Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 01

 

  *******ийн  нэхэмжлэлтэй иргэний

                       хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 148/2017/00481/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч,

                             Ерөнхий шүүгч               Б.Батзориг

                             Шүүгчид                         Л.Амарсанаа

                                                                    Г.Давааренчин

                      Оролцогчид

                                 Нэхэмжлэгч                             *******

                                 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  Л.Доржпүрэв

                                 Хариуцагч                                *******

 Хариуцагчийн өмгөөлөгч     И.Отгонсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцож,  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан  2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 591 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор *******ийн нэхэмжлэлтэй *******т холбогдох  “гэрлэлт цуцлуулж, хүү *******ыг өөрийн асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 36.000.000 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

      Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие нь 2003 онд *******тай танилцан улмаар 2004 оны 10 сарын 25-ны өдөр гэрлэлтийн 55 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2004 оны 09 сарын         21-ний өдөр хүү ******* төрсөн. Бид 2004 оноос миний эцэг эхийн байшинд хамтран амьдарч өдий хүрсэн. Энэ хугацаанд таарч тохирохгүй үе үе салж нийлж байлаа. ******* нь 2010 оноос хүүдээ байр авч өгнө гэж солонгос улсыг зорин 5 жил болж ирээд 2016 онд байрны мөнгөө 100 хувь төлж 2017 оны 07 сард байр ашиглалтанд орж байрандаа бид 3 хамтран амьдрах болсон. Байрандаа шинэ тавилга авах гэж надаар 5.000.000 төгрөгний зээл авахуулсан. Байранд ороод байнгын хэрүүл хийж элдвээр доромжилж, биед халдан зодож гар хүрч сар ч болохгүй хамтран амьдрах аргагүй байдалд орж миний бие нь эдийн засаг, сэтгэл зүйн хүнд дарамтанд орж уг үйлдэл үйл ажиллагааг маань /2017.07.17/-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн газар өргөдөл өгч хөнгөн гэмтэлтэй гэж шүүх эмнэлгээр тогтоогдсон, ингээд шалгаж байх хугацаанд удаа дараа утсаар болон мэссэжээр доромжлон, заналхийлж байсныг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт 2017 оны 08 сарын 21-ний өдөр өргөдөл өгч шалгуулж 2017 оны 09 сарын 01-ний өдөр Эд хөрөнгө захиран зарцуулах эрхэд халдсан гэсэн зүйл ангиар 14 хоног баривчлагдсан баримтууд нотолно. Намайг цагдаад худал мэдүүлэг өгч өөрийгөө 14 хоног баривчлагдлаа гэж доромжилж хүн ёсноос гажсан  зохисгүй үйлдэл гаргадаг нь хэрээс хэтэрч цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийн баталгааг цуцалж өгнө үү. Хүү *******ыг өөрийн  асрамжинд үлдээж, эцэг *******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.

Бид 2004 оноос хойш миний эцэг эхийн байшинд хамтран амьдарч байгаад  2016 оны 06 сард миний нөхөр ******* нь Улаанбатар хотын Баянзүрх дүүргийн 16 дугаар хороолол 19 дүгээр хороо “******* *******“ байшингийн В блокны 12 давхарт ******* тоотод  2 өрөө байрын  42.000.000 төгрөг бэлнээр худалдаж авсан.  “******* *******” ХХК нь нэгдсэн журмаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өгнө гээд олгоогүй байгаа. Мөн 2015 онд ******* улсын бүртгэлийн дугаартай  “Allion” маркийн суудлын автомашин авсан. Хамтран эзэмшигчээр миний бие байгаа бөгөөд машины үнэ 10.000.000 төгрөг гэж үнэлгээ гарсан. Иймд дээрхи хөрөнгөөс өөрт болон хүүдээ ногдох хэсгийг гаргуулах шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би *******тэй 2003 онд танилцаж 2004 онд гэр бүлээ батлуулсан. 2004 онд дундаасаа нэг хүүтэй болсон. Биднийг танилцаж байхад ******* 4 дүгээр курсын оюутан байсан. Би тэр үед Улаанбаатар хотод ажил хийж байгаад *******ийг дагаад Сэлэнгэ аймагт ирж амьдарсан. Би айлын ганц охиныг өнгөтэй өөдтэй явуулахын тулд өөрийн ээж аав, ах дүү нарыгаа умартан нойр хоолоо хасан байж зүтгэдэг байсан. Амьдрал ахуйгаа дээшлүүлэхийн тулд 2010 онд БНСУ-д ажил хийхээр очсон. 2015 онд сарын амралтаараа ирээд автомашин худалдаж авсан. Ингээд 2016 онд эх орондоо бүр мөсөн ирээд байр худалдаж авсан.

