Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2020/00603

 

Т.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/01511 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар  сарын 26-ны өдрийн 1384 дугаар магадлалтай,

Т.Э-ын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын бүртгэлийн 18251388 дугаартай гүйцэтгэлийн хувийн хэргийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Э-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Ахлах шийдвэр гүйцэтгэгч нь Т.Э-, Н.Болдбаатар нарт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ямар үндэслэлээр явуулах болсон талаар урьдчилан мэдэгдээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл болсон арбитрын шүүхийн шийдвэрийг баталгаажуулах тухай захирамж, гүйцэтгэх хуудсыг танилцуулаагүй. Гэтэл арбитрын 2018 оны 6 сарын 07-ны өдрийн 176 дугаар шийдвэрээр 596.687.800 төгрөгийг Т.Э-, Н.Болдбаатар нар хэрхэн, яаж төлөх талаар нарийвчлан заагаагүй, агуулгын хүрээнд тодорхойгүй байдлаар шийдвэрлэсэн байхад ахлах шийдвэр гүйцэтгэгч нь хуульд заасны дагуу уг тодорхойгүй байдлыг залруулахаар шүүх болон арбитрын байгууллагад буцаах ёстой байтал уг үйлдлийг хийлгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн хууль зөрчсөн. Шийдвэр гүйцэтгэгч Ч.Энхтуяа нь хуульд заасан журмын дагуу төлбөр төлөгчдөөс ямар нэгэн тайлбар авалгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж эхэлсэн бөгөөд он, сар, өдөр бичигдээгүй бланк дээр эд хөрөнгийн талаар мэдүүлэг бөглүүлж гарын үсэг зуруулсан, гүйцэтгэх ажиллагааны эрх, үүргийг тайлбарлаагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.6-д заасныг ноцтой зөрчиж байна. Дээрх хуулийн заалтаас үзэхэд уг тодорхойгүй байдлыг шийдвэр гүйцэтгэгч нь өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд тодруулах ёстой байсан. Нэхэмжлэгчээс арбитрын шийдвэрийг тайлбарлуулахаар хүсэлт гаргахад хувь хүртсэн хэмжээгээр хоорондоо харилцан тохиролцож арбитрын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй гэж тайлбарласан. 2018 оны 12 сарын 03-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд даргын баталсан төлбөр төлөгчийн банк дах хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тогтоолд Т.Э-, Н.Болдбаатар нарын дансны зарлагын гүйлгээг шийдвэрт заасан 596.687.800 төгрөгийн үнийн хэмжээгээр битүүмжлэхийг даалгаж дансыг битүүмжилсэн нь төлбөр авагч дахин төлбөр авах нөхцөлийг бүрдүүлж энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчиж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дах хэсэгт зааснаар шүүхэд гомдол гаргасан тул Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын бүртгэлийн 18251388 дугаартай гүйцэтгэлийн хувийн хэргийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Монголын Олон улсын ба үндэсний арбитрын 2018 оны 6 сарын 07-ны өдрийн 176 дугаар шийдвэрээр Т.Э-, Н.Болдбаатар нараас 588.633.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 8.054.800 төгрөгийг гаргуулж Цотэ менежмент консалтинг ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч Н.Болдбаатарт 99885888 дугаарын утсаар, төлбөр төлөгч Т.Э-ын 99149900 дугаарын утсаар шүүхийн шийдвэр танилцуулан төлбөр төлөхийг мэдэгдэж зарлан дуудаж Н.Болдбаатараас 2018 оны 11 сарын 23-ны өдөр тайлбар, төлбөр төлөгч Т.Э-оос 2018 оны 11 сарын 27-ны өдөр тайлбар, эд хөрөнгийн мэдүүлэг авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйли 9.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчийн хууль ёсны шаардлагыг хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй. Төлбөр төлөгч Т.Э-, Н.Болдбаатар нар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж, үүргээ биелүүлээгүй төлбөрөө сайн дураар төлж барагдуулахгүй байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж төлбөр төлөгч нарын дансны зарлагын хөдөлгөөнийг 596.887.800 төгрөгийн хэмжээгээр битүүмжлэх талаар 2018 оны 12 сарын 03-ны өдрийн 18251388/01 тоот тогтоолыг арилжааны банкуудад хүргүүлсэн. Арбитрын шүүхийн шийдвэрт хариуцагч нарын төлөх төлбөрийн хэмжээ, хүлээх үүргийг тодорхой заагаагүй, хамтран үүрэг гүйцэтгэхээр шийдвэрлэсэн тул төлбөр болох 588.633.