Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 591

 

                            

             Монгол Улсын нэрийн өмнөөс

            Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 4 дүгээр баг, 5 дугаар хэсгийн 076 тоотод оршин суух,  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр сургуульд математикийн багш ажилтай,  бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх  Боржигон овогт Батолдын Батцэцэг /РД:МЮ-81052905/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 4 дүгээр баг, 5 дугаар хэсгийн 076 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Боржигон овогт Бугандайн Булгантамир /РД:ХД-80010918/-т  холбогдох,    

“Гэрлэлт цуцлуулж, хүү Б.Лут-Очирыг өөрийн асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 36.000.000 төгрөгийг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Б.Батцэцэг, түүний өмгөөлөгч Л.Доржпүрэв хариуцагч Б.Булгантамир, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Батцэцэг РД:/МЮ-81052905/- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Батцэцэг миний бие нь 2003 онд Б.Булгантамиртай танилцан улмаар  2004 оны  10 сарын 25-ны өдөр гэрлэлтийн 55 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2204 оны 09 сарын 21-ний өдөр хүү Б.Лут-Очир төрсөн. Бид 2004 оноос минийн эцэг эхийн байшинд хамтран амьдарч өдий хүрсэн. Энэ хугацаанд таарч тохирохгүй үе үе салж нийлж байлаа. Б.Булгантамир нь  2010 оноос хүүдээ байр авч өгнө гэж солонгос улсын зорин 5 жил болж ирээд 2016 онд байрны мөнгөө 100 хувь төлж 2017 оны  07 сард байр ашиглалтанд орж байрандаа  бид 3 хамтран амьдрах болсон. Байрандаа шинэ тавилга авах гэж надаар 5.000.000 төгрөгний зээл авахуулсан. Байранд ороод байнгын хэрүүл хийж элдвээр доромжилж, биед халдан зодож гар хүрч сар ч болохгүй хамтран амьдрах аргагүй  байдалд орж  миний бие нь   эдийн засаг, сэтгэл зүйн  хүнд дарамтанд орж   уг үйлдэл үйл ажиллагааг маань /2017.07.17/-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн газар өргөдө л өгч хөнгөн гэмтэлтэй  гэж шүүх эмнэлэгээр тогтоогдсон ингээд шалгаж байх хугацаанд, удаа дараа утсаар болон мэссэжээр  доромжлон, заналхийлж  байсныг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт 2017 оны 08 сарын 21-ний өдөр  өргөдөл өгч  шалгуулж 2017 оны 09 сарын 01-ний өдөр  “Эд хөрөнгө захиран зарцуулах эрхэд халдсан” гэсэн зүйл ангиар 14 хоног баривчлагдсан баримтууд нотолно. Мөн шүүх танхимаас  гараад Facecook-Selenge  зар дээр овог, нэр, ажлын хаягтай маань намайг худал мэдүүлэг өгч өөрийгөө 14 хоног  баривчлагдлаа гэж  миний нэр төрд халдсанаас гадна, шүүхийн шийдвэрийг үл хүндэстгэж байгаа хүний ёсноос гажсан хүн чанаргүй зохисгүй үйлдэл хэрээс хэтэрч байна. Иймд хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийн баталгааг цуцалж өгнө үү. Хүү Б.Лут-Очирыг миний асрамжинд үлдээж, эцэг Б.Булгантамираас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэх,

Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ...    Б.Батцэцэг миний бие нь 2003 онд Б.Булгантамиртай  танилцан улмаар  2004 оны 10 дугаар сарыэн  25-ны өдөр  гэрлэлтийн  55 тоот баталгаагаар  бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний  хамтран амьдрах хугацаанд  2004 оны  09 дүгээр сарын 21-ний  өдөр  Б.Лут-Очир төрсөн. Бид  2004 оноос хойш миний эцэг эхийн байшинд хамтран амьдарч  өдий хүрсэн.  Дараахь нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна.

