Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 670

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Холбоо толгой, 45 дугаар гудамж, 1026 тоотод оршин суух, Хотгойд овогт Энхтайваны Жавхланбаяр /РД: РЖ84110702/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 55 дугаар байрны 16 тоотод оршин суух, Чонос овогт Лувсандашийн Амарзаяа /РД: ЙЮ65073001/-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 11,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баднайнямбуу, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бадамцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Жавхланбаярын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баднайнямбуугийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Э.Жавхланбаяр нь хариуцагч Л.Амарзаяатай 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулан түүнд 15,000,000 төгрөгийг 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл 21 хоногийн хугацаатайгаар зээлдүүлсэн. Ингэхдээ зээлийг хүүгүйгээр, мөн зээлийн эргэн төлөлтийг хугацааны эцэст бөөнөөр нь төлөх, зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Гэвч зээлдэгч хугацаандаа зээлээ төлөөгүй ба 2018 оны 4 дүгээр сарын 6-нд 2,000,000 төгрөг төлсөн, энэ үед зээл төлөх хугацаа 60 хоног хэтэрсэн байсан бөгөөд 15,000,000 төгрөгийн 0.5 хувийн алдангийг тооцоход /15,000,000:0.5=75,000 төгрөг, 75,000х60 хоног=4,500,000 төгрөг/ болсон байсан юм. Үндсэн зээлийн үлдэгдэл 15,000,000 төгрөг дээр алданги 4,500,000 төгрөгийг нэмэхэд 19,500,000 төгрөг болсон байснаас зээлдэгчийн төлсөн 2,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хас тооцсон юм. Ингээд үндсэн зээл 13,000,000 төгрөг, алданги 4,500,000 төгрөг болсон.

 

Үний дараа зээлдэгч Л.Амарзаяа нь 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр алдангид 1,000,000 төгрөг төлснийг мөн л үндсэн зээлээс хасч тооцсон бөгөөд 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээл 12,000,000 төгрөг, алданги 4,955,000 төгрөг болсон. Учир нь үндсэн үүрэг 13,000,000 төгрөгийн үүрэг гүйцэтгэх ёстойгоос 7 хоногийн алданги /13,000,000:0,5=65,000 төгрөг, 65,000х7 хоног=455,000 төгрөг/. Ийнхүү зэлдэгчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээл 12,000,000 төгрөг, алданги 4,955,000 төгрөг болж байна.

 

Зээлдэгч нь үүнээс хойш 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 3,500,000 төгрөг, мөн сарын 29-ний өдөр 1,800,000 төгрөг, 30-ны өдөр 1,500,000 төгрөгийг тус тус төлсөн. 2018 оны 4 дүгээр сарын 13-наас 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 105 хоногийн алданги 6,300,000 төгрөг болсон. /12,000,000:0,5=60,000 төгрөг, 60,000х105 хоног=6,300,000 төгрөг/, нийт алданги 11,255,000 төгрөг болж байна.

 

Хэдийгээр өнгөрсөн хугацааны нийт алданги 11,255,000 төгрөг болж байгаа ч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасантай нийцүүлж, үндсэн үүргийн 50 хувь буюу 12,000,000 төгрөгийн 50 хувьд нийцүүлэхэд алданги 6,000,000 төгрөг болж байна. Үндсэн зээл 12,000,000 төгрөг, алданги 6,000,000 төгрөг, нийт 18,000,000 төгрөгийн төлбөртэй байснаас 2018 оны 7 дугаар сарын 27-ноос 30-ны өдрүүдэд төлсөн 6,800,000 төгрөгийг хасч 11,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

