Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 3357

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/ 26/11 тоотод бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Оюутны гудамж “the VOLI APARTMENT” 1001 тоотод үйл ажиллагаа явуулдаг,  А Д групп ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 7-10 тоотод оршин суух, Д.Ж-д холбогдох,

Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, үндэслэлгүй хөрөнгөжиж буй буюу уг гэрээгээр шилжүүлсэн Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Нүхтийн ам, 26/11 тоот хаягт орших 000215076 тоот орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн Ү-2206021845 дугаартай үл хөдлөх хөрөнгийг буцаан өөрийн өмчлөлд шилжүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч У.Баатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Сугар-Эрдэнэ, хариуцагч Д.Ж , хариуцагчийн өмгөөлөгч Л.Батцэцэг, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ч.Лувсанцэрэн, З.Бүжидлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов. 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч А Д групп ХХК -ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  А Д групп ХХК  болон “ЖиДи” ХХК-ийн Ерөнхий захирал нь У.Баатар бөгөөд “ЖиДи” ХХК нь 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 01/2012 тоот “Орон сууцны байраар бартерийн солилцоо хийх хэлцлийн гэрээ”-г “Тот Ком Сервис” ХХК-тай байгуулсан. Уг гэрээгээр “Тот Ком Сервис” ХХК нь Изриаль улсын бараа материал, тоног төхөөрөмжийг манай компанийн барьж буй “VOLI”, “LA RIO” болон “POTANDA” гэх барилга байгууламжид 2012 оны 11 дүгээр сарын 30-ны дотор нийлүүлж, угсарч хүлээлгэж өгөх үүргийг, харин “ЖиДи” ХХК нь У.Баатар миний өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2206021841 дугаартай, 000215079 тоот гэрчилгээтэй Хан-Уул дуургийн 4 дүгээр хороо Нухтийн ам /17090/, 26/7 тоот 14 айлын “POTANDA” амины орон сууцны цогцолборын 145,28 м.кв талбай бухий №7 тоот байшинг барилгын бүрэн засалтай нөхцлөөр, 2 ширхэг автомашины гаражийн хамт гэрээний төлбөрт тооцон БАРТЕР-н солилцооны замаар “Тот Ком Сервис” ХХК-д шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн. Уг үүргийнхээ дагуу “ЖиДи” ХХК нь шилжүүлэх ёстой байсан үл хөдлөх эд хөрөнгө нь тухайн үед эрхийн маргаантай байсан тул үүний оронд А Д групп ХХК -ийн өмчлөлд бүртгэлтэй адил хэмжээ бүхий Улсын бүртгэлийн Ү-2206021845 дугаартай, 000215076 тоот гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх, эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээ”-гээр “Тот Ком Сервис” ХХК-ийн захирал албан тушаалтай Д.Ж ы өмчлөлд шилжүүлсэн. 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр уг 01/2012 тоот “Орон сууцны байраар бартерийн солилцоо хийх хэлцлийн гэрээ”-г цуцлан, шинэ нөхцөлөөр буюу бүх төлбөр тооцоог мөнгөн хэлбэрээр гүйцэтгэхээр 18/2013 тоот “Бараа, тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ”-г 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шинээр байгуулсан. 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан уг “Аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх, эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээ”-гээр шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг анхнаасаа хариу төлбөргүйгээр бэлэглэх бус харин дээр дурдсан цуцлагдсан “Орон сууцны байраар бартерийн солилцоо хийх хэлцлийн гэрээ”-ний төлбөр төлөх үүргийг гүйцэтгэх үүднээс дүр үзүүлэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор энэхүү бэлэглэлийн гэрээг байгуулсан бөгөөд уг бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг Д.