооллын И, Ө хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэх эрхийг нь цуцалжээ.

Энэхүү шийдвэрийг “АӨ” ХХК-иас эс зөвшөөрч “...эрх цуцалж байгаа талаар сонсох ажиллагаа хийгээгүй, мэдэгдэл хүргүүлээгүй. 2017 онд санхүүжилт гацсан хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг тодруулаагүй...” гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан маргаж байна.

Харин маргаан бүхий актын үндэслэлд дурьдсан асуудлаар шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхэд цуглуулсан ач холбогдол бүхий нотлох баримтаар “АӨ” ХХК нь дээрх сонгон шалгаруулалтаар төсөл хэрэгжүүлэхээр авсан талбай дээрээ 4 айлын газар чөлөөлж 120 айлын орон сууцыг 2017 онд барьж ашиглалтанд хүлээлгэсэн өгсөн[5] хэдий ч газраа чөлөөлсөн айл өрхүүд тус байранд хангалттай хамрагдаж чадаагүй болох нь НЗД-ын хэрэгжүүлэгч агентлаг Гэр хорооллын дэд бүтцийн газрын 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 03/592 албан бичиг[6], Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 13 дугаар гудамжны иргэдийн “Асуудал шийдвэрлүүлэх тухай” хүсэлт[7], Нийслэлийн иргэдийн Төлөөлөгч Хурлын Төлөөлөгч С.Мөнхчулууны 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 04/603 дугаар албан бичиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...Эхний ашиглалтад орсон орон сууцанд чөлөөлсөн газраас 2 айл орсон...” гэх тайлбар[8] зэргээр тогтоогдож байна.

Мөн бусад хэсэгт барилгажилт ажил огт хийгдээгүй болох нь шүүхээс хийсэн газрын үзлэгийн тэмдэглэл[9], Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй төслийг дэмжин Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, хорооллыг дахин төлөвлөлтийн сонгон шалгаруулалт болон барилгажуулалтын үйл ажиллагааг зохицуулсан журамд заасны дагуу газраас чөлөөлсөн иргэдийн удаа дараа гаргасан хүсэлтүүд[10] болон НЗД-ын Тамгын газрын бүртгэл хяналтын картаар[11] ирүүлсэн гомдол, хүсэлтүүд, НЗД-ын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар хурлын тэмдэглэл[12], шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өгсөн “...хэсэгчилсэн талбайгаас хамаарч баримтаар нийт 104 айлын газар чөлөөлсөн. Харин хэмжээг нь мэдэхгүй. Орон сууц санхүүжилттэй холбоотойгоор хугацаандаа ашиглалтанд ороогүй...” гэх мэдүүлгээр тогтоогдож байна[13].

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “АӨ” ХХК-ийг 2014 оны “Журмын өөрчлөлтийг батлах тухай” 23 дугаар тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын 4.11-д “...батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах ажлыг хэрэгжүүлнэ...”, 4.20-д “...төсөл хэрэгжүүлэгч төслийн санхүүжилтийг бие даан шийдвэрлэх...”, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 46 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 5.2-т “...Төсөл хэрэгжүүлэгч нь барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэл хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй...” зэрэг гэрээгээр хүлээсэн үүргээ үүргээ биелүүлээгүй...” болно.

Түүнчлэн нэхэмжлэгч “АӨ” ХХК нь Хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.5 “төсөл, төлөвлөгөө боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг хамтран дүгнэх; 23.1.6 “төслийн хэрэгжилтийн талаар оролцогч талуудад тайлагнах, хяналтын хороогоор хэлэлцүүлэх; 23.1.7 “төсөлд оролцогч талуудыг төсөл, төлөвлөгөөтэй холбоотой үнэн, зөв мэдээ, тооцоо судалгаагаар хангаж, шаардсан мэдээллийг гаргаж өгөх; хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй болох нь НЗД-ын хэрэгжүүлэгч агентлаг Гэр хорооллын дэд бүтцийн газрын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 03/1143 албан бичиг[14], 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 03/1171 албан бичиг[15],2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 03/340 албан бичиг[16] болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Тайлан гаргаж өгөөгүй...”[17] гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Нөгөөтээгүүр хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан “сонсох” ажиллагааг явуулсан талаар НЗД-ын хэрэгжүүлэгч агентлаг Гэр хорооллын дэд бүтцийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 03/1105 дугаар албан бичиг[18], 2019 оны 01 дүгээр сарын 14-ний 03/21 албан бичиг[19], 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 03/276 албан бичиг[20] , 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 03/286 албан бичиг[21] авагдсан  байх тул нэхэмжлэгч “АӨ” ХХК-ийг хүчингүй болгуулахаар маргаж буй актын үндэслэлийг өмнө нь мэдсэн гэж үзэх боломжтой.

Нэхэмжлэгч анх сонгон шалгаруулалтад оролцох үеэс уг төслийг хэрэгжүүлэх санхүүг тооцон бие даан шийдвэрлэх нөөц боломжтой гэсэн атлаа хэрэгжүүлэлтийн явцад “...дотоод, гадаадын банкны зээлийн эх үүсвэрийг авч чадаагүй...” гэж тайлбарлаж байгааг шүүх хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзсэнгүй.

Иймд дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл НЗД-аас 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дүгээр “гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” захирамжийг гаргахдаа Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасан “...шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх...” үүргээ хэрэгжүүлсэн.

Актын агуулга ойлгомжтой, тодорхой, хууль зүйн үндэслэлтэй, уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байх тул түүнийг хүчингүй болгуулах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 23.1.5, 23.1.6, 23.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан НЗД-ын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дугаар “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” захирамжийг хүчингүй болгуулах “АӨ” ХХК-ийн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.БАТБААТАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] 1 Хавтас хэргийн 60-66 хуудас

[2] 2 Хавтас хэргийн 98-101 хуудас

[3] 1 Хавтас хэргийн 12-18 хуудас

[4] 1 Хавтас хэргийн 10-11 хуудас

[5] 2 Хавтас хэргийн 4-7 хуудас

[6] 1 Хавтас хэргийн 43 хуудас

[7] 1Хавтас хэргийн 68-69 хуудас

[8] 2 Хавтас хэргийн 107  хуудас

[9] 2 Хавтас хэргийн 19-38 хуудас

[10] 1 Хавтас хэргийн 109-151 хуудас

[11] 1 Хавтас хэргийн 152-183 хуудас

[12] 2 Хавтас хэргийн 48-60 хуудас

[13] 2 Хавтас хэргийн 107 хуудас

[14] 1 Хавтас хэргийн 45 хуудас

[15] 1 Хавтас хэргийн 46 хуудас

[16] 1 Хавтас хэргийн 175 хуудас

[17] 2 Хавтас хэргийн 107 хуудас

[18] 1 Хавтас хэргийн 43 хуудас

[19] 1 Хавтас хэргийн 44 хуудас

[20] 1 Хавтас хэргийн 187 хуудас

[21] 1 хавтас хэргийн 188 хуудас