Байр машин худалдаж авснаас хойш *******ийн талаас над руу их дайрч давшилдаг болсон. Би энэ хүн рүү хутга барьж дайрсан асуудал байхгүй. Энэ хүн өөрөө л гал тогооны өрөөнөөс хутга авч ирээд чи намайг алчих гэж хэлж байсан. Удаа дараа цагдаагийн байгууллага дууддаг байсан. Намайг 14 хоног баривчлуулж байсан. Одоо Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт шалгагдаад явж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүлээн зөвшөөрч байна. Машинаас ч гэсэн эхнэр хүүхэддээ оногдох хувийг өгч болно. Харин байрны оногдох хувийг авна гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Худалдаж авсан гээд байгаа байр миний албан ёсны өмч биш ээжийн минь нэр дээр байдаг. Яагаад гэвэл ээжид минь толгой хорогдох орон гэр байхгүй. Өдий олон жил бид нарын төлөө зүтгэсэн ээжийнхээ ганц ч боловч ачийг нь хариулъя гэж бодсондоо энэ байрыг авч өгсөн ” гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатын шүүх хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд 591 дугаартай шийдвэрээр:

-Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Бугандайн Булгантамир, Боржигон овогт Батболдын Батцэцэг нарын 2009 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болсныг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн 55 дугаарт бүртгэсэн Г-343 тоот гэрлэлтийн баталгаа бүхий гэрлэлтийг цуцалж,

- Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Боржигон овогт Булгантамирын Лут-Очирыг эх *******ийн асрамжинд үлдээж,

 - Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2009 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү *******ыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас /-тай болтол нь амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг *******аар сар бүр тэжээн тэтгүүлж,

- Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдан,

- Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.8, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт зааснаар *******аас 35.306.866.66 төгрөг гаргуулан *******, хүү        ******* нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 693.133.34 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, зохигч нарт хуульд заасны дагуу давж заалдах гомдол гаргах эрхийг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Хариуцагч *******ын өмгөөлөгчийн хувьд *******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 16 дугаар хороолол 19 дүгээр хороо "******* *******” байшингийн “В” блокны 12 давхарт ******* тоотод 2 өрөө байр нь бидний дундын өмчлөлийн эд хөрөнгө болох 43.000.000 төгрөгний надад болон хүүдээ оногдох хэсгийг гаргуулах тухай хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтууд болон, СD бичлэг зэрэг нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн заримыг нь хангах хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн.

1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт болох фэйсбүүкээс авсан зураг, зурвас, СD бичлэг зэрэг баримтуудыг хэрэг шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж бүрдүүлсэн гэж үзэж байна. Учир нь: ******* нь *******ын фэйсбүүк рүү зөвшөөрөлгүй орж хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг авсан. Иргэн Ц.Одончимэгтэй утсаар ярьж бичлэг хийж авсан зэрэг нь хуульд заасан журмыг зөрчсөн нотлох чадвараа алдсан бөгөөд энэ баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.6-д зааснаар хэргийн оролцогч хуурамч нотлох баримт гаргах буюу түүнийг хууль бус аргаар цуглуулахыг хориглоно, хувь хүний нууцтай холбоотой, өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. Шүүх уг нотлох баримтыг чанартай нотлох баримт гэж үзэн СD бичлэгт туршилт, танилцуулах ажиллагаа хийгээгүй.

