Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2016/0690/З |
Дугаар | 91 |
Огноо | 2017-03-13 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 91
“Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Тунгалаг даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхтулга, Б.Цэрэнпүрэв, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сүглэгмаа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 846 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2017/0035 дугаар магадлалтай, “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Л.Ган-Өлзий, улсын байцаагч Б.Итгэлбат нарт холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 846 дугаар шийдвэрээр Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.5, 15.1.12, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.5-д заасныг тус тус баримтлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Л.Ган-Өлзий, улсын байцаагч Б.Итгэлбат нарын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 5/11 дүгээр дүгнэлт, мөн өдрийн 5/54 дүгээр албан шаардлагыг тус тус хүчингүй болгожээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2017/0035 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 846 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.5, 15.1.12, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.5” гэснийг “Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.10, 10.9.11” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонтөгс, Ж.Сүглэгмаа нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх шийдвэртээ “Өрсөлдөөний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн” гэж зааснаар 15 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. “Өөрийн эрхлэх асуудалд хамаарахгүй шийдвэрлэсэн” гэж үзэх үндэслэлтэй байна. Гэвч Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, иргэн харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чиг үүрэгтэй Харилцаа холбооны зохицуулах хороо ажиллана” гэж зааснаар Харилцаа холбооны зохицуулах хороо нь харилцаа холбооны зах зээлд шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх чиг үүргийн хүрээнд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д “харилцаа холбооны үйлчилгээний тариф тогтоох аргачлалыг батлах, зах зээлд давамгайлж буй үйлчилгээний тарифыг хянах” гэж заасан эрхийн дагуу зах зээлд давамгайлж буй үйлчилгээний үнэ, тарифыг хянах эрхтэй бөгөөд ... дарга, гишүүд нь улсын байцаагчийн эрхтэй байхаар хуульд зохицуулжээ. ... Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д зааснаар “илт хууль бус захиргааны акт байх” гэж дүгнэн доторхой үндэслэл дурдалгүйгээр шууд “харъяаллын бус” гэж хуульд заасан хэм хэмжээг давсан дүгнэлт хийх замаар Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т “өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр аж ахуй эрхлэгч, байгууллагад хяналт шалгалт хийж дүгнэлт гаргах, захиргааны шийтгэлээс хөнгөлөх” гэж заасан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хуулиар олгогдсон бүрэн эрхийг хязгаарласан байсан юм.
Харин давж заалдах шатны шүүх үнэн зөв дүгнэж анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгүүлсэн хэдий боловч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн “харьяаллын бус” гэж буруу дүгнэсэн, шийдвэрийн агуулгыг бүхэлд нь үгүйсгэсэн атлаа өөр дүгнэлт хийх замаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Түүнээс гадна давж заалдах шатны шүүх магадлалаа “ямар судалгаа аргачлалын дагуу хэрхэн тооцож, доод үнээс доогуур үнэ тогтоосон гэж үзсэн нь тодорхойгүй” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр баталсан 1/13 тоот удирдамжийн дагуу “Мобиком корпораци” ХХК-ийн “5000 төгрөгийн цэнэглэгч карт /сүлжээндээ 11 хоногийн турш хязгааргүй ярих эрхтэй/” гэх бүтээгдэхүүн үйлчилгээ нь Өрсөлдөөний тухай хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалтыг хийсэн. Хяналт шалгалтаар улсын байцаагчид нь “Мобиком корпораци” ХХК-ийн үүрэн телефон үйлчилгээний дээр дурдсан үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн бөгөөд тус компани нь өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор хууль ёсны ашиг сонирхолд харшлах аргаар худалдаа хийсэн гэж үзэн улсын байцаагчийн 2016 оны 5/11 тоот дүгнэлт үйлдэн, мөн 5/54 дугаар албан шаардлага хүргүүлсэн байдаг. Энэ нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж үзэж байна. Учир нь “Мобиком корпораци” ХХК-ийн давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийнх нь хувьд “зардлаас доогуур борлуулалт хийсэн” гэсэн үндэслэлээр буруутгаагүй, харин Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасан үндэслэлээр буруутгасан. Ингэхдээ тус компаниас хяналт шалгалтын явцад гаргаж өгсөн тооцоо, судалгаа, тайлбарт шинжилгээ хийж шийдвэрлэсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
Давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий актууд нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д зааснаар илт хууль бус захиргааны акт биш гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь зөв байна.
