Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 1038

 

“Өгөөмөр хорь” ХХК болон Р.Жүгдэрнамжил нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

                                                                                          

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00296 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Өгөөмөр хорь” ХХК болон Р.Жүгдэрнамжил нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Ганзориг болон “Соёл Зорро” ХХК, “Сонгодог гоёл” ХХК-иудад холбогдох

 

Гэрээний үүрэгт 100 000 000 төгрөг гаргуулах тухай тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Жүгдэрнамжил,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар,

Хариуцагч Д.Ганзориг,  

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Должинсүрэн, П.Батбүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Өгөөмөр хорь” ХХК болон Р.Жүгдэрнамжил нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Соёл Зорро” ХХК-ийн захирал Д.Ганзориг бид уулзаж харилцан тохиролцож мөнгөн аяганы үйлдвэр байгуулахаар болсон. 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр уулзаж ярилцахдаа мөнгөн аяганы үйлдвэр байгуулахад 120 000 000 төгрөг орчим болно гэснийг нь би зөвшөөрсөн. Эхний ээлжид 9 ширхэг ган хэвийг 14 000 000 төгрөгөөр яаралтай хийлгэх хэрэгтэй бөгөөд нууц байдалд удаан хугацаанд хийгддэг гэж хэлсэн. Би 10 дугаар сарын 24-ний өдөр 14 000 000 төгрөгийг Д.Ганзоригт хүлээлгэж өгсөн. Эхний ээлжинд шаардагдах мөнгөө авсан юм чинь албан ёсны гэрээгээ хийе гээд 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр манай жолооч н.Цогбаяр бид гурав сууж гэрээг хийсэн. Гэрээнд

1. Мөнгөн аяганы 120 000 000 төгрөгөөр байгуулж өгнө. 2. Мөнгөн аяганд opдог тагш хийх үйлдвэр байгуулж өгнө. 3. Цэвэр мөнгийг оруулж ирэх гарцийг хайж цэвэр метал оруулж ирж хайлуулаад цэвэр гулдмай болгон хүлээлгэж өгөх. 4. Ган хийх зураг төсөл хийх үндсэн 4 ажлыг хийж өгнө гэж тохироод эдгээр ажлын хөлсийг оюуны хөдөлмөрөө үнэлээд 40 000 000 төгрөгийг авна гэсэн. Энэ нь 120 000 000 төгрөгөөс тусдаа мөнгө юм Ингээд 120 000 000 төгрөгийн 70 хувь болох 84 000 000 төгрөгийг эхний ээлжид Солонгос улс руу явахдаа аваад үлдэгдэл 30 хувийг дараа нь авна гэсэн. Гэрээг хийхдээ Д.Ганзоригийн хэлсэн бүх зүйлийг би бичиж, дараа нь уншаад гарын үсгээ зурцгаасан. 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэхэд “мөнгөн аяганы үйлдвэрийг байгуулж өгнө” гэж ажлын хөлсийг 100 хувь авахыг би хүлээн зөвшөөрсөн. Тэгэхэд би тээврийн зардлыг, Д.Ганзориг гаалийн мөнгийг хариуцна гэж байсан. Би тухайн үед баримтаа сайн цуглуулаарай гэж дахин дахин захисан. Намайг гадагшаа явсан хойгуур Д.Ганзоригийн эхний 84 000 000 төгрөгийг манай охин н.Намжилмаагаас аваарай гэсний дагуу 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр авсан байсан. Үүнээс хойш сураггүй байж байгаад 2015 оны 01 дүгээр сарын 10-ны үед Д.Ганзориг над руу утсаар яриад үлдэгдэл 30 хувь болох 36 000 000 төгрөг, мөн 72 000 000 төгрөгийг яаралтай шилжүүлэхгүй бол болохгүй гэж надад хэлсэн тул би 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Солонгос улсад очсон. Солонгос улсад очсон орой нь ченж дээр бид цуг очиж доллараа вон болгосон. Би итгээд 72 000 000 төгрөг буюу 39 507 610 воныг Д.Ганзоригт хүлээлгэж өгөөд гарын үсэг зураад найзынхаа хамт аваад явсан. Би энэ хүнд маш их итгэж байсан. Маргааш нь Д.Ганзориг эхнэртэйгээ ирээд 250 тонны пресс машин, элдүүрийн машин, хэвний машин захиалсан гээд үйлдвэр дээр нь очиж үзүүлсэн. Д.Ганзориг нь 84 000 000 төгрөгөөс урьдчилгааг нь төлж, үйлдвэр дээр очоод үлдэгдэл 15 000 000 воныг төлсөн. Бусад тооцоог дуусгаад явсан. Тэр өдөр хэвний машин, цутгуурын ширээ, шатаах зуух гээд 3-4 төхөөрөмж захиалсан ба нийтдээ 7 170 000 вон болсон, Д.Ганзориг нь урьдчилгаанд 2 400 000 воныг, би 4 770 000 воныг төлсөн. 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 39 507 610 вон авсан гэх хэвний газар очиж бичиг баримтаа авъя гээд очиход энэ хүн захирал нь биш, захирал нь авсан гэж хэлсэн. Токарын машин авах үйлдвэр дээр очиж үзье гэхэд хөдөө байдаг гэж хэлсэн. Мөн ачилтын мөнгө 400 000 воныг эхнэр н.Соёл-Эрдэнэд өгсөн. Ингээд 2015 оны 02 дугаар сарын 01-нд эдгээр хүмүүс тоног төхөөрөмжүүдээ ачуулчихаад одоо гарлаа гэж хэлсэн. Гэрээнд заасан түлхүүр хүлээлгэж өгөх хугацаа болсон, үйлдвэр байгуулж өгөөгүй.

