Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 606

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг Баянхонгор сум 9 дүгээр баг, 2-23 тоотод оршин суух , ВЮ77062403 регистрийн дугаартай, Боржигон овогт Төмөрсайханы Тунгалагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймаг Баянхонгор сум 5 дугаар багт оршин суух, Тосуйн гол ХХК-ийн захирал Б.Гантөрд холбогдох зээлээр худалдсан бараа бүтээгдэхүүний үнэ 5.699.870 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Энхжаргал, хариуцагч Б.Гантөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дэчмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Тунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Баянхонгор аймгийн 1 дүгээр багт байрлах Есөн-Эрдэнэ зах дээр хүнсний худалдаа эрхэлдэг. Тосуйн гол ХХК, захирал Б.Гантөр нь 2012 оны 01-р сарын 01 –нээс эхлэн хүнсний бүтээгдэхүүн, бараа материал зэргийг цувруулан авч, 2016 оны 09 сарын 14-ний өдөр тооцоо нийлэхэд 5,699,870 төгрөг болсон байна. Би бараа материал өгөхдөө дэвтэрт хар данс хөтөлдөг ба тухайн үед авсан бүх зүйл огноотойгоо бичээстэй байгаа.

Иймд Тосуйн гол ХХК-ийн захирал Б.Гантөрөөс Хүнсний бүтээгдэхүүний үнэ нийт 5.699.870 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү..гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа;

Миний үйлчлүүлэгч нь Б.Гантөртэй 2012 оноос эхлэн сурагчдын үдийн цай хөтөлбөрийн хүрээнд хүнсний ногоо, бараа бүтээгдэхүүн зээлээр худалдаж тухай бүр төлбөр тооцоог хийж байсан байна. Ингэхдээ өрийн дэвтэр дээр тухай бүр тооцоог бичиж тэмдэглэж байгаад 2016 оны 09 сарын 14-ний байдлаар төлбөрийн үлдэгдэл 5.699.870 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг хариуцагчид мэдэгдэж танилцуулахад тэрээр 2.000.000 төгрөг өгсөн асуудал яригдсан тул 3.699.870 төгрөгийг 2017 оны 02 сарын 31-ний дотор төлөхөөр зөвшөөрч гарын үсэг тайлбараа дэвтэр дээр бичсэн байна. Улмаар Т.Тунгалаг нь дээрх 2 сая төгрөгийг авсан эсэхээ нягтлан үзэхэд эргэлзээ төрсөн тул 5.699.870 төгрөгөө бүхэлд нь гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Тооцоо нийлсэн дээрх дэвтэр бол үндсэн өрийн дэвтэрээс Б.Гантөртэй холбоотой хэсгийг түүвэрлэн нөхөж бичсэн дэвтэр юм. Т.Тунгалаг нь бусдад зээлээр бараа өгөхдөө орлого зарлагын баримт болон, худалдан авагчаар гарын үсэг зуруулж баримт авч үлддэггүй байсан. Харилцан итгэлцлэлийн үндсэн дээр энэ харилцаа явагдаж байсан байна. Хариуцагч нь дээд боловсролтой, инженер мэргэжилтэй хүн бөгөөд ямар баримтан дээр гарын зурж, үүнээс шалтгаалан ямар үр дагавар, хариуцлага гарахыг мэдэхээр хүн, гэтэл одоо ямар баримтанд гарын үсэг зурсан болох, хуурч мэхлэн зуруулсан гэх зэрэг тайлбар хийж байгааг хүлээн авах боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү..гэв.

Хариуцагч Б.Гантөр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа;

Т.Тунгалагийн нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би нэхэмжлэлд дурдсан мөнгийг аваагүй. Авсан барааны мөнгийг сарын сүүлээр төлдөг бид хоёрын дунд өр ширний асуудал байхгүй. Т.Тунгалаг нь 2016 оны сүүлээр би Солонгос улсруу явах гэсэн юм. Ийм баримт хэрэгтэй байна, гарын үсэг зураад өгөөч гэж өдөржин гуйгаад нэг дэвтэр дээр гарын үсэг зуруулсан би Солонгос явахад нь л хэрэг болдог юм байх гэж бодсон. Хэрэв хуурч мэхлэн гарын үсэг зуруулан гарын үсгийг далимдуулан ямар нэгэн зүйлд ашиглах гэж байгаа бол би холбогдох газар нь гомдлоо гаргах болно. Авлагын дэвтэр гэх дэвтэр нь нөхөж бичсэн дэвтэр байна. Бидний хооронд байх төлбөр тооцооны асуудлыг өөр том дэвтэр дээр олон хүний тооцоотой хольж бичдэг байсан. Сүүлд энэ дэвтэр дээр гарын үсэг зуруулж 3699870 төгрөг төлөх нь үнэн гэх зүйлийг бичүүлэхдээ дээр нь тооцоо бодсон бичвэрийг бичсэн байсан эсэхийг санахгүй байна. Энэ бичгийг бичүүлэхдээ ямар нэгэн байдлаар тооцоо бодсон зүйл байхгүй. Би ийм их хэмжээний өртэй байсан бол энэ олон сарын хугацаанд чимээгүй яваад байна гэж байхгүй шүү дээ. Бид бараа өгч авалцахдаа ямар нэгэн төлбөрийн баримт үйлдэх, өрийн дэвтэрт гарын үсэг зурах зэргээр баталгаа хийдэггүй, мөнгөө сарын сүүлээр тухай бүр өгч хэвшээд явсан. Иймд дээрх тооцооны дэвтрийг нотлох баримт гэж үзэхгүй байна..гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Т.Тунгалаг нь Тосуйн гол ХХК-ийн захирал Б.Гантөрд холбогдуулан зээлээр худалдсан хүнсний бүтээгдэхүүний үнэ нийт 5.699.870 төгрөг гаргуулахыг хүсэн шаардсаныг хариуцагч Б.Гантөр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаан үүсгэжээ.

