Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 708

 

Х.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2018/00137 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х.Ц-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Б-д холбогдох

 

Гэм хорын хохиролд 869 183 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Х.Ц-

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х.Ц- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 7 дугаар сарын 17-ны шөнө 02 цагт Баянгол дүүргийн 18 дугаар хороо 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамжны 50 дугаар байрны 128 тоот айлын угаалгын машины усны холбогч хоолой хагарснаас ус алдаж Х.Ц- миний эзэмшлийн орон сууцанд ус нэвтэрч их хэмжээний хохирол учирсан. 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хөрөнгө даатгалын хохирол үнэлгээний “Ашидбилгүүн" ХХК-иар үнэлгээ хийлгэсэн. Хохирлын хэмжээ 1 024 183 төгрөг, үнэлгээний тайлан гаргахад 55 000 төгрөг, нийт 1 079 183 төгрөг болсон. Үүнээс ХААН даатгалаас олгосон 210 000 төгрөгийг хасч үлдэх 869 183 төгрөгийг 50-128 тоотын түрээслэгч Б.Б-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр уг байрыг түрээслэн суусан. 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр байрны өмчлөгчийн угаалгын машины холболт задарч ус алдсан тул 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Хаан даатгалд өргөдөл өгч хохирлын акт гаргуулсан. Хаан даатгал 3 хоногийн дараа ирж хохирлын хэмжээг тооцон нөхөн төлбөрт 210 000 төгрөгийг олгосон. Үнэлгээний дүнг хүлээн зөвшөөрч байна гэж гарын үсэг зурсан. Хэрэв даатгалын үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй бол дахин өргөдөл өгч дүгнэлт гаргуулах боломжтой байсан. Тус байрны 124 тоот айл нь 6 000 000 төгрөгийн засвар хийж байгаа, дахин үнэлгээ хийлгэж 1 020 000 төгрөгийн дүгнэлт гаргуулсан гэж мөнгө нэхэж ирсэн. Өөрсдөө өндөр өртөгтэй засвар хийлгэснээс дахин мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Бидний буруутай үйлдлээс болж ус алдаагүй. Гал тогооны өрөөний угаалгын машины хоолой задарч ус алдсан. Байр анх хөлслөхөд гал тогооны өрөөнд угаалгын машин байсан бөгөөд манайх хэрэглэдэггүй. Манай өмч биш үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

            Шүүх: Х.Ц-гийн нэхэмжлэлтэй Б.Б-д холбогдох гэм хорын хохирол 869 183 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Х.Ц- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1 дэх заалтыг гуравдагч этгээд болох надад хамааруулан шийдвэрлэсэн нь буруу. Иргэн Б.Б- нь хөлслүүлэгчтэй тохиролцон байр, эд хогшлыг хөлслөгч хүлээн зөвшөөрч, эд хөрөнгө хөлслөх харилцаа үүссэн талаар хөлслүүлэгч талаас маргаан гараагүй, хөлслүүлэгчийн үүргийг надад хамааруулсан. Миний бие эд хөрөнгө түрээслэх харилцаанд ороогүй. Гэтэл Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1-д заасныг нэхэмжлэгчид хамааруулан учирсан хохирлыг байрны өмчлөгчөөс шаардах эрхтэй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

                                                                        ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан хэдий ч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, маргааныг зүйлийг зөв тодорхойлоогүйн улмаас хуулийн буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Х.Ц-, хариуцагч Б.Б-д холбогдуулан гэм хорын хохирол 869 183 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, “даатгалаас хохирлын мөнгөө авсан, миний буруутай үйлдлээс болоогүй” гэж маргажээ.

Хариуцагч Б.Б-ы хөлсөлж буй Баянгол дүүргийн 18 дугаар хороо 4 дүгээр хороолол, 50 дугаар байрны 128 тоот орон сууцанд 2017 оны 7 дугаар сарын 17-ны шөнө 02 цагт ус алдсаны улмаас доод давхрын айл буюу нэхэмжлэгч Х.Ц-гийн эд хөрөнгөд хохирол учирсан болох нь зохигчдын тайлбар, техникийн комиссын тодорхойлолт, ХААН даатгал ХХК-ийн орон сууцанд учирсан гэмтлийг тогтоосон тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-1, 5, 20-21, 18,51-52 дахь тал/ Үүний улмаас хариуцагч Б.Б-д Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэг үүсчээ.