2. Шүүх гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын үл хөдлөх эд хөрөнгө /орон сууцыг дундын хөрөнгө мөн, биш гэж маргаж байгаа бөгөөд уг хөрөнгийн үнэ 42,960,300 төгрөг дээр маргахгүй байна гэж үзсэн байна. “******* *******” ХХК-ний албан тоот, орон сууц захиалах гэрээ, *******ын “******* *******” ХХК-д гараар бичиж өгсөн өргөдөл зэргээс үзэхэд ******* нь үл хөдлөх хөрөнгө орон сууцыг дундаа хамтран өмчлөхгүй эхнэртээ мэдэгдэхгүй эхийнхээ нэр дээр шилжүүлсэн гэж шүүх үзсэн байна. Булгантамирын хувьд эд хөрөнгөө нуусан зүй бусаар ашигласан зүйл огт байхгүй. Үл хөдлөх бүртгэлийн гэрчилгээг шилжүүлсэн зүйл байхгүй. Шүүх нь ******* “******* *******” ХХК хоёрын хооронд байгуулсан гэрээний үний дүнг, эсхүл Ц.Одончимэгийн орон сууц өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэсэн эсэх нь тодорхойгүй байна. *******ын бусад этгээдтэй байгуулсан гэрээний үний дүнг үндэслэн  Ц.Одончимэгийн орон сууцны үний дүнг бусдад хуваасан нь үндэслэлгүй байна. Хавтаст хэргийн 57 хуудсанд уг орон сууц Ц.Одончимэгийн өмчлөлийн орон сууц мөн гэсэн гэрчилгээ байгаа. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар улсын бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх үүсэх ёстой. Энэ орон сууцны өмчлөгч нь Ц.Одончимэг мөн болно. Иймээс энэ гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө биш болно. Шүүхийн шийдвэр нь гуравдагч этгээд болох Одончимэгийн эрх ашгийг ноцтой зөрчсөн байна. Иймд шүүхийн шийдвэрийн 5 дахь заалт буюу *******ын орон сууцтай холбоотой заалтыг хэрэгсэхгүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Хариуцагч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие *******ийн шүүхэд гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, машинаас оногдох хэсгээ авах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Харин байрны оногдох хувийг авна гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Байр нь миний албан ёсны өмч биш, ээжийн минь нэр байдаг. Өдий олон жил бид нарын төлөө зүтгэсэн ээжийнхээ ачийг хариулъя гэж бодсондоо ах дүү нартайгаа нийлж байгаад уг байрыг ээждээ авч өгсөн. Байрны мөнгийг би гэрээ хийж тушаасан. Байрны гэрчилгээ  ээж Ц.Одончимэгийн нэр дэр байгаа.

Энэ эд хөрөнгө нь бидний дундын эд хөрөнгө биш. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д гэрлэснээс хойш хөрөнгөд гэрээний үнийн дүн хамаарахгүй байгаа. Иймд энэ шийдвэрийг орон сууцтай холбоотой заалтыг хэрэгсэхгүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч ******* би Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11-р сарын 02-ны өдрийн 591 дугаартай шийдвэрийг хуулийн дагуу гарсан зөв шийдвэр гэж үзэж байна. Хариуцагч ******* нь Улаанбаатар хотод шинэ байранд орсон цагаас эхлэн намайг дарамталж гэрээс хөөдөг болсон, улмаар зодож биед минь гэмтэл учруулсан юм. Булгантамир нь” би өөр хүнтэй суух гэж байна чи яв” гэж хөөгөөд байсан тул би аргагүйн эрхэнд хүүгээ дагуулаад ээж аав дээрээ Сэлэнгэ аймагт ирсэн. ******* нь намайг гэрээсээ хөөж явуулсны дараа орон сууцыг ээж Одончимэгийнхээ нэр дээр шилжүүлсэн байдаг. Энэ хуурамч үйл ажиллагаа нь хүү бид хоёрт байраа өгөхгүй гэсэн муу санаа гаргаж хийсэн үйлдэл гэж үзэж байна. Манайх шинэ байрандаа ороод нөхөр хүүхэд бид гурвуулаа хамт амьдарч байсан. Банкнаас зээл авч шинэ тавилга авч гэрээ тохижуулсан байсан юм.

 ******* шинэ байрны зургийг интернэтэд тавьж ангийнхандаа үзүүлж байсан билээ. Гэтэл одоо болохоор ээжийнхээ байр гэж байгаа нь огт үндэслэлгүй юм гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. 2 өрөө орон сууцны хувьд гэрлэснээс хойш  бий болсон хөрөнгө гэж үзэж байна.  Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Үндэслэх нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулан, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд нэхэмжлэийн шаардлагыг  хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй,  шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

          Хариуцагч *******, түүний өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч  давж заалдах гомдол гаргасан бөгөөд гомдлынхоо үндэслэлээ “...би анхнаасаа ээждээ худалдаж авч өгсөн тул гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө биш  байхад шүүх гэр бүлийн  дундын өмч гэж  үзэж шийдвэрлэсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн...” гэж тайлбарлажээ.

Хэргийг судлан үзвэл:  Зохигчид  нь 2003 онд гэр бүл болсноо 2004 оны 10 дугаар сарын 25-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээр  албан ёсны гэр бүл болж улмаар 2004 оны 09 сарын 21-ний өдөр хүү ******* нь төржээ.

