Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 00010

 

 

 

 

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 182/ШШ2018/00010

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                       

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн  хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Олимп 21-47 тоотод оршин суух Бүргэдэй овогтой Тогоонтөмөрийн Ганцэцэг/ЧИ61082603/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 9-р хороо, Дэнж 29 гудамж 401 тоотод оршин суух Харчин овогтой Шийравийн Дэлгэрцэцэг/ИС80062404/-т холбогдох

      Түрээсийн гэрээний үүрэг 59.050.666 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний  хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Баттулга, хариуцагч Ш.Дэлгэрцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч С.Дондов, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Шийравийн Дэлгэрцэцэг нь 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Тогоонтөмөрийн Ганцэцэгтэй харилцан тохиролцосны үндсэн дээр Чингэлтэй дүүргийн 5-р хороо, 6 дугаар хороолол самбуугийн гудамж 22 дугаар байр 22 тоот хаягт байршилтай 244,62 мкв талбайг ажлын байрны түрээсийн гэрээ хийж нэг сарын түрээсийн төлбөр 4,200,000 /дөрвөн сая хоёр зуун мянган/ төгрөг байхаар харилцанх тохиролцсон билээ. Гэвч түрээслэгч Шийравийн Дэлгэрцэцэг нь түрээсэлж ихэлсэн цагаасаа эхлэн гэрээнд заагдсан үүргээ зохих ёсоор биелүүлүүгээс гадна түрээсийн төлбөрийг байнга дутуу, хугацаа хожимдуулан хийж түрээслэгч талдаа байнга хохирол учруулж ирсэн билээ. Түрээслэгч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж чадахгүй байгаа тул түрээсийн гэрээг буулгаж өгнө үү? гэсэн хүсэлт гаргасныг нь хүлээн авч 2016 оны 09-р сараас эхлэн түрээсийн төлбөрийг нэг сарын 3.400.000 /гурван сая дөрвөн зуун мянган/ төгрөг болгон түрээсийн төлбөрийг багасгасан боловч мөн л гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй өдий хүрсэн билээ. Энэ мэт байдлаар түрээслэгч тал нь түрээслүүлэгч талдаа удаа дараа хохирол учруулсаар 2017 оны 09 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нийт 59.050.666 төгрөгний хохирол учруулаад байгаа билээ. Иймд иргэн Шийравийн Дэлгэрцэцэгээс надад учруулсан хохирол болох 59.050.666 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

            Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Дэлгэрцэцэг миний бие нь 2016 оны 01 сарын 27-нд иргэн Т.Ганцэцэгтэй Чингэлтэй дүүргийн 5-р хорооны 6-р хороололын Самбуугийн гудамж 22-р байрны 22 тоот хаягт байрлах 240мкв талбайг ажлын байрны зориулалтаар гэрээ байгуулах сард 4.200.000 төгрөг төлөхөөр тохиролцон түрээсэлсэн боловч 2016 оны 06 сараас эхлэн бизнесийн уналтанд орж түрээсээ бүрэн төлж чадахгүй алдагдалд орж эхэлсэн. Энэ хугацаанд түрээсийг багасгах зарим талбайг өөр хүмүүст түрээслэх талаар байнга түрээслүүлэгч Т.Ганцэцэгт хандаж хүсэлт гаргаж байсан. Гэвч манай хүү Ууганбаяр мэднэ, хүү завгүй байна гэсээр миний шаардлагыг хүлээж авахгүй  байсаар маш их хугацаа алдсан. Ингээд 2016 оны 11 сар хүрсэн. Энэ үед 1 м.кв-ийг 20.000 төгрөгөөр бодож 3 өрөөг 1.780.000 төгрөгөөр авч үлдсэн боловч дахин төлж чадахгүй байдалд хүрч 2017 оны 4-р сарын 9-нд дахин түрээслүүлэгчтэй уулзаж нөхцөл байдалаа хэлсэн боловч хүлээн аваагүй. Ингээд аргагүй эрхэнд 2016 11-р сарын 1-нээс “Гэгээ тураах төв” 3 өрөөнд 2017 оны 4-р сарын 10-наас зар өгч 2017 оны 5-р сарын 24-нд “Ачит эверланд” гэх халамжийн  байгууллагыг 2 өрөөнд нь оруулсан. Одоо энэхүү байр бүрэн ашиглагдаж түрээслүүлэгчид мөнгөө төлөн ажиллаж байгаа. Миний хувьд бизнесийн уналтанд орсон ч гэсэн түрээсийн гэрээний үүргээ биелүүлэхийг  чин сэтгэлээсээ хүсч байгаа  бүх боломжоо ашиглан 25.260.000 төгрөгийг төлсөн. Мөн түрээслүүлэгчийг хохироохгүй тулд өөрөө цаг зав гарган зар  гаргаж түрээслүүлэгчид олж оруулсан. Иймд миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах  боломжгүй байна. Энэхүү асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар  хэрэгт авагдсан   бичгийн  нотлох  баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Т.Ганцэцэгийн гаргасан түрээсийн гэрээний дагуу 59.050.666 төгрөгийг хариуцагч Ш.Дэлгэрцэцэгээс гаргуулах тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Нэхэмжлэгч Т.Ганцэцэгт Г.Цэрэнпүрэвээс 2016.02.01-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2202025427 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 69 дугаар хорооллын 22-22 тоот хаягт байршилтай 244,62 м.кв талбайтай ажлын байрыг  бусдад түрээслүүлэх хэлбэрээр холбогдох гэрээ хийх, гэрээнд гарын үсэг зурах, төлбөрийг нэхэх, гаргуулан авах, шүүхэд нэхэмжлэл гаргах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эдлэх эрх үүрэг хүлээн оролцох эрхийг 3 жилийн хугацаатай олгожээ.