Ж  нь өнөөг хүртэл санаатайгаар буцаан шилжүүлэхгүй байгаа явдал нь хууль зөрчин, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж буй явдал юм. Иймд 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан “Аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх, эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээ” нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул үүнийг тогтоож, Д.Ж ы үндэслэлгүйгээр хөрөнгөжиж буй явдлыг таслан зогсоож бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн Улсын бүртгэлийн Ү-2206021845 дугаартай, 000215076 тоот орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээтэй Хан-Уул дуургийн 4-р хороо Нухтийн аманд байрлах 146,94 м.кв бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг манай А Д групп ХХК - ийн нэр дээр буцаан шилжүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Жи ди” ХХК болон “Тод ком сервис” ХХК-ийн хэргийн материалд Д.Ж  гуайн хэлээд байгаа бичиг баримт нотлох баримтаар огт авагдаагүй. Талуудын хооронд 2012 оны 10 дугаар сард бартерын гэрээ хийгдсэн байдаг. Үүний дараа “Жи ди” ХХК үүргээ гүйцэтгэхдээ А Д групп ХХК -ийн өмчлөлд байсан үл хөдлөх хөрөнгийг Д.Ж ы нэр дээр түүний хүсэлтээр шилжүүлсэн байдаг. 2013.01.13-ны өдрийн гэрээ нь хариу төлбөртэй гэрээ юм. Хариу төлбөртэй гэрээ гэдэг нь хэн хэнийхээ өмнө хариуцлага хүлээгээд бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж нийлүүлсний хөлсөнд үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэхээр тохиролцсон. Гэтэл үүнийг ямар байдлаар хийсэн юм гэхээр Д.Ж ы хүсэлтээр 2013 оны 1 дүгээр сард бэлэглэлийн гэрээний үндсэн дээр хийчихсэн. Бэлэглэлийн гэрээний үндсэн дээр хийсэн ч гэсэн цааш үргэлжлээд явах юм байна гэж үзээд А Д групп ХХК -ийн зүгээс “Тод ком сервис” ХХК-д холбогдуулан шүүхэд хандаагүй. Харин үүрэг дуусны дараа шаардлагуудаа “Тод ком сервис” ХХК-д удаа дараа тавьж эхэлсэн. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт зааснаар бэлэглэлийн гэрээ нь өөрөө хариу төлбөргүй байна гэдгийг заачихсан байгаа. Талуудын хооронд ямар харилцаа үүсч байна гэвэл “Жи ди” ХХК бие даасан хуулийн этгээд “Тод ком сервис” ХХК бас бие даасан хуулийн этгээд хоорондоо гэрээ хэлэлцээний үндсэн дээр ажил гүйцэтгэх харилцаа үүссэн. Гэтэл бодит байдал дээр ямар зүйл болсон бэ? гэвэл төлбөр тооцооны асуудал дээр “Тод ком сервис” ХХК-ийн захирал Д.Ж  нь үүргийн гүйцэтгэлт авах төлбөрийг өөрийн хувь хүний нэр дээр шилжүүлж авсан. Гэхдээ хариу төлбөртэй гэрээгээр биш бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлж авсан. Улсын Дээд Шүүхийн 2010 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн холбогдох зүйл заалтыг тайлбарласан байдаг. Үүнд Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлүүдэд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дэх хэсэгт өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдэг нь тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, ирмэлзэлгүйгээр зөвхөн гадаад илэрхийллийг агуулсан. Халхавчлах зорилгоор хоёр хэлцэл хийснийг дүр үзүүлэн хийсэн хэлцлийн нэг төрөл юм. Тэгэхээр талуудын хооронд үүссэн харилцаа нь хариу төлбөртэй. Бараа бүтээгдэхүүн нийлүүлэхэд өгсөн орон сууцны байрыг байсан байрнаас тухайн гэрээ хэлцлийг халхавчлах зорилгоор буюу татварын асуудлаас зугтаах. Өөрөөр хэлвэл “Тод кос сервис” ХХК, түүний захирал Д.Ж  орлого олж байгаа учраас үүний татварын асуудлаас зугтаах замаар гэрээ  байгуулсан. Үүнийг Улсын дээд шүүхийн тогтоолд тодорхой заасан. Орон сууц худалдах худалдах авах гэрээ байгуулаад бодит үйлдэл дээрээ бэлэглэлийн гэрээ байгуулж шилжүүлж байгаа тохиолдод бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байна гэж заасан байна. Тэгэхээр Д.