Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2015/0591/З |
Дугаар | 221/МА2015/0555 |
Огноо | 2015-12-03 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2015/0555
2015 оны 12 сарын 03 өдөр Дугаар 221/МА2015/0555
Х.М ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгч Х.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.О, Л.С, И.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 494 дүгээр шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Х.М ын нэхэмжлэлтэй, МХЕГ-ын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 123 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Х.М нь албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, байгууллагын 2014 оны 5, 8, 9, 10, 11, 12 сарын санхүүгийн баримтыг хулгайд алдсанаас аудит хийх боломжгүй болсон, төсвийн шууд захирагчийн хувьд ноцтой алдаа гаргасан тул Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1 заалтыг үндэслэн хариуцлага тооцохыг шаардсан Өвөрхангай аймгийн Аудитын газрын албан шаардлагыг МХЕГ-ын даргад ирүүлсэн. Мөн Х.М ад удирдлагаас өгсөн удаа дараагийн үүрэг даалгаврыг үл биелүүлж, албан үүргээ биелүүлээгүй тул МХЕГ-ын даргын 2015 оны 87 дугаар тушаалаар албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсныг хэрэгжилтийг хангуулаагүй гэх зөрчлүүдийг гаргасан нь нотлогдсон тул Газрын даргын
2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 123 дугаар тушаалаар төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан. гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 494 дүгээр шийдвэрээр: 1. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасныг баримтлан МХЕГ-ын даргын 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 123 дугаар тушаалыг хүчингүй болгож, Х.М ыг Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд эргүүлэн томилж,
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ажилгүй байсан хугацааны цалин 4.183.214.14 (Дөрвөн сая нэг зуун наян гурван мянга хоёр зуун арван дөрвөн) төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.М ад олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолдоо: 1....Шүүгч сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо нөхцөл байдлыг нягтлан үзээгүй байна. Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 44 дүгээр захирамжаар Ш.Раднаасэдийг МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Ш.Раднаасэд томилогдож ирснийхээ дараа МХЕГ-ын үйл ажиллагаатай танилцах, тулгамдаж буй болон цаашид шийдвэрлэх асуудлыг судлан шаардлагатай арга хэмжээ авах, Монгол Улсын Шадар сайдын 2015 оны 25 дугаар тушаалыг хэрэгжүүлэх хүрээнд МХЕГ-т бүтэц, орон тоог шинэчлэн баталж хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг эхний ээлжинд хийсэн бөгөөд 3 дугаар сараас орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагуудын ажлын үр дүнтэй танилцах, мэдээлэл авах, судалж шийдвэрлэх ажил руу орсон. Энэ явцад Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ажлын үр дүн зарим талаараа хангалтгүй явж ирснийг даргынх нь хариуцлагагүй байдал, алдаа зөрчлийг олж мэдэж, хуулиар олгогдсон эрх, үүргийнхээ дагуу Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Х.М ад зохих сахилгын шийтгэл ногдуулсан болно. Өөрөөр хэлбэл, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт дэд бүтцийн хяналтын чиглэлээр улсын хэмжээнд хамгийн бага буюу 47.3%.-ийн үнэлгээ авч хангалтгүй үнэлэгдсэн, хоол, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний газрын ажлын байрны стандартын шаардлагын түвшингийн үзүүлэлт улсын хэмжээнд хамгийн доогуур буюу 50%-аас бага үнэлэгдсэн, Засгийн газраас мэргэжлийн хяналтын байгууллагын шинэчлэлийг гүнзгийрүүлэх талаар баримталж байгаа бодлого, зорилтын хүрээнд болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3,6-д "хяналт шалгалтын бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж хөтлөх" гэж заасны дагуу хийж байгаа хяналт шалгалтын мэдээллийн сангийн мэдээллийг тогтоосон хугацаанд баяжуулж байх ажлыг шаардлагын түвшинд хийгээгүй, зарим орон тоог бүтэн жилийн хугацаанд гүйцээж нөхөөгүйгээс тэдгээр салбарын хяналтууд аймгийн хэмжээнд орхигдсон, байгууллагынхаа 2014 оны санхүүгийн зарим баримтыг хулгайд алдаж, төсвийн гүйцэтгэлийн тайланд аудитын дүгнэлт гаргуулах боломжгүй болгосон зэрэг зөрчил дутагдлыг Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Х.М гаргасныг олж мэдсэн даруйдаа түүнд холбогдох хуулийн дагуу зохих хариуцлагыг тооцсон. Хариуцсан ажил, хүлээсэн үүрэгтээ хайнга, хариуцлагагүй. санаачлагагүй хандаж, удирдлагын манлайллыг шаардлагын түвшинд хэрэгжүүлээгүй Х.М ад хариуцлага тооцоогүй МХЕГ-ын өмнөх даргын эс үйлдэхүйг залруулж, Х.М ыг ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн 26.4-т заасан хугацааг хэтрүүлээгүй төдийгүй Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 8 дугаар тогтоолын 11 -д заасан тайлбартай бүрэн нийцэж байгаа юм.
