Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 00082

 

 

 

 

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 182/ШШ2018/00082

              Улаанбаатар хот

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг,  1 дүгээр хороо, 1 дүгээр дөчин мянгат, 4 дүгээр байранд үйл ажиллагаа явуулах, “Өгөөмөр хорь” ХХК/РД: 2019787/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, МУИС-20 байрны 17 тоотод оршин суух, Доржийн Ганзориг/РД:ХБ73070612/-т холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохиролд 100.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: “Өгөөмөр хорь” ХХК-ийн захирал ажилтай Р.Жүгдэрнамжил, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар, хариуцагч Д.Ганзориг, хариуцагчийн өмгөөлөгч П.Одонтунгалаг, П.Батбүрэн, гэрч Б.Санал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Одонтуяа нар оролцов.                                                                                        

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Өгөөмөр хорь” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Ганзориг нь өмнө нь мөнгөн аяганы үйлдвэр байгуулж байсан туршлагатай гээд бид уулзаж харилцан тохиролцож мөнгөн аяганы үйлдвэр байгуулахаар болсон. 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр уулзаж ярилцахдаа мөнгөн аяганы үйлдвэр байгуулахад 120.000.000 төгрөг орчим болно гэснийг нь би зөвшөөрсөн.  Эхний ээлжид 9 ширхэг ган хэвийг 14 000 000 төгрөгөөр яаралтай хийлгэх хэрэгтэй бөгөөд нууц байдалд удаан хугацаанд хийгддэг гэж хэлсэн. Би 10 дугаар сарын 24-ний өдөр 14 000 000 төгрөгийг Д.Ганзоригт хүлээлгэж өгсөн. Эхний ээлжинд шаардагдах мөнгөө авсан юм чинь албан ёсны гэрээгээ хийе гээд 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр манай жолооч Цогбаяр бид гурав сууж гэрээг хийсэн. Гэрээнд 1/. Мөнгөн аяганы 120.000.000 төгрөгөөр байгуулж өгнө, 2/. Мөнгөн аяганд ордог тагш хийх үйлдвэр байгуулж өгнө, 3/. Цэвэр мөнгийг оруулж ирэх гарцыг хайж цэвэр метал оруулж ирж хайлуулаад цэвэр гулдмай болгон хүлээлгэж өгөх, 4/. Ган хийх зураг төсөл хийх үндсэн 4 ажлыг хийж өгнө гэж тохироод эдгээр ажлын хөлсийг оюуны хөдөлмөрөө үнэлээд 40 000 000 төгрөгийг авна гэсэн. Энэ нь 120.000.000 төгрөгөөс тусдаа мөнгө юм. Ингээд 120 000 000 төгрөгийн 70 хувь болох 84 000 000 төгрөгийг эхний ээлжид Солонгос улс руу явахдаа аваад үлдэгдэл 30 хувийг дараа нь авна гэсэн. Гэрээг хийхдээ Д.Ганзоригийн хэлсэн бүх зүйлийг би бичиж, дараа нь уншаад гарын үсгээ зурцгаасан. Д.Ганзориг нь тухайн үед “энэ цаг мөчөөс би таны ажилтан боллоо, би үнэнч шударга ажиллана, би тоног төхөөрөмжийн мөнгөн дээр нэг ч төгрөг нэмэхгүй” гэж хэлээд 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр гэхэд “мөнгөн аяганы үйлдвэрийг байгуулж өгнө” гэж хэлсэн. Гагцхүү би ажлынхаа хөлсийг 100 хувь авна шүү гэхэд нь би хүлээн зөвшөөрсөн. Тэгэхэд би тээврийн зардлыг, Д.