Учир нь, Өрсөлдөөний тухай хуулийн зорилт нь аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглоход чиглэгдэх бөгөөд энэхүү хуулийн хэрэгжилтийг хангаж, өрсөлдөөнийг зохицуулах нь хариуцагчид хуулиар олгосон бүрэн эрх юм. Иймд, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас үүрэн телефон холбооны үйлчилгээний зах зээлд “давамгай байдалтай аж ахуй эрхлэгч” болох “Мобиком корпораци” ХХК-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ нь зохицуулагч байгууллагын /Харилцаа холбооны зохицуулах хороо/ тогтоосон үнийн хязгаарыг мөрдсөн эсэх, тус компани нь зах зээлд шударгаар өрсөлдсөн эсэх, өрсөлдөгчийнхөө хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг хянан шалгах бүрэн эрхтэй байгууллага юм.
Ийнхүү хуульд зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэд хяналт тавих, дүгнэлт гаргах, өрсөлдөөний хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдвол захиргааны шийтгэл оногдуулах бүрэн эрхтэй боловч маргаан бүхий актуудыг гаргахдаа шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн, хуулийн урьдчилсан нөхцөл бодит байдал дээр хангагдаагүй байхад акт гаргасан нь буруу байна.
Тодруулбал, хариуцагч маргаан бүхий актуудаар “Мобиком корпораци” ХХК-аас гаргасан “5000 төгрөгийн цэцэглэгч карт бүтээгдэхүүн үйлчилгээ нь багцын хэрэглээнд хамаарахгүй байгаа бөгөөд эрх бүхий байгууллагаас баталсан үнэ тарифын доод хязгаарыг мөрдөөгүй” нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасан “хууль ёсны ашиг сонирхолд харшлах худалдааны арга хэрэглэх” гэснийг зөрчсөн гэж дүгнэж, зөрчлийг арилгахыг үүрэг болгож, биелүүлээгүй тохиолдолд уг хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т заасан захиргааны шийтгэл ногдуулахаар албан шаардлага хүргүүлсэн байна.
Хариуцагч дээрх хуулийн зүйл, заалтыг хэрэглэж акт гаргахдаа нэхэмжлэгчийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь яагаад Харилцаа холбооны зохицуулах хорооноос тогтоосон “Стандарт тариф буюу багцын хэрэглээнд тооцогдоогүй задгай тариф”-т хамаарч байгаа, мөн энэхүү стандарт үнэ тарифын доод хязгаарыг зөрчсөн гэдгийг ямар бодит тооцоо, судалгааны үндсэн дээр гаргаснаа нотлоогүй нь Өрсөлдөөний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан “зөрчил гаргасан этгээдийн гэм бурууг нотлох” ажиллагааг бүрэн хийгээгүйгээс шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчигдсөн байна.
Түүнчлэн маргаан бүхий актаар нэхэмжлэгчийг “...эрх бүхий байгууллагаас баталсан үнэ тарифын доод хязгаарыг мөрдөөгүй” гэж үзсэн атлаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...“Мобиком корпораци” ХХК-ийн давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийнх нь хувьд “зардлаас доогуур борлуулалт хийсэн” гэсэн үндэслэлээр буруутгаагүй, харин Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасан үндэслэлээр буруутгасан...” гэж гомдож буй нь ойлгомжгүй байхын зэрэгцээ тэгвэл стандарт үнэ тарифын доод хязгаарыг зөрчсөн нь яагаад Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасан “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга” болж буй нь тодорхойгүй байна. Үүнээс үзвэл хариуцагч хуулийн урьдчилсан нөхцөлийг бодит байдалд бүрэн тогтоолгүйгээр маргаан бүхий актуудыг гаргасан нь буруу байна.
Иймд, давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий актуудыг хууль бус гэж үзэн хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн “харьяаллын бус” гэж буруу дүгнэсэн шийдвэрийн агуулгыг бүхэлд нь үгүйсгэсэн атлаа өөр дүгнэлт хийх замаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэх гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй.
Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2017/0035 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