Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2019/ДШМ/29

 

  2019          04           03                                          2019/ДШМ/29

 

А.М, Д.Ч нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                 

                                                                                                                                                                                       Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: А.Дүүрэнбилэг,

            Шүүгдэгч: А.М,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Дагийнамжил,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/47 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Д.Ч, А.М нарт холбогдох, эрүүгийн 1819000000042 дугаартай, 3 хавтас, 550 хуудас бүхий хэргийг шүүгдэгч А.Мгийн өмгөөлөгч Б.Дагийнамжилын гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн ..... суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй /бичиг үсэг мэдэхгүй/, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, ........ тоотод оршин суух, урьд Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм бруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэн, уг ялыг мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүхийн 2005 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хөдөлмөрийн чадвар алдалтын 79 хувийн групптэй, Шарнууд овогт Д-ийн Ч /РД:ЕЗ80...../,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой /бичиг үсэг мэдэхгүй/, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, ....... тоотод оршин суух, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар, мөн шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Тавантолгой овогт А-ийн М /РД:ЕЭ8...../ нарт холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Д.Ч, А.М нар нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Дампилын 1-107 тоот хашаанд байрлах иргэн Л.О-ын гражийн цоожийг лапатак төмрөөр эвдлэн нэвтэрч, 33 кг 500 грамм ноолуур хулгайлан түүнд 3182500 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч А.М нь 2018 оны 03 дугаар сарын 30-ны шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Дампилын 2-91 тоот хохирогч Б.Н-ийн байнга амьдрах 2 давхар орон сууцны цонхны шилийг хагалан нэвтэрч, 200000 төгрөгийн үнэ бүхий Панасоник маркийн 32 инчийн зурагтыг нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Шарнууд овогт Дамдинсүрэнгийн Ч, Тавантолгой овогт Адъяагийн М нарыг бүлэглэн агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлах, шүүгдэгч А.М-г хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс шүүгдэгч А.Мд Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, мөн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон өөрчилж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Ч-д 1 жил хорих, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.Мд 2 жил хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М, Д.Ч нарт оногдуулсан тус бүрийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-гийн цагдан хоригдсон 9 сар 1 хоногийг, шүүгдэгч Д.Ч-ын цагдан хоригдсон 8 сар 9 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-гаас 200 000 төгрөг гаргуулж хохирогч Б.Нд олгохоор,

Яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан эд мөрийн баримт болох 60 см урт, бариул хэсэгт үзүүрлэсэн, үзүүр хэсгээрээ хавтгайлан мурийлгасан лапатак төмөр 1 ширхэг нь Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор устгагдсан ба 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч-д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч А.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш  14 хоногийн дотор  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Мгийн өмгөөлөгч Б.Дагийнамжил давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн тогтоолын зөвхөн А.М-д холбогдох Панасоник зурагт хулгайлсан гэх хэргийн талаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх гэм буруугийн дүгнэлт хийхдээ: ... хохирогч Б.Н-ийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 01/049 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэжээ. Хохирогч Б.Н ...хулгайд зурагтаа алдсан гэх талаар мэдүүлэг өгөхдөө М-г зурагт хулгайлсан талаар мэдүүлэг өгөөгүй. Гол нотлох баримт болгоод байгаа шинжээчийн дүгнэлт нь хаанаас олж ирсэн цонхны шилэн дээрээс авсан хурууны хээ болох нь тодорхойгүй, эх үүсвэр нь тодорхойгүй эд зүйлээс дүгнэлт гаргасан нь эргэлзээтэй байна. Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “зурагт хулгайлсан” этгээд маш олон зүйлд хүрсэн байдаг бөгөөд эд зүйлд хүрч ул мөр үлдээсэн байх боломжтой талаар дурдсан боловч шалгаагүй орхигдуулсан.