Ганзориг гаалийн мөнгийг хариуцна гэж байсан. Би тухайн үед баримтаа сайн цуглуулаарай гэж дахин дахин захисан. Намайг гадагшаа явсан хойгуур Д.Ганзоригийн эхний 84 000 000 төгрөгийг манай охин Намжилмаагаас аваарай гэсний дагуу 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр авсан байсан. Үүнээс хойш сураггүй байж байгаад 2015 оны 1 дүгээр сарын 10-ны үед Д.Ганзориг над руу утсаар яриад “ажил сайн байгаа, үлдэгдэл 30 хувь болох 36 000 000 төгрөг, мөн 72 000 000 төгрөгийг шилжүүл” гэж хэлсэн. Би 72 000 000 төгрөг гэдэг нь юуны мөнгө юм бэ гэхэд та яаралтай шилжүүлэхгүй бол болохгүй гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “эгч нь өөрөө очъё” гэж хэлээд 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Солонгос улсын Сөүл хотод очсон. Солонгос улсад очсон орой нь ченж дээр бид цуг очиж доллараа вон болгосон. Би уг мөнгийг өөрөө хүнд нь гардуулж өгье гэж бодсон боловч Д.Ганзориг маргааш нь очоод бичгээ авчихгүй юу, тэр хүнд одоо л өгөхгүй бол болохгүй, хүлээлгэчихсэн байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь итгээд 72 000 000 төгрөг буюу 39 507 610 воныг миний өрөөнд Д.Ганзориг хүлээж авсан гэсэн гарын үсэг зураад найзынхаа хамт аваад явсан. Би энэ хүнд маш их итгэж байсан. Маргааш нь Д.Ганзориг эхнэртэйгээ ирээд 250 тонны пресс машин, элдүүрийн машин, хэвний машин захиалсан гээд үйлдвэр дээр нь очиж үзүүлсэн. Д.Ганзориг нь 84 000 000 төгрөгөөс урьдчилгааг нь төлсөн байсан. Тэр үйлдвэр дээр очоод үлдэгдэл 15 000 000 воныг төлсөн.  Бусад тооцоог дуусгаад явсан. Тэр өдөр хэвний машин, цутгуурын ширээ, шатаах зуух гээд 3-4 төхөөрөмж захиалсан байсан. Энэ нь нийтдээ 7 170 000 вон болсон ба Д.Ганзориг нь урьдчилгаанд 2 400 000 воныг, би 4 770 000 воныг төлсөн. 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 39 507 610 вон авсан гэх хэвний газар очиж бичиг баримтаа авъя гээд очиход Ганзориг “хэв хийдэг хээ нь энэ, энэ үйлдвэрт мөнгөө өчигдөр орой өгсөн” гэж хэлсэн. Тэгэхэд нь баримтаа авахгүй бол болохгүй гэж хэлэхэд энэ хүн захирал нь биш, захирал нь авсан гэж хэлсэн. Токарын машин авах үйлдвэр дээр очиж үзье гэхэд хөдөө байдаг гэж хэлсэн. Мөн ачилтын мөнгө 400.000 воныг эхнэр Соёл-Эрдэнэд өгсөн. Ингээд 2015 оны 2 дугаар сарын 01-нд эдгээр хүмүүс тоног төхөөрөмжүүдээ ачуулчихаад одоо гарлаа гэж хэлсэн. Гэрээнд заасан түлхүүр хүлээлгэж өгөх хугацаа болсон, үйлдвэр байгуулж өгөөгүй. Гэрээнд  торгууль, хүү тооцохоор заасан боловч би нэхээгүй юм. Нөхрөө эмчлүүлэхээр гадагшаа явах болсон учир жолоочдоо энэ асуудлыг захиад 7.000.000-8.000.000 төгрөгийг үлдээгээд явсан. 