| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
| Хэргийн индекс | 167/2019/0045/э |
| Дугаар | 2019/ДШМ/30 |
| Огноо | 2019-04-03 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнханвч |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 2019/ДШМ/30
2019 04 03 2019/ДШМ/30
Э.Э-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Прокурор: Ө.Мөнхнавч,
Шүүгдэгч: Э.Э,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Жаргалсайхан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/43 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Э.Э-д холбогдох, эрүүгийн 1919000440018 дугаартай, 1 хавтас, 98 хуудас бүхий хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайханы гомдол, прокурор Ө.Мөнхнавчийн эсэргүүцэл зэргийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн ...... суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Дорноговь аймгийн ......сумын 3 дугаар баг, ........ тоотод оршин суух, Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2017/ШЦТ/164 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтын арга хэмжээ авсан, ...... овогт Э-ны Э /РД:ЕД........../-д холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
Шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн .... сумын 3 дугаар баг, Ерөнхий боловсролын сургуулийн технологийн өрөөнд нэвтэрч хохирогч С.О-ын эзэмшлийн Леново /Lenovo/ маркийн зөөврийн компьютерийг хулгайлж, 560 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч М овогт Э-ны Эыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-д 1 жил 6 сарын хорих ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-д Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 164 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхгүй байх хязгаарлалтын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Э-д энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар тэнссэн ялаас эдлээгүй үлдсэн 11 сарын ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 5 сарын хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-д оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхээс Э-ыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцжээ. Гэтэл хэргийн 19, 34 дүгээр хуудаснуудад авагдсан Эын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: Уг сургууль руу бие засахаар орсон, улмаар 2 давхарт 00-ын орчим явж байтал нэг анги онгорхой, ширээн дээр нь хар цүнхтэй notebook байсныг авсан болохоо мэдүүлж, энэ нь түүний эхнээсээ уг орон байранд хулгай хийх санаа зорилгоор ороогүй, улмаар уг ангид ил notebook байгааг мэдсэн энэ цаг үеэс түүний хулгай хийх санаа зорилго төрсөн болох нь тогтоогдож байгаа учраас гэм буруугийн санаа зорилгын энэхүү хэлбэр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан уг эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан болох хууль зүйн шаардлагад нийцэх бүрэн үндэслэлтэй байна.
Уг хэргийг үйлдсэн цаг хугацааны хувьд өдрийн цагаар бөгөөд улмаар уг сургууль нь байнгын дежуртай өдрийн цагаар ямар нэгэн байдлаар хийдэгдэж эзэнгүйдэх ойлголт байхгүй болох нөхцөл байдалтай уялдаж түүний хувьд уг сургууль руу хулгай хийх зорилгоор нэвтрэх ямар ч боломжгүй болох онцлог байдал,
Хэргийн 10 дугаар хуудсанд авагдсан энэ хэргийн хохирогч О-аас мэдүүлсэн “Тухайн үед өрөөнийхөө хаалгыг түгжилгүй, хамт ажилладаг Наранцацрал багшид миний өрөөг түгжчихээрэй гэж хэлээд явсан” гэх мэдүүлэг /хх-21-р хуудас/ авагдсан, гэрч Наранцацралаас мэдүүлсэн “Надтай хамт ажилладаг О багш өдөр 14 цагийн үед надад өрөөнийхөө түлхүүрийг өгчихөөд би ажилтай болчихлоо, миний өрөөг түгжчихээрэй гэж хэлээд явсан. Тэгээд би тус өдөр өрөөг нь түгжихээ мартаад явчихсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд Эын хувьд уг хулгайн гэмт хэргийн санаа зорилгыг урьдчилан мэдэж, тооцоолж, төлөвлөж уг орон байранд нэвтэрч хулгайлах ямар ч боломж нөхцөл байхгүй, харин энэхүү тохиолдлын чанартай нөхцөл байдал, сургуулийн ажилтнуудын хариуцлагагүй үйл ажиллагаатай холбогдон түүнд гэнэтийн бодол санааг буй болгож түүндээ хөтлөгдөн энэхүү үйлдлийг хийсэн болох нөхцөл байдалд нийцсэн зөв зүйтэй дүгнэлтийг хийх, эдгээр нотлох баримтуудад тулгуурлан Эын үйлдэлд зүйлчилсэн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсгийг өөрчилж, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгож хөнгөрүүлж өгнө үү гэв.
Прокурор Ө.Мөнхнавч давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ...2015 оны Эрүүгийн хуульд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих, эрх хасах гэсэн 5 төрлийн ялыг хуульчилсан бөгөөд тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх асуудлыг ялын төрөлд хамааруулахгүйгээр хуульчилсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулна...”, мөн хуулийн 5 дахь хэсэгт “...Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна...” гэж заасан байна.
2006 оны 28 дугаар Улсын дээд шүүхийн тайлбар байдаг. Орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж ямар үйлдлийг тогтоох вэ гэдэгт түлхүүр тааруулах, багаж зэвсгийг ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдлэх, цуургыг салгах, онгорхой байхад нь сэм орох, нуугдах бусад аргаар сэм нэвтэрч орохыг ойлгоно гэж тайлбарласан байдаг. Нөгөөтэйгүүр тухайн өрөөнд нөүтбүүк байгааг хараад нэвтэрч байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрсэн үйлдлийн шинжийг агуулж байна. Тийм учраас анхан шатны шүүхээс зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна гэж үзэж байна.