Мөн хэргийн газрын үзлэгээр гуталны мөр илрүүлсэн гэх боловч зурагт хулгайлсан этгээдийн мөн мөн эсэхийг тогтоогоогүй бөгөөд М-гийн гэх пүүзийг хураан авсан боловч хэрэгт ач холбогдолтой эсэхийг тогтоогоогүй, эд мөрийн баримтаар хавсаргаагүй, хураан авахдаа хууль журмын заалт ноцтой зөрчсөн, хулгайд алдсан гэх зурагтын хэмжээ, хулгай орсон гэх салхивчны хэмжээ тодорхойгүй /уг зурагт салхивчаар багтаж гарсан эсэхийг тогтоосонгүй, зурагт хулгайлсан байж болзошгүй этгээдийн мөр Дампилын 14-25 руу орсон тухай талаар огт мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй зэрэг нь А.М уг зурагтыг хулгайлан авсан гэх нотлох баримтууд нь эргэлзээтэй байна.

Анхан шатны шүүх нотлох баримт нь эргэлзээтэй, дутуу шалгасан, бүрэн нотлоогүй хэргийг шүүхэд шилжүүлж, гэм буруутайд тооцон ял оногдуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасныг зөрчсөн байна.

 Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчсөн. Тухайлбал: А.М-г “дээрмийн” гэмт хэрэгт яллагдагчаар татаж, ял сонсгосон боловч шийдвэрлээгүй, хэргийг тусгаарласан гэх боловч энэ хэргийн материалд бүх дээрмийн гэх хэргийн нотлох баримтууд нь хавсаргаатай байгаа, хэргийн газрын үзлэгээр илэрсэн гутлын ул мөрийг бэхжүүлсэн гэх боловч хураан авсан эд мөрийн баримтыг алга болгосон, шийдвэрлээгүй, хойшлуулшгүй ажиллагаа шуурхай хийгээгүй, ноолуурын хулгайн хэрэгт хамтад нь шалгалгүй, ял эдлээд 7-8 сар болсны дараа гэнэт гаргаж ирж яллагдагчаар татаж ял сонсгосон нь хуулийн заалтыг ноцтой зөрчиж, иргэн хүний эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо урьдчилсан хорих хоног, ял эдэлсэн хоног зэргийг ялган зааглах хэрэгтэй. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчин төгөлдөр болоогүй байхад мөрдөн шалгах ажиллагааг явуулаад эхэлсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч А.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 28-нд ноолуур хулгайлсан хэргээр цагдаад баригдаад 29-ний өдөр манай өмгөөлөгч намайг гаргаж авсан. Би 3 дүүтэйгээ, 2 хүүхэдтэй явж байтал манай 2 хүүхэд дэлгүүр орж юм авна гэхэд манай 3 дүү “бид 3 явж байя” гэж хэлээд явсан. Би хоёр хүүхдээ дагуулаад дэлгүүр орсон. Хулгай гардаг айлын гадаа цагдаагийн машин ирчихсэн байсан. Намайг унтаж байхад 12 өнгөрөөд цагдаагийн машин ирсэн, тэгээд өмгөөлөгч рүүгээ цагдаагийн машин гэрийн гадаа ирчихлээ гэж хэлэхэд яах гэж байгаа юм бэ, авч явбал надад хэлээрэй гэж хэлсэн. 31-ний өглөө охиноо усанд оруулаад байж байтал Д-, Э- нар орж ирэнгүүтээ чиний өчигдөр өмсөж байсан гутал чинь хаана байна гээд миний өмсөж явсан шар өнгийн пүүзийг хурааж авсан. Д цагдаа хулгай орсон айл руу ороогүй нөгөө хажуу талын айлын хашаа руу орсон. Төд удалгүй гарч ирээд надад хулгай хийхдээ баригдахгүй хийхгүй яасан юм бэ, баригдчихлаа шүү дээ гэж хэлсэн. Би хариуд нь хулгай хийгээгүй шүү дээ, та юу яриад байгаа юм бэ гэж хэлсэн. Би тэгээд өмгөөлөгч рүүгээ ярих гэтэл миний утсыг булаагаад авсан. Надаас ямар ч байцаалт аваагүй, гэрчийн мэдүүлэг авсан. Хийгээгүй хэрэг дээр надад ял оногдуулаад байгаад гомдолтой байна гэв.