2015 оны 2 дугаар сарын 18-нд тоног төхөөрөмжүүд гааль дээр ирсэн гэсэн. Намайг ирэхэд тоног төхөөрөмжийг подвальд оруулчихсан байсан. Би жолоочоо “контейнер задлахад чи хамт байна шүү” гэсэн боловч Ганзориг нь  өөрийнхөө үйлдвэр байдаг газар руу ачаад явсан байсан. Тэгээд манай ажлын байрны подваль руу авч ирж хийхэд нь манай жолооч байсан. Хариуцагч  нь миний итгэлийг  их эвдсэн, шинэ шатаах зуух авчирсан атлаа өөрийнхөө хуучин шатаах зуухаар сольсон гэх мэт олон асуудал байдаг. Үйлдвэр байгуулах ажилд өөрийнх нь олж өгсөн 2 ажилтанг нэгийг нь 650 000 төгрөгөөр, нөгөөг нь 450 000 төгрөгөөр цалинжуулсан. Мөнгөн аяга хийх 14 000 000 төгрөгийн хэв нь аягандаа таараагүй. Ингээд би гайхаж “энэ чинь ган биз дээ” гэхэд “төмөр” гэсэн. Д.Ганзоригийн хэлсэн үгнүүд зөрсөн учир би өөр үйлдвэрийн эзнээс асуухад цахилгаан станцаар хийлгэсэн хэвнүүд таардаггүй юм уу гэж асуухад “хар төмрөөр хийдэг, хийдэг хүн байгаа” гэхээр нь очиход 9 ширхэг хэв нь 3.800.000 төгрөгөөр хийнэ гэсэн. Гэтэл Д.Ганзориг надаас 14.000.000 төгрөг авсан байдаг. Уг нь гэрээ маань бүрэн итгэлцэл дээр хийгдсэн бөгөөд ямар нэгэн барьцаа байхгүй тохирсон. Энэ талаар би өөрт нь хэлсэн, ойлгосон байх. Би “нөгөө 72.000.000 төгрөгийн хэв одоо хүртэл ирэхгүй байна” гэхэд надад “Жүүгээ эгчээ уучлаарай, тал мөнгийг нь өгөөд тал мөнгийг нь өөрийнхөө хэрэгцээнд ашиглачихсан юм” гэж хэлсэн. Ингээд бид нар сууж байгаад тэмдэглэл бичсэн, Ганзоригийн хэлсэн бүх үгийг нь би бичсэн. Тэгээд “удахгүй мөнгийг нь явуулаад таны ган хэв ирнэ” гэсэн. Би тэгвэл 14.000.000 төгрөгтөө 3 хувийн хүү тооцно, 16.490.000 төгрөг болно, хэзээ өгөх юм бэ” гэхэд “7 дугаар  сарын 1-ний өдөр гэхэд өгнө” гэсэн. Ингээд 39.510.000 воны талыг нь өөртөө ашигласан гэдгээ зөвшөөрч, бид нар гарын үсэг зурсан. Д.Ганзоригт ажлын хөлсөнд 2014 оны 11 дүгээр сарын 17-нд 10.000.000 төгрөгийг өгсөн. 2015 оны 8 дугаар сарын эхээр хэвүүд ирсэн ба энэ нь үнэхээр 39.507.000  вон  юм болов уу үгүй юу гэдэгт эргэлзэж байсан. Учир нь токарын машины ачилтын хөлс гээд надаас 400.000 воныг авсан, гэтэл 100.000 вон болсон байдаг, 300.000 воныг нь эхнэр Соёлоо авсан байсан. Ер нь эдгээр бүх тоног төхөөрөмжийн үнэ дээр нэмэгдэл үнэ хийсэн байсан бөгөөд би сүүлд нь авсан газраар явж тодруулсан. Тэгэхэд бас 3 хонгио нийлээд 90.000 воны үнэтэй байхад надад зөвхөн 1-ийг нь 90.000 воноор худалдаж авсан гээд өгсөн байх жишээтэй. Гэхдээ би энэ болгоныг нэхэмжлээгүй. Би Ганзоригоос байнга л баримт нэхдэг байсан, надад 2 баримт авчирч өгсөн, тэр нь ган хэвэнд 41.800.000 вон, 2 токарын машин, хайлдаг зуух, нийт 16.000.000 вон гэсэн байсан. Хэргийн материалд  эх хувиараа авагдсан байгаа. Дараа нь би Солонгос улс руу явж ган хэвний үйлдвэрийн захиралтай уулзаж 9 ширхэг ган хэвний төлбөрийг төлсөн баримтыг авъя гэхэд 11.000.000 воноор 9 ширхэг хэв хийсэн гэсэн баримт өгсөн. Гэтэл Д.