Мэргэжлийн хяналтын байгууллага нь "хуульд заасны дагуу хууль тогтоомж болон нийтээр дагаж мөрдөх эрх зүйн бусад актын биелэлтэд хяналт тавих" чиг үүргийг хэрэгжүүлэхээр Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1-д заасан. Мөн МХЕГ-ын даргын баталсан "Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалын тодорхойлолт"-ын нэгдүгээр үндсэн зорилтын 1.2-т "Хууль тогтоомж, УИХ, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон удирдах дээд байгууллагын шийдвэрийн хэрэгжилтийг хангах ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах", хоёрдугаар үндсэн зорилтын 2.3-т "Хяналт шалгалтаар илэрч байгаа зөрчил, дутагдалд дүн шинжилгээ хийж, гүйцэтгэлийн хяналт хийх замаар цаашид энэ төрлийн зөрчлийг давтан гаргахгүй байх", гол үйл ажиллагааны 1.4-т "МХЕГ-ын даргатай үр дүнгийн гэрээ байгуулах, биелэлтийг хангах", 2.1-д "Хууль тогтоомж, Засгийн газар болон Шадар сайд, МХЕГ-ын даргын тушаал шийдвэрийг сурталчлах, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг хариуцсан хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих, хангуулах" үүргийг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад хариуцуулсан байдаг. Гэтэл шүүх "2014 оны ажлын төлөвлөгөөний дэд бүтцийн хяналтын чиглэлээр хангалтгүй үнэлэгдсэн, хоол, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний газрын ажлын байрны стандартын шаардлагын түвшингийн үзүүлэлт улсын хэмжээнд хамгийн доогуур буюу 50 хувиас бага гарсан гэсэн дүгнэлтүүд нь аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын ажлын байрны тодорхойлолт, чиг үүрэгт шууд заагаагүй үүргийг хариуцуулан тооцож сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл муутай" гэж дүгнэсэн нь нотлох баримтуудыг гүйцэд судлаагүй, асуудалд хайнга ханджээ гэж үзэхэд хүргэж байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлд Мэргэжлийн хяналтын байгууллагыг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах "тусгайлсан" чиг үүрэгтэй байгууллага байхаар хуульчилсан бөгөөд Үндэсний аюулгүй байдлын нэг бүрэлдэхүүн хэсэг болсон хүнсний аюулгүй байдал манай орны хувьд тулгамдсан асуудал хэвээр байгаа өнөө үед энэ чиглэлээр тавих хяналтыг хангалтгүй хэрэгжүүлсэн нь хуулийн талаас авч үзсэн ч, нийгэмд цаашид үзүүлж болох сөрөг нөлөөллийн хувьд ч авч үзсэн Х.М ыг ажлаас халах хэмжээний ноцтой зөрчил мөн.
2. ...Төрийн хяналт шалгалтын тухай хуульд 2010 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Мэргэжлийн хяналтын байгууллага хяналтын үйл ажиллагаанд шинэчлэл хийх, ялангуяа эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд энэ шинэчлэлийн хүрээнд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.6-д "хяналт шалгалтын бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж хөтлөх" гэж заасны дагуу хяналт шалгалтын мэдээллийн сан бий болгож, хөтлөх ажлыг системийн хэмжээнд эхлүүлсэн билээ. Энэхүү мэдээллийн сан нь эрсдэлийн үнэлгээг системийн хэмжээнд нэгтгэн бодитой хийж, эрсдэлд суурилсан хяналтыг оновчтой хэрэгжүүлэхэд суурь өгөгдөл болж өгдөгөөр чухал ач холбогдолтой байдаг. Х.М энэ ажлыг байгууллагынхаа хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг хангалтгүй зохион байгуулж, манлайлж ажиллаагүй талаар нотлох баримт гаргаж өгсөн боловч анхан шатны шүүх "энэ талаар хангалттай нотлох баримт байхгүй" гэж үзсэнтэй санал нийлэхгүй байна.
Уг зөрчлийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өгөх тайлбарыг дээр бичсэн.