Прокурор А.Дүүрэнбилэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Хэргийн газрын үзлэгээр хагарсан цонхны шилэн дээрээс М-гийн гарын хээ илэрсэн байдаг. Энэхүү гарын мөр илэрсэн талаарх шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч нь тайлбарлахдаа программд байгаа иргэдийн гарын мөртэй тохирох эсэх нь маш олон төрлийн шинжээр тогтоогддог, энэ гарын мөрийг солих боломжгүй гэсэн байдаг учраас энэхүү шинжээчийн дүгнэлт нь хөдөлбөргүй нотлох баримт гэж үзэж байна. Бусад газраас гарын мөр авах боломжтой гэж өмгөөлөгч ярьж байна, энэ ажиллагааг одоо нөхөн гүйцэтгэх боломжгүй. Хэргийн газрын үзлэг хийхдээ гарын мөр, бусад нотлох баримт илрэх боломжтой бүхий л байдлаар үзээд хэргийн газраас хагарсан шилэн дээрээс гарын ул мөрийг илрүүлсэн байгаа. Хэрэг гарсан буюу 2018.03.30-ны өдрийн 18-22 цагийн хооронд хохирогч гэртээ байгаагүй талаар мэдүүлгээ өгдөг. Хэдийгээр шүүгдэгч тухайн хэрэг гарсан өдөр дүү нартайгаа явж байсан гэж мэдүүлдэг боловч мөрдөгч Эхбаатарын сурвалжлага хийсэн тэмдэглэл байдаг ба түүгээр М дүү нартайгаа яваагүй болох нь тогтоогдож байгаа. Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэрчийг оролцуулсан ба Мг хулгайн гэмт хэргийг хийгээгүй талаар нотлуулах гэж оролцуулсан гэрч нь эрс зөрүүтэй мэдүүлгийг өгдөг. Зурагтыг эрэн сурвалжлаагүй гэдэг зүйлийг ярьж байна. Цагдаагийн ерөнхий газраас зурагтыг эрэн сурвалжлах ажиллагааг хийсэн. Гутлыг хураан авсан мөртлөө хэрэгт авагдаагүй гэдэг зүйлийг ярьж байна. Гутал хураан авсан талаар баримт хэрэгт байдаггүй. Хэргийг бүрэн шалгаагүй гэж байна. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар хэргийг бүрэн нотлогдож байна гэж үзэж байгаа. Дээрмийн хэрэг дээр Мг татсан боловч энэ талаар яаж шийдвэрлэсэн талаар тодорхойгүй гэж байна. Гэтэл Мд холбогдох 2016100301 дээрмийн хэрэгт Мг яллагдагчаар татсан, яллагдагчаар татсан тогтоолыг прокурор миний бие 2018.12.19-ний өдөр хүчингүй болгосон. Хуульд зааснаар яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон тохиолдолд энэ хэрэг маань дахиад мөрдөн шалгах ажиллагааг явуулахаар Цагдаагийн байгууллагад шилжсэн. Хэргийг тусгаарласан 2018.12.19-ний өдрийн 05/02 дугаартай тогтоол байгаа. Нийн гэрт хулгай орсон хэрэгт 2016 дугаартай дээрмийн хэргийг нэгтгэсэн байснаа дээрмийн хэрэгт яллагдагчаар татсанаа хүчингүй болгоод хэргийг нь тусгаарлаад буцаачихсан. Энэ хэрэг нь дахин шалгагдаж байгаа гэсэн үг. Урьдчилсан хугацааг нь хоригдож байсан хугацаанд нь оруулсангүй гэж ярьж байна. Энэ нь техникийн шинжтэй алдаа гарсан байна. Үүнийг давж заалдах шатны шүүх өөрийнхөө бүрэн эрхийн хэмжээнд шийтгэх тогтоолд нь өөрчлөлт оруулах бүрэн боломжтой гэж үзэж байна. 2018.02.28-ны өдрийн ноолуурын хэрэгт М-д Цагдаагийн албан хаагч нар эрүү шүүлт тулгасан гэсэн асуудал дээр Авлигалтай тэмцэх газраас тусдаа шалгаж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээ хязгаарын хүрээнд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдана гэж заасан учраас энэ асуудал өнөөдрийн шүүх хуралдаан дээр яригдахгүй гэж үзэж байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй тул оролцогчдын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/47 тоот шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Учир нь: Шүүгдэгч А.Мгийн өмгөөлөгч Б.Дагийнамжилын давж заалдсан гомдолд үндэслэн түүний гомдолд бичсэн асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