Анхан шатны шүүх хуулиар үүсч буй үүргийн харилцааг буруу тодорхойлон, гэрээний харилцаатай холбон, Иргэний хуулийн 288, 318 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлэн, шүүхийн шийдвэрт өөрчлөлт  оруулах нь мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт нийцнэ гэж үзлээ.

Нэхэмжлэгч Х.Ц- нь “Ашидбилгүүн” ХХК-иар өөрийн эд хөрөнгөд хохирлын үнэлгээ хийлгэсэн байх бөгөөд уг үнэлгээний газрын тогтоосон 1 024 183 төгрөгийн үнэлгээнээс “ХААН даатгал” ХХК-иас олгосон орон сууцны даатгалын нөхөн төлбөрт авсан 210 800 төгрөгийг суутган үлдэх төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн. /хх 6-12 дахь тал/

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, талууд тухайн үед мэргэжлийн байгууллагыг дуудан нэхэмжлэгч Х.Ц-гийн эд хөрөнгөд учирсан хохирлыг тодорхойлуулахад орон сууцны коридор, гал тогоо, том, жижиг өрөөний хана тааж норж обой, эмульс нь ховхорсон, паркетан шал норж хөвсийсөн байдалтай байжээ. Улмаар ХААН даатгал ХХК-иас орон сууцанд учирсан хохирлын талбайн хэмжээг тогтоосон байх бөгөөд уг хэмжилттэй нэхэмжлэгчийн гэр бүл танилцан, зөвшөөрч гарын үсгээ зуржээ. /хх-5, 20-21 дэх тал/ Энэ талаар маргаангүй.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр хохирлын үнэлгээ хийсэн “Ашидбилгүүн” ХХК-ийн тогтоосон талбайн хэмжээ нь талуудын танилцсан протоколд заасан талбайн хэмжээнээс илүү байна.

Давж заалдах шатны шүүхээс дээрх баримтуудыг харьцуулан дүгнээд “ХААН даатгал” ХХК-ийн орон сууцанд учирсан гэмтлийг тогтоосон протоколд тусгагдсан орон сууцны хохирлын хэмжээг бодит хохирол гэж үзэн “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн өртгийн нэгжийн үнэ болон ажлын хөлсний үнэлгээг үндэслэн, хариуцагчаас хохирлыг гаргуулах нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцнэ.

Өөрөөр хэлбэл норж гэмтэл авсан эд хөрөнгийн хэмжээг хэргийн 20 дугаар талд авагдсан баримтаар, харин засварлахад шаардлагатай зардлыг /хх 9 дэх тал/ хөрөнгийн үнэгээний баримтад тус тус үндэслэн тодорхойлох боломжтой байна.

Иймд обой /29 м.кв талбайд/ 3 боодол х 13 000 төгрөг, замаск 2 уут х 6 500 төгрөг, эмульс 1 сав /31.1 м.кв талбайд/ 18 000 төгрөг, паркетан шал /9.8 м.кв талбайд, 1 м.кв нь 14 000 төгрөг/ 137 200 төгрөг, будаг 7 м.кв талбайд 1.3 литрээр тооцон 8450 төгрөг /1.3 л х 6500 төгрөг/ нийт 215 650 төгрөг, ажлын хөлсөнд: тааз 31.1 м.кв х 1000 төгрөг, эмульс 31.1 м.кв х 1800 төгрөг, хана будах 7 м.кв х 1500 төгрөг, паркетан шал  хийхэд 9.8 м.кв х 3 500 төгрөг, хаалга 28 000 төгрөг, нийт 196 830 төгрөг, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлын хэмжээг 432 480 төгрөг болж байна. Үүнээс ХААН даатгал ХХК-иас нөхөн төлбөрт авсан 210 800 төгрөгийг хасч үлдэх 221 680 төгрөгийг хариуцагч Б.Б-аас гаргуулах нь зүйтэй.

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2018/00137 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-аас 221 680 /хоёр зуун хорин нэгэн мянга зургаан зуун наян/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 647 503 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “25 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэснийг “25 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-аас 7 300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Ц-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                                      ШҮҮГЧИД                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                 Ч.ЦЭНД