Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2017/02975

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 22 өдөр              Дугаар 181/ШШ2017/02975              Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл  даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ..............................байрлах, Х банк /Регистрийн дугаар: /-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бгийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: ........................................оршин суух Басан овогт З. Б /Регистрийн дугаар:/-т холбогдох

Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 117.087.336  төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч З.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Д. нар оролцов.                                                                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Иргэн З.Б нь 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ЗГ-475 тоот Зээлийн гэрээгээр 150.000.000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, үйлчилгээний зориулалттай объект худалдан авах зориулалтаар зээлсэн. 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, хугацааг 30 сараар сунгаж төлөх хуваарьт өөрчлөлт оруулсан. Уг зээлээс үндсэн зээлд 88.335.340 төгрөг, хүү 53.995.900 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 333.821 төгрөг, нийт 142.665.061 төгрөгийг төлсөн. Хамгийн сүүлд 2016 оны 3 дугаар сарын 22-нд хүүг төлснөөс хойш эргэн төлөлт хийгээгүй.

Мөн 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ЗГ14-1281 тоот Барьцаат зээлийн гэрээгээр 30.000.000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, өрхийн хэрэгцээний зориулалтаар тус тус зээлсэн. 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр мөн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, хугацааг 24 сараар сунгаж хуваарьт өөрчлөлт оруулсан.  Энэ гэрээний дагуу үндсэн зээлд 11.891.773 төгрөг, хүү 8.268.526 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55.786 төгрөг, нийт 20.216.086 төгрөгийг төлсөн байна.

Зээлийн барьцаанд Ү-0713000859 дугаарт бүргэлтэй, Дорноговь аймаг, Сайншанд сум 3 дугаар баг, төв зам дагуу орон сууц үйлчилгээний зориулалтын 1901 мкв талбай бүхий объект, Дорноговь аймаг, Сайншанд сум 3 дугаар баг, 101005384 нэгж талбарын дугаар бүхий 1740 мкв газар эзэмших эрх зэргийг барьцаалсан. Хамтран зээлдэгчээр З.Цэрмаа гэрээнд оролцсон ч эрхийнхээ дагуу З.Баас зээлийг нэхэмжилж байгаа. Зээлдэгчид хамгийн сүүлд 2016 оны 3 дугаар сард төлөлт хийснээс хойш нэг  ч төгрөг төлөөгүй.  Банкны зүгээс удаа дараа төлбөрөө төлөхийг шаардаж, бичгээр мэдэгдэл хүртэл нэмэлт хугацаа тогтоож өгсөн.

Иймд гэрээг хугацаанаас нь өмнө 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, ЗГ-475 тоот гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 61.664.659 төгрөг, хүү 27.619.872 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.335.046 төгрөг нийт 90.619.577 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 18.108.226 төгрөг, хүү 7.570.414 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 789.119 төгрөг нийт 26.467.759 төгрөг, нийтдээ 117.087.336 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Зээлдэгч зээлийн төлбөрөө сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Дорноговь аймаг, Сайншанд сум 3 дугаар баг, төв зам дагуу орон сууц үйлчилгээний зориулалтын 1901 м.кв талбай бүхий объект Ү-0713000859, Дорноговь аймаг, Сайншанд сум 3 дугаар баг, 101005384 нэгж талбарын дугаар бүхий 1740 м.кв газар эзэмших эрх зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Талууд хүсэл зоригоо илэрхийлэн харилцан тохиролцож эргэн төлөлтийн хуваарийг нэмэлт гэрээгээр өөрчилсөн, банк хүүг тооцохдоо гэрээгээр тохиролцсон хувь хэмжээгээр тооцсон тул нэг зээлд 61.1 хувийн, нөгөө зээлд 41.5 хувийн хүү төлсөн гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч, түүний өмгөөлөгч нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   З.Б миний бие 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ЗГ-475 тоот зээлийн гэрээгээр 150.000.000 төгрөгийг зээлж 142.665.061 төгрөгийн төлөлт, 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 14-1281 тоот барьцаат зээлийн гэрээгээр 30.000.000 төгрөгийг зээлж 20.216.086 төгрөгийн төлөлт  нийтдээ хоёр зээлийн эргэн төлөлтөд 162.881.147 төгрөгийг төлсөн байна. Иймд зээлийн төлөлтийг хангалттай сайн төлж байсан гэж үзэж байна.  Энэ хугацаанд авсан үндсэн зээл, төлсөн хүү, гэрээгээр тохиролцсон зээлийн хүүгийн хэмжээг харьцуулан үзвэл  150.000.000 төгрөгийн зээлд 61.1 хувийн хүүг төлсөн байх ба гэрээгээр жилийн 22.8 хувь байхаар тохиролцсон тул мөн хэмжээгээр зөрүүг хасч тооцвол үндсэн зээлээс 13.713.085 төгрөг, хүү 14.059.542 төгрөг хасагдахаар байна. Иймд нэхэмжилж байгаа 90.619.577 төгрөгөөс дээрх мөнгийг хасч үлдэх 62.010.116 төгрөг төлөхийг зөвшөөрч байна.