         Гэрлэгчдийн хооронд таарамжгүй харьцаа үүссэний улмаас тус тусдаа амьдарч байгаа бөгөөд  гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах талаар гэрлэгчид хоорондоо маргаагүй, энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй,хариуцагч ******* нь таарамжгүй харьцааны улмаас эхнэр *******ийн эрх чөлөөнд удаа дараа халдаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон байх тул эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

         Харин нэхэмжлэгч ******* нь дундын өмчлөлийн орон сууцны үнэ 43 сая төгрөгөөс гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* нь Солонгос улсад ажиллаж олсон мөнгөөрөө ээж Ц.Одончимэгтээ  орон сууц худалдан авч өгсөн тул гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө биш гэж маргасан байх ба маргаан бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч ******* нь  2016 оны 06 сарын  13-нд “******* *******”     ХХК-аас  42.960.300 төгрөгөөр худалдан авсан байна.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д ”Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” гэсэн, 126 дугаар зүйлийн 126.2.4-т “гэрлэгчид, гэр бүлийн  бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн дундын өмчид хамаарна” гэсэн,  мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.4-т “гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд  асарсан, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдлэнэ” гэсэн заалтуудаас үзвэл ******* нь өөрийн хөдөлмөрлөж олсон мөнгөөр өөрийн нэр дээр худалдан авсан хэдий боловч  түүний  худалдан авсан 2 өрөө  орон сууц нь  Иргэний хуульд зааснаар ******* болон түүний эхнэр *******, хүү ******* нарын  буюу түүний  гэр бүлийн  гишүүдийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө болсон байна.

Хариуцагч ******* нь орон сууцыг худалдан авснаас хойш нэг жилийн дараа буюу 2017 оны 08 сарын 28-ны өдөр  гэр бүлийн дундаа хамтран өмчлөх  орон сууцаа дур мэдэн  өөрийн ээж Ц.Одончимэгийн өмчлөлд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болох “орон сууц захиалан бариулах тухай” 16/06/13-10 дугаартай гэрээ, байрны үнэ төлсөн талаархи орлогын баримт, *******ын  “******* *******” ХХК-д  гаргасан өргөдөл, “******* *******” ХХК-ний 2017 оны 10 сарын 18-ны өдрийн 17/10/18-1 дугаартай албан бичиг, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар  тогтоогдож байна.

Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4-т зааснаар гэрлэснээс хойш гэр бүлийн гишүүний  хэн нэг нь эд хөрөнгөө дур мэдэн бусдад шилжүүлсэн бол эрх нь зөрчигдсөн  гэр бүлийн  гишүүн  эрхээ сэргээлэх эрхтэй тул нэхэмжлэгч *******, түүний хүү ******* нар нь  зөрчигдсөн эрхээ сэргээлгэх буюу орон сууцны өөрт ногдох хэсгийг хариуцагч *******аас гаргуулахаар шаардлага гаргасан нь хуулийн үндэслэлтэй.

         Энэхүү  шаардлага нь тухайн орон сууцны одоогийн өмчлөгч Ц.Одончимэгийн орон сууц  өмчлөх эрхэд халдах үндэслэл болохгүй бөгөөд  нэгэнт орон сууц нь бусдын өмчлөлд шилжсэн байх тул  хариуцагч *******аас орон сууцны ногдох хэсгийг мөнгөөр  тооцон гаргуулж гэр бүлийн бусад гишүүдэд  олгохоор  шүүх шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

      Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан машины үнийн зохих хувийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрч, маргаагүйг дурьдах нь зүйтэй ба дээр дурьдсан үндэслэлүүдээр хариуцагч *******, түүний  өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

         Харин анхан шатны шүүх  хууль хэрэглээний хувьд зарим зохицуулалтуудыг орхигдуулсан байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь үндэслэлтэй гэж үзлээ.

        Зохигчид нь гэр бүлээ 2004 оны 10 сарын 25-ны өдөр батлуулсан, хүү           ******* нь  2004 оны 09 сарын 21-ний өдөр төрсөн байхад шүүхийн шийдвэрт гэрлэлт батлуулсан болон хүүхдийн төрсөн оныг 2009 он гэж ташаа бичсэнийг дурьдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг  дахь  сум дундын Иргэний хэрийн сум дундын шүүхийн 2017 оны 11 сарын 02-ны өдрийн 591 дугаартай шийдвэрийн “Тогтоох” хэсгийн: 

5 дахь заалтад

         “Иргэний хуулийн”  гэсний дараа “126 дугаар зүйлийн 126.2.2, 126.2.4, 126.4” гэсэн хуулийн заалт нэмж  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.1 дэх хэсэгт  зааснаар хариуцагчийн  давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамж 372.751 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй. 

 

                                 ДАРГАЛАГЧ                          Б.БАТЗОРИГ

                                  ШҮҮГЧИД                              Л.АМАРСАНАА

                                                                                      Г.ДАВААРЕНЧИН