            Шүүгдэгч Д.Ч, А.М нар нь 2018 оны 03 дугаар сарын 28-нд Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Дампилын 1-107 тоот хашаанд байрлах иргэн Л.Оын гражийн хаалганы цоожийг төмрөөр эвдлэн нэвтэрч 33 кг 500 грамм ноолуур хулгайлан түүнд 3 182 500 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Л.О /1-р хх 41-45/, гэрч Б.Сугармаа /1-р хх 57-59/, Ө.Төмөрбаатар /1-р хх 69-70/, Г.Доржрагчаа /1-р хх 75-76/ нарын мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1-р хх 5-9/, шүүгдэгч нарын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд /1-р хх 46-49, 50-52, 104-105, 106-108/ зэргээр,

            Шүүгдэгч А.М нь 2018 оны 03 дугаар сарын 30-ны шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Дампилын 2-91 тоотод амьдрах иргэн Б.Нийн байнга амьдрах 2 давхар орон сууцны цонхны шилийг хагалан нэвтэрч 200 000 төгрөгийн үнэ бүхий Панасоник маркийн 32 инчийн зурагтыг нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Н /2-р хх 40-43/,  хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /2-р хх 26-28/, 01/049 тоот шинжээчийн дүгнэлт /2-р хх-83/, шинжээч С.Чулуунпүрэвийн мэдүүлэг /2-р хх 58-59/ зэргээр тус тус тогтоогдсон байна.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан баримтат мэдээллүүд байна.

            Хэргийн бүх ажиллагааг хянавал мөрдөн байцаалт болон прокурорын шатанд хэргийн оролцогч нарыг хавтаст хэргийн материалтай танилцуулсан ба шүүгдэгч Д.Ч, А.М нар нь бүлэглэн хохирогч Л.О-ын гражнаас ноолуур хулгайлсан гэмт хэрэгт хэргийн оролцогч нараас хэрэгт нэмж шалгуулах талаар санал хүсэлт гараагүй, энэ гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй,  харин шүүгдэгч А.М нь дангаараа үйлдсэн буюу хохирогч Б.Нийн гэрээс зурагт хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрөөгүй, гэм буруугийн талаар маргасан болох нь хавтаст хэрэг танилцуулсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 170/ болон түүний мэдүүлгээс харагдаж байна.