Ж  болон А Д групп ХХК -ийн хооронд ямар нэг төлбөр тооцоо хийх үндэслэл үүсээгүй. Гэхдээ хэн аль нь 2012 онд хийгдсэн хариу төлбөртэй гэрээний үүргийн гүйцэтгэлд байр өгсөн, авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Тухайн үед бэлэглэлийн гэрээгээр хариу төлбөртэй гэрээний үүргийн гүйцэтгэлийг биелүүлэх гэсэн. Өөрөөр хэлвэл ажил гүйцэтгэх гэрээ нь бартерын гэрээг халхавчлах зорилгоор хийгдсэн гэдэг нь маш тодорхой харагдаж байна. У.Баатарын зүгээс А Д групп ХХК -ийн зүгээс Д.Ж д бэлэг өгөх хүсэл эрмэлзлэл, бэлэг өгөх нөхцөл байдал, харилцан тохиролцсон гэх зэрэг харилцаа үүсээгүй юм. “Тод ком сервис” ХХК-д удаа дараа шаардлагыг хүлээж тавьж байсан боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэхгүй байгаа. Энэ нь өөрөө Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих нөхцөл байдал үүссэн байна. Өөрөөр хэлвэл Д.Ж  нь үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, Капитал банкаас авсан зээлийн үүргийн гүйцэтгэлд тэндээс олж авч байгаа ашиг орлого, үр шимийг хүртсэн зээлийн барьцаанд тавьсан нь түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжиж түүнээс гарсан үр шимийг хүртэж байгаа нэг хэлбэр Иргэний хуулийн  492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө олж авсан этгээд нь үүрэг гүйцэтгэгч этгээдийн хоорнд үүрэг үүсээгүй. Эсвэл үүрэг нь хожим дуусгавар болсон тохиолдолд үндэслэлгүйгээр хөрөнгөжих нөхцөл байдал үүсч хуулийн дагуу хөрөнгийг буцаан шилжүүлэх асуудал шийдэгдэх ёстой. Тэгэхээр талуудын хооронд үүссэн харилцаа 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон болохоор байрыг буцаан шилжүүлэх үүрэг Д.Ж д үүсчихсэн. Иймд талуудын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож үндэслэлгүйгээр хөрөнгөжиж  буй гэрээгээр шилжүүлсэн, Хан-Уул дүүргийн Нүхтийн ам 26-11 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг буцааж А Д групп ХХК -ийн өмчлөлд шилжүүлж өгнө үү. Танай компаниас болоод санхүүгийн асуудалд орсон гэх зэрэг нь Д.Ж ы өөрийнх авсан 1,900,000,000 төгрөгийн зээлээс улбаатай. Энэ зээлийг авах гэж бүх эд хөрөнгийг барьцаалсан. Энэ дотроо “Жи ди” ХХК-ийн байгуулсан гэрээ цуцлагдаад үүний дагуу бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэх ёстой байсан. Эд хөрөнгийг 2014 оны 2 дугаар сард барьцаанд тавьсан. 2013 оны 6 дугаар сард буцаан шижлүүлэх үүрэг нь үүссэн байхад мэдэгдэлгүйгээр барьцаанд тавьсан. Энэ бүхий л үйл баримт хэзээ ил болсон бэ гэхээр гуравдагч этгээдээр Капитал банк татагдах үед тодорхой болсон. Капитал банк бас тухайн үед 30 хувийн гүйцэтгэлтэй гэсэн барилгыг 800,000,000 төгрөгөөр үнэлж түүнийхээ тал хувьд 400,000,000 төгрөгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж байгаа нь эргэлзээ бүхий байна. Нөгөө талаар хавтас хэрэгт авагдсан барьцааны гэрээ бол товчхондоо барьцааны гэрээг “Тод ком сервис” ХХК байгуулсан байдаг. Өмчлөгч Д.Ж ы хувьд өөрөө барьцаанд тавиагүй. Компанийг төлөөлж гарын үсэг зурсан байдаг.  Барьцаалбар нь Оюуны өмч, улсын бүртгэлийн газраас ирүүлсэн баримтанд бас байдаг. Тэгэхээр Капитал банк ХХК-ийн эрх хөндөгдөөд байгаа асуудал нь өөрөөс нь шалтгаалсан. Бэлэглэлийн гэрээний үндсэн дээр байгуулсан гэдийг тодруулаагүйн үндсэн дээр өнөөдөр эрх ашиг нь хөндөгдөж байгаа юм. Нэхэмжлэгчийн зүгээс гаргаж байгаа шаардлага нь хууль зүйн хувьд болон холбогдох хавтас хэрэгт байгаа баримтуудаар нотлогдож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа аялал зуучлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн асуудал бол анхны бартераар тохирсон гэрээнд тусгасны дагуу энэ хөрөнгө миний нэр дээр шилжсэн. Дараа нь “Жи ди” ХХК нь бараа тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ болгож өөрчилсөн боловч 2016 он хүртэл төлбөр төлөгдөхгүй байсан учраас “Жи ди” ХХК-ийн У.Баатарт энэ үл хөдлөх эд хөрөнгийн банкны барьцаанд тавьж алдагдлаа нөхлөө гэдгийг утсаар болон албан тоотоор мэдэгдсэний дагуу Капитал банкинд барьцаанд тавьсан. Энэ талаар У.