Гэрээнд торгууль, хүү тооцохоор заасан боловч би нэхээгүй юм. Нөхрөө эмчлүүлэхээр гадагшаа явах болсон учир жолоочдоо энэ асуудлыг захиад 7 000 000-8 000 000 төгрөгийг үлдээгээд явсан. 2015 оны 02 дугаар сарын 18-нд тоног төхөөрөмжүүд гааль дээр ирсэн гэсэн. Намайг ирэхэд тоног төхөөрөмжийг подвальд оруулчихсан байсан. Д.Ганзориг нь өөрийнхөө үйлдвэр байдаг газар руу ачаад явсан байсан. Тэгээд манай ажлын байрны подваль руу авч ирж хийхэд нь манай жолооч байсан. Хариуцагч нь миний итгэлийг их эвдсэн, шинэ шатаах зуух авчирсан атлаа өөрийнхөө хуучин шатаах зуухаар сольсон гэх мэт олон асуудал байдаг. Үйлдвэр байгуулах ажилд өөрийнх нь олж өгсөн 2 ажилтанг нэгийг нь 650 000 төгрөгөөр, нөгөөг нь 450 000 төгрөгөөр цалинжуулсан. Мөнгөн аяга хийх 14 000 000 төгрөгийн хэв нь аягандаа таараагүй. Ингээд би гайхаж “энэ чинь ган биз дээ” гэхэд “төмөр” гэсэн. Д.Ганзоригийн хэлсэн үгнүүд зөрсөн учир би өөр үйлдвэрийн эзнээс асуухад цахилгаан станцаар хийлгэсэн хэвнүүд таардаггүй юм уу гэж асуухад 9 ширхэг хэв нь 3 800 000 төгрөгөөр хийнэ гэсэн. Гэтэл Д.Ганзориг надаас 14 000 000 төгрөг авсан байдаг. Уг нь гэрээ маань бүрэн итгэлцэл дээр хийгдсэн бөгөөд ямар нэгэн барьцаа байхгүйгээр тохирсон. Энэ талаар би өөрт нь хэлсэн, ойлгосон байх. Би “72 000 000 төгрөгийн хэв одоо хүртэл ирэхгүй байна” гэхэд надад “уучлаарай, тал мөнгийг нь өгөөд тал мөнгийг нь өөрийнхөө хэрэгцээнд ашиглачихсан юм” гэж хэлсэн. Ингээд бид нар сууж байгаад тэмдэглэл бичсэн, Д.Ганзоригийн хэлсэн бүх үгийг нь би бичсэн. Тэгээд “удахгүй мөнгийг нь явуулаад таны ган хэв ирнэ” гэсэн тул би 14 000 000 төгрөгтөө 3 хувийн хүү тооцно, 16 490 000 төгрөг болно, хэзээ өгөх талаар асуухад “7 дугаар сарын 01-ний өдөр гэхэд өгнө” гэсэн. Ингээд 39 510 000 воны талыг нь өөртөө ашигласан гэдгээ зөвшөөрч, бид нар гарын үсэг зурсан. Д.Ганзоригт ажлын хөлсөнд 2014 оны 11 дүгээр сарын 17-нд 10 000 000 төгрөгийг өгсөн. 2015 оны 8 дугаар сарын эхээр хэвүүд ирсэн ба энэ нь үнэхээр 39 507 000 вон юм болов уу үгүй юу гэдэгт эргэлзэж байсан. Учир нь токарын машины ачилтын хөлс гээд надаас 400 000 воныг авсан, гэтэл 100 000 вон болсон байдаг, 300 000 воныг нь эхнэр нь авсан байсан. Ер нь эдгээр бүх тоног төхөөрөмжийн үнэ дээр нэмэгдэл үнэ хийсэн байсан бөгөөд би сүүлд нь авсан газраар явж тодруулсан. Тэгэхэд бас 3 хонгио нийлээд 90 000 воны үнэтэй байхад надад зөвхөн 1-ийг нь 90 000 воноор худалдаж авсан гээд өгсөн байх жишээтэй. Гэхдээ би энэ болгоныг нэхэмжлээгүй. Би Д.Ганзоригоос байнга л баримт нэхдэг байсан, надад 2 баримт авчирч өгсөн, тэр нь ган хэвэнд 41 800 000 вон, 2 токарын машин, хайлдаг зуух, нийт 16 000 000 вон гэсэн байсан. Хэргийн материалд эх хувиараа авагдсан байгаа. Дараа нь би Солонгос улс руу явж ган хэвний үйлдвэрийн захиралтай уулзаж 9 ширхэг ган хэвний төлбөрийг төлсөн баримтыг авъя гэхэд 11 000 000 воноор 9 ширхэг хэв хийсэн гэсэн баримт өгсөн. Гэтэл Д.Ганзориг нь надаас 41 800 000 вон авсан байдаг. Авчирсан 5 тоног төхөөрөмжөөс 2 нь шинэ, 3 нь хуучин тоног төхөөрөмж байсан. Ажил эхлэхэд токарын машины олон зүйлийг сольсон бөгөөд Д.Ганзориг ч 500 000 төгрөгөөр эд ангийг нь сольж авч өгч байсан. Токарын машины төлбөр төлсөн бичгээ авъя гэхэд 1 машин нь 3 000 000 вон буюу нийлээд 6 000 000 воны төлбөр төлсөн бичиг өгсөн ба хайлах зуухыг манайхаас аваагүй гэж хэлсэн. Би 84 000 000 төгрөг болон 72 000 000 төгрөгтэй тэнцэх 39 507 610 вон, ажлын хөлсний урьдчилгаа 10 000 000 төгрөг, монголд хийлгэх ган хэвний үнэ 14 000 000 төгрөгийг Д.Ганзоригт бэлнээр өгсөн. Би Д.Ганзоригийг дараахь мөнгийг надаас илүү авсан гэж үзэж байна. Үүнд монголд хийлгэхээр авсан 14 000 000 төгрөг, Солонгос улсад ган хэв хийнэ гэж авсан 72 000 000 төгрөг буюу 39 507 610 воноос ган хэв хийсэн бодит үнэ 11 000 000 воныг хасч үлдэгдэл болох 41 678 136 төгрөг, 2 токарын машины үнийн зөрүү болох 14 880 000 төгрөг, токарын машины ачилтын үнэд төлсөн 400 000 воноос 100 000 воноор ачсан учир хасаад 300 000 вон буюу 558 000 төгрөг болж байгаа. Эдгээрийг мэдэж авахын тулд 2015 оны 11 дүгээр сарын 11-нд Солонгос улс руу очиход худалдаж авсан 1 талын тийзний үнэ болох 1 340 500 төгрөг нэхэмжилж байна. Эдгээр нь нийлээд 72 456 636 төгрөг болж байгаа. Д.Ганзоригийн ган хэвийн зөрүү болох 41 678 136 төгрөг, токарын 2 машины үнийн зөрүү 14 480 000 төгрөг, токарын машины ачилтын хөлсний зөрүү 558 000 төгрөг, нийт 57 116 136 төгрөгөөс алданги тооцоход 28 068 000 төгрөг болсон бөгөөд 72 456 636 төгрөг дээр нэмж тооцоход нийт 101 114 700 төгрөг болж байгаа юм. Д.Ганзориг нь 2015 оны 9 дүгээр сард аяга зүлгэгч машиныг 5 500 000 төгрөгөөр надад зарсан, түүнийг 14 000 000 төгрөгийн хүү болох 2 490 000 төгрөг, мөн Д.Ганзоригийн 9 дүгээр сард төлөх ёстой дарханы байрны түрээс болох 2 000 000 төгрөг буюу эдгээр нийт мөнгөнөөс 5 500 000 төгрөгийн аяга зүлгэгчийн үнийг төлсөнд тооцсон. Харин үлдэх 1 125 304 төгрөгийг хасч 100 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. Ажлын хөлсөнд төлсөн 10 000 000 төгрөг дээр Д.Ганзоригийн 2015 оны 3, 4 сарын ажлын байрны түрээс болох 5 240 000 төгрөгийг ажлын хөлсөнд тооцож нийт 15 240 000 төгрөгийг ажлын төлсөн гэж тохирсон. Д.Ганзоригт хийсэн ажилд нь тохирсон хөлсийг төлсөн учраас нэмж ажлын хөлс төлөх боломжгүй. Иймд надаас гэрээний дагуу авах ёстой мөнгөөс илүү мөнгө авч хохироосон тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Соёл Зорро” ХХК болон хариуцагч Д.Ганзоригоос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 20 жил дархан хийсэн бөгөөд өдөрт 500 ширхэг аяга хийх шинэ технологи гаргасан. Ер нь 1 дархан хүн 5 аягыг хээтэй цохьдог. Р.Жүгдэрнамжилын компанийн дэлгүүрт манай ээж бид хоёр талбай түрээслэдэг бөгөөд олон жилийн өмнөөс бие биеэ мэднэ. Тэгээд Р.Жүгдэрнамжил мөнгөн аяганы үйлдвэр байгуулах саналыг надад тавьсан. Уг технологи нь Монголд анх хийгдэж байсан учраас цаг хугацаа болон судалгаа их орно гэдгийг хэлсэн. Р.Жүгдэрнамжилтай ярилцаж, үндсэн тоног төхөөрөмжийг 120 000 000 төгрөг, мөн ган хэвээр хийх юм бол өдөрт 500 ширхэг аяга хийх боломжтой бөгөөд үүнийг 9 ширхэг ган хэвний 1 хэвийг 8 000 000-15 000 000 төгрөгөөр үнэлдэг гэж танилцуулсан. Танд хямдруулаад 1 ширхэг хэвийг 8 000 000 төгрөгөөр тооцож нийт 72 000 000 төгрөгт ган хэвийг бэлдэж өгье гэсэн. Нэхэмжлэгч дарханы мэдлэг байхгүй учраас явцын дунд намайг хардах, сэрдэх асуудал их гарсан. Тэгээд бид гэрээ байгуулсан. Солонгос улсад очоод би эдгээр ажлыг хөөцөлдөж, ган хэв хийх аргыг боловсруулахад бүтэн 3 cap гарангийн хугацаа зарцуулсан. Уг аргыг боловсруулж байх явцад олон жил надтай харилцаж ажиллаж байсан солонгос захирлууд тус болсон. Р.Жүгдэрнамжилыг дагуулж очсон үйлдвэрт ган хэвээ хийсэн. Олон газар туршаад болохгүй, сүүлд нь тэр үйлдвэр дээр эцсийн бүтээгдэхүүн болгосон юм. Үйлдвэрийн гол тоног төхөөрөмж, багажуудыг шинээр аваад, монголд засаж болох боломжтой зарим хуучин багажууд авсан. 120 000 000 төгрөгт тоног төхөөрөмжүүд багтаж, 72 000 000 төгрөгт ган хэвний үнэ багтсан. Үүнд: 250 тонны пресс машин, элдүүрийн машин, токарын 2 ширхэг машин, үйлдвэрийн цутгуурийн ком багаж /зуух, хэв чанах машин, воскны машин, түүний туслах хэрэгсэл, эхний ээлжид хэрэглэх түүхий эд, индукцийн зуух, холбогдох дагалдах хэрэгсэл/ зэрэг тоног төхөөрөмжүүдийг Солонгос улсаас авчирсан. Эдгээрээс гол тоног төхөөрөмжүүдийг Солонгос улсад зураг төслийн дагуу нэмэлтээр хийсэн. Ган хэвийг хийх гэж олон удаа бүтэлгүйтсэн бөгөөд энэ нь маш хүнд ажил, манай “Зоос гоёл” ХХК-д үүнийг 250 000 000 төгрөгөөр хийх гээд бүтэлгүйтээд буцсан байсан. Ган хэв нь миний өөрийн гаргаж авсан технологийн нууцтай холбоотой учир би хамтарч хийсэн хүмүүстэй уулзуулах сонирхолгүй байсан. Р.Жүгдэрнамжилыг Солонгос захирлуудтай танилцуулсан. Сүүлд нь Солонгос захирал утсаар яриад танай эгч гэж хүн ирээд үнийн мэдээлэл өгөөч гэж байна гэхэд нь би бодитой мэдээллийг нь өг гэсэн. Дараа нь надтай уулзаад “эгчийгээ яагаад хуурсан юм бэ” гэхэд “үйлдвэр байгуулахад эрсдэл гарна шүү дээ, алдаа байсан бол уучлах хэрэгтэй” гэж хэлсэн. Нэхэмжлэгчийн тайлбарласан, надад өгсөн гэсэн мөнгийг бүгдийг нь хүлээн авсан, түүнийг зөвшөөрч байна. Надаас санхүүгийн баримтанд хэрэгтэй гээд баримт нэхээд байсан учир хамтарч ажилладаг газраас 41 800 000 воны баримт авчирч өгсөн. Би Солонгос улс руу явахаас өмнө ажлын хөлсний урьдчилгааг авах талаар хүсэлт тавьсан бөгөөд 10 000 000 төгрөгийг авсан. Мөн тоног төхөөрөмж ирэхэд нэг газар байрлуулж байгаад дараа нь хаалгаа зассаны дараа оруулах бодолтой байсан. Тухайн үед тоног төхөөрөмжийн үнэ их байсан бөгөөд баримтад ороогүй дайвар зардлууд байгаа, түүнийг ч би бас тооцоогүй л байгаа. Зарим тоног төхөөрөмжийг хямдаар авсан ч гэсэн эргээд зөрүү мөнгийг нь өөрийнх нь зүйлд зарцуулсан. Мөн Р.Жүгдэрнамжил намайг 14 000 000 төгрөгийг авсан гэж байна, үйлдвэр дээр аягыг токараар цохиход маш их цаг ордог. Би уг нь ганц дараад мөнгөн аягыг олноор гаргаж ирдэг үйлдвэрийг л хийгээд өгье гэж бодож байсан. Тухайн үед үйлдвэрийг байгуулж босгох л гэж бодсон болохоос алхам дутамдаа баримт бүрдүүлээгүй нь миний алдаа байсан. Тагшны үйлдвэр байгуулах, мөнгөн гулдмай хийх гэсэн 2 ажил байсан боловч биелэгдээгүй нь үнэн. Ажлын хөлсөнд нийтдээ 15 240 000 төгрөг авсан. “Сонгодог гоёл” гэдэг компани байхгүй, энэ нь манай засварын газрын нэр юм. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3, 227.4-д заасныг баримтлан хариуцагч “Соёл Зорро” ХХК болон Д.Ганзориг нараас 43 796 800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Өгөөмөр хорь” ХХК болон Р.Жүгдэрнамжил нарт олгож, нэхэмжлэлээс 56 203 200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгч “Өгөөмөр хорь” ХХК болон Р.Жүгдэрнамжил нарын хариуцагч “Сонгодог гоёл” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 376 934 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.Ганзориг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 00296 дугаартай шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул дараах гомдлыг гаргаж байна.