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 8.054.800 төгрөг нийт 596.687.800 төгрөгийг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Төлбөр төлөгч нарыг хамтран үүрэг гүйцэтгэхийг заасан хүчин төгөлдөр шийдвэр байгаа учраас төлбөр төлөгч нарын дансыг битүүмжилсэн. Төлбөр төлөгч Т.Э- арбитрын шийдвэр биелүүлэхгүй, үүргээ ухамсарлахгүй удаа дараа шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/01511 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын бүртгэлийн 18251388 дугаартай гүйцэтгэлийн хувийн хэргийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Т.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар  сарын 26-ны өдрийн 1384 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/01511 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Шийдвэр, магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Шүүх “…гүйцэтгэлийн хувийн хэрэг нээсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20, 21 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй тул тайлбарыг үндэслэлгүй гэж үзлээ...” гэсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 “Гүйцэтгэх баримт бичиг дараах шаардлагыг хангасан байна”, 20.1.9 “гүйцэтгэх баримт бичгийн үндэслэл болох шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэрийн тогтоох хэсэг буюу төлбөр төлөгч хүн, хуулийн этгээдээс гаргуулах төлбөрийн хэмжээ...”, 20.3 “гүйцэтгэх баримт бичиг энэ хуулийн 20.1-д заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд ахлах шийдвэр гүйцэтгэгч хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор тогтоол гарган гүйцэтгэх баримт бичиг олгосон шүүхэд буцаана” гэж тус тус заасан байгаа. Гэтэл “Монголын олон улсын ба үндэсний арбитр”-ын 2018 оны 06 сарын 07-ны өдрийн 176 тоот шийдвэрээр 596.687.800 төгрөгийг Т.Э-, Н.Болдбаатар гэх 2 хүн хэрхэн яаж төлөх талаар нарийвчлан заагаагүй, агуулгын хүрээнд тодорхойгүй байдлаар шийдвэрлэсэн байхад ахлах шийдвэр гүйцэтгэгч нь хуульд заасны дагуу уг тодорхойгүй байдлыг залруулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангуулахаар мөн хуулийн 20.3 дахь хэсэгт заасны дагуу шүүх болон арбитрын байгууллагад буцаах ёстой байтал уг үйлдлийг хийлгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн тогтоол гаргасан нь өөрөө мөн хуулийн 20.3, 21.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байдаг. Гэтэл шүүхээс дээрх дүгнэлтийг хийсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай, нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлсэн, хууль бус шийдвэр юм. Мөн “...шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байх тул нэхэмжлэгч нь мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т зааснаар тогтоолын талаар шүүхэд гомдол гаргах эрхгүй...” гэжээ. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, хууль зүйн үндэслэлийн хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21.3 бус 20.1, 20.3 дахь хэсэгт заасныг хариуцагч нь зөрчсөн, ингэж хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулахдаа мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтуудыг ноцтой зөрчсөн гэж тайлбарлаж байсан. Өөрөөр хэлбэл шүүх хэрэглэх ёсгүй заалтыг баримталж, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдаж, хууль бус шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах хүсэлтүүдийг шүүх бүрэлдэхүүнд гаргасан байдаг. Үүнд: 2019 оны 05 сарын 09-ний өдөр “Нэхэмжлэлийн шаардлага нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын бүртгэлийн 18251388 дугаартай гүйцэтгэлийн хувийн хэргийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах байгаа. Уг гүйцэтгэх ажиллагаанд нэхэмжлэгч Т.Э- нь төлбөр төлөгчөөр, Цотэ менежмент ХХК нь төлбөр авагчаар оролцож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасны дагуу шүүхээс гарах шийдвэр нь Цотэ менежмент ХХК-ийн эрх ашгийг хөндөж болзошгүй байх тул энэхүү иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулж өгнө үү”. Энэхүү хүсэлтийг нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасны дагуу Цотэ менежмент ХХК-г уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцох шаардлагатай гэж үзэн хүсэлтийг шүүхэд гаргасан. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг эцэслэн шийдвэрлэхтэй холбоотойгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч, төлбөр авагч Цотэ менежмент ХХК-ийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх үнэслэлтэй байсан. Гэтэл шүүх уг хүсэлтийг хүлээж аваагүй нь хэргийн оролцогчдын хуулиар олгосон эрхийг зөрчсөн үйлдэл юм. Мөн 2019 оны 05 сарын 22-ны өдөр “Хариуцагчийн зүгээс 18251388 тоот гүйцэтгэлийн хувийн хэргээс өөрийн тайлбарыг нотлох, төлбөр төлөгч Т.Э-од холбогдох зарим нотлох баримтыг хэрэгт хавсаргасан байна. Энэ нь нэхэмжлэгчийн шүүх хуралдааны явцад өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох, чөлөөтэй мэтгэлцэх эрхийг зөрчиж байх тул 18251388 тоот гүйцэтгэлийн хувийн хэргийг бүхэлд нь хэрэгт нотлох баримтаар хавсаргахыг хариуцагчид даалгах, нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий гэзрын Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Т.Э-ын эд хөрөнгө хайсан мэдээлэл зэргээс өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хязгаарлалт тогтоосон эсэхийг тодорхойлох боломжгүй байх тул Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас Т.Э-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагааг нотлох баримтаар хэрэгт хавсаргаж өгнө үү” Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-д зааснаар нотлох баримтыг өөрөө цуглуулах боломжгүй байсан учир 38.3, 38.6-д заасны дагуу хэрэгт зайлшгүй ач холбогдолтой, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох бэримтуудыг шүүхийн журмаар гаргуулахаар хүсэлт гаргасан. Энэхүү хүсэлтийг хүлээн аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн мэтгэлцэх зарчмыг ноцтой зөрчсөн, талуудын эрх тэгш байдлыг алдагдуулсан, хууль зөрчсөн байна. “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 4 сарын 08-ны өдрийн 1/137 тоот итгэмжлэл олгох тухай албан бичигт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ахлах шийдвэр гүйцэтгэгч Х.Саруул, шийдвэр гүйцэтгэгч Ч.Энхтуяа нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон байна. Гэтэл өнөөдрийг хүртэл хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шийдвэр гүйцэтгэгч Ч.Энхтуяа дангаараа оролцож байгаа. Энэ хариуцагчийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэн оролцох нь тодорхойгүй нөхцлийг бүрдүүлж байна. Иймд итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Саруул нь энэхүү хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох эсэх талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тодруулж өгнө үү”. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т зааснаар “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 4 сарын 08-ны өдрийн 1/137 тоот итгэмжлэл олгох тухай албан бичигт дурьдсан ахлах шийдвэр гүйцэтгэгч Х.Саруул, шийдвэр гүйцэтгэгч Ч.Энхтуяа нар нь итгэмжлэлээр олгосон үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй байгаа. Гэтэл итгэмжлэлд 2 төлөөлөгчийг томилсон байхад шүүхээс 1 төлөөлөгчийг оролцуулж, нөгөө төлөөлөгч нь хэрхэх талаар төлөөлүүлэгч буюу Нийслэлийн шүүхийн шийдвэр газраас тодруулаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасныг ноцтой зөрчсөн. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуульд заасан холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Т.Э-, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан тус  газрын бүртгэлийн 18251388 дугаартай гүйцэтгэлийн хувийн хэргийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч Т.Э-, “...шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах үндэслэлээ мэдэгдээгүй, ...арбитрын шийдвэрт төлбөрийг 2 хариуцагч хэрхэн төлөхийг тодорхой заагаагүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн, эрх үүрэг тайлбарлаагүй, 2 төлбөр төлөгчийн дансыг шийдвэрт заасан төлбөрийн хэмжээгээр битүүмжилсэн” гэсэн үндэслэл зааж, шаардлагаа “18251388 дугаартай гүйцэтгэлийн хувийн хэргийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” гэжээ.

Т.Э-ын нэхэмжлэлийн шаардлага нь “шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” агуулгатай байгааг шүүх тодруулж, зөв тодорхойлоогүй, нэхэмжлэгчийн шаардлага гаргах хууль зүйн үндэслэлд хэрэглэвэл зохих зохицуулалтыг оновчтой баримтлаагүйг залруулж энэ талаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хуулийн үндэслэлгүй гэж үзлээ.

Монголын Үндэсний худалдаа үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын ба үндэсний арбитрын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 176 дугаар шийдвэрээр Т.Э-, Н.Болдбаатар нараас 588.633.000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хамт гаргуулж Цотэ менежмент консалтинг ХХК-д олгох шийдвэр, түүнд үндэслэн бичигдсэн гүйцэтгэх хуудсын дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 19250178 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, уг ажиллагааг гүйцэтгэхийг шийдвэр гүйцэтгэгчид даалгажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсаныг хэргийн баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т гүйцэтгэх баримт бичиг энэ хуулийн 20.1-д заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд ахлах шийдвэр гүйцэтгэгч түүнийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор тогтоол гарган гүйцэтгэх баримт бичиг олгосон шүүхэд буцаана гэж заасан бөгөөд ийм үндэслэл тогтоогдоогүй тул мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Арбитрын шийдвэрт 588.633.000 төгрөгийн төлбөрийг Т.Э-, Н.Болдбаатар нараас гаргуулахаар заасан, шийдвэрийн талаар нэхэмжлэгч өөрөө тус арбитрт хандаж хариу авсан нь хэргийн баримтад авагджээ. Шүүхийн шийдвэр, түүнд үндэслэн бичигдсэн гүйцэтгэх хуудсын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэдэг чиг үүрэг бүхий хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэрийн агуулгын талаар дүгнэлт хийх эрхгүй тул “төлбөрийг хоёр хариуцагч хэрхэн хариуцах нь тодорхой бус атал гүйцэтгэх бичиг баримтыг буцаалгүй, ажиллагааг үүсгэсэн” гэх гомдол үндэслэлгүй байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэг төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч Т.Э-од холбогдуулан явуулж байгаа гэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл, төлбөр төлөгч нарыг дуудан ирүүлж хөрөнгийн талаар мэдүүлэг авч, төлбөр төлөх тухай ярилцаж тэмдэглэл хөтөлсөн гэж хариуцагч тайлбарласан, хэрэгт авагдсан банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолоор Т.Э-, Н.Болдбаатар нарын дансны зарлагын гүйлгээг шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн хэмжээгээр битүүмжлэхийг даалгаж шийдвэрлэсэн байна. Түүнчлэн төлбөрийг давхардуулж төлүүлж байгаа гэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас төлбөр авагч Цотэ менежмент консалтинг ХХК-г бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах, улсын бүртгэлийн газраас Т.Э-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагааг, хариуцагчаас шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт байгаа материалыг бүхэлд нь гаргуулах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Саруулыг шүүх хуралдаанд оролцуулах  хүсэлт тус тус гаргасныг шүүх хангахаас татгалзжээ.

Төлбөр авагчийг гуравдагч этгээдээр оролцуулах зайлшгүй шаардлагагүй гэж шүүх үзсэнийг буруутгах боломжгүй байна.

Т.Э-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа хэрэгт авагдсан ба  дэлгэрэнгүй лавлагаа шаардлагатай бол нэхэмжлэгч өөрөө цуглуулах боломжтой тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг шүүх зөрчсөн гэж үзэхгүй, өөрөөр хэлбэл, хүсэлтэд дурдсан баримт шүүхээр бүрдүүлэх нотлох баримтад хамаарахгүй байна.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад бүрдсэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд хамааралтай баримтыг хариуцагч шүүхэд гаргасан гэх бөгөөд нэхэмжлэгч ямар баримтыг хариуцагчаас нэмж гаргуулах хүсэлт гаргаж буйгаа тодорхой нэрлэн заагаагүй тул шийдвэр гүйцэтгэлийн бүх баримтыг гаргуулах хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгосон нь буруу биш гэж үзэв.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Х.Саруул, Ч.Энхтуяа нарыг томилсон, Х.Саруул ажилтай гэсэн шалтгаанаар шүүх хуралдаанд ирээгүйгээс Ч.Энхтуяаг оролцуулан хэргийг хэлэлцсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй, тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно, 44.4-т ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, түүний шийдвэрийг зөвшөөрөөгүй бол шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Т.Э- нь ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдлоо гаргаж хариу авч, шүүхэд хандсан нь хуулийн 44.4-т заасныг зөрчсөн байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар  сарын 26-ны өдрийн 1384 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/01511 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Т.Э-, Н.Б нараас 588.633.000 төгрөг гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах Т.Э-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч Т.Э- нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