            Мөрдөгч хохирогч Б.Н-ийн гэрээс зурагт хулгайлагдсан гэмт хэрэгт 2018 оны 03 дугаар сарын 31-ний шөнө хэргийн газрын үзлэгийг хийж 17 кадр зураг авч, 6 ширхэг гарын мөр илрүүлж бэхжүүлж авсан нь тэмдэглэл /2-р хх-ийн 26-31/-ээр тогтоогдож байгаа ба бэхжүүлж авсан эдгээр мөрүүдээс 4 ширхэг мөрөнд кримналистикийн шинжилгээ хийхэд 4 дугаартай мөр нь папилон санд MN00350005410 дугаараар бүртгэгдсэн Адъяа овогтой М-гийн баруун гарын долоовор хурууны дардастай тохирсон тухай 01/049 тоот шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 83-86/-ээр тогтоосон байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “ ... тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж заасан ба гарны хурууны мөр тогтоолгох шинжилгээ нь зайлшгүй тусгай мэдлэг шаардсан тул анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлт, дүгнэлт гаргасан шинжээч С.Чулуунпүрэвийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэрэгт тус тус үндэслэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан нотлох баримтыг шалгаж, үнэлэх журмыг зөрчөөгүй гэж үзнэ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1-д “... мөрдөн шалгах ажиллагаа явуулах замаар нотлох баримт цуглуулж, хэрэгт цугларсан эд мөрийн баримт, баримтат мэдээллийг мөрдөн шалгах ажиллагааны ... тэмдэглэлд тусгаж бэхжүүлнэ.”, 2-т “Нотлох баримт бэхжүүлэхдээ тэмдэглэл үйлдэхийн зэрэгцээ мэдээллийг тусгасан ... ул мөрнөөс хэв, хээ буулгаж авах зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцэх бусад аргыг хэрэглэнэ.” гэж тус тус зааснаас үзэхэд мөрдөгч хэргийн газар үзлэг хийж тэмдэглэл үйлдэн 6 ширхэг гарын мөр илрүүлж түүнийг бэхжүүлэн авч шинжилгээ хийлгэсэн нь дээрх хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

            Гарын мөр илрүүлэх шинжилгээ хийлгэх тогтоолыг мөрдөгч 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр үйлдэн 04 дүгээр сарын 28-ны дотор шинжилгээ хийхийг Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албанд даалгаж, 4 ширхэг гарын мөр илрүүлсэн  шинжилгээний объектийг шилжүүлсэн ба шинжээчийн 01/049 тоот дүгнэлт 04 дүгээр сарын 26-ны өдөр гарсан, шинжээч С.Чулуунпүрэв нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу шинжээчээр томилогдож, гаргасан дүгнэлт нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1-т заасан шинжилгээ хийх болон 27.6-д заасан шинжээчийн дүгнэлт гаргах журамд нийцсэн, хууль зөрчөөгүй байна.

            Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар кримналистикийн шинжилгээний онцлог нь объект, бусад шаардлагатай баримт материалыг эх хувиар нь ирүүлдэг ба шинжээч С.Чулуунпүрэвийн “ ... шинжилгээнд ирүүлсэн мөрнүүдээс 2,4,5 дугаартай кодлон бүртгэж санд бүртгэлтэй эзэнгүй хэргийн гарын мөр болон мэдээллийн санд гэмт хэрэг зөрчилд холбогдон бүртгэгдэж байсан хүмүүсийн гарын мөртэй тохирох эсэхийг тогтоох зорилгоор автомат хайлт хийж үзэхэд хэргийн газраас бэхжүүлэн авсан 4 дугаартай гарын мөр нь шинжилгээнд тэнцсэн бөгөөд Адъяа овогтой М гэдэг хүний баруун гарын долоовор хурууны дардастай папиляр шугамын эхлэл, төгсгөл нийлэлт гэсэн 8 шинж тэмдгээрээ тохирсон байна. Уг шинж тэмдгүүдийг шинжээчийн дүгнэлтийн үзлэг ба шинжилгээний хэсэгт бичигдсэн шинж тэмдгүүд болон гэрэл зургийн үзүүлэлтийн зураг 4, 5 дугаарт бэхжүүлсэн зургаар харьцуулсан болно. Мэдээллийн санд байгаа хүмүүсийн гарны дардастай тохирох боломжгүй, хүний гарны мөр буюу хурууны хээ нь дахин давтагдашгүй хувийн онцлогтой байдаг. Хэргийн газраас бэхжүүлэн авч шинжилгээнд ирүүлсэн гарын мөр нь дүгнэлтэд тусгагдсан папиляр шугамуудын байрлал, хувийн шинж тэмдгүүдээрээ иргэн А.Мгийн гарын дардастай тохирч байсан” гэж мэдүүлсэн байдал,  шинжилгээнд ирүүлсэн гарын хурууны мөртэй зүйлийг шинжилгээнд биечлэн ирүүлж шинжлүүлсэн байх тул шинжилгээг шинжилгээний бодит үр дүнг тусгасан, нотлох баримтын эх сурвалж болох баримт гэж үзэх үндэслэлтэй юм.

