Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 651

 

                                     

    Монгол Улсын нэрийн өмнөөс

              

          Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн хэргийн анхан шатны   шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын  танхимд  нээлттэй хийсэн хуралдаанаар Д.Оюунсүрэнгийн нэхэмжлэлтэй, М.Соёл-Эрдэнэ, хамтран хариуцагч Б.Болдсайханд холбогдох “Худалдах, худалдан авах гэрээний дагуу автомашины үлдэгдэл төлбөр 16.900.000 төгрөг гаргуулах”-ыг  хүссэн нэхэмжлэлтэй иргэний  хэргийг хянан  хэлэлцэв.

          Шүүх  хуралдаанд:

          Нэхэмжлэгч: Өвөрхангай аймагт 1985 онд төрсөн, дээд боловсролтой, мэдээлэл системийн удирдлагын мэргэжилтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 85-ын Б-ийн 25 тоотод оршин суух,  хувиараа худалдаа эрхлэдэг

                                        Боржигон овгийн Доржсүрэнгийн Оюунсүрэн

                                        регистрийн  дугаар:ЙЙ – 85091520

 

          Хамтран хариуцагч Б.Болдсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хэнтий аймагт 1967 онд төрсөн, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, Дархан-Уул аймаг,  Дархан сум, 4 дүгээр баг, 2 дугаар хороолол, 3 дугаар байрын 08 тоотод оршин суух, МӨХ-ийн гишүүн, өмгөөлөгч ажилтай

                                        Гучид  овгийн Жагдагийн Эрдэнэбаатар                                                  

                                        регистрийн  дугаар:СЮ – 67101411

 

          Гэрч: Л.Чинбат    

          Хариуцагч М.Соёл-Эрдэний   өмгөөлөгч:Л.Доржпүрэв

          Шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар  С.Энхтайван  нар   оролцов.

                                                                           

 Тодорхойлох нь:

          Нэхэмжлэгч:  Д.Оюунсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

          Нэхэмжлэлийн шаардлага: Минжийн Соёл-Эрдэнээс 16.900.000  төгрөг гаргуулах тухай            

          Нэхэмжлэлийн агуулга: Монгол Улсын иргэн Д.Оюунсүрэн миний  бие 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр БНСУ-аас 2011 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн, KNAGN415AA099961 арлын дугаартай,KIA-5 маркын суудлын авто машиныг Монгол Улсад оруулж ирэн худалдан борлуулах гэж байтал миний танил Чинбатын найз болох М.Соёл-Эрдэнэ нь уг автомашиныг 22 сая төгрөгөөр зээлээр худалдан авахаар болоод 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр надаас авч явсан.

         Ингээд М.Соёл-Эрдэнэ нь 2015 оны 6 дугаар сарын 06-ны өдөр над руу утсаар яриад “иргэн Г.Сүх-Очирт машиныхаа нэрийг шилжүүлээд өгөөрөй, би мөнгийг нь өөрөө гаргаад чамд өгнө” гэсний дагуу Г.Сүх-Очирт шилжүүлэн өгсөн. Үүнээс хойш М.Соёл-Эрдэнэ нь 2015 оны 11 дүгээр сард 5.100.000 төгрөгийг танил Чинбатаар дамжуулан надад төлсөн.

Өөр мөнгийг надад дахин төлөөгүй ба М.Соёл-Эрдэнэ машин дамжуулан худалдан авсан гэх хүнээсээ Дархан-Уул аймгийн шүүхэд хандаж авах гэж байна гэсээр өнөөдрийг хүрээд байна.

        Иймд М.Соёл-Эрдэнээс машины үлдэгдэл төлбөр болох 16.900.000 төгрөгийг гаргуулан авахаар нэхэмжилж байгаа тул шийдвэрлэж өгнө үү! ... гэжээ.