  1. 2016 оны  06 сард миний нөхөр Б.Булгантамир нь Улаанбатар хотын Баянзүрх дүүргийн 16 дугаа хороолол 19 дүгээр хороо “Green apartment” байшингийн  “В”  блокны  12 давхарт  122 тоотод 2 өрөө  байр худалдаж авсан.  42.000.000 төгрөг бэлнээр төлж 2016 оны  08 сард  үлдсэн 1.000.000 төгрөгийг бэлнээр шилжүүлж төлсөн.  Гэтэл  “Сүмбэр цамхаг”гэх  энэ компани нэгдсэн жураамр үл хөдлөх хөрөнгийн  гэрчилгээг өгнө гээд одоо хүртэл  аваагүй. Бидний дундын өмчлөлийн эд хөрөнгө болох нийт 43.000.000 төгрөгийн надад болон хүүдээ ногдох хэсгийг гаргуулах,
  2.  Б.Булгантамир нь  2010 оноос Солонгос улсыг зорин 2015 ны  06 сард  нэг сарын амралтаараа  ирж амарсан.  Амар ч байх хугацаандаа  1082 СЭҮ дугаартай Allion маркийн  суудлын автомашин авсан.  Хамтран эзэмшигчээрээ  миний бие байгаа бөгөөд  машины үнэ 10.000.000 төгрөг тул 10-82 СЭҮ дугаартай  Allion маркийн авто машинаас  надад болон хүүдээ ногдох хэсгийг гаргуулах,
  3.  2017 оны 07 сард байр  ашиглалтанд  орж байгаа шинэ тавилга авна гэж  надаар  ХААН банкинаас  4.000.000 төгрөгийн зээл авахуулсан.  Ингээд байрандаа 3.000.000 төгрөгийн  тавилга, 2.400.000 төгрөгний цахилгаан хэрэгсэл авч нийт 5.400.000 төгрөг болсон.  Үүнээс 2.200.000 төгрөгний цахилгаан хэрэгслийг би авсан. Надад болон хүүдээ ногдох хэсгийг  гаргуулах,
  4. Эцэст нь орон сууцны  43.000.000 төгрөг, машины  10.000.000 төгрөг, тавилга авсны 2.000.000 төгрөг нийт  55.000.000 төгрөгнөөс  36.000.000 төгрөгийг   нөхөр болох Б.Булгантамираас  гаргуулж өгнө үү гэжээ.

 

 Нэхэмжлэгч Б.Батцэцэг шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа ... Миний бие анх 2003 онд Б.Булгантамиртай танилцсан. 2004 онд гэрлэлтээ батлуулсан. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2004 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүү Б.Лут-Очир төрсөн. Хамт амьдарч байх хугацаанд үзэл бодлын зөрөлдөөнөөс болж олон удаа салж нийлж байсан. Хамт амьдарч байхдаа голдуу түрээсийн байруудаар амьдарч байсан. Б.Булгантамир 2010 онд Солонгос улс руу ажил хийхээр явсан. Ажил хийх гол зорилго нь гэр бүлээрээ өөрсдийн гэсэн байртай болох явдал байсан. Ингээд 2015 онд сарын амралтаараа ирээд 10.000.000 төгрөгөөр автомашин худалдаж авсан. Ингээд сарын хугацаан нь дуусч Солонгос улс руу ахин ажил хийхээр явсан. Ингээд 2016 оны 06 дугаар сард Монголдоо бүр мөсөн ирсэн. Эх орондоо ирээд Улаанбаатар хотод байр худалдаж авсан. 2017 оны 06 дугаар сарын сүүлээр шинэ байрандаа орсон. Байранд орсон цагаасаа хойш Б.Булгантамир нь надтай байнга хэрүүл хийж дайрч давшилж гар хүрдэг болсон. Орой үдэш гэрээсээ хөөдөг болсон. Тэр ч бүү хэл хутга барьж айлгаж байсан. Тэгээд би айгаад Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт өргөдөл гаргасан. Би 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс хойш тэр байранд очоогүй. Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас миний бие хөнгөн гэмтэл учирсан байна гэж тогтоосон. Тусдаа байх хугацаанд утсаар дарамталж өөр хүнтэй сууна гэж мессеж бичдэг байсан. Шинэ байр авах үед бид хоёр ярилцаж байгаад надаар 4.000.000 төгрөгний цалингийн зээл авахуулж байрандаа тавилга авсан. Одоо би энэ хүнтэй цаашид амьдрах ямар ч боломж байхгүй. Тиймээс бидний гэрлэлтийг цуцалж байрнаас хүүхэд бид хоёрт ногдох 43.000.000 төгрөг, машины 10.000.000 төгрөгөөс хүүхэд бид хоёрт ногдох хувь, банкны 4.000.000 төгрөгний өрөөс 2.000.000 төгрөгийг гаргуулах, хүүхдээ өөрийн асрамжинд авах мөн хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэх.