Дээрх шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчид танилцуулахад /2-р хх-87/ тэдгээрээс дүгнэлтийг зөвшөөрөхгүй гэх ямар нэг санал хүсэлт гаргаагүй ба хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд “... цонхны доор унасан салхивчны шилний хагархай дээрээс криминалистикийн шинжээч нунтаг бодис ашиглаж гарын мөрийг илрүүлж, наалдамхай туузан дээр буулгаж бэхжүүлж авлаа....” гэж дурдсанаас үзэхэд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдолд дурдсан “... хаанаас олж ирсэн цонхны шилэн дээрээс хурууны хээ авсан болох нь тодорхойгүй, эх үүсвэр нь тодорхойгүй эд зүйлээс дүгнэлт гаргасан” гэсэн нь үндэслэлгүй байна.  

            Мөн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан “ ...цонхны давцан дээрх гутлын мөр нь Дампилын 14-25 тоот хашаанд явж орсныг тэмдэглэж авав” гэснийг анхан шатны шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо нотлох баримтаар үнэлээгүй ба шийдвэрийн үндэслэл болгоогүйн гадна шүүгдэгчийн пүүзийг /өмсөж явсан гутал/ хурааж авсан тухай баримт хэрэгт авагдаагүй, энэхүү нөхцөл байдлыг шүүгдэгчийг тухайн гэмт хэргийн үйлдсэн талаарх нотолгоо болгоогүй  тул энэ талаарх шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдол үндэслэлгүй гэж үзэв.

            Хулгайд алдагдсан зурагтыг эрэн сурвалжлах ажиллагаа хийгдсэн боловч зурагт олдоогүй тухай мөрдөгчийн тэмдэглэл /2-р хх-ийн 112-113/-ээр тогтоогдсон байгааг дурдах нь зүйтэй.

Прокуророос шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргүүдийг 2019-02-01-ний өдрийн 5/03 тоот тогтоол /2-р хх-ийн 210/-оор нэгтгэсэн байж шүүгдэгч А.Мд гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж ялуудыг нэмж нэгтгүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх засч шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргүүдийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар буюу нэг зүйл хэсгээр дангаар нь зүйлчилж өөрчилсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасан  “шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно”  гэснийг зөрчөөгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Ч, А.М нарыг бүлэглэж хохирогч Л.Оын гражнаас ноолуур хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Чын хөдөлмөрийн чадвар алдалтын 79 хувиар группэд байдаг байдал, бусдад учруулсан эд материалын хохирлыг биет байдлаар нь буцаан өгсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ял,

шүүгдэгч А.Мг прокурор үйлдсэн гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж, ялуудыг нэмж нэгтгүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх эрүүгийн хэргүүдийг нэгтгэж нэг гэмт хэрэгт  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилж шүүгдэгч Д.Чтой бүлэглэж ноолуур хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Б.Нийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч зурагт хулгайлсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ялыг тус тус оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5-д заасан нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах буюу “Шударга ёсны зарчим”-д нийцсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2.1-д заасан хулгайлах гэмт хэрэгт хоёр жилээс найман жил хүртэл хорих ял оногдуулах ба шүүх шүүгдэгч А.Мд тухайн зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээгээр ял оногдуулсан нь хүнд биш, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь “Хууль ёсны байх” зарчимд нийцсэн, оролцогчдын “Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” эрхийг хангасан байна.

Иймд эдгээр үндэслэлүүдээр шүүгдэгч А.Мгийн өмгөөлөгч Б.Дагийнамжилын гаргасан “... зурагт хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгох” тухай агуулга бүхий давж заалдсан гомдол үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/47 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  шүүгдэгч А.Мгийн өмгөөлөгч Б.Дагийнамжилын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсанаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Ч, А.М нар нь тус бүр 40 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                                                    ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

                                                                                                        А.САЙНТӨГС