 

        Нэхэмжлэгч: Д.Оюунсүрэн  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   ... Би 2015 онд  “надад К5 маркын автомашин байна зараад өгөх боломж байна уу” гэхэд найз Л.Чинбат нь “М.Соёл-Эрдэнэ гээд миний найз Сэлэнгэд байдаг бид хоёр олон удаа наймаа хийж байсан” гэж хэлж байсан. 2015 оны 04 дүгээр сарын 15-нд М.Соёл-Эрдэнэ Улаанбаатар хотод ирсэн. Л.Чинбат над руу залгаад “М.Соёл-Эрдэнэ Улаанбаатар хотод ирсэн байна. Чиний машины талаар хэлэхэд тэгье,  аваад явъя, борлуулаад өгье” гэж байна гэж хэлсэн. Тэгээд Л.Чинбат бид хоёр миний машиныг аваад 19 дүгээр хороололд очоод М.Соёл-Эрдэнэтэй уулзсан. М.Соёл-Эрдэнэ миний машиныг унаж үзээд аваад явсан. Миний бие болон Л.Чинбат М.Соёл-Эрдэнэ нар хоорондоо ярилцаад миний машин борлогдсон ч борлогдоогүй ч 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэхэд 22 сая төгрөгийг надад өгөхөөр амаар тохиролцсон. Над руу Л.Чинбат залгаад “чиний машин чинь зарагдсан байна одоо чам руу нэг хүн залгана чи очоод шилжүүлээд өгчих” гэж хэлсэн. Би найдвартай юм уу гэхэд найдвартай, гэнэ лээ 6 дугаар сарын 20-ны өдөр гэхэд М.Соёл-Эрдэнэ мөнгөө шилжүүлчихнэ” гэхээр нь би очоод шилжүүлж өгсөн. Тэгээд 6 дугаар сарын 20-ны өдөр болоход М.Соёл-Эрдэнэ над руу яриагүй. Тэгэхээр нь би 6 дугаар сарын 22-ны Л.Чинбат руу залгаад “нөгөө мөнгө маань юу болсон бэ? гэхэд “Соёлоо одоохондоо яриагүй байна 7 дугаар сарын сүүлээр өгнө гэж хэлсэн Соёлоо найдвартай” гэсээр байгаад 6 дугаар сарын 28 өнгөрч би Солонгос улс руу явсан. Би 7 дугаар сарын дундуур Солонгос улсаас ирээд ахиад маш олон удаа залгасан. Ингэсээр байгаад 8 сар өнгөрсөн. Тэгэхээр нь би Л.Чинбатад хандан “энэ чинь луйвар юм биш үү? гэж уурлахад М.Соёл-Эрдэнэ 9 дүгээр сарын 10-ны үеэр Улаанбаатарт ирэх юм байна ирэхээр нь очиж уулзъя гэж хэлсэн. Очиж уулзахдаа Л.Чинбат, М.Соёл-Эрдэнэ нар миний мөнгийг 9 дүгээр сарын сүүлээр өгнө гэж хэлсэн. Хүлээсээр байгаад 10 сар гарсан. Сүүлдээ М.Соёл-Эрдэнээс мөнгөө нэхэхэд хэн нь ч мэдэгдэхгүй олон хүмүүсийн нэр хэлээд байдаг болсон. Одоо миний машин хаана хэнд байгаа нь ч мэдэгдэхгүй байна. Тийм болохоор анх “зараад өгье” гэж хэлснээр нь М.Соёл-Эрдэнээс л мөнгөө гаргуулж авмаар байна... гэв.

