Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 137

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, шүүгч Р.Алтантуяа, М.Мөнхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, ХЦ 49-37 тоотод бүртгэлтэй, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 50-124 тоотод оршин суух, Х.Ц -гийн нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эх гудамж 1402 тоотод бүртгэлтэй, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 50-128 тоотод оршин суух, Б.Бд холбогдох

 

          Гэм хорын 869,183 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Ц , хариуцагчийн өмгөөлөгч Ш.Оюумаа, иргэдийн төлөөлөгч Д.Туул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Х.Ц  нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн шөнийн 02 цагт УБ хот Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 50-128 тоот айлын угаалгын машины усны холбогч хоолой хагарсны улмаас ус алдаж 50-124 тоот айл болох Х.Ц  миний эзэмшлийн орон сууцанд ус нэвтэрч их хэмжээний хохирол учирсан юм. Иймд 2017 оны 8 сарын 23-ны өдөр хөрөнгө даатгалын хохирол үнэлгээний “Ашидбилгүүн" ХХК улсын бүртгэлийн дугаар №9011364091 регистрийн дугаар №5643678 сангийн яамны хөрөнгийн үнэлгээ хийх эрхийн 091100164 тоот гэрчилгээтэй байгууллагаар үнэлгээ хийлгэсэн болно. Хохирлын хэмжээ 1,024,183 төгрөг, үнэлгээний тайлан гаргахад 55,000 төгрөг, нийт 1,079,183 төгрөг үүнээс ХААН даатгалаас 210,000 төгрөг надад олгогдсон болно. Иймд 869,183 төгрөгийг 50-128 тоотын түрээслэгч Б.Б аас гаргуулж өгнө үү гэв. 

 

Хариуагч Б.Б  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр уг байрыг түрээслэн суусан. 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр байрны эзний хөрөнгө болох гал тогооны өрөөнд байрлах угаалгын машины шаланкны холбоос задарч ус алдсан. 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр иргэний үүргээ биелүүлж, Хаан даатгалд өргөдөл өгч хохирлын акт гаргуулсан. Тус байрын 4 дүгээр давхарын 124 тоот айлд Хаан даатгалаас 3 хоногийн дараа ирж дүгнэлт хийж хохирлын хэмжээг тооцон нөхөн төлбөрийн шийдвэр гаргахад нь хэмжилттэй танилцаж зөвшөөрч гарын үсэг зурсан. Нөхөн төлбөр болох 210,000 төгрөгийг 124 тоотын айл хүлээн авсан боловч дахин өөр газраар дүгнэлт хийлгэж мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг байрны 124 тоотын айл өөрсдөө гэртээ бүрэн засвар хийж байхдаа 6,000,0060 төгрөгийн засвар хийж байгаа, манайх дахин үнэлгээ хийж 1,020,000 төгрөгийн дүгнэлт гаргуулсан. Манайх угаалгын өрөөний 00-ийн суултуурыг сольж байгаа гэж манайхаас мөнгө нэхэж орж ирсэн. Танайх засвар хийх гэж байгаа юм биш үү гэж хэлсэн. Өөрсдөө өндөр өртөгтэй засвар хийж байж засвар их гарлаа гэж дахин үнэлгээ хийж мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 210,000 төгрөгийг Хаан даатгал өгсөн ганц хоолонд орох мөнгө өгсөн гэж надад хэлсэн. Даатгалын мөнгийг хүлээн зөвшөөрсөн гарын үсэг, тэмдэглэл байна. н.Цогоо даатгалын үнэлгээний дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж байгаа бол дахин өргөдөл өгч дүгнэлт гаргуулах боломжтой байсан. Үнэлгээний дүнг хүлээн зөвшөөрч байна гэж гарын үсэг зурсан. Бидний буруутай үйлдлээс болж ус алдаагүй. Байрандаа ороод сар ч болоогүй байхад галын тогооны өрөөний угаалгын машины шаланк задарч ус алдсан. Манайх угаалгын машинтай, хэрэглэхгүй гээд дээр нь юмаар бүтээгээд хөдөлгөхгүй гэж хэлж байсан. Байр анх хөлслөхөд гал тогооны өрөөнд угаалгын машин байсан манай өмч биш үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Х.Ц  нь хариуцагч Б.Б д холбогдуулан өөрийн эзэмшлийн орон сууцанд ус алдаснаас болж учирсан гэм хорын 869,183 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

            Хариуцагч Б.Б  тухайн орон сууцанд түрээсээр амьдарч байгаа учир Х.Ц д учирсан хохирлыг хариуцахгүй гэж маргажээ.

 

            Б.Б  нь Баянгол дүүрэг 18 дугаар хороо, 50-р байрны 128 тоотод орон сууцыг түрээсээр ашиглаж байгаа /хх-ийн 30-31 дүгээр тал/ болох хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

 

            Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5.-д “... түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн ажил үйлчилнэ”, мөн хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1.-д “хөлслөгч хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтаар ашигласны үр дүнд тухайн эд хөрөнгө муудсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй” гэж заасан байгаа тул тухайн орон сууцыг түрээсийн гэрээгээр ашиглаж байгаа Б.Б  хариуцлага хүлээх үндэслэлгүй байна.

 

            Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1.-д “хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх үүрэгтэй“ ба Х.Ц  өөрт учирсан хохирлоо тухайн байрны өмчлөгчөөс шаардах эрхтэй.

 

            Иймд Х.Ц гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Х.Ц гийн нэхэмжлэлтэй Б.Б д холбогдох гэм хорын хохирол 869.183 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

  

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.СОЛОНГО

 

                           ШҮҮГЧИД                                         Р.АЛТАНТУЯА


                                                                                               М.МӨНХТӨР