Шүүгдэгч Э.Э-д Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2017/ШЦТ/164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхгүй байх хязгаарлалтын арга хэмжээ авагдсан бөгөөд шүүхээс шийдвэр, авсан албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь ял оногдуулан Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулж, нэмж нэгтгэн шийдвэрлэхээр байна. Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Э-д “...өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар тэнссэн ялаас эдлээгүй үлдсэн 11 сарын ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 5 сарын хугацаагаар тогтоож...” гэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү... Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр эсэргүүцэл бичиж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулъя гэж бичсэн боловч шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр хуулийн зохицуулалт байгаа учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.
Хохирогч С.О давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбартаа: Миний бие О нь Дорноговь аймгийн Иххэт сумын Ерөнхий боловсролын сургуульд англи хэл, технологийн багшаар ажилладаг. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Lenovo notebook алга болсныг тухайн өдөр мэдээд сургуулийн камер шүүж үзэхэд авсан хүн нь тодорхой танигдахгүйн улмаас цагдаад дуудлага өгч шалгуулж Э.Э авсан болохыг мэдсэн. Тухайн өдрийн жижүүр багш болон технологийн кабинетын түлхүүр авч үлдсэн багш Наранцацрал нарын хариуцлагагүйн улмаас тус notebook алдагдсан болно. Одоо notebook-ээ хичээл сургалтандаа ашиглаж байгаа ба ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй хэвийн ажиллаж байгаа. Э нь өөрийн төрсөн ээжийн хамт хоёулахнаа амьдардаг. /Түүний ээж өндөр насны тэтгэвэрт байдаг, мөн ослын улмаас хүнд гэмтэлтэй байгаа нь үнэн/ Иймд миний зүгээс ямар нэгэн гомдол, саналгүй тул тухайн нөхцөл байдлыг харгалзан үзэж уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/43 тоот шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.
Учир нь: Шүүгдэгч Э.Э-ын өмгөөлөгч Ж.Жаргалсайханы гомдол, прокурор Ө.Мөнхнавчийн бичсэн эсэргүүцэл зэрэгт үндэслэн давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу гомдол, эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцвэл анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Э-ыг Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2017/ШЦТ/164 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д заасан хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж согтуурч биеэ хамгаалах чадваргүй байгааг нь далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхгүй байх хязгаарлалтын арга хэмжээ авсан хугацаанд буюу 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Иххэт сумын 3 дугаар баг, Ерөнхий боловсролын сургуулийн технологийн өрөөнд нэвтэрч хохирогч С.Оын эзэмшлийн Леново /Lenovo/ маркийн зөөврийн компьютерийг хулгайлж, түүнд 560000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Хэргийн бүх ажиллагааг хянавал яллагдагч Э.Э-ын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорт гаргасан хүсэлт, хохирогч С.О-ын хүсэлт зэргийг үндэслэн прокурор хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллагдагчийн хүсэлтээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр 2019-02-18-нд тогтоол гаргаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн, шүүх 2019-02-19-нд яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарлаж шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ шүүгдэгч Э.Э-д холбогдох Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2017/ШЦТ/164 тоот шийтгэх тогтоолоор түүнд ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгосон боловч түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон уг тогтоолын дагуу ял оногдуулах байтал оногдуулалгүй 2 жилээр тэнссэн хугацааны үлдэгдэл хугацаа болох 11 сарыг ял болгон хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д заасныг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна”, мөн зүйлийн 5-д “ тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж зааснаас үзвэл анхан шатны шүүх шүүгдэгчид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д заасан ялыг оногдуулах бөгөөд эдлээгүй үлдсэн ял гэх агуулга дээрх хуульд тусгагдаагүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.
Анхан шатны шүүхийн энэ алдаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3-т тус тус зааснаар эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болох бөгөөд энэ талаарх прокурор Ө.Мөнхнавчийн бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй тул хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Мөн прокуророос хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж байгаа хэрэгт мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар “шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй ял оногдуулах шүүх хуралдаан зарлан явуулж болно” гэсэн байхад яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамж гаргасан нь энэ журамд нийцэхгүй байгааг магадлалд тэмдэглэв.
Шүүгдэгчээс тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн учраас шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах учир прокурор энэ талаарх саналыг яллах дүгнэлтийн тэмдэглэх, тогтоох хэсэгт зайлшгүй тусгаж байхыг магадлалд тэмдэглэх нь зүйтэй байх ба энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 1, 4.1-т заасан яллах дүгнэлт үйлдэх журамд хамаарах юм.
Шүүгдэгч Э.Эад холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайханы хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн ял оногдуулахыг хүссэн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/43 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, прокурор Ө.Мөнхнавчийн бичсэн эсэргүүцлийг хангаж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайханы давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсанаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Э.Э 43 хоног цагдан хоригдсоныг дурдаж, хэргийг анхан шатны шүүхэд очтол түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БОЛОРМАА
А.САЙНТӨГС