 

          Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 6 дугаар баг, 5 дугаар байр, 9 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  Жинчин овгийн Минжийн Соёл-Эрдэнэ /регистрийн дугаар МЬ-79011911/  шүүхэд 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр  гаргасан тайлбартаа:

      ...Нэхэмжлэгч Д.Оюунсүрэн нь М.Соёл-Эрдэнэ надаас машины үлдэгдэл мөнгө гэж 16.900.000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. Д.Оюунсүрэнгийн танил Чинбат нь надад хандаж тус “машиныг зараад өгөөч” гэсэн юм. Тэгэхээр нь би Чинбатад тус болох зорилгоор зуучлан өгч Дархан-Уул аймгийн Ц.Ариунтуяа гэдэг хүнд уг машиныг 22 сая төгрөгөөр зээлээр худалдсан. Ингэж худалдахдаа би дур мэдэн зараагүй, Чинбатад хандаж “Ц.Ариунтуяа гэдэг хүн 22 сая төгрөгөөр авъя” гэж байна... гэдгийг хэлсэн. Дараа нь мөнгийг нь өгөхгүй болохоор би Ц.Ариунтуяад холбогдуулан Дархан-Уул аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн боловч анхан шат, давж заалдах шат, хяналтын шатны шүүхээс  “уг машин нь 2016 оны 6 дугаар сарын 6-нд Д.Оюунсүрэн нь “худалдах худалдан авах гэрээгээр Г.Сүх-Очир гэдэг хүнд 9000.000 төгрөгөөр зарсан байна” гээд миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон юм... Намайг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Ариунтуяа нь “би машиныг аваагүй, Б.Болдсайхан авсан тэр хүн 16.900.000 төгрөгийг төлөх ёстой гэсэн тайлбар өгсөн байсан. Тэр Б.Болдсайхан нь өөрөө шүүхэд хүсэлт гаргаж “Би 22 сая төгргөөөр уг машиныг авсан нь үнэн, би төлбөрийг төлж өгнө” гэж бичиж өгсөн байсан...Д.Оюунсүрэн, Чинбат нар надад машины бичиг баримтыг өгөөгүй. Би Чинбатыг надад хандаад “зараад өгөөч” гэхээр нь өөрөөс нь зөвшөөрөл авч байж зуучилж өгсөн...Оюунсүрэн машиныхаа үлдэгдэлийг нэхэж байгаа нь зөв боловч машиныг авсан Ц.Ариунтуяа, Б.Болдсайхан нараас нэхэмжлэх нь зүйтэй байх... гэжээ.      

     

          Хариуцагч: М.Соёл-Эрдэнэ 2017 оны 12 дугаар сарын 14-ний  шүүхэд өдөр  гаргасан хүсэлтдээ:

       ...Миний бие М.Соёл-Эрдэнэ нь шүүх хуралд оролцох гэсэн боловч боломжгүй болсон тул намайг байлцуулахгүйгээр шүүх хурлыг хийж өгнө үү!. Миний өмгөөлөгчөөр Л.Доржпүрэв шүүх хуралд оролцох болно.

           Би Оюунсүрэнгээс хууль журмын дагуу машиныг албан ёсоор шилжүүлж авсан зүйл байхгүй. Оюунсүрэнгийн найз Чинбат нь намайг “энэ машиныг зараад өгөөч” гэхээр нь би тус болох үүднээс зуучилж өгсөн. Би Ариунтуяа гэдэг хүнд өгөхдөө Оюунсүрэн, Чинбат нараас зөвшөөрөл авч асууж байж өгсөн юм. Үүний дараа Оюунсүрэн тус машиныг албан ёсоор өөр хүнд шилжүүлж өгсөн байсан. Би нэг ч төгрөг аваагүй, ямар ч ашиг хонжоо хайгаагүй. Ариунтуяа болохоор “Болдсайхан уг машиныг авсан” гэдэг юм. Болдсайхан нь “Би авсан нь үнэн” гэж шүүхэд тайлбар өгсөн байсан. Энэ бүх баримт хэргийн материалд байгаа.  Машиныг аваад мөнгийг нь хэрэглэсэн хүн нь  байсаар байхад надаас машины мөнгийг нэхэмжилж байгаад би гомдолтой байна. Иймээс машиныг авсан хүн Оюунсүрэнд мөнгийг нь өгөх ёстой гэж үзэж байна. Би Оюунсүрэнд машины мөнгийг нь олж өгөх гэж Улсын дээд шүүх хүртэл  явж, үнэн зөвийг нь олуулахаар хөөцөлдсөн. Дархан-Уул аймгийн шүүхийн өмнө “Би машиныг мөнгийг аваад хэрэглэсэн” гэж хэлж байсан Б.Болдсайхан нь төлбөрийг нь төлөх нь шудрага болно. Болдсайхан нь шүүхэд тайлбар өгөхдөө “Би М.Соёл-Эрдэнээс  авлагатай” гэж хэлсэн байсан. Энэ бол худлаа ярьж намайг гүтгэж байгаа явдал юм. Би Болдсайхан гэдэг хүнд ямар ч өр байхгүй. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж  намайг энэ хэргийн хариуцагчаас  чөлөөлж өгөхийг хүсч байна... гэжээ.