1. Ямар шаардлагыг хэн, хэнд холбогдуулан гаргаж байгааг тодруулалгүй хэргийг шийдвэрлэснээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Р.Жүгдэрнамжилаас Д.Ганзоригт холбогдуулан гэрээний үүрэгт 100 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэхээр захирамж гарсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Р.Жүгдэрнамжилаас гаргасан хүсэлтийн дагуу 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 01177 дугаартай шүүгчийн захирамжаар “Сонгодог Гоёл” ХХК болон “Соёл Зорро” ХХК-ийг хамтран хариуцагчаар, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 09952 дугаар захирамжаар “Өгөөмөр хорь” ХХК-ийг нэхэмжлэгчээр оролцуулах гэсэн хүсэлтийг хангахаар шийдвэрлэсэн байна. Ингээд тус хэрэг нь 2 нэхэмжлэгч, 3 хариуцагч оролцохоор болсон. Гэтэл нэхэмжлэгч нараас ямар ямар шаардлагыг хэн, хэнд холбогдуулан гаргаж байгаагаа тодруулаагүй, “Өгөөмөр хорь” ХХК-ийн захирал Р.Жүгдэрнамжил гээд байгаа боловч тэрээр компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй эсэх талаар баримт байхгүй байгаа нь ИХШХШТхуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 62 дугаар зүйлд заасныг зөрчсөн байна.

2. Ямар этгээдүүдийн хооронд гэрээний эрх зүйн харилцаа, үүрэг үүссэнийг зөв тодорхойлоогүйгээс хууль ёсны шийдвэр гарсангүй. “Соёл Зорро” ХХК бол энэ маргаанд ямар ч хамааралгүй нэхэмжлэгч нартай гэрээ хэлцэл байгуулаагүй, мөнгө төгрөг авч байгаагүй байхад 43 796 800 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл тайлбарт “Соёл Зорро” компанид мөнгө өгсөн талаар болон хэрэг дотор “Соёл Зорро” компани мөнгө хүлээн авсан тамга тэмдэг бүхий нотлох баримт байхгүй байхад шүүх “Соёл Зорро” ХХК-ийн хариуцагч гэж төлбөр гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Өгөөмөр хорь” ХХК-ийн захирал Р.Жүгдэрнамжил, “Сонгодог гоёл” ХХК-ийн захирал Б.Ганзориг нарын хооронд байгуулагдсан гэрээнд захирал гэж бичсэн боловч тухайн компаниудын тамга тэмдэг дарагдаагүй. Энэ талаар хх-ийн 31 дүгээр талд байгаа нэхэмжлэгч Р.Жүгдэрнамжилаас гаргасан нэхэмжлэлдээ хамтарч ажиллах гэрээг байгуулахдаа компанийн хувиар бус иргэний хувиар байгуулсан. Тийм ч учраас бидний хооронд байгуулсан гэрээнд компанийн тамга тэмдэг дарагдаагүй болно гэснээс “Өгөөмөрхорь” ХХК, “Соёл Зорро” ХХК-иуд нь маргаанд хамааралгүй нь нотлогддог. Мөн Д.Ганзориг миний бие 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр захирлаар томилогдон итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр бүртүүлсэн нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаагаар нотлогдож байгаа тул гэрээ байгуулагдах үед Д.Ганзориг би компанийг төлөөлөх эрхгүй этгээд байсан тул компанийг төлөөлж гэрээ байгуулсан байх ямар ч боломжгүй байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Хариуцагч “Соёл Зорро” ХХК болон Д.Ганзориг нараас 43 796 800 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, 43 796 800 төгрөгөөс “Соёл Зорро” ХХК болон Д.Ганзориг нар яг хэдэн хэдэн төгрөгийг нэхэмжлэгч “Өгөөмөр хорь” ХХК болон Р.Жүгдэрнамжил нарт тус тус төлөх нь ойлгомжгүй. Хуулийн этгээд болон иргэн нь тус тусдаа эрх зүйн харилцаанд оролцогч тул хэнээсхэд хэдэн төгрөгийг хэн хэнд төлөх нь тодорхойгүй байгаа тул шийдвэрийг зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагаас өөр асуудлыг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Солонгос Улсад ган хэв хийнэ гэж авсан 72 000 000 төгрөг буюу 39 507 610 воноос ган хэв хийсэн бодит үнэ 11 000 000 воныг хасч үлдэгдэл 41 678 136 төгрөгийг нэхэмжилсэн байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7, 12-т мөнгөн аяганы хээтэй ган хэвийг үйлдвэрлэхэд зориулж авсан 39 507 610 воноос өөрийн хэрэгцээнд хэрэглэсэн 19 755 000 воныг шаардах эрхтэй гэж гаргуулж байгаа нь нэхэмжлэгчийн шаардаагүй зүйлийг Р.Жүгдэрнамжилын хувийн тэмдэглэлийн дэвтрийг үндэслэн шийдвэрлэсэн. Д.Ганзориг би тухайн тэмдэглэлд хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй гэж эс зөвшөөрсөн байхад бусад нотлох баримтуудаар нотлогдоогүй өөрөө бичсэн хувийн тэмдэглэлийг үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримт гэж үзсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийг зөрчсөн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчигдөж хариуцагч биднийг өмгөөлүүлэх эрхээр хангаагүй, хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхбаярыг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн. Д.Ганзориг би өмгөөлөгч Д.Энхбаяртай 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан. Шүүх хуралдаан эхлэхээс өмнө өмгөөлөгч Д.Энхбаяр нь 2017 оны 02 дугаар сарын 03-ный өдрийн шүүх хурал дээр ирсэн эсэх, ямар шалтгаанаар ирээгүй талаар ирцийг шалгаагүй, өмгөөлөгчийг оролцуулах эсэх, түүний эзгүйд хянан шийдвэрлэх эсэх талаар санал хүсэлтийг харгалзалгүй ИХШХШТхуулийн 99, 100 дугаар зүйлийг зөрчсөн. Өмгөөлөгч Д.Энхбаяр нь шүүх хуралдааны өмнөх өдөр буюу 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр бусдад зодуулан дээрэмдүүлж ухаангүй эмнэлэгт хүргэгдэн хэвтэж хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухайгаа мэдэгдэх боломжгүй нөхцөл байдалд орсон байсан. Өмгөөлөгчөөс үл хамаарах шалтгаанаар тэрээр үйлчлүүлэгчдээ хууль зүйн туслалцаа үзүүлэх үүргээ биелүүлж, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээ эдэлж чадаагүй, үйлчлүүлэгч нь гэрээнд заасан хууль зүйн туслалцааг авч чадалгүй харилцан тэнцвэргүй, мэтгэлцэх зарчим зөрчигдсөн шүүх хуралдаан болсон. Өмгөөлөгчид бүх бичиг баримтаа өгсөн байсан учраас шаардлагатай баримтуудаа өгч чадаагүй өрөнд орсон.

Хэргийн 74 дүгээр талд хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулсан гэсэн боловч “Өгөөмөр хорь” ХХК-иас гаргасан нэхэмжлэл болон түүндээ тэмдэгтийн хураамж төлсөн баримт байхгүй, гэрч Ц.Цогбаярт хууль сануулсан баримт байхгүй байхад түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

Дээр дурдсанчлан гэрээ байгуулагдсан этгээдүүд буруу тодорхойлогдсоноос бодит үйл баримтыг буруу тогтоосон. 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан Мөнгөн аяганы үйлдвэр байгуулж өгөх тухай гэрээнд заасан 4 төрлийн ажлыг хийхээр тохирсон боловч эдгээр 4 ажил нь тус тусдаа төсөв өртөг үнэлэгээтэй ажлууд байсан. Үүнээс гадна Солонгос улсад мөнгөн аяганы хээтэй ган хэвийг нэг ширхэгийг 8 сая төгрөгөөр 9 ширхэг ган хэвийг 72 000 000 төгрөгөөр хийж өгье гэж тохиролцсон энэ талаар байгуулсан гэрээ, хэлцэл байхгүй. Эдгээр 5 ажлаас “Мөнгөн аяганы үйлдвэр байгуулах” болон “Мөнгөн аяганы хээтэй ган хэвийг Солонгос улсад үйлдвэрлэх”, “Хундаганаас 8-ийн аяга хүртэл ган хэв гаргагчуудын загвар, зураг төслийг хийх” гэсэн 3 төрлийн ажил хийгдсэн. Эдгээр 3 ажил болох үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд, мөнгөн аяганы хээтэй болон хээгүй хэвний технологийг би өөрөө зураг төслийг нь гарган зохион бүтээсэн миний өөрийн бүтээлүүд юм. Бидний хооронд байгуулсан гэрээнд хэв гаргагчуудын зураг төслийг хийх, тоног төхөөрөмжүүдийг солонгос улсын бизнесмэнүүдтэй хамтран монгол хэлбэрт оруулсан бүрэн автомат үйлдвэр байгуулах гээд бүгд тодорхой тохиролцсон байдаг. Миний хийж өгсөн Мөнгөн аяганы хээтэй ган хэв, үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд бол дахин давтагдашгүйгээр хийгдсэн миний бүтээл гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Гэтэл шүүх намайг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж хохирол учруулсан гэж үзсэнийг би хүлээн зөвшөөрөхгүй. Би гэрээний үүргээ ямар нэг байдлаар зөрчөөгүй. Анхнаасаа тохиролцсон төсөвт тохируулан ажлыг бүрэн гүйцэт хийж гүйцэтгэн нэхэмжлэгч үнэлж баршгүй насан туршын хөрөнгөтэй болж ашиг орлоготой ажиллаж байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчигдсөн учраас шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Хариуцагч Д.Ганзориг болон “Соёл Зорро” ХХК-д холбогдуулан нэхэмжлэгч “Өгөөмөр хорь” ХХК, Р.Жүгдэрнамжил нар нь 100 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, мөнгөн аяганы үйлдвэрийн тоног төхөөрөмжийг БНСУ-аас оруулж ирэн ажлын байранд нь суурилуулж бүх технологийг нь зааж өгсөн, одоо үйлдвэр нь хэвийн ажиллаж байгаа, 9 ширхэг мөнгөн аяганы хээтэй ган хэвийг хийх аргачлалыг зохиож хийсэн, 1 ширхэг хэвийг 8 000 000 төгрөгөөр тооцож 72 000 000 төгрөг буюу 39 507 610 вон авсан, үйлдвэрийг 120 000 000 төгрөгөөр байгуулахаар тохиролцсон, нэхэмжлэгчээс өгсөн бүх мөнгө нь зарцуулагдсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргажээ.

 

Нэхэмжлэгч Р.Жүгдэрнамжил нь хариуцагч Д.Ганзоригт холбогдуулан шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШЗ2016/01177 дугаар захирамжаар “Сонгодог гоёл” ХХК, “Соёл Зорро” ХХК-иудыг хамтран хариуцагчаар, мөн оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШЗ2016/04952 дугаар захирамжаар хамтран нэхэмжлэгчээр “Өгөөмөр хорь” ХХК-ийг тус тус татан оролцуулжээ.

/хэргийн 47, 48, 67, 72-73 дугаар тал/

 

Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараас үзэхэд “Өгөөмөр хорь” ХХК-ийн захирал Р.Жүгдэрнамжил, “Сонгодог гоёл” ХХК-ийн захирал Д.Ганзориг нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Мөнгөн аяганы үйлдвэр байгуулах хэлцлийг бичгээр үйлджээ. /хэргийн 5-6 дугаар тал/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газраас ирүүлсэн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 14/8773 тоот албан бичгээр  “Сонгодог гоёл” гэсэн нэртэй хуулийн этгээд байхгүй гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэд хэдэн этгээд нэхэмжлэгч, хариуцагчаар оролцож байгаа тохиодолд хэргийн оролцогч нарын эрх зүйн байдлыг шүүх тодруулах ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай юм.

 

Гэтэл нэхэмжлэгч “Өгөөмөр хорь” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Р.Жүгдэрнамжил мөн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх түүний хүсэлтээр тус компанийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран нэхэмжлэгчээр оролцуулж, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг ямар хэмжээнд дэмжиж, хариуцагчаас юу шаардан нэхэмжилж байгаа талаарх нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан журмын дагуу гаргуулж, мөн хуулийн 72 дугаар зүйлд заасан журмын дагуу ажиллагаа явуулаагүй нь хэргийн оролцогчийг хуульд заасан эрхээр нь хангаагүй, эрх тэгш байдал, мэтгэлцэх зарчимын үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй ноцтой зөрчсөн гэж үзнэ. /хэргийн 69 дүгээр тал/

 

Өөрөөр хэлбэл, “Өгөөмөр хорь” ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн хувиар оролцож байгаа тохиолдолд хариуцагч нараас ямар үндэслэлээр юу шаардаж байгаа талаарх нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх ёстой юм.

 

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх арилган, нөхөн гүйцэтгэж, хэрэгт цугларсан баримтын хүрээнд, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00296 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Ганзоригоос төлсөн 376 934 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ИЧИНХОРЛОО

 

                ШҮҮГЧИД                                  Б.НАРМАНДАХ

 

                                                                                                       С.ЭНХТӨР