Баатар өөрөө сайн мэдэж байх ёстой. 2012 оны гэрээний асуудал шийдэгдэхгүй байсан учир 2016 онд бид нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүхийн гурван шатны шийдвэр гараад шийдвэр гүйцэтгэл дээр өнөөдрийг хүртэл төлбөр нь төлөгдөхгүй явж байгаа. Тийм учраас энэ бэлэглэлийн гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй юм. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бэлэглэлийн гэрээг 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр талууд байгуулсан байдаг. Энэ гэрээнд зааснаар ямар нэгэн өөр гуравдагч этгээдэд барьцаалахгүй, шилжүүлэхгүй, бэлэглэхгүй гэсэн заалт байхгүй. Хэрвээ талууд харилцан биедээ шаардлагаа биелүүлээд явсан тохиолдолд хүчин төгөлдөр хэлцэл гэж болно. Энэ утгаараа Капитал банкид барьцаанд тавихдаа надад мэдэгдээгүй огт зөвшөөрөл авахгүйгээр барьцаанд тавьсан гэж хөндөж яриад байна. Энэ гэрээ хууль зүйн үндэслэл хангаагүй. Гэсэн хэдий боловч хариуцагч тухай бүрт нь албан тоотоор барьцаанд тавьлаа. Танайх төлбөрөө төлөхгүй байгаа учраас барьцаанд тавьж ажилчдын цалин хөлсийг шийдвэрлэх шаардлагатай байна гэж бичгээр, албан тоотоор мэдэгдсэн байдаг. Үүнийгээ тайлбарлахдаа хариуцагч өмнө нь гурван шатны шүүхээр шийдсэн “Тод ком сервис” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт байгаа гэж хэлсэн. Хэрэв шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу гаргуулахад татгалзах зүйлгүй. Татвараас нуун дарагдуулахын тулд бэлэглэлийн гэрээг хийсэн гэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ өөрийнх “Жи ди” ХХК-ийн өмчлөлд байсан үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхэд асуудалтай байсан учраас А Д групп ХХК -ийн өмчлөлд шилжүүлсэн гэж өөрсдөө сайн дураараа сольсон гэдгээ бичгээр мэдэгдсэн байна. Мэдээж татвараас нуун дарагдуулна гэдэг нь  үндэслэл дээр шилжүүлж авч байгаа этгээд нь энэ хөрөнгөө өг, тийм хөрөнгөө өг гэдэг үндэслэл заадаггүй. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж байна. Тухайн үед өөрсдөө авчих гэсэн хөрөнгийг Д.Ж  хүчээр шилжүүлж аваагүй. Үүнээс үзэхэд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйл байхгүй. Энэ гэрээг ингэж байгуулах ёсгүй байсан юм. Бартерын гэрээ байсан. Дараа нь бэлэглэлийн гэрээ болсон гэж хэлж байна.  Хариуцагч хариу тайлбартаа хэлж байсан. Үнэхээр энэ гэрээг буцаан шаардах байсан юм бол өнөөдрийг хүртэл юу хийж байсан юм. Иргэний хуулийн 280 дугаар зүйлд бэлэглэлийн гэрээг буцаах нөхцлийг заасан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг харахаар энэ нөхцөл байдал үүсээгүй байна. Хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулна гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч ярьж байна. Үнэхээр хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж байгаа бол хохирлыг яах юм.  Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулж байгаа тохиолдолд буруутай тал нь хохирлыг бүрэн хариуцдаг. Тэгэхээр эвлэрэх асуудал дээр танай тал үүргээ гүйцэтгээгүй. Хариуцагч тал өөрийнх өмчлөл дээр шилжсэн үл хөдлөх хөрөнгийг өөрөө бүртгүүлээд, одоо өгөхгүй байгаа юм шиг ярьж болохгүй. Дээрээс нь 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар 2017 онд нэхэмжлэл гаргаж байгаа тул Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийг мөн харгалзан үзнэ үү. Нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А Д групп ХХК -ийн ажил гүйцэтгэх гэрээ 2012 оны 10 сард байгуулсан гэж байна. Манай банкинд 2014 онд гэрээ байгуулагдаж, зээл олгосон. Бид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Жаргалсайханы өмчлөлийн хөрөнгийг барьцаалж зээл олгосон байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