3. ...Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д "Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх орон нутгийн байгууллагын дарга нь улсын ахлах байцаагч байна.", 10.7-д"Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх орон нутгийн байгууллагын улсын байцаагчийг тухайн орон нутаг дахь улсын ахлах байцаагч томилж, чөлөөлнө", Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38-д'төсвийн шууд захирагч гэж төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг", 16 дугаар зүйлийн 16.1-д "Төсвийн байгууллага нь түүний үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэг бүхий төсвийн шууд захирагчтай байна.", 16.5.3-д "батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох", 16.5.4-д "төсвийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх", 16.5.5-д "батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах" гэж тус тус заасны дагуу Х.М нь батлагдсан орон тоог бүрэн нөхөж, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг аймгийн хэмжээнд хяналтын бүх чиглэлээр жигд хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн албан тушаалтан юм. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн хяналтыг Өвөрхангай аймгийн хэмжээнд хэрэгжүүлэхэд зориулж, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулиар баталж өгсөн төсөв, цалингийн сан, хуваарилагдсан мөнгийг зориулалтын дагуу зарцуулах үүрэгтэй. Харин хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхгүй,төрийн хяналтыг орхигдуулах байдлаар төсвийн хэмнэлт гаргах нь хуульд харш үйлдэл мөн гэж үзэж байна.
Х.М нь Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн, эрүүл ахуй, халдвар хамгааллын, эмнэлгийн тусламж үйлчилгээний, мал эмнэлгийн, байгаль орчны, газрын харилцаа, геодези зураг зүйн, хэмжил зүйн болон мэдээлэл холбооны хяналтын улсын байцаагчийн орон тоог 2014 оны эхнээс нөхөлгүй явж ирснээс 40 орчим хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ажлыг тасалдуулж, төрийн үйлчилгээг шуурхай, иж бүрэн, хүртээмжтэй хүргэж ажиллах хуулиар хүлээсэн үүргээ үл биелүүлсэн байхад анхан шатны шүүхээс МХЕГ-ын даргын 2014 оны 313 дугаар тушаалаар баталсан орон тоог бүрэн ашиглаагүй улсын байцаагчийн 8 сул орон тоотой ажилласан гэж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна
Х.М нь Өвөрхангай аймагт дээр дурдсан 8 салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг хангуулах хуулиар хүлээсэн үүргээ үл биелүүлсэн ноцтой зөрчил гаргаснаа Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолоор хайцаалан "төсөв хэмнэсэн" гэдэг үндэслэлээр гэм зэмгүй өнгөрөхийг оролдож байгаа нь төрийн албаны удирдах ажилтны ёс зүйд таарахгүй. Ийм ноцтой зөрчлийг анхан шатны шүүх өөгшүүлж, эдгээр орон тоо Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоол гарахаас өмнө сул байсныг анхаарч үзэлгүй, Х.М ыг буруугүй гэж шийдвэрлэсэн нь эрх зүйт төрийн зарчимд нийцэхгүй байна.
4. 2014 оны Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн баримтууд 2015 оны 01 дүгээр сарын 23-26-ны өдрүүдэд тус газрын нягтлан бодогч С.Наранцэцэгийн ажлын өрөөнөөс алдагдаж төсвийн гүйцэтгэлийн тайланд аудит хийх боломжгүй болсон тул төрийн аудитын тухай хуулийн дагуу санал дүгнэлт өгөхөөс татгалзсан тухай тус аймгийн ахлах аудитор Мэргэжлийн хяналтын газрын дарга Х.М болон МХЕГ-ын даргад тус тус албан шаардлага хүргүүлж байжээ.
Х.М Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрыг удирдаж өдөр тутмын хэвийн, аюулгүй ажиллагааг хангах үүрэгтээ хайнга хандаж байгууллагын харуул хамгаалалт сонор сэрэмж муу, нягтлан бодогч санхүүгийн баримт бичиг, материалаа хадгалах сейфгүй, удирдлагын зүгээс ажилтны ажиллах нөхцөлийг сайжруулах талаар ажил зохион байгуулаагүй буруу хэдий ч энэ нь тухай байгууллагын даргыг ажлаас халах хэмжээний сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болгоход эргэлзээтэйн дээр сахилгын шийтгэлийг гаргасан зөрчилд нь тохируулан ногдуулах тухай хуулийн зохицуулалттай нийцээгүй байна.
Санхүүгийн баримт бичиг алдагдаж, аудит хийх боломжгүй болсонтой холбогдуулан Өвөрхангай аймгийн Аудитын газрын ахлах аудиторын Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзаж, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцохыг шаардсан 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 64/64 дугаар "Албан шаардлага"-ыг тус аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн ба мөн огноо дугаар бүхий "Албан шаардлага"-ыг 2015 оны 05 дугаар сарын 31-ний дотор хариу ирүүлэх хугацаа тогтоон 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаар албан бичгээр МХЕГ-ын даргад хүргүүлсэн.