 

          Хамтран хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4-6 дугаар байрны 77 тоотод оршин суух, Тайшир овгийн Баасанжавын Болдсайханы  /регистийн дугаар ХН-74020311/ итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатар 2017 оны 11 дүгээр сарын 14-ний  шүүхэд өдөр  гаргасан тайлбар, болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

       ...Тус шүүхэд хандаж Д.Оюунсүрэнгийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. М.Соёл-Эрдэнэ нь 2015 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Д.Оюунсүрэн рүү утсаар ярьж, Г.Сүх-Очирт машиныхаа нэрийг шилжүүлээд өгөөрэй. Би мөнгийг нь өөрөө чамд өгнө” гэж хэлээд машиныг Г.Сүх-Очирын нэр дээр шилжүүлсэн байдаг. М.Соёл-Эрдэнэ энэ асуудлаа өөрөө шийднэ биз. Бидний хооронд авлага, өглөг бий. Иймд бид хоорондоо ярилцана. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж хамтран хариуцагчаар татагдсан Б.Болдсайхан өөрийн байр сууриа илэрхийлсэнийг итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд уламжилж байна...

     ...Хавтаст хэрэгт авагдсан баримт болон гэрчийн мэдүүлэг талуудын шүүх хуралдаанд гаргаж буй тайлбар зэргээс харахад анхнаасаа л Д.Оюунсүрэн М.Соёл-Эрдэнэ, Л.Чинбат нар уулзаад М.Соёл-Эрдэнэ нь Д.Оюунсүрэнгийн машиныг авч яваад 2 сарын дотор “зарсан ч бай зарагдаагүй ч бай мөнгийг өгнө” гэж тохирсон байдал харагдаж байна. Тэгэхээр тухайн машины мөнгийг Б.Болдсайханаас нэхэмжлэх нь тохиромжгүй гэж үзэж байна. Хэдийгээр бичгийн гэрээ байгуулаагүй ч бие биедээ маш их итгэсэн байсан тул аман хэлцэл хийсэн. Өөрөөр хэлбэл уг машины мөнгийг М.Соёл-Эрдэнээс гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна... гэв.

 

          Гэрч: Архангай аймгийн Өлзийт 1979 онд суманд төрсөн, дээд боловсролтой, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 1706-111 тоотод оршин суух, хувиараа худалдаа эрхэлдэг, Сандуй овгийн Лхагважавын Чинбат /регистрийн  дугаар АИ-79062374/ шүүхэд мэдүүлсэн мэдүүлэгтээ:

