Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2020/00087

 

Д.О-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

          Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн       

          2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 67 дугаар шийдвэр,

          Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 17 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Д.О-

          Хариуцагч: М....-Эрдэнэд холбогдох

          17,914,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Алтангэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв, нарийн бичгийн даргад Ц.Энхтүвшин нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний бие 2014-01-16-ны өдөр БНСУ-аас 2011 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн, ....A099961 арлын дугаартай, KIA-5 маркийн суудлын авто машиныг М....-Эрдэнэд 22 сая төгрөгөөр зээлээр худалдахаар болж, 2015-04-15-ны өдөр өгсөн. М....-Эрдэнэ 2015-06-06-ны өдөр хэлснийх нь дагуу  машиныг Г.Сүх-Очирийн нэр дээр бичиг баримтыг шилжүүлж өгсөн. Хариуцагч хэлэхдээ мөнгийг нь өөрөө өгнө гэсэн. Үүнээс хойш М....-Эрдэнэ 2015-11-р сард 5,1 сая төгрөгийг танил Чинбатаар дамжуулан надад төлсөн. Дахин мөнгө төлөөгүй. Иймд М....-Эрдэнээс машины үлдэгдэл төлбөр болох 16,900,000 төгрөгийг хүү, 1,014,000 төгрөгийн хамт нийт 17,914,000 төгрөг гаргуулна гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Машиныг огт аваагүй. 2015-05-р сард Л.Чинбат над руу залгаад, уулзмаар байна гэхээр уулзсан. Л.Чинбат машин зарж өгч туслаач гэж хэлсэн. Би ямар учиртай машин болохыг асуухад “....найз Д.О-   Солонгос улсад ажил хийж ирээд машиныг авсан, Улаанбаатар хотод зарагдахгүй байна... Сэлэнгэ рүү унаж яваад зарах талаас нь үзүүлж харуулаад өг...” гэж хэлсэн. Бид хоёр өмнө бие биедээ тусалж байсан болохоор би машиныг нь аваад явсан. Сэлэнгэ аймагт авч ирээд үзүүлтэл “...бензин хийдэг машиныг газ хийдэг болгосон байна...” гэж байсан.  Тэгэхээр би Л.Чинбат руу залгаад “...энэ машин чинь зарагдахгүй юм байна буцаагаад ав..” гэхэд ...”...яаж ийгээд наадхаа далд оруул...” гэж хэлсэн. Дарханд байдаг миний танил Ц.Ариунтуяа над руу залгаад чамд prius маркийн машин байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би надад prius байхгүй харин КIA5 маркийн машин байна. 22 сая төгрөгөөр намайг зараад өгөөч гэж хэлсэн юм гэж ярьсан. Тэгээд Ц.Ариунтуяа “...10 сая төгрөгөнд нь түлш үлдсэн 12 сая төгрөгийг нь намар тарьсан будаагаа хураахаараа өгье...” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “.... хүний машин болохоор асууяа....” гэж хариулсан. Л.Чинбат ч гэсэн Ц.Ариунтуяаг танина. Тэгээд би Л.Чинбаттай яриад Ц.Ариунтуяагийн тавьсан саналыг хэлэхэд өг, өг гэж хэлсэн. Ц.Ариунтуяа 2015-05 сард 3 сая төгрөгнийхөө түлшийг өгсөн. Дахин 2,1 сая төгрөгийн түлш өгөөд түүнээс хойш утсаа унтраагаад алга болсон. Ингээд 2015-08-р сард Д.О-, Л.Чинбат, Ц.Ариунтуяа болон миний бие уулзалдаад би Ц.Ариунтуяагаас түлш гэж авсан 5,1 сая төгрөгийг Л.Чинбатад өгөөд та нар өөрсдөө өгөө аваагаа тохир, одоо надад хамаагүй гэж хэлсэн. Тэгээд тэд 16,9 сая төгрөгийг сарын дотор өгөхөөр тохиролцож байсан.Гэтэл 2015-10-р сард надад холбогдуулаад залилангийн хэргээр эрүү үүссэн байсан. Улмаар хуулийн байгууллага шалгаад надад ямар ч буруу байхгүй болохыг тогтоосон. Энэ хэрэг маш олон шатны шүүхээр орсон. Би хүнд туслах үүднээс явж байгаад л ийм нөхцөл байдалд орсон. Түүнээс биш би уг машиныг зарж өөртөө ашиг унагах гэсэн зорилго байгаагүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

      Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 67 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасныг баримтлан 16,900,000 төгрөг гаргуулах М....-Эрдэнэд холбогдох Д.О-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 242,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

     Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 17 дугаар магадлалаар Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 14-ний өдрийн 67 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан М....-Эрдэнээс 16,900,000 төгрөг гаргуулж Д.О-д олгож, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 242,450 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж , хариуцагчаас 242,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 57.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 243,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

      Хариуцагч хяналтын гомдолдоо: Давж заалдах шатны шүүх ИХ-ийн 243-р зүйлийг хэрэглэх ёсгүй байсан. Би Д.О-гээс машиныг худалдан аваагүй. Л.Чинбатын гуйлтаар бусдад зуучилж өгсөн. Өмнө нь хяналтын шатны шүүх хуралдааны 2018-11-30-ны өдрийн 001/ХТ2018/01721-р тогтоол гарсан бөгөөд уг тогтоолоор М....-Эрдэнэ  машиныг худалдан авсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, Д.О- нь машинаа Г.Сүх-Очирт худалдах-худалдан авах гэрээ хийж 9 сая төгрөгөөр худалдсан баримт байна, автомашины үнэ тодорхойгүй байна, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна гэж магадлалыг хүчингүй болгож буцаасан. Д.О-г машинаа Г.Сүх-Очир гэдэг хүнд 9 сая төгрөгөөр зарсныг нь би мэдээгүй, Г.Сүх-Очир гэдэг хүнийг танихгүй. Би Улсын Дээд шүүх зөв тогтоол гаргасан гэж үздэг. Гэтэл хэргийн материалд ямар ч өөрчлөлт ороогүй, өмнөх байдал хэвээрээ байхад давж заалдах шатны шүүх магадлалаа дахиад гаргасанд гомдолтой байна. Хэрэгт  нэхэмжлэгчийн машиныг үнэлээгүй, үнэлсэн баримт огт байхгүй юм. 16,900,000 төгрөг надаас гаргуулахаар шийдвэрлэснийг би үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн М....-Эрдэнэ намайг өөрийн танил Ц.Ариунтуяагаар дамжуулан Б.Болдсайханд машиныг худалдахаар өгсөн, Б.Болдсайхан нь автомашиныг Г.Сүх-Очирт дамжуулан худалдсан байна гэж бичсэн нь үнэнд нийцэхгүй юм. Учир нь: Би Б.Болдсайханд машиныг худалдаагүй бөгөөд Б.Болдсайхан нь ч Г.Сүх-Очирт машиныг дамжуулан худалдаагүй юм. Харин Б.Болдсайхан уг машиныг аваад н.Гантулга гэдэг хүнд өрөндөө өгсөн гэдэг нь хэрэгт байгаа юм. Автомашиныг Б.Болдсайхан биш, машины өмчлөгч Д.О- нь өөрөө нотариатын газар очиж худалдах-худалдан авах гэрээ хийж Г.Сүх-Очир гэдэг хүнд 9 сая төгрөгөөр худалдаж шилжүүлсэн байдаг. Гэтэл энэ бүх баримтуудыг дүгнэж үзэхгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа ХААН банкны дансны хуулгыг гомдолдоо хавсаргаж өгч М....-Эрдэнэ нь машины төлбөрт 5 сая төгрөг шилжүүлж байсан гэсэн байна. Би Чинбатын гуйлтаар явж байсан болохоороо хөөцөлдөж байж авч өгсөн 5 сая төгрөг юм. Энэ тухай би урьд өмнө нь шүүхэд тайлбар бичиж өгч байсан. Давж заалдах шатны шүүх миний хэлж байгаа тайлбарыг дүгнэдэггүй, нотлох баримт гэж үздэггүй атлаа Д.О-, Л.Чинбат хоёрын тайлбарыг нотлох баримт болгож зааж, шийдвэрийнхээ гол үндэслэл болгодог явдал юм. Д.О-, Л.Чинбат хоёр бол машиныхаа мөнгийг надаас хурдан хугацаанд гаргуулж авах гэсэн зорилгоор худлаа тайлбар өгч байгаа юм. Би Г.Сүх-Очирт машинаа шилжүүлж өг гэж Д.О-, Л.Чинбат нарт хэлээгүй, тэгж хэлэх ямар ч хэрэгцээ шаардлага байхгүй. Г.Сүх-Очир гэдэг хүнийг би танихгүй, машины мөнгийг би өөрөөсөө өгнө гэж огт хэлээгүй. Би Д.О-г таньдаггүй байсан, би түүнээс машин худалдаж аваагүй байж өр төлбөрт орж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