Төрийн аудитын тухай хуулийн холбогдох заалтыг баримтлан хариуцлага тооцуулах тухай аймгийн аудиторын "Албан шаардлага" нь өөр өөр чиг үүрэг хэрэгжүүлдэг албан тушаалтанд өөр өөр үйл баримт, цаг хугацаанд хариуцлага хүлээлгэхээр шаардлага хүргүүлэхдээ нэг дугаар огноо бүхий "Албан шаардлага"-ыг 2 өөр байгууллагад хүргүүлсэн нь төрийн албан тушаалтны гаргасан шийдвэр хуульд нийцсэн байх, шударга, ил тод, тэгш байх зарчимтай нийцээгүйн дээр цаг хугацааны хувьд нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулснаас 2 хоногийн дараа буюу 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлсэн нь Х.М ад ногдуулсан сахилгын шийтгэлийн үндэслэл болох боломжгүй юм гэсэн байна.
Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38-д "төсвийн шууд захирагч" гэж төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг", 6 дугаар зүйлийн 6.3.2-д "санхүүгийн аливаа үйл ажиллагааг нягтлан бодох бүртгэлийн олон улсын болон үндэсний стандартын дагуу, цаг хугацаанд нь, үнэн зөв, үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэн бүртгэж, тайлагнах", 6.6.1-д "төсвийн захирагч нь түүнийг томилсон байгууллага, албан тушаалтны өмнө, эсхүл дээд шатныхаа төсвийн захирагчийн өмнө төсвийн талаар хариуцлага хүлээдэг байх;", 8 дугаар зүйлийн 8.9.1 ."төсвийн шууд захирагч улирлын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа улирлын эхний сарын 15-ны дотор гаргаж харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид, жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 25-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, аудит хийсэн санхүүгийн тайланг 02 дугаар сарын 25-ны дотор харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид хүргүүлэх", 16 дугаар зүйлийн 16.1-д' Төсвийн байгууллага нь түүний үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэг бүхий төсвийн шууд захирагчтай байна.", 16.5-д "Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:", 16.5.1-д "төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах", 16.5.4-д "төсвийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх", 16.5.7-д, "байгууллагын санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэн зөв гаргах, тогтоосон хугацаанд тайлагнах: 16.5.8-д "санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас шаардсан мэдээллийг хугацаанд нь гаргаж өгөх" гэж тус тус заасныг Х.М нь байгууллагынхаа хэмжээнд хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй албан тушаалтан юм.
МХЕГ-ын дарга буюу төсвийн төвлөрүүлэн захирагчтай байгуулсан 2014 оны үр дүнгийн гэрээгээр Х.М нь Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын үл ажиллагааг оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, ажлын байрны шаардлагад нийцүүлэн мэдлэг чадвараа дээшлүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, сонирхлын зөрчилгүй ажиллах, байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, төсвийн болон эд хөрөнгийг зохистой ашиглах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх зэрэг манлайллын зорилтуудыг хангах, тайлагнах үүрэг хүлээсэн байдаг.
Байгууллагын харуул хамгаалалтыг зохих түвшинд зохион байгуулаагүй, санхүүгийн баримт бичгийг хадгалах сейфээр хангаагүйн улмаас 2014 оны 5, 8, 9, 10, 11, 12 дугаар сарын санхүүгийн баримтыг хулгайд алдаж, тус газрын 2014 оны төсвийн гүйцэтгэлд аудитын дүгнэлт гаргуулах боломжгүй болгож, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1-д "төсвийн шууд захирагч улирлын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа улирлын эхний сарын 15-ны дотор гаргаж харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид, жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 25-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, аудит хийсэн санхүүгийн тайланг 02 дугаар сарын 25-ны дотор харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид хүргүүлэх", Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д "Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүрэг,
Хариуцлагыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хүлээнэ.", 18 дугаар зүйлийн 18.1-д "Нягтлан бодох бүртгэлийн дотоод хяналтыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хэрэгжүүлнэ." гэж заасан үүргийг биелүүлээгүй ноцтой зөрчил гаргасан Х.М ад Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.1-д "төсвийн захирагч нь түүнийг томилсон байгууллага, албан тушаалтны өмнө, эсхүл дээд шатныхаа төсвийн захирагчийн өмнө төсвийн талаар хариуцлага хүлээдэг байх;" гэж заасны дагуу ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болгосон.
Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т "Энэ хуулийн 6 дугаар зүйл,
24.4-т заасныг зөрчсөн тохиолдолд эрх бүхий этгээд буруутай албан тушаалтанд төрийн албанд 10 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулна." гэж заасан.
Санхүү, бүртгэлийн талаарх хуулийг ноцтой зөрчсөн байхад анхан шатны шүүх энэ зөрчлийг Х.М ад сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болгоход эргэлзээтэйн дээр сахилгын шийтгэлийг гаргасан зөрчилд нь тохируулан ногдуулах тухай хуулийн зохицуулалттай нийцээгүй байна гэж үзсэн нь туйлын ойлгомжгүй байна.