Дараагийн 30.000.000 төгрөгийн зээлд хүүг 69.5 хувиар тооцсон байх ба дээрх аргаар хасч тооцвол үндсэн зээлд 4.997.870 төгрөг, хүү 3.333.441 төгрөг  хасагдахаар байна. Иймд нэхэмжилж байгаа 26.467.759 төгрөгнөөс хасч үлдэх 18.136.448 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Нийтдээ дээрх хоёр зээлд 80.146.564 төгрөг төлнө. Үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй.

Анх байгуулсан зээлийн гэрээгээр 150.000.000 төгрөгийг 208.000.000 төгрөг болгон төлж дуусгахаар, 30.000.000 төгрөгийг 38.000.000 төгрөг болгон төлж барагдуулахаар тохиролцсон, энэ хугацаанд би 162.000.000 төгрөг төлсөн зэргээс үзвэл Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дахь хэсэгт зааснаар үндсэн зээлээс төлсөн мөнгийг хасч тооцуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэгчээс  зээлийн гэрээний барьцаанд байгаа орон сууц үйлчилгээний зориулалттай 1901 мкв талбай бүхий обьектийг чөлөөлж өгвөл уг обьектийг барьцаалж 80 мкв орон сууцыг зарж зээлээ төлөх боломжтой. Манай барьцаа хөрөнгө одоогийн зах зээлийн үнэлгээний 10 хувь хүрэхгүй үнэлгээгээр үнэлэгдэн барьцаалагдсан, дахин зээл авах бололцоог хааж эдийн засгийн хямралтай үед зогсонги байдалд орсон. Банк өөрийн нэг талын гэрээний нөхцөлийг харж зээлийн харилцааг сунгах буюу нэмэлт эргэлтийн зээл гаргаж зээл төлөх бололцоог хангах боломжтой. Иймд үндсэн зээлийг төлсөн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:                                                                                                       

                                                                                                                                                                                                                         

Нэхэмжлэгч Х банк нь З.Бт холбогдуулан зээлийн гэрээ цуцалж, гэрээний үүрэгт 117.087.336 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч зээлээс 80.146.564 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргав.

З.Б, З.Цэрмаа нар нь Х банктай 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр харилцан тохиролцож, зээлдүүлэгч 150.0000000 төгрөгийг, 36 сарын хугацаатайгаар зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч жилийн 22.8 хувийн хүүтэй, хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүтэйгээр эргүүлэн төлөхөөр, З.Бын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-07130000859 дугаарт бүртгэлтэй, Дорноговь аймаг, Сайншанд сум, 3 дугаар баг, орон сууц, үйлчилгээний зориулалттай 1901 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгө, түүний эзэмшлийн Дорноговь аймаг, Сайншанд сум 3 дугаар баг, 101005384 нэгж талбарын дугаар бүхий 1740 мкв газар эзэмших эрх, зурагт, хөлдөөгч, хөргөгч зэрэг 9 төрлийн хөдлөх хөрөнгөнөөс хангуулахаар 13-475 тоот зээлийн болон барьцааны гэрээг,

2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр харилцан тохиролцож, зээлдүүлэгч 30.000.000 төгрөгийг, 24 сарын хугацаатайгаар зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч жилийн 27.6 хувийн хүүтэй, хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүтэйгээр эргүүлэн төлөхөөр, З.Бын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-07130000859 дугаарт бүртгэлтэй, Дорноговь аймаг, Сайншанд сум, 3 дугаар баг, орон сууц, үйлчилгээний зориулалттай 1901 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгө, түүний эзэмшлийн Дорноговь аймаг, Сайншанд сум 3 дугаар баг, 101005384 нэгж талбарын дугаар бүхий 1740 мкв газар эзэмших эрх, зурагт, хөлдөөгч, хөргөгч зэрэг 9 төрлийн хөдлөх хөрөнгөнөөс хангуулахаар 14-1281 тоот зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулжээ.  /хх 8-10, 12-18, 20-21/

Түүнчлэн талууд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр харилцан тохиролцож 13-475 тоот зээлийн хугацааг 30 сараар, 14-1281 тоот зээлийн гэрээний хугацааг 14 сараар тус тус сунгаж, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулан 13-475/1, 14-1281/1 тоот нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ болон барьцааны гэрээг байгуулсан байна.  /хх-11, 19, 22-23/

Зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

 Хариуцагч зээлийн хөрөнгийг шилжүүлэн авсан, энэ хугацаанд зээлдэгчээс 150.000.000 төгрөгийн зээлд 142.665.061 төгрөг, 30.000.000 төгрөгийн зээлд 20.216.086 төгрөг нийт 162.665.061 төгрөг төлсөн, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах үед хоёр зээлийн үлдэгдэл 61.664.659 төгрөг, 19.206.314 төгрөг байсан гэдэгт зохигчид маргаагүй байна.

Зохигчдын хооронд байгуулсан 2013 оны гэрээний 7.1.1, 8.2.1-т, 2014 оны гэрээний 7.1.1, 7.3.1-д зээлдэгч гэрээгээр тохирсон зээл төлөх хуваарийг удаа зөрчсөн тохиолдолд зээлдүүлэгч өөрийн санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй гэж заасан байх бөгөөд хариуцагч нар нь 2016 оны 3 дугаар сараас хойш хуваарийг зөрчсөн гэдгийг зөвшөөрч, урт хугацааны гэрээг хугацаанаас өмнө цуцлахад татгалзахгүй гэж тайлбарлав.

Нэгэнт гэрээний нэг тал үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр тогтоосон, түүнчлэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т заасан гэрээнээс татгалзаж болохгүй нөхцөл байдал тогтоогдохгүй  байх тул  нэхэмжлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

Зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр З.Цэрмаа оролцсон байх боловч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д “үүрэг гүйцэтгүүлэгч өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй” гэж заасан байх тул хамтран үүрэг гүйцэтгэгч нарын нэг буюу З.Баас үүргийг бүхэлд нь шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг буруутгах үндэслэлгүй.

Хариуцагч төлсөн хүүг гэрээнд заасан хүүтэй харьцуулж үзвэл 150.000.000 төгрөгний зээлд хүүг 61.1 хувиар, 30.000.000 төгрөгийн зээлд 69.5 хувиар төлсөн үндэслэлээр зээлээс хасч тооцуулна, мөн Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар багасгуулна гэж тайлбарлав. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд хүсэл зоригоо чөлөөтэйгээр илэрхийлэн, агуулгаа өөрсдөө тодорхойлж гэрээг байгуулах эрхтэй бөгөөд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлт, эргэн төлөлтийн хуваарь тус тус хүчин төгөлдөр байх тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй хоёр зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон тооцоолол алдаатай гэх байдал тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагчаас 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн гэрээний дагуу үндсэн зээл 61.664.659 төгрөг, хүү 27.619.872 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.335.046 төгрөг нийт 90.619.577 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн гэрээний дагуу үндсэн зээл 18.108.226 төгрөг, хүү 7.570.414 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 789.119 төгрөг нийт 26.467.759 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгов.

Түүнчлэн барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                                                        

                                                                                                             ТОГТООХ нь: 

            

 1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан З.Баас 117.087.336 /нэг зуун арван долоон сая наян долоон мянган гурван зуун гучин зургаан/ төгрөгийг гаргуулж Х банкинд олгосугай.

                                                                                                                                                                          2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-07130000859 дугаарт бүртгэлтэй, Дорноговь аймаг, Сайншанд сум, 3 дугаар баг, орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 101005384 дугаар бүхий, Дорноговь аймаг, Сайншанд суманд байрлах 1740 мкв газраас хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  813.587 төгрөгийг улсны орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 813.587 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       О.ОДГЭРЭЛ