Хариуцагч; Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 4 дүгээр баг, 5 дугаар хэсгийн 076 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Боржигон овогт Бугандайн Булгантамир, РД:/ХД-80010918/ -нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   ... Би Б.Батцэцэгтэй 2003 онд танилцаж 2004 онд гэр бүлээ батлуулсан. 2004 онд дундаасаа нэг хүүтэй болсон. Биднийг танилцаж байхад Б.Батцэцэг 4 дүгээр курсын оюутан байсан. Би тэр үед Улаанбаатар хотод ажил хийж байгаад Б.Батцэцэгийг дагаад Сэлэнгэ аймагт ирж амьдарсан. Би айлын ганц охиныг өнгөтэй өөдтэй явуулхын тулд өөрийн ээж аав, ах дүү нарыгаа умартан нойр хоолоо хасан байж зүтгэдэг байсан. Амьдрал ахуйгаа дээшлүүлэхийн тулд 2010 онд БНСУ-д ажил хийхээр очсон. 2015 онд сарын амралтаараа ирээд автомашин худалдаж авсан. Ингээд 2016 онд эх орондоо бүр мөсөн ирээд байр худалдаж авсан. Байр машин худалдаж авснаас хойш Б.Батцэцэгийн талаас над руу их дайрч давшилдаг болсон. Би энэ хүн рүү хутга барьж дайрсан асуудал байхгүй. Энэ хүн өөрөө л гал тогооны өрөөнөөс хутга авч ирээд “чи намайг алчих” гэж хэлж байсан. Удаа дараа цагдаагийн байгууллага дууддаг байсан. Намайг 14 хоног баривчлуулж байсан. Одоо Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт шалгагдаад явж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүлээн зөвшөөрч байна. Машинаас ч гэсэн эхнэр хүүхэддээ оногдох хувийг өгч болно. Харин байрны оногдох хувийг авна гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Худалдаж авсан гээд байгаа байр миний албан ёсны өмч биш ээжийн минь нэр дээр байдаг. Яагаад гэвэл ээжид минь толгой хоргодох орон гэр байхгүй. Өдий олон жил бид нарын төлөө зүтгэсэн ээжийнхээ ганц ч боловч ачийг нь хариулая гэж бодсондоо энэ байрыг авч өгсөн гэх.                                         

Шүүх  нэхэмжлэгчийн  шүүхэд гаргасан нэхэмжлэл,  зохигчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар,  хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтууд болон,  CD бичлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаж ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан ...гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулан,  гэр бүлийн гишүүдийн  хамтран өмчлөх  дундын эд хөрөнгө болох  нийт 55 сая төгрөгний хөрөнгөнөөс 36 сая төгрөгийг  гаргуулах шаардлага гаргасаны заримыг нь хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв. 

Учир нь:  гэрлэгчдийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн ... гэрлэлт цуцлуулахыг харилцан хүлээн зөвшөөрсөн  тайлбар болон хавтаст хэргийн  2-15, 67-112, 178 дугаар талд авагдсан шүүхийн шийтгэвэр, сургууль, эмнэлэгийн болон багийн засаг даргын тодорхойлолтууд, гэрлэгчдийн гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн гар утсанд бичигдсэн  мессеж, гэрэл зургийн хуулбарууд  мөрдөн байцаагчийн тогтоолын хуулбарууд, CD бичлэг  зэрэг бичгийн чанартай баримтуудаар  гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах үндэслэлтэйгээс гадна, гэрлэгчид хүүхдийг эхийнх нь асрамжинд үлдээх, хүүхдийн тэтгэлэг гаргуулах  дээр маргаангүй  гэсэн тул  хүүхдийг эхийнх нь асрамжинд үлдээж,  эцгээс нь хүүхдийн тэтгэлэгийг хуулинд заасан хувь хэмжээгээр гаргуулах нь зүйтэй.

Харин гэрлэгчид нь  хамтран өмчлөх  дундын үл хөдлөх эд хөрөнгө / орон сууцыг дундын хөрөнгө мөн, биш гэж / дээр маргаж байгаа бөгөөд уг хөрөнгийн үнэ / 42 960 300 төгрөг / дээр  маргахгүй байхаас гадна мөн дундын хөдлөх хөрөнгө болох Toyota Allion маркийн авто машинийг хариуцагч нь бусдад зарж үгүй хийсэн тул уг машины үнийн зохих хувийг эхнэр, хүүхдэдээ өгөхийг зөвшөөрсөн тайлбар болон хавтаст хэргийн 28 дугаар талд  авагдсан “Ашид билгүүн” ХХК-иас  авто машиныг 10 сая  төгрөгөөр үнэлсэнийг үндэслэн, уг үнээс эхнэр,  хүүхдэд нь ногдох хувийг Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.2, 129.6 –д зааснаар ...   гэр бүлийн гурван гишүүнд  тэнцүү хувааж, тэдэнд ногдох  нийт  6.666.666.66 төргөгийг хариуцагчаас гаргуулах, мөн Б.Батцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, орон байрны тавилга,  цахилгаан хэрэгсэл   авахаар 4.000.000 төгрөгний зээл авснаас  2.200.000 төгрөгийн цахилгаан хэрэгслийг  өөрөө эргүүлэн авсан тул  зээлийн үлдэгдэл 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэх боловч   хэргийн 54 дүгээр талд  авагдсан төлбөрийн баримтаар 2.819.200 төгрөгийн цахилгаан хэрэгслийг   авсан нь нотлогдож  байгаа бөгөөд  үүнийг нэхэмжлэгч болон хариуцагч талууд буцаан өгсөн, авснаа өөрсдөө хүлээн  зөвшөөрч   байх тул уг  нэхэмжлэлийн шаардлагыг хангагдсанд тооцох нь зүйтэй.

Мөн нэхэмжлэгч нь Б.Батцэцэг нь  дундын өмчлөлийн  орон сууцны үнэ  43 сая төгрөгөөс гэр бүлийн гишүүдэд  ногдох хэсгийг  гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд  талууд уг орон сууцны үнэн дээр  маргаагүй боловч  хавтаст хэргийн 47 дугаар талд  авагдсан  банкны орлогын мэдүүлгийн баримтаар  уг орон сууцыг  42.960.300 төгрөгөөр  2016 оны  06 дугаар сарын 13-ны өдөр  “Сүмбэр цамхаг” ХХК-иас Б.Булгантамир нь  худалдаж авсан болох нь  нотлогдож байхаас гадна  уг орон сууцыг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр орон сууц захиалах гэрээгээр  тус компаниас  Б.Булгантамир нь  худалдаж авахаар  гэрээ байгуулсанаас үзэхэд;  энэхүү орон сууцыг  Б.Булгантамир, Б.Батцэцэг нар нь хууль ёсны гэр бүл болж, хамтран амьдрах хугацаандаа  нөхөр болох Б.Булгантамир нь  2010 - 2016 он хүртэл  Солонгос улсад  явж ажилласан хугацааны хөдөлмөрийн хөлсөөрөө  худалдаж авсан болох нь  гэрлэгчдийн шүүхэд энэ талаар  өгсөн тайлбар зэргээр   нотлогдож байх тул Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2, 126.4 дэх хэсэгт зааснаар ... гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн тул хамтран өмчлөх эрхтэй гэж үзнэ.

Харин хариуцагч Б.Булгантамир нь  ... энэхүү орон сууцыг  ээж Ц.Одончимэгтээ  худалдан авч өгсөн /Солонгос улсад ажилласан мөнгөөрөө/  гэж байгаа боловч  хавтаст хэргийн  43-51 дүгээр талд авагдсан  “Сүмбэр цамхаг” ХХК-ний албан тоот, орон сууц захиалах гэрээ, Б.Булгантамирын “Сүмбэр цамхаг”ХХК-д гараар бичиж өгсөн өргөдөл зэргээс үзэхэд; хариуцагч нь /Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8 дахь хэсэгт зааснаар/ уг үл хөдлөх хөрөнгө  /орон сууц/-ийг   дундаа хамтран өмчлөхгүй  байх зорилгоор, эхнэртээ мэдэгдэхгүйгээр эхийнхээ нэр дээр шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд уг орон сууцны үнийг хавтаст хэргийн  47 дугаар талд авагдсан   орлогын баримтаар   42.960.300 төгрөгөөр үнэлсэний дагуу  дээрх гэр бүлийн гурван гишүүнд  Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсгийн  129.1.1, 129.2, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт зааснаар адил тэнцүү хуваах нь зүйтэй.  Харин уг орон сууцыг өмчлөх эрх одоо Б.Булгантамирын эх Ц.Одончимэгийн /хавтаст хэргийн  57 тал дахь гэрчилгээ/  мэдэлд байгаа тул  уг орон сууцыг  Б.Булгантамирын мэдэлд байгаа гэж тооцон, эхнэр Б.Батцэцэг, хүү Б.Лут-Очир нарт ногдох хэсэг болох   /42.960.300 x 3 х2 / 1 хүнд 14.320.100 төгрөг/ 28.640.200 төгрөгийг Б.Булгантамираас  гаргуулж олговол зохино.

Иймд нэхэмжлэгчийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн ногдох хэсгийг  нэхэмжилсэн нийт  36 сая төгрөгийн  шаардлагаас  орон сууцны 28.640.200 төгрөг, машины үнэ  6.666.666.66 төгрөгийг  нэмж  нийт 35.306.866.66  төгрөгийг гаргуулж, үлдэх  693.133.34 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болговол  зохино. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 58.4,  63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар  нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 73000 төгрөгийг  орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, мөн нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 2800 төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох,  нэхэмжлэгч нь 337.950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн 1730 дугаар захирамжаар  хойшлуулсан болохыг дурдаж, мөн нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэсэг болох ... 35.306.866.66 төгрөгөнд ногдох 334.484 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг  хариуцагчаас нөхөн гаргуулж орон нутгийн орлогод оруулах, хариуцагч Б.Булгантамираас хүүхдийн тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон (166.200:2х12=997.200 төгрөг) улсын тэмдэгтийн хураамжинд 28.482 төгрөг нөхөн гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4, 132.5, 132.6-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Бугандайн Булгантамир, Боржигон овогт Батболдын Батцэцэг нарын  2009 оны  10 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болсныг  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар  сумын Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн 55 дугаарт бүртгэсэн Г-343 тоот гэрлэлтийн баталгаа бүхий гэрлэлтийг  цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны  09 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Боржигон овогт Булгантамирын Лут-Очирыг  эх Б.Батцэцэгийн асрамжинд үлдээсүгэй.

 3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2009 оны  09 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.Лут-Очирыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас /-тай болтол нь амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Булгантамираар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах  хүүхдийн тэтгэлэгийн  хэмжээ нь  түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

5.   Гэр бүлийн тухай хуулийн  14 дүгээр зүйлийн 14.6, 14.8, Иргэний хуулийн  129 дүгээр зүйлийн  129.2, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт зааснаар  Б.Булгантамираас 35.306.866.66 төгрөг гаргуулан Б.Батцэцэг, хүү Б.Лут-Очир нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 693.133.34 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 58.4,  63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар  нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 73000 төгрөгийг  орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, мөн нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 2800 төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох,  нэхэмжлэгч нь 337.950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн 1730 дугаар захирамжаар  хойшлуулсан болохыг дурдаж, мөн нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэсэг болох ... 35.306.866.66 төгрөгөнд ногдох 334.484 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг  хариуцагчаас нөхөн гаргуулж орон нутгийн орлогод оруулах, хариуцагч Б.Булгантамираас хүүхдийн тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон (166.200:2х12=997.200 төгрөг) улсын тэмдэгтийн хураамжинд 28.482 төгрөг нөхөн гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай. 

            7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор хувийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

            8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурьдсугай.

            9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу  бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг мэдэгдсүгэй.

            10. Хэргийн зохигчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг  энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулна. Ийнхүү гардуулах  боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон  ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлсүгэй.

            11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

            12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Л.ЭНХТАЙВАН