Х.М ад ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд Өвөрхангай аймгийн Аудитын газрын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 64/64 дугаар албан шаардлагыг үндэслэл болгоогүй байхад анхан шатны шүүх уг албан шаардлагыг Х.М ад сахилгын шийтгэл ногдуулснаас 2 хоногийн дараа Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлсэн учраас сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болохгүй гэж үзсэн нь Х.М ыг хэт өмгөөлсөн, нэг талыг баримталсан өрөөсгөл дүгнэлт хийжээ гэж үзэхэд хүргэж байна.
5. МХЕГ-ын даргын 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 87 дугаар тушаалаар Х.М ад удирдлагаас өгсөн удаа дараагийн үүрэг даалгаврыг үл биелүүлж, албан үүргээ биелүүлээгүй үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т зааснаар албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан хэдий ч хэрэгжээгүй байна.
Х.М ад сахилгын шийтгэл ногдуулсан МХЕГ-ын даргын 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 87 дугаар тушаалыг Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газарт байгууллага хоорондын албан бичиг солилцох зорилгоор нээсэн дундын е-mail хаягаар ирүүлснийг бичиг хэргийн ажилтан Э.Дэмбэрэлданзан хүлээн авч газрын дарга Х.М ад өгсөн нь бичиг хэргийн ажилтны тайлбараар нотлогдож байна.
Х.М сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг үндэслэлгүй, тухайн үед сахилгын шийтгэл хүлээх зөрчил гаргаагүй тухайгаа шүүх хуралдааны явцад тайлбарласан боловч хүлээн зөвшөөрөөгүй талаараа Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д зааснаар төрийн дээд шатны байгууллага болон шүүхэд хуулийн хугацаанд албан ёсоор гомдол гаргаагүй байна.
Харин МХЕГ-ын дарга 2014 оны 02 дугаар сард Х.М ад сахилгын шийтгэл ногдуулахдаа ямар зөрчил гаргасан талаар урьдчилан танилцуулаагүй, тайлбар аваагүй, удирдлагаас өгсөн болон хуулиар хүлээсэн үүрэг даалгавраа хэрхэн биелүүлээгүй талаар тодорхойлоогүй зэргээр "Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам"-ыг зөрчсөн, сахилгын зөрчил ногдуулсан тушаалыг гардуулаагүй, танилцуулаагүй, энэ талаар хамт олонд нь мэдэгдээгүй тушаалыг дундын е-mail-ээр хүргүүлээд орхисон, хэрэгжилтийг хангах талаар хяналт тавиагүй зэрэг нь тухайн сахилгын арга хэмжээ авсан шийтгэл хэрэгжихгүй байх үндэслэл болон хууль зүйн боломжгүй байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дотоод үйл ажиллагаанд 2014 оны 1 дүгээр сард хийсэн шалгалтын мөрөөр өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх талаар авсан арга хэмжээ, түүний биелэлтийн талаар тогтоосон хугацаанд тайлан мэдээлэл ирүүлээгүй учраас Х.М ыг дуудан ирүүлж МХЕГ-ын Товчооны хурлаар оруулж, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, тайлагнаагүй талаарх тайлбар, үндэслэлийг нь сонссоны үндсэн дээр түүнд сахилгын шийтгэл ногдуулна гэдгийг өөрт нь мэдэгдэж байсан болно. Энэ дагуу Х.М ад албан тушаалын цалингийн хэмжээг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, тушаалыг дундын е-mail-ээр Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн.
Архивын ерөнхий газрын даргын 2007 оны 68дугаар тушаалаар баталсан "Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар"-ын 3 дугаар бүлгийн 3.2.1-д "Ирсэн бичгийг бичиг хэрэгт төвлөрсөн журмаар хүлээн авна. Ирсэн бичгийг хүлээж авсаны дараа хаяг, бүрдлийг шалгаж, бүртгэх, урьдчилан танилцах, ангилах, удирдлагад танилцуулж цохолт хийлгэх, холбогдох ажилтанд шилжүүлэх зэрэг ажилбарууд хийгдэнэ", 3.2.5-д "Байгууллагын цахим шуудангийн албан ёсны хаягаар ирсэн цахим баримтыг бичиг хэрэгт хүлээн авч; бүртгэнэ. Удирдлагад дотоод сүлжээгээр, эсвэл түүнийг хэвлэж танилцуулна" гэж зааснаар байгууллагын дарга ирсэн бичигтэй танилцаж, шийдвэрлэх арга хэмжээ авах үүрэгтэй. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар мэдээллийн технологийг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлж, албан бичгийг орон нутагт дундын е-mail-ээр хүргүүлж хэвшсэн.
Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын бичиг хэргийн ажилтан Э.Дэмбэрэлданзан уг тушаалыг дундын е-mail-ээр хүлээн авч бүртгэн Х.М ад танилцуулсан гэдгээ шүүхэд нотлох баримтаар хүргүүлсэн төдийгүй уг тушаалыг хэрэгжүүлэх талаар МХЕГ-ын дарга Х.М ад цахим хурлаар удаа дараа /цахим хурлын бичлэгүүд хадгалагдаж байгаа/ үүрэг болгосон, мөн Х.М уг тушаалын талаар гарахын өмнө болон гарсны дараа мэдсэн, мөн уг тушаалын талаар гомдол гаргаагүй байхад анхан шатны шүүх "тушаалын хэрэгжилтийг хангах талаар хяналт тавиагүй" гэж үзсэн нь үндэслэлгүй, нотлох баримтыг бүрэн цуглуулах арга хэмжээ аваагүй. цугларсан нотлох баримтыг сайн нягтлан үзээгүй, үйл баримтыг буруу үнэлснийг харуулж байна. Анхан шатны шүүх "... тушаал хэрэгжээгүй" гэсэн атлаа түүнийг хэрэгжүүлээгүй Х.М ыг буруугүй гэж үзсэн байна.
Х.М ыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийсэн шалгалтаар өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, өөрт нь сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хэрэгжүүлэх талаар МХЕГ-ын дарга цахим хурлаар болон албан бичгээр удаа дараа үүрэг өгснийг тэрээр үл биелүүлсэн бөгөөд энэ талаар хавтас хэрэгт авагдсан үйл баримтуудаар нотлогдож байхад Анхан шатны шүүхийн "Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам"-ыг зөрчсөн, сахилгын зөрчил ногдуулсан тушаалыг гардуулаагүй, танилцуулаагүй, энэ талаар хамт олонд нь мэдэгдээгүй тушаалыг дундын е-mail-ээр хүргүүлээд орхисон, хэрэгжилтийг хангах талаар хяналт тавиагүй зэрэг нь тухайн сахилгын арга хэмжээ авсан шийтгэл хэрэгжихгүй байх үндэслэл болон хууль зүйн боломжгүй байна гэсэн шийдвэр үндэслэлгүй байна. Мөн шүүх энэ асуудалтай холбоотой Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газарт үүрэг өгч байсан албан бичгүүд, цахим хурлын тэмдэглэл зэргийг нотлох баримт болгон цуглуулах ажил хийгээгүйг дурдах нь зүйтэй.
6. МХЕГ-ын даргын баталсан дүрэм, журмыг шинэчлэх талаар санал өгөх ажилд хариуцлагагүй хандаж, тусгайлсан санал ирүүлээгүй зөрчлийг Х.М ыг ажлаас халагдах нэг үндэслэл болгожээ.
МХЕГ-ын хэмжээнд мөрдөж байгаа дүрэм журмыг шинэчлэх саналыг хамт олны хурлаар хэлэлцүүлсэн боловч хамт олноос энэ талаар санал гараагүй тухайн албан бичгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлж байсан тухай нэхэмжлэгчийн шүүх хурал дээр тайлбарласныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгээгүй, дүрэм журмыг шинэчлэх талаарх хамт олны идэвхгүй байдал нь Х.М ыг ажилдаа хариуцлагагүй хандсан гэх боломжгүй тул энэ үйлдлээр сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэлгүй байна гэжээ.
Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын ажлын байрны тодорхойлолтын 2 дугаар үндсэн зорилтын 2.6-т зааснаар Х.М нь "Төрийн хяналт шалгалтын тухай хууль тогтоомж, салбарын хяналтын чиглэлүүдээр дагаж мөрдөх бусад хууль тогтоомж, дүрэм журам, стандартыг боловсронгуй болгох санал өгөх"үүрэг хүлээсэн.
Мэргэжлийн хяналтын байгууллагын дотоод үйл ажиллагаа болон хяналтын үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа дүрэм журмыг шинэчлэх ажлыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зохион байгуулж, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 58 дүрэм журмын нэрийг гарган орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагуудад хүргүүлж, санал авсан. Орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагуудаас 34 дүрэм, журамд давхардсан тоогоор 394 санал ирүүлснийг нэгтгэн судалсны үндсэн дээр 19 дүрэм, журам, зааврыг шинээр болон шинэчлэн боловсруулж, 6 журамд нэмэлт өөрчлөлт оруулж, 5 журмыг хүчингүй болгосон. Мэргэжлийн хяналтын системийн хэмжээнд зохион байгуулсан энэ ажилд зөвхөн Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газар тусгайлсан санал өгөөгүй нь Х.М ын ажил хариуцах, удирдлага манлайллыг хэрэгжүүлэх, зохион байгуулах, үүрэг даалгаврыг биелүүлэх чадвар ямар түвшинд байгааг тод харуулж байгаа нэг жишээ юм. Х.М дүрэм журмыг шинэчлэх талаар санал ирүүлээгүй шалтгаанаа "яагаад заавал аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь өмнөх удирдлагын гаргасан тушаал шийдвэрүүдэд нийцэж ажиллаж байсан байж болохгүй гэж, яагаад заавал эсэргүйцсэн байх ёстой гэж, яагаад өөрчлөх саналтай байх ёстой гэж, яагаад заавал хүндрэлтэй байх ёстой гэж гэдгийг би ойлгохгүй байгаа" гэж тайлбарласан нь асуудалд хэрхэн ханддаг, шинэчлэлд хандах сэтгэлгээ ямар байгааг харуулж байгаа төдийгүй энэ ажлыг зохион байгуулах сэдэл, сэтгэл, чармайлт анхнаасаа байхгүй байжээ гэж үзэхэд хүргэж байна.Тиймээс дүрэм журамд санал өгөх ажлын үр дүн ч тэгж гарчээ гэж дүгнэхэд хүргэж байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд хийгдсэн энэ арга хэмжээг хангалтгүй зохион байгуулсан нь хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогдсоор байтал Х.М ыг ажилдаа хариуцлагагүй хандсан гэх боломжгүй тул энэ үйлдлээр сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэлгүй байна гэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.