А Д групп ХХК  Д.Ж д холбогдуулж, 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх, эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн Хан-Уул дүүрэг, 4-р хороо Нүхтийн ам /17090/, 26/11 тоот хаягт байрлах 000215076 тоот орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн Ү-2206021845 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд буцаан шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч Д.Ж  2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 18/2013 бараа, тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл, уг хугацааны зээлийн хүү, алданги төлвөл маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг буцаан өгнө гэж маргаж байна.

Зохигчид 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр орон сууцны байраар бартерын солилцоо хийх хэлцлийн 01/2012 дугаар гэрээг байгуулж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор А Д групп ХХК  Хан-Уул дүүрэг, 4-р хороо Нүхтийн ам /17090/, 26/11 тоот хаягт байрлах 000215076 тоот орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн Ү-2206021845 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Д.Ж ы өмчлөлд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлжээ. /хх-ийн 5, 11-14 дүгээр тал/

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1.-д “Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ” гэж заасан байна.

Гэтэл зохигчдийн хооронд байгуулагдсан 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх, эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээ хариу төлбөртэй буюу 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн орон сууцны байраар бартерын солилцоо хийх гэрээний үүргийн гүйцэтгэл болох талаар, мөн 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн орон сууцны байраар бартерын солилцоо хийх гэрээг талууд цуцалж, 2013 оны 6 дугаар 20-ны өдөр 18/2013 тоот “Бараа тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан талаар талууд маргаангүй байна.

2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх, эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээ анхнаасаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгджээ.

Нэгэнт 2012 оны 10 дугаар 18-ны өдрийг гэрээг цуцалсан тул зохигчид Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-д зааснаар “... хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” болно.

Хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/, 26/11 тоот хаягт байрлах аялал жуулчлалыг зориулалттай 146.94 м,кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлсэн Д.Ж ыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэв.

Хариуцагчийн маргаж буй 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 18/2013 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд /хх-ийн 45-53/ байгааг дурдах нь зүйтэй байна.

Мөн хариуцагчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 74, 280 дугаар зүйлүүдэд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх боловч мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2.-т зааснаар уг бэлэглэлийн гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэг тул хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байх тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 280 дугаар зүйлд заасан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэлд уг маргаан хамаарахгүй бөгөөд анхнаасаа өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн талаар шүүхийн хэлэлцүүлэгт талууд маргаагүй болно. 

Д.Ж  Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/, 26/11 тоот хаягт байрлах аялал жуулчлалыг зориулалттай 146.94 м,кв талбайтай 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг 2014 оны 02 дугаар 18-ны өдрийн 424/1 барьцааны гэрээгээр Капитал банкинд барьцаанд тавьсан ба уг эд хөрөнгийг А Д групп ХХК -ийн өмчлөлд шилжүүлсэн нь барьцаанаас чөлөөлөх үндэслэл болохгүй болно.

Иймд А Д групп ХХК , Д.Ж  нарын хооронд 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан аялал жуучлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, уг эд хөрөнгийг А Д групп ХХК -ийн өмчлөлд шилжүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3.-д зааснаар А Д групп ХХК , Д.Ж  нарын хооронд 2013.01.16-ны өдөр байгуулагдсан аялал жуучлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай.

2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/, 26/11 тоот хаягт байрлах аялал жуулчлалыг зориулалттай 146.94 м,кв талбайтай, 000215076 өмчлөх эрхийн гэрчилгээтэй, Ү-2206021845 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийг А Д групп ХХК -ийн өмчлөлд шилжүүлэхийг Д.Ж д даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 448.560 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 448.560 төгрөг гаргуулж, А Д групп ХХК -нд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.СОЛОНГО