Ганзориг нь надаас 41.800.000 вон авсан байдаг. Авчирсан 5 тоног төхөөрөмжөөс 2 нь шинэ, 3 нь хуучин тоног төхөөрөмж байсан. Ажил эхлэхэд токарын машины олон зүйлийг сольсон бөгөөд Ганзориг ч 500.000 төгрөгөөр эд ангийг нь сольж авч өгч байсан. Токарын машины төлбөр төлсөн бичгээ авъя гэхэд 1 машин нь 3.000.000 вон буюу нийлээд 6.000.000 воны төлбөр төлсөн бичиг өгсөн ба хайлах зуухыг манайхаас аваагүй гэж хэлсэн. Би 84.000.000 төгрөг болон 72.000.000 төгрөгтэй тэнцэх 39.507.610 вон, ажлын хөлсний урьдчилгаа 10.000.000 төгрөг, монголд хийлгэх ган хэвний үнэ 14.000.000 төгрөгийг  Д.Ганзоригт бэлнээр өгсөн. Би Д.Ганзоригийг дараахь мөнгийг надаас илүү авсан гэж үзэж байна. Үүнд монголд хийлгэхээр авсан 14.000.000 төгрөг, Солонгос улсад ган хэв хийнэ гэж авсан 72.000.000 төгрөг буюу 39.507.610 воноос ган хэв хийсэн бодит үнэ 11.000.000 воныг хасч үлдэгдэл болох 41.678.136 төгрөг, 2 токарийн машины үнийн зөрүү болох 14.880.000 төгрөг, токарын машины ачилтын үнэд төлсөн 400.000 воноос  100.000 воноор ачсан учир хасаад 300.000 вон буюу 558.000 төгрөг болж байгаа.  Эдгээрийг би мэдэж авахын тулд 2015 оны 11 дүгээр сарын 11-нд Солонгос улс руу очиход худалдаж авсан 1 талын тийзний үнэ болох 1.340.500 төгрөг нэхэмжилж байна. Эдгээр нь нийлээд 72.456.636 төгрөг болж байгаа. Д.Ганзоригийн ган хэвийн зөрүү болох 41.678.136 төгрөг, токарын 2 машины үнийн зөрүү 14.480.000 төгрөг, токарийн машины ачилтын хөлсний зөрүү 558.000 төгрөг, нийт 57.116.136 төгрөгөөс алданги тооцоход 28.068.000 төгрөг болсон бөгөөд 72.456.636 төгрөг дээр нэмж тооцоход нийт 101.114.700 төгрөг болж байгаа юм. Д.Ганзориг нь 2015 оны 9 дүгээр сард аяга зүлгэгч машиныг 5.500.000 төгрөгөөр надад зарсан, түүнийг 14.000.000 төгрөгийн хүү болох 2.490.000 төгрөг, мөн Д.Ганзорийн 9 дүгээр сард төлөх ёстой дарханы байрны түрээс болох 2.000.000 төгрөг буюу эдгээр нийт мөнгөнөөс 5.500.000 төгрөгийн аяга зүлгэгчийн үнийг төлсөнд тооцсон. Харин үлдэх 1.125.304 төгрөгийг хасч 100.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. Ажлын хөлсөнд төлсөн 10.000.000 төгрөг дээр Ганзоригийн 2015 оны 3, 4 сарын ажлын байрны түрээс болох 5.240.000 төгрөгийг ажлын хөлсөнд тооцож  нийт 15.240.000 төгрөгийг ажлын төлсөн гэж тохирсон. Д.Ганзоригт хийсэн ажилд нь тохирсон хөлсийг төлсөн учраас нэмж ажлын хөлс төлөх боломжгүй. Иймд надаас гэрээний дагуу авах ёстой мөнгөөс илүү мөнгө авч хохироосон тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

 Хариуцагч Д.Ганзоригоос шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 20 гаруй жил дархан хийсэн бөгөөд өдөрт 500 ширхэг аяга хийх шинэ технологи гаргасан. Жүгдэрнамжил гуайн компанийн дэлгүүрт манай ээж бид хоёр талбай түрээслэдэг бөгөөд олон жилийн өмнөөс бие биеэ мэднэ. Тэгээд Жүгдэрнамжил гуай ээжээр дамжуулан үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлээд мөнгөн аяганы үйлдвэр байгуулж ганц хүүдээ өв үлдээмээр байна гэсэн саналыг надад тавьсан. Уг технологи нь Монголд анх хийгдэж байсан учраас цаг хугацаа болон судалгаа их орно гэдгийг хэлсэн. Жүгдэрнамжил эгчтэй ярилцаж, үндсэн тоног төхөөрөмжийг 120.000.000 төгрөг, мөн ган хэвээр хийх юм бол өдөрт 500 ширхэг аяга хийх боломжтой бөгөөд үүнийг 9 ширхэг ган хэвний 1 хэвийг 8.000.000-15.000.000 төгрөгөөр үнэлдэг гэж танилцуулсан. Танд хямдруулаад 1 ширхэг хэвийг 8.000.000 төгрөгөөр тооцож нийт 72.000.000 төгрөгт ган хэвийг бэлдэж өгье гэсэн. Надад ажлын хөлсөнд 40.000.000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгч дарханы мэдлэг байхгүй учраас явцын дунд намайг хардах, сэрдэх асуудал их гарсан. Тэгээд бид гэрээ байгуулсан. Солонгос улсад очоод би өглөөнөөс орой хүртэл цаг наргүй эдгээр ажлыг хөөцөлдөж, ган хэв хийх аргыг боловсруулахад  бүтэн 3 сар гарангийн хугацаа зарцуулсан. Уг аргыг боловсруулж байх явцад олон жил надтай харилцаж ажиллаж байсан солонгос захирлууд тус болсон. Жүгдэрнамжил  гуайг дагуулж очсон үйлдвэрт ган хэвээ хийсэн. Олон газар туршаад болохгүй, сүүлд нь тэр үйлдвэр дээр эцсийн бүтээгдэхүүн болгосон юм. Үйлдвэрийн гол тоног төхөөрөмж, багажуудыг шинээр аваад, монголд засаж болох боломжтой зарим хуучин багажууд авсан. 120.000.000 төгрөгт тоног төхөөрөмжүүд багтаж, 72.000.000 төгрөгт ган хэвний үнэ багтсан. Үүнд: 250 тонны пресс машин, элдүүрийн машин, токарийн 2 ширхэг машин, үйлдвэрийн цутгуурийн ком багаж /зуух, хэв чанах машин, воскны машин, түүний туслах хэрэгсэл, эхний ээлжид хэрэглэх түүхий эд, индукцийн зуух, холбогдох дагалдах хэрэгсэл/  зэрэг тоног төхөөрөмжүүдийг Солонгос улсаас авчирсан. Эдгээрээс гол тоног төхөөрөмжүүдийг Солонгос улсад зураг төслийн дагуу нэмэлтээр хийсэн. Ган хэвийг хийх гэж олон удаа бүтэлгүйтсэн бөгөөд энэ нь маш хүнд ажил, манай “Зоос гоёл” ХХК-д үүнийг 250.000.000 төгрөгөөр хийх гээд бүтэлгүйтээд буцсан байсан. Ган хэв нь миний өөрийн гаргаж авсан технологийн нууцтай холбоотой учир би хамтарч хийсэн хүмүүстэй уулзуулах сонирхолгүй байсан. Жүгдэрнамжил эгчийг Солонгос захирлуудтай танилцуулсан. Сүүлд нь Солонгос захирал утсаар яриад танай эгч гэж хүн ирээд үнийн мэдээлэл өгөөч гэж байна гэхэд нь би бодитой мэдээллийг нь өг гэсэн. Дараа нь надтай уулзаад “эгчийгээ яагаад хуурсан юм бэ” гэхэд “үйлдвэр байгуулахад эрсдэл гарна шүү дээ, алдаа байсан бол уучлах хэрэгтэй” гэж хэлсэн. Нэхэмжлэгчийн тайлбарласан,  надад өгсөн гэсэн мөнгийг бүгдийг нь хүлээн авсан, түүнийг зөвшөөрч байна. Надаас санхүүгийн баримтанд хэрэгтэй гээд баримт нэхээд байсан учир хамтарч ажилладаг газраас 41.800.000 воны баримт авчирч өгсөн. Тухайн үед ажлаа явуулах л бодол байсан болохоос эргээд заргалдана гэж санасангүй. Би Солонгос улс руу явахаас өмнө ажлын хөлсний урьдчилгааг авах талаар хүсэлт тавьсан бөгөөд 10.000.000 төгрөгийг авсан. Мөн тоног төхөөрөмж ирэхэд нэг газар байрлуулж байгаад дараа нь хаалгаа зассаны дараа оруулах бодолтой байсан. Тухайн үед тоног төхөөрөмжийн үнэ их байсан бөгөөд баримтад ороогүй дайвар зардлууд байгаа, түүнийг ч би бас тооцоогүй л байгаа. Зарим тоног төхөөрөмжийг хямдаар авсан ч гэсэн эргээд зөрүү мөнгийг нь өөрийнх нь зүйлд зарцуулсан. Мөн Жүгдэрнамжил гуай намайг 14.000.000 төгрөгийг авсан гэж байна, үйлдвэр дээр аягыг токариар цохиход маш их цаг ордог. Би уг нь ганц дараад мөнгөн аягыг олноор гаргаж ирдэг үйлдвэрийг л хийгээд өгье гэж бодож байсан. Нэхэмжлэгч манайд ирж, 3 хүүхдийн дэргэд “аавыг чинь шоронд хийгээд ээжийг чинь цагдаад барьж өгнө” гэж эхнэр хүүхдүүдийг айлгаж дарамталсан. Энэ нь 2015 оны 5 дугаар сард байсан ба би тэр үед түүнтэй хэрэлдэж маргалдаагүй, үйлдвэрийг нь өргөжүүлэх санал тавьж тохиролцох талаар хэлсэн. Би хийх ёстой үүргээ бүрэн гүйцэтгэсэн бөгөөд нэхэмжлэгч болон гэр бүлийн хүмүүс нь насан туршдаа үр шимийг нь хүртэх үйлдвэр байгуулж өглөө гээд баярлалаа гэж хэлж байсан. Тухайн үед үйлдвэрийг байгуулж босгох л гэж бодсон болохоос алхам дутамдаа баримт бүрдүүлээгүй нь миний алдаа байсан. Тагшны үйлдвэр байгуулах, мөнгөн гулдмай хийх гэсэн 2 ажил байсан боловч биелэгдээгүй нь үнэн. Ажлын хөлсөнд нийтдээ 15.240.000 төгрөг авсан. Би “Сонгодог гоёл” гэдэг нэртэй компани ажиллуулдаггүй, энэ нь манай засварын газрын нэр юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Өгөөмөр хорь” ХХК нь хариуцагч Д.Ганзоригт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээгээр илүү шилжүүлсэн мөнгө, гэрээнээс учирсан хохирол хүүд нийт 100.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч “Өгөөмөр хорь” ХХК-д хариуцагч Д.Ганзориг нь мөнгөн аяганы үйлдвэр байгуулж өгөх тухай хэлцэл хийж, 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг бичгээр үйлдэж,  нэхэмжлэгч “Өгөөмөр хорь” ХХК нь дээрх ажилд шаардлагатай тоног төхөөрөмжийн үнэд 120.000.000 төгрөг, ажлын хөлсөнд 40.000.000 төгрөгийг хариуцагч Д.Ганзоригт өгөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, гэрээ зэргээр нотлогдов.

 

Хариуцагч Д.Ганзориг дээрх гэрээнд зааснаар:

 

1.Хундаганаас 8-ийн аяга хүртэлх ган хэвүүдийн материалыг олж, ган хэвүүд хийх, ёроолын хэв гаргагчуудын  загвар, зураг төслийг хийх, үүнд зориулж 14 сая төгрөгийг Өгөөмөр 20 ХХК-иас бэлнээр авч гүйцэтгэх,

 

2.Мөнгөн аяганы технологи болон тоног төхөөрөмжүүдийг Өмнөд Солонгос улсын бизнесменүүдтэй хамтран Монгол хэлбэрт оруулан бүрэн автоматаар үйлдвэрлэлийн асуудлыг  шийдэх, өмнөд Солонгосоос ачуулах гаалийн асуудлыг Д.Ганзориг шийдвэрлэхээр  тохиролцон бүх тоног төхөөрөмжийг Монголд Өгөөмөр хорь ХХК-ийн ажлын байранд угсарч үйлдвэрлэлийг эхлүүлэн түлхүүр хүлээлгэж өгөх хугацааг 2015.02.01-нээр тогтсон байна.

 

3.Тагш хийх үйлдвэр хийх, үүнд тагшны тагшны материал, түүхий эд авах, Монголд бүх техник технологийг оруулан үйлдвэрлэлийг эхлүүлж Өгөөмөр хорь ХХК-д хүлээлгэн өгөх.

 

4.БНХАУ-аас цэвэр мөнгө Монголд оруулж ирэх гарцыг олж эхний материалаар гулдмай бэлтгэж үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үүнд хөөрөгний ган хэвийг хийх зэрэг 4 төрлийн ажлыг Д.Ганзориг биечлэн хийж ажлын хөлсөнд 40 сая төгрөгийг Өгөөмөр хорь ХХК-иас авахаар тохиролцжээ.

Хариуцагч талын өмгөөлөгч нараас талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээг байгуулсан гэж үзэж байх боловч зохигчдын хооронд байгуулсан гэрээний зорилго, талуудын тохиролцооноос үзвэл ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч талаас мөнгөн аяганы үйлдвэрийн тоног төхөөрөмж болон бусад ажлуудыг 120.000.000 төгрөгт багтааж хийж гүйцэтгэхдээ тоног төхөөрөмжийн авсан үнэ дээр дахин үнэ хөлс нэмэхгүй байхаар тохиролцож, гагцхүү ажлын хөлсөнд 40 сая төгрөгийг Д.Ганзоригт өгөхөөр тохиролцсон гэж тайлбарлаж байна.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

Нэхэмжлэгч талаас:

- 2014.10.24-нд Монголд хийлгэх ган хэвний үнэд 14.000.000 төгрөг,

-2014.11.23-нд /120 сая төгрөгийн 70 хувь/ 84.000.000 төгрөг

-Солонгост /30 хувь/ тоног төхөөрөмжийн үнэ 36.000.000 төгрөг

-Солонгос хийлгэх ган хэвний үнэ 72.000.000 төгрөг буюу 39.507.610 вон

-тээврийн зардалд 400.000 воныг Д.Ганзоригт өгсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба, уг мөнгөнүүдийг хүлээж авсан эсэх талаар хариуцагч талаас маргадаггүй.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2-3-т: “энэхүү гэрээ нь бүрэн итгэлцэл дээр явагдаж байгаа ба ямар нэгэн заль мэх, илүү тооцоо хийх, ёстой ажлыг дутуу гүйцэтгэх, гэрээнд заагдсан ажлуудаас дутуу хийх, хугацаа 2015 оны 02 дугаар сарын 10-нд хүлээлгэн өгөх, энэхүү гэрээг зөрчсөн тохиолдолд энэхүү төсөлд орсон бүх зардлыг тооцож Д.Ганзоригоос авах ба, хоног тутамд 0,5 хувийн алданги тооцно”,

2-4-т: “...Хоёр тал үнэнч шударга, ажиллахыг хатуу чанд сахиж ажиллахаар энэхүү гэрээг байгуулав” гэжээ.

 

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ”,

 

Мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ” гэсэн байна.

 

Гэтэл хариуцагч Д.Ганзориг дээрх хууль буюу харилцан тохиролцсон гэрээгээ зөрчиж, тоног төхөөрөмжийн үнэ, тээврийн зардал зэргийн үнийг өсгөж нэхэмжлэгч Өгөөмөр хорь ХХК-иас илүү мөнгө авсан болох нь тогтоогдож байх тул Монголд хийлгэхээр өгсөн ган хэвний үнэ 14.000.000 төгрөг, Солонгос улсад 17.000.000 воноор  ган хэв хийлгэхэд илүү авсан 41.678.136 төгрөг, токарийн машин тээвэрлэсэн зардалд илүү авсан 300.000 вон буюу 528.000 төгрөг бүгд 56.236.136 төгрөгийг зохигчдын хооронд байгуулсан гэрээ, зохигчдын тайлбар, 2015.09.28-ны өдрийн төлбөр төлөх хугацааг сунгах гэрээ/хх-ийн 14-р хуудас/, 2015.02.28-ны өдрийн тавган ком 17.000.000 воны тооцооны хуудас/хх-ийн 17-18 дугаар хуудас/, 2015.01.25-ны өдрийн 100.000 воны урьдчилгаа тээврийн өртгийн мөнгөний баримт/хх-ийн 141-142 дугаар хуудас/-ны баримтуудыг үндэслэн хариуцагч Д.Ганзоригоос гаргуулж нэхэмжлэгч Өгөөмөр хорь ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хариуцагч Д.Ганзориг Монголд хийлгэсэн ган хэвийг буцаан авч үнийг хүүгийн хамт төлөхөөр  гэрээ байгуулсан байх ба, тоног төхөөрөмжийн үнийг хэдэн төгрөгөөр тооцож авсан болон ачаа тээврийн зардалд гаргасан тооцооны талаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзлалаа нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, нотлох баримтгүй байна.

 

Харин нэхэмжлэгч Солонгос улсаас худалдан авсан токарийн 2 ширхэг машины үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн гэж үзэж 8.000.000 вон буюу 14.880.000 төгрөгийг нэхэмжилсэн ба, 6.000.000 воноор токарийн машиныг худалдан авсан гэсэн баримтыг /хх-ийн 20, 21, 169 дүгээр хуудас/ үндэслэж байх боловч ямар барааны баримт болох нь орчуулагдаагүй байх тул 2 ширхэг токарийн машиныг илүү үнээр тооцоо хийсэн гэх шаардлагаа нэхэмжлэгч тал нотлоогүй байна.

 

Мөн нэхэмжлэгч Өгөөмөр хорь ХХК-ийн захирал Р.Жүгдэрнамжил Солонгос улс руу зорчиж тоног төхөөрөмжийн үнийг шалгах, зардлын баримтыг авахаар явсан гэж тайлбарлаж, онгоцны тийзийн үнэ 1.340.500 төгрөгийг нэхэмжилж байх боловч, аяллын зорилго нь зөвхөн талуудын хооронд байгуулагдсан гэрээтэй холбоотой байсан гэж үзэх эргэлзээгүй, үнэн зөв нотлох баримт гэж үзэхэд учир дутагдалтай байна.

 

Нэхэмжлэгч талаас хүү гэж  28.558.068 төгрөгийг нэхэмжилж байх боловч, талууд ажил гүйцэтгэх гэрээгээр хүү тохиролцоогүй тул уг шаардлагыг хангаж шийдвэрлэх  хууль зүйн үндэслэлгүй байхгүй.

 

Хариуцагч талаас Өгөөмөр хорь ХХК-ийн ажлын байрны хаалга, шат, сантехникийг засварласан, өнгөлгөөний машиныг 7.000.000 төгрөгт тооцож өгсөн тул Монголд хийсэн ган хэвний үнэд авсан 14.000.000 төгрөгийг төлөгдсөн гэж үзнэ,  ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс 40.000.000 төгрөгийг бүрэн аваагүй гэх,

 нэхэмжлэгч нь хариуцагч талаас авсан 5.500.000 төгрөгөөр худалдан авсан өнгөлгөөний машиныг хариуцагчийн түрээсийн төлбөрт оруулан тооцсон гэх тайлбарууд болон гэрч Б.Саналын мэдүүлэг зэргийг хариуцагч Д.Ганзоригоос сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул уг үйл баримтуудыг үнэлж дүгнэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйпийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3, 227.4-т зааснаар хариуцагч Д.Ганзоригоос 56.236.136 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Өгөөмөр хорь” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх  43.763.864 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

           

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Өгөөмөр хорь ХХК-иас төлсөн 657.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Ганзоригоос 439.130 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Өгөөмөр хорь ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                               

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ц.АЛТАНЦЭЦЭГ