 

            Нэхэмжлэгч Т.Ганцэцэг, хариуцагч Ш.Дэлгэрцэцэг нар  2016 оны 01-р сарын 27-ны өдөр 244,62 м.кв талбайтай ажлын байр түрээслэх гэрээг бичгээр байгуулжээ.

 

            Дээрх түрээсийн гэрээг байгуулах үед түрээсийн зүйл болох Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 69 дугаар хорооллын 22-22 тоот хаягт байршилтай 244,62 м.кв талбайтай ажлын байр нь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй эд хөрөнгө байсан болох нь зохигчдын тайлбар, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа зэргээр тогтоогдож байна.

 

            Иймд гэрээ байгуулах үед  Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу  түрээслүүлэгч эд хөрөнгөө эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ аваагүй, өмчлөх эрх нь баталгаажаагүй байжээ.

 

            Харин түрээсэлсэн эд хөрөнгийг анх Г.Цэрэнпүрэв 2017.04.17-ны өдөр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул өмчлөх эрх нь баталгаажсан үеэс Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн хуулийн 32 дугаар зүйлийн    32.1-д зааснаар гэрээний талуудын аль нэг тал нь түрээсийн гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул 2017.04.17-ны өдрөөс хойш түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй байна.

 

            Хариуцагч Ш.Дэлгэрцэцэг нь эрхэлж байгаа бизнес нь ашигтай ажиллаж чадаагүй учраас түрээсийн төлбөрийг цаг хугацаанд нь төлж чадаагүй гэх тайлбарыг хийж байх боловч гэрээний үүргээ биелүүлэх болон бизнесийн эрсдэлд орох зэрэгт нэхэмжлэгч талын буруутай байдал тогтоогдоогүй бөгөөд энэ талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

            Иймд 2017.04.17-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 20.640.000 төгрөг, алданги 10.320.000 төгрөг, бүгд 30.960.000 төгрөгийг хариуцагч Ш.Дэлгэрцэцэгээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

             Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлээгүйн улмаас хүчин төгөлдөр бус болж, үргэлжлүүлэх боломжгүй болсон, мөн нэхэмжлэгч талаас ирүүлсэн вакум хаалтны үнийг нотолж буй гэх мөнгө өгсөн авсан гарын үсэг бүхий баримт нь үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримт гэж үзэхэд учир дутагдалтай байх тул нэхэмжлэлээс үлдэх вакум хаалтны үнэ 7.759.500 төгрөг, 2017.04.17-ноос хойшхи түрээсийн төлбөр, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас илүү нэхэмжилсэн шаардлага зэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3, 318.4, 292 дугаар зүйлйн 292.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Ш.Дэлгэрцэцэгээс 30.960.0000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Ганцэцэгт олгож, нэхэмжлэлээс үлдэх 28.090.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

           

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Ганцэцэгээс төлсөн 453.203 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ш.Дэлгэрцэцэгээс 312.750 төгрөг гаргуулж Т.Ганцэцэгт олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн  иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.АЛТАНЦЭЦЭГ