Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2020/00685

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2019/00988 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 995 дугаар магадлалтай,

Б.Б-ын нэхэмжлэлтэй,

Ш.М-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэг, хохиролд 57.510.200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх, түүний өмгөөлөгч Н.Бямбадорж, хариуцагч Ш.М-, нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүхийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Ш.М- нь Б.Б-оос 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр “2014 оны 9 дүгээр сард барилгын тусгай зөвшөөрөлтэй Аалто ХХК-ийн хувьцааг худалдан авах” зорилгоор 24.000.000 төгрөг зээлж авсан. Хэрэв яаралтай өр төлбөр нэхэгдсэн тохиолдолд Аалто ХХК-ийг зарж, өр төлбөрөө барагдуулахаар тохиролцсон боловч өр төлбөрөө барагдуулахгүй байна. Хариуцагчийг шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлахад улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн. Иймд нийт 24.070.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү, хариуцагчаас 33.440.000 төгрөг гаргуулах шаардлагаа татан авч байна  гэжээ.

Хариуцагч Ш.М-гийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Би нэхэмжлэгчээс ямар ч мөнгө зээлж аваагүй. Хэрвээ надад 24.000.000 төгрөг өгсөн бол зээлийн баримт хийх ёстой. 2016 оны 9 дүгээр сард ямар ч зээлийн хэлцэл болоогүй. Мөнгө хүлээлцэж, өгөлцөж, авалцсан баримт байхгүй. Б.Б- нь барилгын тусгай зөвшөөрөлтэй компани байгуулж энэ асуудал дээр хөрөнгө оруулах боломжтой гэж хэлж байсан. Э.Мөнхмандах нь Аалто ХХК-ийг 30.000.000 төгрөгөөр зарна гэж байсан ба Б.Б- 24.000.000 төгрөгт авахаар болсон. Энэ үед Б.Б- өөрөө тусгай зөвшөөрөл эзэмшдэг барилгын компанитай учраас миний нэр дээр хоёр компани байж болохгүй гэсэн. Мөн П.Зориг болон Д.Баатар нар өөрийн нэр дээр компани эзэмшиж болохгүй гэсэн тул миний нэр дээр Аалто ХХК-ийг шилжүүлсэн. Би 24.000.000 төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй. Би тус Аалто ХХК-тай ямар ч хамаагүй. Сүүлд 2016 оны баримт дээр нөхөж надаар гарын үсэг зуруулсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2019/00988 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.М-гээс 24 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 70 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б- хариуцагч Ш.М-гээс 33 440 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээ татан авсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 603 451 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 277 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 995 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 102/ШШ2019/00988 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Ш.М-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь илтэд алдаатай, хууль зөрчсөн гэж үзнэ. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заажээ. Гэтэл нэхэмжлэгч Б.Б- нь надад 2014 оны 09 сард 24.000.000 төгрөг зээлдүүлсэн гэж маргаж байх боловч 24.000.000 төгрөгийг бодитоор хүлээлгэн өгсөн болохоо баримтаар нотолж чадаагүй. Нэхэмжлэгч нь 24.000.000 төгрөгийг бодитоор байгуулагдаагүй зээлийн гэрээ, хэлцэл гэгчийг үндэслэн нэхэмжилсэн, 2014 оны 09 сард бидний хооронд ямар ч зээлийн хэлцэл болоогүй, би Б.Б-оос 1 төгрөг ч зээлж аваагүй, бидний хооронд мөнгө хүлээлцэж, өгөлцөж авалцсан баримт байхгүй, хэрэв мөнгө зээлсэн бол бидний хооронд зээлийн баримт байх ёстой, байхад нэхэмжлэгч тал ямар нотолгооны баримт үндэслэн мөнгө нэхэмжилж байгаагаа нотолж чадахгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Анхан шатны шүүх нь талуудын хооронд хөрөнгө оруулалтын асуудал яригдаж байсныг зээлийн гэрээний үүрэг, гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь алдаатай шийдвэр гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй. Б.