    ... М.Соёл-Эрдэнэ бид хоёр найз нөхдийн холбоотой. Д.Оюунсүрэнтэй ч гэсэн миний бие найз нөхдийн холбоотой. Д.Оюунсүрэн бид хоёр адилхан машины бизнес эрхэлдэг. Найздаа туслах зорилгоор зуучилсан нь үнэн. М.Соёл-Эрдэнэ Д.Оюунсүрэн бид гурав 2015 оны 04 дүгээр сарын 15-нд Улаанбаатар хот Хан-Уул дүүрэгт уулзсан. Уулзаад Д.Оюунсүрэн нь өөрийн машинаа М.Соёл-Эрдэнэд өгч явуулсан. М.Соёл-Эрдэнэ 2015 оны 06 дугаар сарын 20-ны дотор мөнгийг өгнө гэж хэлээд аваад явсан. 6 дугаар сарын 20 болохоос өмнө М.Соёл-Эрдэнэ над руу яриад “чам руу 9911 тэй дугаартай хүн очих байх машиныг шилжүүлээд өгөөч” гэж хэлсэн. Түүний дагуу би Д.Оюунсүрэн рүү залгаад “машинаа шилжүүлээд өгчих” гэж хэлсэн. Ингээд Д.Оюунсүрэн шилжүүлж өгсөн. Би уг машины мөнгийг М.Соёл-Эрдэнэ, Д.Оюунсүрэнд өгнө гэсэн ойлголттой явж байсан. Тийм ч учраас М.Соёл-Эрдэнэд хандан Д.Оюунсүрэнгийн мөнгийг нь ”хурдан өгөөрэй” гэж олон удаа хэлж байсан. Гэтэл энэ асуудал даамжирсаар дундуур нь янз янзын хүмүүсийн нэр яригдаж эхэлсэн. Бид 3 бие биедээ харилцан итгэсний үндсэн дээр л амаар тохиролцоо хийсэн. Хамгийн сүүлд уг машиныг Ц.Ариунтуяа гэдэг хүн авсан гэсэн сураг сонсогдсон. М.Соёл-Эрдэнэ намайг Дарханд “хүрээд ирээч” гэж дуудсан. Би ч яваад очсон. Тэгтэл Д.Оюунсүрэнгийн машиныг Ц.Ариунтуяа гэдэг хүн авсан мөнгийг нь тэр хүн өгөх ёстой гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Д.Оюунсүрэнгийн мөнгийг нь л өгч байвал хэн нь өгөх нь яах вэ? хурдан л мөнгийг нь өг” гэж хэлсэн.  

         Анх Д.Оюунсүрэн М.Соёл-Эрдэнэ болон миний бие Улаанбаатар хотод уулзаад М.Соёл-Эрдэнэ Д.Оюунсүрэнгийн машиныг зарсан ч зараагүй ч  2015 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор мөнгийг нь өгөхөөр тохиролцсон... гэв.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Үндэслэх нь:

 

         Д.Оюунсүрэн нь М.Соёл-Эрдэнэд холбогдуулан “Худалдах-худалдан авах гэрээний дагуу автомашины үлдэгдэл төлбөр 16.900.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

         Хариуцагч М.Соёл-Эрдэнэ нь “...Д.Оюунсүрэнгийн танил Чинбат нь надад хандаж тус машиныг зараад өгөөч гэсэн юм. Тэгэхээр нь би Чинбатад тус болох зорилгоор зуучлан өгсөн...” гэснээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...”, хамтран хариуцагч Б.Болдсайхан “....М.Соёл-Эрдэнэ нь 2015-06 дугаар сарын 06-ны өдөр Д.Оюунсүрэн рүү утсаар ярьж, Г.Сүх-Очирт машиныхаа нэрийг шилжүүлээд өгөөрэй. Би мөнгийг нь өөрөө  чамд өгнө” гэж хэлээд машиныг Г.Сүх-Очирын нэр дээр шилжүүлсэн байдаг. М.Соёл-Эрдэнэ энэ асуудлаа өөрөө шийднэ биз...” гэж тус тус маргажээ.

         Д.Оюунсүрэн нь 2014 оны 01 дүгээр сард БНСУлаас цагаан өнгийн, KNAGN415AA099961 арлын дугаартай, KIA-5 маркын суудлын автомашиныг Монгол Улсад оруулж ирээд шүүх хуралдаанд гэрчээр оролцож байгаа Чинбатын найз болох М.Соёл-Эрдэнэд  2015 оны 4 дүгээр сарын 15-ны  өгсөн байх бөгөөд М.Соёл-эрдэнэ уг машиныг 22 сая төгрөгөөр худалдахаар үнийг тохирч авч явсан байна.

        Нэхэмжлэгч Д.Оюунсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...М.Соёл-Эрдэнэ нь уг автомашиныг 22 сая төгрөгөөр зээлээр худалдан авахаар болоод...” гэснээр...“ “худалдах, худалдан авах гэрээний дагуу автомашины үлдэгдэл төлбөр...” нэхэмжилж байгаа боловч М.Соёл-Эрдэнэ, Д.Оюунсүрэн нарын хооронд машин худалдсан, худалдан авсан болохыг нотлох баримт байхгүй,  нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугар зүйлийн 25.2.2-т зааснаар “ ... нэхэмжлэлийн шаардлага, ...үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж...” өгөөгүй “худалдан авсан” гэх нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байна.

         Хариуцагч М.Соёл-Эрдэнэ нь шүүхэд гаргасан тайлбартаа “...Д.Оюунсүрэнгийн танил Чинбат нь надад хандаж тус машиныг зараад өгөөч гэсэн юм. Тэгэхээр нь би Чинбатад тус болох зорилгоор зуучлан өгсөн...”   гэх тайлбар нь гэрч Чинбатын шүүх хуралдаанд гаргасан “...Уулзаад Д.Оюунсүрэн нь өөрийн машинаа М.Соёл-Эрдэнэд өгч явуулсан. М.Соёл-Эрдэнэ 2015 оны 06 дугаар сарын 20-ны дотор мөнгийг өгнө гэж хэлээд аваад явсан. 6 дугаар сарын 20 болохоос өмнө М.Соёл-Эрдэнэ над руу яриад “чам руу 9911 тэй дугаартай хүн очих байх машиныг шилжүүлээд өгөөч” гэж хэлсэн. Түүний дагуу би Д.Оюунсүрэн рүү залгаад “машинаа шилжүүлээд өгчих” гэж хэлсэн. Ингээд Д.Оюунсүрэн шилжүүлж өгсөн. Би уг машины мөнгийг М.Соёл-Эрдэнэ, Д.Оюунсүрэнд өгнө гэсэн ойлголттой явж байсан...” гэх мэдүүлгээр нотлогдож байх тул М.Соёл-Эрдэнэ нь маргаж буй машиныг бусдад зарж борлуулахад зуучлах үүрэгтэй оролцож, энэ нь Иргэний хуулинд заасны дагуу зуучлах гэрээ хэлцэл хийгээгүй ч гэсэн машиныг худалдан авах этгээдтэй холбож өгснөөр зуучлалын үлй ажиллагаа дуусгавар болж,  Д.Оюунсүрэн нь өөрийн эзэмшлийн машиныг бусдад “худалдах, худалдан авах” гэрээг байгуулан шилжүүлсэн болох нь нотлогдож байна.

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаж буй машиныг Б.Болдсайхан худалдан авсан болох талаар М.Соёл-Эрдэний шүүхэд гаргасан тайлбар, мөн энэ талаар баримтыг татан авах тухай гаргасан хүсэлтийн хангаж ДарханУул аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Б.Болдсайхан, Ц.Ариунтуяа нарын Дархан-Уул аймгийн Сум дундын Иргэний иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбар, гэрчээр асуугдаж өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудыг татан авснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар “...Шаардлагатай гэж үзэж...” Б.Болдсайханыг шүүгчийн захирамжаар хамтран хариуцагчаар татан оролцуулж, хамтран хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулсан болно.

          Хамтран хариуцагч нь нэхэмжлэлд “...М.Соёл-Эрдэнэ нь 2015 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Д.Оюунсүрэн рүү утсаар ярьж, Г.Сүх-Очирт машиныхаа нэрийг шилжүүлээд өгөөрэй. Би мөнгийг нь өөрөө чамд өгнө” гэж хэлээд машиныг Г.Сүх-Очирын нэр дээр шилжүүлсэн байдаг.  М.Соёл-Эрдэнэ энэ асуудлаа өөрөө шийднэ биз. ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэсэн тайлбар гаргасан байна.