Х.М нь төрийн албаны удирдах албан тушаалтын ёс зүйгүй, ажил хариуцах, хамт олныг нэгтгэн удирдах, манлайлан зохион байгуулах, гаргасан зөрчил дутагдлаа хүлээн зөвшөөрөх чадваргүй, дээд газраас удаа дараа өгсөн үүрэг даалгаврыг өөрөө хүсэхгүй бол үл биелүүлдэг, бусдад буруугаа түлхэх хандлагатай, шинэчлэх, санаачлах сэтгэлгээ дутмаг болохоо Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллах хугацаанд гаргасан дээрх зөрчил дутагдлаар хангалттай харуулсан.
Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шүүхэд холбогдох нотлох баримтуудыг гаргаж хүргүүлсэн боловч анхан шатны шүүх тэдгээрийг анхааралтай, бүрэн судлалгүй шийдвэрээ гаргаж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д "...нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ", Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэсэн заалтуудыг мөрдөж ажиллаагүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ шаардлагатай нотлох баримтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нэмэлтээр гаргуулах талаар санаачлагатай ажиллаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 494 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
ХЯНАВАЛ
Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс Х.М ад сахилгын шийтгэл ногдуулсан 123 дугаар тушаалдаа: Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, дэд бүтцийн хяналтын чиглэлээр хангалтгүй үнэлэгдсэн, хоол, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний газрын ажлын байрны стандартын шаардлагын түвшингийн үзүүлэлт улсын хэмжээнд хамгийн доогуур буюу 50 хувиас бага гарсан, хяналт шалгалтын мэдээллийн сан бүрдүүлж, тогтоосон хугацаанд ирүүлэх ажлыг шаардлагын түвшинд хийгээгүй, МХЕГ-ын даргын 2014 оны 313 дугаар тушаалаар баталсан орон тоог бүрэн ашиглаагүй улсын байцаагчийн 8 сул орон тоотой ажилласан, тус газрын санхүүгийн баримтыг хулгайд алдсанаас төсвийн гүйцэтгэлийн тайланд аудит хийх боломжгүй болгосон, МХЕГ-ын даргын 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 87 дугаар тушаалаар ногдуулсан сахилгын шийтгэлийг хэрэгжүүлээгүй, ерөнхий газрын даргын баталсан дүрэм журмыг шинэчлэх талаар санал ирүүлээгүй зэрэг зөрчлүүдийг үндэслэл болгож Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт зааснаар төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Анхан шатны шүүхээс дээр дурьдсан зөрчил тус бүрийн нотлогдсон эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь зөв боловч зарим зөрчлийн тухайд хөөн хэлэлцэх хугацааны тухайд үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг шийдвэрлээгүй байна.
Тодруулбал доорхи 2 зөрчлийн тухайд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан "...зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар өнгөрсөн бол сахилгын шийтгэл хүлээлгэж болохгүй" гэсэн хугацаа өнгөрөөгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
1. МХЕГ-ын даргын 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 87 дугаар тушаалаар Х.М ад удирдлагаас өгсөн удаа дараагийн үүрэг даалгаврыг үл биелүүлж, албан үүргээ биелүүлээгүй үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т зааснаар албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан хэдий ч хэрэгжүүлээгүй байна.
Х.М ад сахилгын шийтгэл ногдуулсан МХЕГ-ын даргын 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 87 дугаар тушаалыг Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газарт байгууллага хоорондын албан бичиг солилцох зорилгоор нээсэн "дундын е-майл" хаягаар ирүүлснийг бичиг хэргийн ажилтан Э.Дэмбэрэлданзан хүлээн авч газрын дарга Х.М ад өгсөн нь бичиг хэргийн ажилтны тайлбараар нотлогдож байна. Иймд уг тушаалыг Х.М мэдээгүй, гомдол гаргах боломжгүй байсан гэж үзэх үндэслэлгүй.