       Д.О- 2017-02-09-ний өдөр шүүхэд хандаж, М....-Эрдэнээс 16,900,000 төгрөг гаргуулахыг шаардаж, үндэслэлээ “...2014-01-16-ны өдөр KIA-5 маркийн авто машиныг 22 сая төгрөгөөр, зээлээр худалдахаар тохирсон...5,1 сая төгрөгийг авсан...хариуцагчийн хүсэлтээр машины бичиг баримтыг Г.Сүх-Очирт шилжүүлж өгсөн...” гэж тайлбарлан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүү 1,014,000 төгрөг шаардаж, нэхэмжлэлийн үнийн дүнг 17,914,000 төгрөг болгож нэмэгдүүлсэн /хх1-н 1,162,170/ байна.

      Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...2015-05-сард Чинбат гуйсан тул машиныг зарсан...Ц.Ариунтуяа машиныг авч 5,1 сая төгрөг өгснийг Чинбатад өгөөд бусад асуудлаа өөрсдөө тохир гээд үлдээсэн...Чинбат бол Ариунтуяаг таньдаг...би машин худалдаж аваагүй...хүү төлөхгүй...” гэжээ. /хх1-н 21-22, 97, 198/

      Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “...зуучлалын гэрээ  байгуулагдсан байна... хариуцагч машиныг зээлээр худалдан авсан нь.. мөн төлбөрт  5,100,000 төгрөг шилжүүлсэн нь нотлогдоогүй...” гэсэн дүгнэлт хийсэн байна. 

      Давж заалдах шатны шүүх “...машиныг 22,000,000 төгрөгөөр худалдан борлуулах зорилгоор М....-Эрдэнэд өгснийг хариуцагч хүлээн авсан байна... М....-Эрдэнэ машины үнэд 5,100,000 төгрөг шилжүүлсэн нь тогтоогдсон...Д.О- М....-Эрдэнэ нарын хооронд худалдах-худалдан авах хэлцэл хийгдсэн байна...машины үнийн талаар талууд маргаагүй...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангажээ. 

      Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...Л.Чинбатын гуйлтаар машиныг бусдад зуучилж зарсан...өмнө Дээд шүүх хэргийг буцаасан байхад ямар нэг баримт нэмэгдээгүй байхад хэргийг шийдсэн... миний тайлбарыг дүгнэдэггүй атлаа Д.О-, Л.Чинбат хоёрын тайлбарыг нотлох баримт болгон шийдвэрийнхээ гол үндэслэл болгоод байна...” гэжээ.

      Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

      1. Нэхэмжлэлийн талаар

      Д.О- 17,914,000 төгрөг шаардсан байхад анхан шатны шүүх 16,900,000 төгрөг нэхэмжилсэн гэж үзсэн нь, давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 26 дугаар зүйлийн 26.2, 115 дугаар зүйлийн 115.2-т нийцээгүй байна.

     Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Д.О- М....-Эрдэнээс KIA-5 маркийн  машины үлдэгдэл үнэ 16,900,000 төгрөгийг шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүү шаардан нэхэмжлэлийн үнийн дүнг нэмэгдүүлжээ. /хх1-н 1, 162,170/  

     Дурдсан нэхэмжлэлийг өөрчилсөн баримт хэрэгт байхгүй тул Д.О- нь М....-Эрдэнээс машины үлдэгдэл үнэ 16,900,000 төгрөг, хүү 1,014,000 төгрөг нийт 17,914,000 төгрөг шаардсан гэж үзнэ.

     Машины үлдэгдэл үнэ болон хүүгийн талаар хариуцагч тайлбар өгч, зохигч мэтгэлцсэн байх тул хяналтын шатны шүүхээс хэргийг 17,914,000 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээнд хянах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д нийцнэ.   

    2. Машины үлдэгдэл үнэ 16,900,000 төгрөгийн шаардлагын талаар

    а/. Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь дутагдалтай болжээ.

    Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. 

    Нэхэмжлэгч нь KIA маркийн 2011 онд үйлдвэрлэгдсэн ...ABA099961 тоот арлын дугаартай цагаан өнгийн суудлын автомашин /цаашид “машин” гэх/-г 22,000,000 төгрөгөөр худалдсан нь нотлогдоогүй, машины бичиг баримт М....-Эрдэнийн нэр дээр шилжээгүй, хариуцагч машин хүлээн авч үнийг төлөх үүрэг хүлээсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.  

