Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 213/МА2017/00021

 

*******ийн нэхэмжлэлтэй хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 131/ШШ2017/00606 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ХХК-ийн захирал *******д холбогдох

Зээлээр худалдан авсан хүнсний бүтээгдэхүүний үнэ 5.699.870 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 13-нд хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч ******* ХХК-ийн захирал *******, нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч *******аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Баянхонгор аймгийн 1 дүгээр багт байрлах Есөн-Эрдэнэ зах дээр хүнсний худалдаа эрхэлдэг. ******* ХХК, захирал ******* нь 2012 оны 01 дүгээр сарын 01 нээс эхлэн хүнсний бүтээгдэхүүн, бараа материал зэргийг цувруулан авч, 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр тооцоо нийлэхэд 5,699,870 төгрөг болсон байна. Би бараа материал өгөхдөө дэвтэрт хар данс хөтөлдөг ба тухайн үед авсан бүх зүйл огноотойгоо бичээстэй байгаа. Иймд ******* ХХК-ийн захирал *******өөс нийт 5.699.870 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний үйлчлүүлэгч нь *******тэй 2012 оноос эхлэн сурагчдын үдийн цай хөтөлбөрийн хүрээнд хүнсний ногоо, бараа бүтээгдэхүүн зээлээр худалдаж тухай бүр төлбөр тооцоог хийж байсан байна. Ингэхдээ өрийн дэвтэр дээр тухай бүр тооцоог бичиж тэмдэглэж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 14-ний байдлаар төлбөрийн үлдэгдэл 5.699.870 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг хариуцагчид мэдэгдэж танилцуулахад тэрээр 2.000.000 төгрөг өгсөн асуудал яригдсан тул 3.699.870 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 31-ний дотор төлөхөөр зөвшөөрч гарын үсэг тайлбараа дэвтэр дээр бичсэн байна.

Харилцан итгэлцлэлийн үндсэн дээр энэ харилцаа явагдаж байсан байна. Хариуцагч нь дээд боловсролтой, инженер мэргэжилтэй хүн бөгөөд ямар баримтан дээр гарын зурж, үүнээс шалтгаалан ямар үр дагавар, хариуцлага гарахыг мэдэхээр хүн, гэтэл одоо ямар баримтанд гарын үсэг зурсан болох, хуурч мэхлэн зуруулсан гэх зэрэг тайлбар хийж байгааг хүлээн авах боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* ХХК-ийн захирал ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

*******ийн нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би нэхэмжлэлд дурдсан мөнгийг аваагүй. Авсан барааны мөнгийг сарын сүүлээр төлдөг бид хоёрын дунд өр ширний асуудал байхгүй. ******* нь 2016 оны сүүлээр би Солонгос явах гэсэн юм. Ийм баримт хэрэгтэй байна, гарын үсэг зураад өгөөч гэж өдөржин гуйгаад нэг дэвтэр дээр гарын үсэг зуруулсан би Солонгос явахад нь л хэрэг болдог юм байх гэж бодсон. Хэрэв хуурч мэхлэн гарын үсэг зуруулан гарын үсгийг далимдуулан ямар нэгэн зүйлд ашиглах гэж байгаа бол би холбогдох газар нь гомдлоо гаргах болно. Иймд хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч *******өөс анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Шүүх хуралд шинээр гаргаж өгсөн өрийн дэвтэр гэж он, сар тавиад тоо бичсэн байна. Би зөвшөөрөхгүй байна. ******* гэдэг хүнээс бараа зээлж авдаг байхад өрийн дэвтэр гэж байдаггүй, том нэг л дэвтэр байдаг байсан падаан авъя гэхээр дараа авчих гээд өгдөггүй байсан. Ийм дэвтэр байдаггүй байсан бичилтийг нь харахад нэг өдөр сууж байгаад бичсэн байдалтай харагдаж байна. Би ийм их хэмжээний өртэй байсан бол энэ олон сарын хугацаанд чимээгүй яваад байна гэж байхгүй шүү дээ. Бид бараа өгч авалцахдаа ямар нэг төлбөрийн баримт үйлдэх, өрийн дэвтэрт гарын үсэг зурах зэргээр баталгаа хийдэггүй, мөнгөө сарын сүүлээр тухай бүр нь өгч хэвшээд явсан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг 5.699.870 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******ийн төлсөн 106.147 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Миний бие ******* нь *******ын нэхэмжлэлтэй “*******” ХХК-ийн захирал *******д холбогдох 5.699.870 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 131/ШШ2017/00606 тоот шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримт болоод нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн хариу тайлбар зэргээр *******, ******* нар нь хүнсний ногоо, бүтээгдэхүүн зээлээр худалдан авч, төлбөрийг дараа төлөх нөхцөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байсныг тогтоож байна гэж дүгнэсэн.

Тэгсэн атлаа хэрэгт авагдсан талуудын төлбөрийн үлдэгдэл 3.699.870 төгрөгийг төлөх талаар тооцоо нийлэх дэвтрийг нотлох баримт биш гэж үзсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, мөн талуудын өгсөн тайлбар хийгээд тооцоо нийлсэн талаар хариуцагчийн хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд болоод нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн асуусан асуултанд хариулсан мэдүүлгийг харьцуулан судлалгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 131/ШШ2017/00606 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. 

 ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын нэрс, хаяг тодорхойлоогүй байхад ажиллагаа хийж, хэргийг шийдвэрлэжээ. Нэхэмжлэлийг ******* гэж хувь хүн нэхэмжлэл гаргасан байх боловч нэхэмжлэл дээрээ ******* ХХК гэсэн хуулийн этгээдийн тамга дарсан, хуулийн этгээд нэхэмжлэл гаргаж байгаа бол хуулийн этгээдийн нэртэй маягт хуудас дээр хуулийн этгээдийнхээ нэрээр нэхэмжлэл гаргаагүй мөн шүүгч иргэний хэрэг үүсгэхдээ “..итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ..” гэж иргэний хэрэг үүсгэсэн захирамж дээр бичсэн зэрэг нь зөрчилтэй бөгөөд нэхэмжлэлийг ******* гэдэг хуулийн этгээд гаргасан уу, эсхүл ******* гэдэг хувь хүн гаргаж байна уу, итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэл гаргасан уу гэдэг нь тодорхойгүй.

Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “..хариуцагч нь ******* ХХК, захирал *******..” гэж нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэлийн шаардлагаа ******* ХХК гэдэг хуулийн этгээдэд холбогдуулж гаргасан эсхүл ******* гэдэг хувь хүнд холбогдуулж нэхэмжлэлээ гаргасан эсэх нь тодорхойгүй. Хариуцагч ******* нь ******* ХХК –ийг төлөөлөх эрхтэй эсэх, итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* болон нэхэмжлэгч ******* нар нь ******* ХХК гэдэг хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй эсэх нь тодорхойгүй байхад, хуулийн этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27, 35, 67 дугаар зүйлүүдийг зөрчсөн байна.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “..зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг 5.699.870 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай..” гэж шийдвэрлэсэн нь хэнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгааг тогтоох хэсэгтээ заалгүй хариуцагчийг орхигдуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч ******* нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 106.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 131/ШШ2017/00606 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 106.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ М.МӨНХДАВАА

ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

 Г.УЛАМБАЯР