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан Зээлээр худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн зохицуулалтын шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгахад:

Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар 2012 оноос 2015 оны хооронд хариуцагч Б.Гантөр нь сургуулийн хүүхдийн үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор нэхэмжлэгч Т.Тунгалагаас хүнсний ногоо, бүтээгдэхүүн зээлээр худалдан авч, төлбөрийг дараа төлөх нөхцөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан болох нь тогтоогдож байна.

Улмаар нэхэмжлэгч Т.Тунгалаг нь 2016 оны 09 сарын 14-ний өдөр тооцоо нийлснээр мөн өдрийн байдлаар төлөгдөөгүй байсан төлбөрийн үлдэгдэл 3699870 төгрөгийг 2017 оны 02 сарын 31-ний дотор төлөх нөхцөлөөр Б.Гантөрөөр бичгээр баталгаа гаргуулж, 2 хуудас бүхий авлагын дэвтэрийг нотлох баримтаар ирүүлжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлага болох зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн төлбөр 5699870 төгрөгийг хариуцагч талаас гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь Нэхэмжлэгч тал нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа Б.Гантөрөөс 5.699.870 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж үзэн Б.Гантөрийн зээлээр худалдан авсан бараа бүтээгдэхүүнтэй холбоотой төлбөрийн тооцоо, баталгаа бүхий 2 хуудас дэвтэрийг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн боловч энэ нотлох баримт нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой биш, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй гэж дүгнэв.

Тухайлбал нотлох баримтаар өгсөн 2 хуудас авлагын дэвтэрт Тосуйн гол ХХК-нь 2012 оноос 2015 оны 09 сарын 14 хүртэл хугацааны тооцоо бүхий хэсгийг хар өнгийн балаар нэг удаад бичсэн, уг бичвэрийн доод хэсэгт “Тооцоо дансаа тулгаад 2016 оны 09 сарын 14-ний байдлаар 3699870 төгрөгийг өгнө” гэсэн бичвэр, Б.Гантөрийн өөрийн газаар бичсэн 3699870 төгрөгийг 2017 оны 02 сарын 31-ний дотор төлж дуусна, 2016 оны 09 сарын 15-нд гэсэн бичвэрийг хөх , цэнхэр өнгийн балаар хольж бичсэн, эх хувиас нь хуулбарлан бичсэн..зэргээс үзвэл дээрх тооцоог нэг цаг хугацаанд, хоёр талаас тооцоо нийлэх үедээ үйлдсэн гэж үзэх боломжгүй, тухайн дэвтэрт бичсэн мөнгөний дүнгээс өөрөөр ямар төрлийн бараа бүтээгдэхүүн авсан болох, энэ үедээ худалдан авагчаар гарын үсэг зуруулж, төлбөрийн баримт үйлдэж байсан эсэх нь тодорхойгүй..зэргээр нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Нөгөө талаар дээрх баримтанд Б.Гантөр гарын үсэг зурж баталгаа бичихдээ “хуурч мэхлэн ноцтой төөрөгдүүлсэн учир гарын үсэг зурж баталгаа бичсэн” гэж тайлбарлаж хүлээн зөвшөөрөхгүй байгаа, энэ баримтын үнэн болохыг өөр хэлбэрээр давтар нотолсон баримт байхгүй зэргээр нэхэмжлэгчээс ирүүлсэн цорын ганц баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзэх боломжгүй, эргэлзээ төрүүлж байх тул шүүх дээрх баримтыг дангаар нь нотлох баримтын хэмжээнд үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл худалдаа, санхүүгийн холбогдолтой гэрээний эрх зүйн харилцаанд худалдах худалдан авах үйл ажиллагаа болсныг нотлох төлбөрийн баримтууд болох орлого, зарлагын баримт үйлдээгүй байна.

Түүнчлэн тооцоо нийлсэн гэх баримтанд хариуцагч Б.Гантөр нь 3.699.870 төгрөг төлөх талаар бичсэн бол нэхэмжлэлд 5.699.870 төгрөг гаргуулахыг шаардсан нь ойлгомжгүй, нэхэмжлэлд тавигдах шаардлагыг хангаагүй байгааг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Т.Тунгалагийн төлсөн 106147 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг 5.699.870 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Т.Тунгалагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Т.Тунгалагийн төлсөн 106147 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 120 дугаар зүйлийн 120-2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, зохигч,тэдгээрийн өмгөөлөгч нар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