Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2020/00649

 

Э.Ж-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/00670 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 764 дугаар магадлалтай,

Э.Ж-ын нэхэмжлэлтэй,

Л.А-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 11.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Ж-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Л.А-тай 2018 оны 01 сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулан түүнд 15.000.000 төгрөгийг 2018 оны 02 сарын 05-ны өдрийг хүртэл 21 хоногийн хугацаатайгаар зээлдүүлсэн. Ингэхдээ зээлийг хүүгүйгээр, мөн зээлийн эргэн төлөлтийг хугацааны эцэст бөөнөөр нь төлөх, зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Гэвч зээлдэгч хугацаандаа зээлээ төлөөгүй ба 2018 оны 04 сарын 06-нд 2.000.000 төгрөг төлсөн, энэ үед зээл төлөх хугацаа 60 хоног хэтэрсэн байсан бөгөөд 15.000.000 төгрөгийн 0.5 хувийн алдангийг тооцоход 15.000.000:0.5=75.000 төгрөг, 75.000х60 хоног=4.500.000 төгрөг болсон. Үндсэн зээлийн үлдэгдэл 15.000.000 төгрөг дээр алданги 4.500.000 төгрөгийг нэмэхэд 19.500.000 төгрөг болсон байснаас зээлдэгчийн төлсөн 2.000.000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцсон. Ингээд үндсэн зээл 13.000.000 төгрөг, алданги 4.500.000 төгрөг болсон. 2018 оны 04 сарын 13-ны өдөр алдангид 1.000.000 төгрөг төлснийг мөн л үндсэн зээлээс хасч тооцсон. Ийнхүү зээлдэгчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь 2018 оны 04 сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээл 12.000.000 төгрөг, алданги 4.955.000 төгрөг болж байна. Зээлдэгч нь үүнээс хойш 2018 оны 07 сарын 27-ны өдөр 3.500.000 төгрөг, мөн сарын 29-ний өдөр 1.800.000 төгрөг, 30-ны өдөр 1.500.000 төгрөгийг тус тус төлсөн. 2018 оны 04 сарын 13-наас 2018 оны 07 сарын 27-ны өдрийг хүртэл 105 хоногийн алданги 6.300.000 төгрөг болсон. Нийт алданги 11.255.000 төгрөг болж байгаа ч үндсэн үүргийн 50 хувь буюу 12.000.000 төгрөгийн 50 хувьд нийцүүлэхэд алданги 6.000.000 төгрөг болж байна. Үндсэн зээл 12.000.000 төгрөг, алданги 6.000.000 төгрөг, нийт 18.000.000 төгрөгийн төлбөртэй байснаас 2018 оны 07 сарын 27-ноос 30-ны өдрүүдэд төлсөн 6.800.000 төгрөгийг хасч 11.200.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.А-гийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Миний төрсөн дүүгийн найз болох н.Мөнх-Өлзий нь 2018 оны 01 дүгээр сард Солонгос улсаас яриад манай нөхрийн дүү Э.Ж-аас 15.000.000 төгрөг авчих, түүнийг банкны хүмүүстэй танилцуулаад зээл авахад нь туслаач гэсэн. Тухайн үед миний бие хагалгаанд ороод бие муу байсан тул ямар зүйл дээр гарын үсэг зурж байгаагаа мэдээгүй. Нийт 9.800.000 төгрөгийг түүнд төлсөн. Алданги тооцсон байсныг миний бие мэдээгүй. 5.000.000 төгрөгийг н.Мөнх-Өлзийд өгсөн байгаа. Гэрээгээр тохирсон алдангийн хэмжээ хэт өндөр байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар алдангийн хэмжээг багасгаж өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/00670 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.А-гаас 11.200.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Ж-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 194 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 194 150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 764 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/00670 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.А-гаас 9.200.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Ж-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.000.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...194 150 төгрөг... гэснийг ...162 150 төгрөг... гэж тус тус өөрчлөн, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195 400 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Л.А-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Миний бие Мөнх-Өлзийтэй утсаар холбогдон Э.Ж-аас гэрээ байгуулаад 15.000.000 төгрөг аваад банкны хүмүүстэй уулзаж зээл бүтээгээд өгчих гэсэн. Үүний дагуу 2018 оны 01 сарын 16-ны өдөр гэрээ байгуулан 15.000.000 төгрөг авч, авсан даруйдаа Э.Ж-ын хадам эгч болох Мөнх-Өлзийд 5.000.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Уг гэрээ нь анхнаасаа зээлийн гэрээ биш байсан бөгөөд Э.Ж-ын банкнаас зээл авахад холбогдох хүмүүстэй уулзуулж, зээлийг нь бүтээж өгөх зорилгоор хийсэн гэрээ байсан. Харин Э.Ж- зээлээ авахаа болисон, мөнгөө буцааж авъя гэсэн шаардлагыг 2018 оны 4 сараас тавьсан. Миний бие шаардлагын дагуу 2018 оны 04 сарын 06-ны өдөр 2.000.000 төгрөг, 2018 оны 04 сарын 13-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 07 сарын 27-ны өдөр 3.500.000 төгрөг, мөн сарын 29-ний өдөр 1.800.000 төгрөг, мөн 30-ны өдөр 1.500.000 төгрөг, нийт 9.800.000 төгрөгийг Э.Ж-ын данс руу шилжүүлсэн. Миний бие авсан 10.000.000 төгрөгнөөс 200.000 төгрөгний үлдэгдэлтэй байгаа болно. Харин давж заалдах шатны шүүх Э.Ж-тай хийсэн гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Иймд Э.Ж-тай хийсэн гэрээ нь Иргэний хуулийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Э.Ж-, Л.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 11.200.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Хариуцагч Л.А-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”  гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч Э.Ж- хариуцагч Л.А-гаас үндсэн зээл 5.200.000 төгрөг, алданги 6.000.000 төгрөг, нийт 11.200.000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлдээ, зохигчийн хооронд 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр бичгээр байгуулагдсан, 15.000.000 төгрөгийг, 21 хоногийн хугацаатай, хүүгүй зээлэх, хугацаа хэтрүүлбэл хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон гэрээг гаргажээ. Хариуцагч 15.000.000 төгрөг хүлээн авснаа маргаагүй, тухайн мөнгийг өөр зориулалтаар буюу банкнаас зээл хөөцөлдүүлэх зорилгоор авсан гэх боловч энэ тайлбараа нотолж чадаагүй тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Гэрээнд заасан хугацаанд хариуцагч мөнгөө төлөөгүйгээс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувиар алданги тооцож нэхсэн нь хууль болон гэрээнд заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна. Хоёр шатны шүүх зээлийн төлбөрөөс төлөгдсөн хэсгийг хасч үлдэх үндсэн зээл, алдангийг тооцсон нь буруу биш байна. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар алдангийг багасгасан бөгөөд нэхэмжлэгч энэ талаар гомдол гаргаагүй байна.

Дээр дурдснаар зээлийн гэрээг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй байх тул гомдолд дурдсан агуулгаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй.

Иймд магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 764 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Л.А-гийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Л.А- нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 195.400 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