         Харин уг маргаж буй машиныг Б.Болдсайхан худалдан авсан талаар 2016 оны 02 дугаар сарын 22-нд Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн шүүхэд “...КИА-5 маркын машиныг би анх М.Соёл-Эрдэнээс худалдан авахаар тохиролцож авсан. Машин анх ирэхдээ жаахан эвдрэлтэй ирсэн. Үнэ ханшаа 22 сая төгрөг гэж тохиролцоогүй. Тухайн үед машины ханш 18.000.000 төгрөг байсан. Уг машиныг хүнээр янзлуулаад унах гэсэн болохгүй байсан. Би Гантулгад өглөгтэй байсан. Тэгээд уг машиныг 16.000.000 төгрөгөнд бодож өгсөн...Тухайн үед дүү болох Мөнх-Эрдэнийг, Соёл-Эрдэнээс машин аваад ир гэж явуулсан. Мөнх-Эрдэнэ 2015 оны 4 дүгээр сард  Сэлэнгэ аймгаас авчирсан... “ гэх мэдүүлэг, мөн өдрөө тус шүүхэд гаргасан “...М.Соёл-эрдэнэ КИА-5 маркын машиныг 22 сая төгрөгөөр авсан тухайн машины үлдэгдэл 16.9000.000 төгрөг Ц.Ариунтуяагаас нэхэмжилсэн байна. Тус машиныг би М.Соёл-Эрдэнээс өөрөө очиж авсан... Тухайн  КИА-5 маркын машиныг би авсан учир М.Соёл-Эрдэнэд машины үнийг бүрэн төлж барагдуулах болно...” гэсэн тайлбар зэрэг баримтуудаас үзэхэд М.Соёл-Эрдэний зуучилсны дагуу тухайн үед Б.Болдсайхан нь “КИА-5” маркын машиныг худалдан авсан болох нь нотлогдож байна. 

          Хамтран хариуцагч Б.Болдсайхан нь нь “КИА-5” маркын машиныг мөнгийг төлөхгүй гэж маргаж байгаа боловч өөрийн татгалзлыг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, харин “М.Соёл-Эрдэнэ бид хоёрын авлага, өглөг бий. Иймд бид хоорондоо ярилцана...” гэсэн тайлбар ирүүлсэн нь Д.Оюунсүрэнгийн машиныг М.Соёл-Эрдэнээс авсан гэх асуудалтай  хамааралгүй юм..

         Д.Оюунсүрэн нь М.Соёл-Эрдэнэд холбогдуулан “Худалдах, худалдан авах гэрээний дагуу автомашины үлдэгдэл төлбөр 16.900.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч уг машиныг М.Соёл-Эрдэнэ худалдан авсан болох нь нотлогдоогүй тул Д.Оюунсүрэнгийн нэхэмжлэлтэй М.Соёл-Эрдэнэд холбогдох “Автомашины үлдэгдэл төлбөр 16.900.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, хамтран хариуцагч Б.Болдсайханаас автомашины үлдэгдэл төлбөр 16.900.000 төгрөг гаргуулан Д.Оюунсүрэнд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 242.450 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хамтран хариуцагч Б.Болдсайханаас 240.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 117, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зааснаар Д.Оюунсүрэнгийн нэхэмжлэлтэй, М.Соёл-Эрдэнэээс “худалдах- худалдан авах гэрээний дагуу автомашины төлбөр 16.900.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Б.Болдсайханаас 16.900.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Оюунсүрэнд олгосугай.   

          2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 242.450 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хамтран хариуцагч Б.Болдсайханаас улсын тэмдэгтийн хураамжинд 242.450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Оюунсүрэнд олгосугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр   зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг  дурдсугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр   зүйлийн 119.4-т зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал энэ  хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

          5. Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр   зүйлийн  119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны  дагуу  хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан авсанд тооцсугай.

          6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр   зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

          7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш  14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах  шатны  шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