    б/. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Д.О-, Л.Чинбат нар нь 2015-04-15-ны өдөр машиныг 22,000,000 төгрөгөөр заруулахаар М....-Эрдэнэд өгсөн байна.

     Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

     Хариуцагч “...намайг гуйсан тул тус болох гэж бодсон...” гэсэн агуулга бүхий тайлбар өгснөөс үзвэл даалгавар гүйцэтгэгч нь даалгаврыг хариу төлбөргүй буюу хөлс авахгүйгээр гүйцэтгэхээр тохирсон гэж үзэхээр байна. 

    Даалгаврын гэрээг заавал бичгээр хийх хуулийн шаардлага байхгүй, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна. Хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргийг талуудын хэн аль биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д зааснаар шаардах эрхтэй . 

     в/. Даалгавар гүйцэтгэгч даалгаврыг даалгавар өгөгчийн зааврын дагуу гүйцэтгэх үүрэгтэй ба даалгавар өгөгчийн ашиг сонирхлын үүднээс түүний өгсөн зааврыг өөрчлөх зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ талаар урьдчилан мэдэгдэх боломжгүй байсан, эсхүл мэдэгдсэн боловч зохих хугацаанд хариу аваагүй бол даалгавар гүйцэтгэгч уг зааврыг өөрчлөх эрхтэй.

      Зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээс үзвэл, Д.О-, Л.Чинбат нар нь машиныг Ц.Ариунтуяад худалдах даалгавар өгсөн байхад уг машиныг хариуцагч даалгавар өгөгчийн заасан хүнд буюу Ц.Ариунтуяад худалдаагүй нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-09-09-ний өдрийн 1194 дүгээр хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогджээ. 

     Тодруулбал, машиныг Болдсайхан худалдан авсан гэх боловч бичиг баримт нь Г.Сүх-Очирт шилжиж, Г.Сүх-Очир М.Бурмаад, М.Бурмаа Г.Намсрайтогтоход машиныг худалдсан нь нотлогдсон байна. 

     Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч нь машиныг Ц.Ариунтуяагаас өөр хүнд худалдах талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй бөгөөд машиныг Болдсайхан худалдан авсан гэх боловч бичиг баримт нь Г.Сүх-Очирт шилжиж, Г.Сүх-Очир М.Бурмаад, М.Бурмаа Г.Намсрайтогтоход машиныг дамжуулан худалдсанаас даалгавар өгөгч машинаа буцааж авч чадахгүйд хүрч, хохирсон гэж үзэх нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 400 дүгээр  зүйлийн 400.2-т нийцнэ.

     г/. Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.

     Нэхэмжлэгчийн машины үнийн талаарх мэдээллийг шүүхэд ирүүлээгүй байх тул хэрэгт байгаа баримтын хэмжээнд энэ талаар дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчихгүй болно.

     Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, маргааны зүйл болсон машины ханш тухайн үед  18,000,000 төгрөгийн үнэтэй байсан талаар гэрч Б.Болдсайханы мэдүүлгийг /хх 1-3,37/ үгүйсгэх баримт байхгүй байна.

    Иймд машиныг 18,000,000 төгрөгийн үнэтэй гэж үзэн уг үнээс нэхэмжлэгчийн авсан 5,100,000 төгрөгийг хасаж үлдэх 12,900,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 399, 219 дүгээр зүйлд нийцнэ.

    3. Хүү 1,014,000 төгрөгийн шаардлагын талаар:

    Нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт хүү тооцох талаар тохиролцоогүй байх тул хариуцагчаас 1,014,000 төгрөг гаргуулах үндэслэлгүй байна.

    Иймд магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчаас 12,900,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс 5,014,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангав.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

   1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 17 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтын “...243 дугаар зүйлийн 243.1...” гэснийг “...399 дүгээр зүйлийн 399.1, 219 дүгээр зүйлийн 219.1...” гэж.,  “...16,900,000 төгрөг гаргуулж Д.О-д олгосугай..” гэснийг “...12,900,000 төгрөг гаргуулж Д.О-д олгож, нэхэмжлэлээс 5,014,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай..” гэж., “...хариуцагчаас 242,450 төгрөг гаргуулан..” гэснийг “...хариуцагчаас  220,810 төгрөг гаргуулан...” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй. 

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т  заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 242,450 төгрөгийг хариуцагчид захирамжаар буцааж олгосугай. 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