Б- нь өөрөө тусгай зөвшөөрөл эзэмшдэг барилгын компанитай учраас миний нэр дээр 2 компани байж болохгүй гэсэн учраас миний нэр дээр 2012 оны 08 сард гэрээ хэлцлүүд хийгдээд миний нэр дээр Аалто ХХК-ийг авсан болохоос би нэхэмжлээд байгаа 24.000.000 төгрөгөөс гар дээрээ 1 ч төгрөг бэлнээр авч, хувьдаа 1 ч төгрөг зарцуулаагүй. Б.Б- нь 2016 оны 05 сарын 26-ны өдөр надад “зээлийн мөнгө өгсөн гэж байгаа энэ баримтад гарын үсэг зураад өгөөч, татварын асуудал үүсээд байна, бидний хооронд мөнгө зээлсэн асуудал байхгүй юм чинь үүнийг би татварт үзүүлээд устгана” гэхээр би гарын үсэг зурсан асуудал байгаа. Энэ талаар тухайлбал зээлийн гэрээний дагуу мөнгө хөрөнгө хүлээж аваагүй гэдгээ удаа бүр тайлбарлаж, уг тайлбараа нотлохоор Д.Баатар, П.Зориг нарыг гэрчээр асуулгасан, гэрч нарын мэдүүлэгт мөнгөн хөрөнгийг Б.Б-оос Ш.М-д шилжүүлээгүй бөгөөд мөнгө зээлсэн тухай баримтыг нөхөж үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд зээлийн харилцаа болон ямар нэгэн үүрэг хүлээх харилцаа үүсээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзнэ. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь зөв үнэлж дүгнэлгүй, үндэслэлгүйгээр 24.000.000 төгрөг гаргуулан Б.Б-од олгохоор шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, талуудын хооронд зээлийн харилцаа үүсээгүй, тусгай зөвшөөрөл бүхий компанийг худалдан авахад зарцуулагдсан болох нь нотлогдсон байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн надад үүрэг хүлээлгэн 24.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлэхээр хяналтын шатны гомдол гаргав. Үндэслэлгүйгээр шүүхээс оногдуулсан үүргийн гүйцэтгэлд барилгын тусгай зөвшөөрөл бүхий Аалто ХХК-ийг иргэн Б.Б-од шилжүүлэн өгч шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болохоо үүгээр илэрхийлэв. Гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.Б- Ш.М-д холбогдуулан 57.510.200 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 33.440.000 төгрөгөөр багасган, зээлийн гэрээний үүрэгт 24.000.000 төгрөг, хохиролд 70.200 төгрөг, нийт 24.070.200 гаргуулахаар өөрчилжээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ, “...барилгын тусгай зөвшөөрөлтэй Аалто ХХК-г худалдан авах зорилгоор 24.000.000 төгрөг зээлээд буцааж өгөөгүй, ...хожим нь энэ талаар баталгаажуулж баримт үйлдсэн, олдохгүй байснаас эрэн сурвалжлуулж 70.200 төгрөгийн зардал гарсан...” гэснийг, хариуцагч “...зээлийн харилцаа үүсээгүй, ...нэхэмжлэгч барилгын компанитай учир Аалто ХХК-ийг миний нэр дээр авсан, хамтарч ажиллахаар 24.000.000 төгрөгийн хөрөнгө оруулсан, ...ажил, гэрийн хаяг тодорхой байхад эрэн сурвалжлуулсан нь үндэслэлгүй..., татварт үзүүлээд устгана гэж баримтад гарын үсэг зуруулсан” гэж тайлбарлан мэтгэлцжээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 24.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож,  нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүсч гэрээний дагуу нэхэмжлэгч, хариуцагчид мөнгийг шилжүүлсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заажээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагддаг бөгөөд нэхэмжлэгч Б.Б- нь зээлийн зориулалтаар мөнгийг өгснөө, хариуцагч Ш.М- нь хамтран ажиллах зорилгоор тусгай зөвшөөрөл бүхий барилгын компани худалдан авахад нэхэмжлэгч 24.000.000 төгрөгөөр хөрөнгө оруулсан гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар тус тус нотлох үүргийг хүлээх юм.

Хэрэгт, 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн “Мөнгө зээлсэн тухай” баримт, Ш.М-гийн Монголын хуульчдын холбоонд гаргасан тайлбар, Аалто ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, барилга угсралтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл, Э.Мөнхмандах, Ш.М- нарын хооронд 2012 оны 08 дугаар сард байгуулагдсан  хувьцаа бэлэглэсэн, компанийн эрх шилжүүлсэн гэрээ, Ш.М-гээс Д.Баатарт олгосон итгэмжлэл, улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн баримтууд авагдснаас гадна хариуцагч хүсэлт гаргаж, П.Зориг, Д.Баатар нараас гэрчийн мэдүүлэг авахуулах ажиллагааг шүүхээр гүйцэтгүүлжээ.

Аалто ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмээс үзвэл, тус компани 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр нэг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчтэй байгуулагдаж, улмаар хувьцаа эзэмшигч Э.Мөнхмандах бэлэглэлийн болон компанийн эрх шилжүүлэх гэрээгээр компанийг Ш.М-д шилжүүлж, тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх захирал Ш.М- болсон байна.

2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн “Мөнгө зээлсэн тухай” баримтад “...Батболдоос 2014 оны 9 дүгээр сард ...Аалто ХХК-ийн хувьцааг худалдан авах зорилгоор ...Мягмарцэрэн нь 24.000.000 төгрөг зээлж авсан болно. Уг мөнгөөр дээрх компанийг худалдан авсан ба үйл ажиллагааны орлогоор өр төлбөрийг саадгүй төлөхөөр баталгаа гаргав....” гэж бичиж Ш.М- нь өмгөөлөгч гэсэн тэмдэг дарж, гарын үсгээ зуржээ. Түүнчлэн дээрхи агуулгатай тайлбарыг тэрээр Монголын хуульчдын холбоонд гаргажээ.

Ш.М-гээс Д.Баатарт олгосон итгэмжлэлд, хувьцаа бэлэглэсэн, компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу компанийг өөртөө шилжүүлэн авах ажиллагааг гүйцэтгүүлэх эрх, үүргийг олгохоор заасан байв.

Гэрч Д.Баатар, П.Зориг нарын мэдүүлгээр “... Б.Б-оос 24.000.000 төгрөгийг Ш.М- авч, Э.Мөнхмандахад өгсөн” гэсэн агуулга тусгагдсан бөгөөд тэд гагцхүү уг мөнгө нь зээлийн гэрээний дагуу авсан бус эдгээр хүмүүс нийлж барилгын компани байгуулж хамтран ажиллах зорилготой байсан гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан болон шүүхээр бүрдүүлсэн баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан баримтад хариуцагч гарын үсэг зурсан нь тогтоогдсон, хариуцагчийн “татварт үзүүлээд устгана гэхээр би гарын үсэг зурсан” гэх болон талуудын хооронд өөр гэрээний харилцаа буюу хамтран ажиллах зорилгоор Аалто ХХК-г шилжүүлэн авч, нэхэмжлэгч 24.000.000 төгрөгөөр хөрөнгө оруулсан гэх хариуцагчийн татгалзал нотлогдоогүй тухай хоёр шатны шүүх дүгнэснийг үгүйсгэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, хоёр шатны шүүхийн тогтоосон үйл баримт, уг үйл баримтыг үндэслэн зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлийг тодорхойлж, хуулийг тайлбарлан хэрэглэсэн дүгнэлтийг хяналтын шатны шүүхээс өөрчлөх, хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэх хууль зүйн боломжгүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүх, зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа амаар байгуулагдаж, нэхэмжлэгч мөнгийг шилжүүлэн өгсөн, хожим нь хариуцагч мөнгийг буцаан төлөхөө бичгээр баталгаажуулсан боловч үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасантай нийцсэн гэж үзэв.

Нэхэмжлэгч 33.440.000 төгрөг гаргуулах шаардлагаа татан авсныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандан хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжилснийг шүүх хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

Дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2019/00988 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 995 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Ш.М-гийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Ш.М- нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 277.950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