Нэхэмжлэгч Х.М сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг үндэслэлгүй, тухайн үед сахилгын шийтгэл хүлээх зөрчил гаргаагүй тухайгаа шүүх хуралдааны явцад тайлбарласан боловч хүлээн зөвшөөрөөгүй талаараа Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д зааснаар төрийн дээд шатны байгууллага болон шүүхэд хуулийн хугацаанд албан ёсоор гомдол гаргаагүй, уг тушаал хүчин төгөлдөр байна.
Нэхэмжлэгч Х.М нь дээрх тушаалын дагуу цалингаа суутгуулаагүй болохоо хүлээн зөвшөөрч байгаа боловч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр тушаалыг биелүүлэхгүй байвал хөөн хэлэлцэх хугацаа өнгөрдөг гэж ойлгох боломжгүй, харин ч дээрх үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх гэж заасныг зөрчсөн зөрчил мөн бөгөөд уг зөрчил нь 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 123 дугаар тушаалыг гарах өдрийг хүртэл үргэлжилж байжээ.
Анхан шатны шүүх дээрх тушаалын тухайд МХЕГ-ын дарга 2014 оны 2 дугаар сард Х.М ад сахилгын шийтгэл ногдуулахдаа ямар зөрчил гаргасан талаар урьдчилан танилцуулаагүй, тайлбар аваагүй, удирдлагаас өгсөн болон хуулиар хүлээсэн үүрэг даалгавараа хэрхэн биелүүлээгүй талаар тодорхойлоогүй зэргээр "Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах,энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам"-ийг зөрчсөн, сахилгын зөрчил ногдуулсан тушаалыг гардуулаагүй, танилцуулаагүй, энэ талаар хамт олонд нь мэдэгдээгүй, тушаалыг "дундын е-майл"-ээр хүргүүлээд орхисон, хэрэгжилтийг хангах талаар хяналт тавиагүй зэрэг нь тухайн сахилгын арга хэмжээ авсан шийтгэл хэрэгжихгүй байх үндэслэл болсон төдийгүй энэ нь нэхэмжлэгчийн ажлаас халагдах сахилгын шийтгэлийн үндэслэл болох хууль зүйн боломжгүй байна гэж үндэслэлгүй дүгнэсэн байна.
Учир нь шүүхээр хэлэлцэгдээгүй, нэхэмжлэгч маргаагүй буюу нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, хүчин төгөлдөр болсон 2014 оны 87 дугаар тушаалын талаар шүүх үнэлэлт дүгнэлт хийж өөр захиргааны актын талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нэг үндэслэл болгож байгаа нь буруу юм.
2. МХЕГ-ын даргын 2014 оны 313 дугаар тушаалаар баталсан орон тоог бүрэн ашиглаагүй улсын байцаагчийн 8 сул орон тоотой ажилласан, дээрх төрлийн төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлээгүй гэх зөрчлийн тухайд талууд маргаагүй боловч нэхэмжлэгчээс Монгол улсын Засгийн газрын 2014 оны 5 сарын 10-ны өдрийн "Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай" 147 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 3-т "...сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэх гэсэн заалтыг хэрэгжүүлж ажилласан, Засгийн газрын тогтоолыг биелүүлсэн, цалингийн хэмнэлт гаргасан гэж маргаж байна.
Хэдийгээр Монгол улсын Засгийн газрын "Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай" 147 дугаар тогтоол 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гарсан байгаа боловч дээрх тогтоолоос өмнө зарим сул орон тоо гарсан байсан, түүнчлэн Засгийн газрын тогтоол гарсанаас хойш Х.М нь 6 хүнийг ажлаас чөлөөлж, 11 хүнийг шинээр ажилд томилсон байна. Иймд нэхэмжлэгч Х.М ыг дан ганц Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлсэн гэж зөвтгөн дүгнэх боломжгүй байна.
Дээрх чиглэлийн улсын байцаагч нарын сул орон тоог нөхөх арга хэмжээг хэрэгжүүлээгүй нь тухайн аймагт төрийн хяналт шалгалтыг орхигдуулж улмаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хүний амь нас, эрүүл мэнд, нийгмийн болон орчны аюулгүй байдал нь бусад аливаа сонирхол, зорилгоос илүүд байх төрийн хяналт шалгалтын үндсэн зарчмыг алдагдуулсан гэж үзэхээр байна.
Дээрх зөрчлүүд нь Х.М ыг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт зааснаар төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл үргэлжилсэн гэж үзэх үндэслэлтэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 494 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.М ын МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ажлаас халах 123 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн томилуулах, хууль бусаар ажлаас халагдсан хугацааны цалинг нөхөн олгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР