Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2018/00574

 

Т.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00010 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Т.Гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ш.Дт холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 59 050 666 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга, хариуцагч Ш.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч,түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа : Ш.Д нь 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Т.Г-тэй тохиролцож, Чингэлтэй дүүргийн 5-р хороо, 6 дугаар хороолол Самбуугийн гудамжны 22 дугаар байр 22 тоот хаягт байршилтай 244,62 м.кв талбайг сарын  4 200 000  төгрөгөөр түрээсэлсэн.  2016 оны 09-р сараас эхлэн түрээсийн төлбөрийг нэг сарын 3 400 000 /гурван сая дөрвөн зуун мянган/ төгрөг болгон  багасгасан боловч мөн л  гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, 2017 оны 09 дугаар сарын 15-ныг хүртэл нийт 59 050 666 төгрөгийн хохирол учруулсан. Иймд Ш. Д-ээс 59 050 666 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Т.Гтэй түрээсийн гэрээ байгуулсан  боловч 2016 оны 06 сараас эхлэн бизнесийн уналтад орсон. Энэ хугацаанд түрээсийг багасгах зарим талбайг өөр хүмүүст түрээслэх талаар байнга хүсэлт гаргаж байсан. Гэвч хүү У мэднэ, хүү завгүй байна гэсээр маш их хугацаа алдсан. Ингээд 2016 оны 11 дүгээр сар хүрсэн. Энэ үед 1 м.кв-ийт 20.000 төгрөгөөр бодож 3 өрөөг 1 780 000 төгрөгөөр авч үлдсэн боловч дахин төлж чадахгүй байдалд хүрч 2017 оны 4-р сарын 9-нд дахин түрээслүүлэгчтэй уулзаж нөхцөл байдлаа хэлсэн ч хүлээн аваагүй. Ингээд аргагүй эрхэнд 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс Гэгээ тураах төв"-ийг  3 өрөөнд,  2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс зар өгч 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр "Ачит эверланд" гэх халамжийн байгууллагыг 2 өрөөнд нь оруулсан. Бүх боломжоо ашиглан 25 260 000 төгрөгийг төлсөн. Мөн түрээслүүлэгчийг хохироохгүйн тулд өөрөө цаг зав гарган зар гаргаж түрээслүүлэгчид олж оруулсан. Иймд  нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

           

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3, 318.4, 292 дугаар зүйлийн 292.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Ш.Дээс 30 960 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Гт олгож, нэхэмжлэлээс үлдэх 28 090 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Гээс төлсөн 453 203 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ш.Дээс 312 750 төгрөг гаргуулж Т.Гт олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагч Ш.Д давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Т.Гт Г.Ц нь 2016 оны 02 сарын 01 нд 3 жилийн хугацаатай итгэмжлэл хуулийн дагуу өгсөн ч тэдний түрээслэн ашиг олж буй байр нь Г.Ц-ийн нэр дээр эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлд бүртгэгдэж гэрчилгээ аваагүй өмчлөх эрх нь баталгаажаагүй байхад хэний хөрөнгө нь тодорхой бус үл хөдлөх хөрөнгийг түрээслүүлсэн. Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулаагүй хүчин төгөлдөр бус гэрээ. Санхүүгийн хүндрэлд орж, гэрээг цуцлах саналыг Т.Г-т тавьж байхад хүлээж аваагүй. Хууль зөрчсөн өмчлөх эрхгүй нэхэмжлэгчийн хууль бус шаардлагыг дэмжиж 30 960 000 төгрөгийг гаргуулсанд  гомдолтой. Иймд гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг зөв үнэлээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Т.Г нь хариуцагч Ш.Д-ээс түрээсийн гэрээний үүрэгт 59 050 666 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Нэхэмжлэгч Т.Г нь Г.Ц-ийн итгэмжлэлийн дагуу хариуцагч Ш.Д-тэй Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 69 дүгээр хорооллын 22-22 тоот хаягт байршилтай 244,62 м.кв талбайтай ажлын байрыг түрээслүүлэх гэрээг 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс байгуулж, хариуцагч байрыг тодорхой хугацаанд ашигласан, түрээсийн төлбөрт 25 260 000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогджээ.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулж үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх бөгөөд уг шаардлагыг хангаагүй гэрээ мөн хуулийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байхаар заажээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ дээрх “үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй тул байгуулсан үеэсээ хүчин төгөлдөр бус юм. Хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсан талууд хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах үүрэгтэй хэдий ч хариуцагч нь бусдын хөрөнгийг хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр ашигласан байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн эд хөрөнгийг эзэмшилдээ байлгах хугацаанд үр шимийг хүртсэн тул ашигласан хугацаанд ногдох төлөөгүй үлдсэн төлбөр 23 170 666 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн анз шаардах эрхгүй, мөн вакум хаалтыг хариуцагчийн хүсэлтээр хийлгэсэн гэх боловч уг хаалт үл хөдлөх эд хөрөнгийн дагалдах зүйл болон нэхэмжлэгчид өөрт нь үлдсэн байх тул вакум хаалтны үнийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй юм.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00010 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Д-ээс 23 170 666 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Г-т олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 35 880 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дах заалтын “312 750” гэснийг “273 803” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ш.Дийн төлсөн 313 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                               ШҮҮГЧИД                                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                          Ш.ОЮУНХАНД