Хариуцагч Л.Амарзаяагийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бадамцэцэгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Миний төрсөн дүүгийн найз болох Мөнх-Өлзий нь 2018 оны 1 дүгээр сард Солонгос улсаас над руу холбогдож манай нөхрийн дүү Жавхланбаяраас иргэний үнэмлэхээ авч очоод 15,000,000 төгрөг авчих, Жавхланбаярыг банкны хүмүүстэй танилцуулаад зээл авахад нь туслаач гэсэн. Тухайн үед миний бие хагалгаанд ороод бие муу байсан тул ямар зүйл дээр гарын үсэг зурж байгаагаа мэдээгүй. Ингээд Жавхланбаярын зээлийг хөөцөлдөж, холбогдох хүмүүстэй нь танилцуулж өгсөн. Явцын дунд түүнийг мөнгөө нэхсэн даруйд мөнгө төлж байсан. Нийт 9,800,000 төгрөгийг түүнд төлсөн. Алданги тооцсон байсныг миний бие мэдээгүй. 5,000,000 төгрөгийг Мөнх-Өлзийд өгсөн байгаа. Гэрээгээр тохирсон алдангийн хэмжээ хэт өндөр байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно. гэж заасны дагуу алдангийн хэмжээг багасгаж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Жавхланбаяр нь хариуцагч Л.Амарзаяад холбогдуулах зээлийн гэрээний үүрэгт 11,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Э.Жавхланбаяр нь хариуцагч Л.Амарзаяатай 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж, 15,000,000 төгрөгийг 21 хоногийн хугацаатай, хүүгүйгээр, гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиодолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцож, зээлдүүлсэн ба талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., 282 дугаар зүйлийн 282.4-д Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байх бөгөөд нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Хариуцагч Л.Амарзаяа нь 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Э.Жавхланбаяраас авсан талаар маргаагүй, харин зээлийн гэрээнд алданги тооцсон байсныг мэдээгүй, алдангийн хэмжээ хэт өндөр байна гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, талуудын байгуулсан гэрээний 2.8 дахь хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгч Э.Жавхланбаяр нь гэрээний хугацаа дуусгавар болсон өдрөөс буюу 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрөөс хойш алданги нэхэмжлэх эрхтэй, хариуцагч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасны дагуу гэрээний үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй тул алданги төлөх үүрэгтэй.

 

Хариуцагч Л.Амарзаяа нь зээлийн гэрээний үүрэгт 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 3,500,000 төгрөг, мөн сарын 29-ний өдөр 1,800,000 төгрөг, мөн сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, нийт 9,800,000 төгрөгийг төлсөн талаар зохигчид маргаагүй, мөн Хаан банкны дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Гэрээний хугацаа 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр дуусгавар болсон бөгөөд хариуцагчийн 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр төлсөн 2,000,000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 13-нд төлсөн 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгч үндсэн зээлээс буюу 15,000,000 төгрөгөөс хасч, үндсэн үүргийг 12,000,000 төгрөгөөр тооцсон, гэрээний хугацаа дуусгавар болсон буюу 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрөөс сүүлийн төлөлт хийсэн өдрийг хүртэл буюу 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагчийн төлбөл зохих алдангийг тооцоход 11,255,000 төгрөг болж байх бөгөөд нэхэмжлэгч дээрх хугацааны алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д нийцүүлж, алдангид 6,000,000 төгрөг нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх шийдвэрлэв.

 

Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлж, хугацаа хэтрүүлсэн тал дээр маргаагүй ба зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 2.8-д зааснаар хариуцагч тал хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхийг зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй байна.

 

Иймд хариуцагч үндсэн зээлд 12,000,000 төгрөг, алдангид 6,000,000 төгрөг, нийт 18,000,000 төгрөг төлөх үүрэгтэйгээс 2018 оны 7 дугаар сарын 27, 29, 29-нд төлсөн нийт 6,800,000 төгрөгийн гүйцэтгэсэн үүргийг хасч, 11,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Мөн хариуцагч тал нь ... алдангийн хэмжээ хэт өндөр тул хасч өгнө үү, гэрээнд алданги тооцсон байсныг өвчний учир мэдээгүй гэх боловч зээлийн гэрээгээр алданги төлөхөөр харилцан тохиролцсон ба зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ, мөн алдангийн хэмжээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан хэмжээнээс хэтрээгүй тул илт өндөр гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлагаболгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Л.Амарзаяагаас 11,200,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Жавхланбаяр олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийнхураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 194,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 194,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн доторНийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР