Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2017/03199

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .....................................оршин суух, ..... овогт ............. Н /Регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .............................байрлах “ОК” ХХК /Регистрийн дугаар: /-д холбогдох

     Гэрээний үүрэгт 10.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зардалд 10.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А.., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Д..н нар оролцов.                                                                                                          

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Иргэн Д.Н “ОК” ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Энэ үед захирал Б.Өнөр-Утас тус байрны бүгд холболт төвийнх гэсэн боловч цэвэр усны холболт нь тусдаа болохыг гэрээний дараа мэдсэн. Гүйцэтгэгч болох “ОК” ХХК гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 2015 оны 2 дугаар улиралд багтаан байрыг ашиглалтад оруулж хүлээлгэж өгөх байсан ч барилгын явц удаан, чанар танилцуулж байсан шиг люкс зэрэглэлийн байж чадаагүй тул төлбөр хийхийг хойшлуулж барилга бүрэн ашиглалтад орохыг хүлээж байсан. Захиалагч Д.Н тус компанид урьдчилгаа 10.000.000 төгрөг төлсөн болно. Компаниас төлбөрөө хий гэж шаардлага тавьж байсан боловч миний санаанд төдийлөн нийцээгүй тул 2015 оны 8 дугаар сард тус компаний борлуулагчид манай захиалсан байрыг зараад миний мөнгийг өгөөрэй гэж хэлсэн. Гэрээ цуцлагдаж, уг байр бусдад худалдагдсан. Иймд гэрээний дагуу урьдчилгаанд төлсөн 10.000.000 төгрөгийг “ОК” ХХК-иас гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд анхнаасаа байрыг захиалахдаа 5 өрөө 135.8 мкв орон сууц захиалсан тул хана нураасан, барьсан гэдэг үндэслэлгүй. Иймд бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь манай компанийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж ашиглалтанд орсон Женерал таун хотхоны барилгаас захиалгаар орон сууц бариулахаар гэрээ байгуулж гэрээний дагуу урьдчилгаа 10.000.000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч гэрээний хуваарийн дагуу төлбөл зохих төлбөрийг огт төлөөгүй бөгөөд энэ хугацаанд өөрийн хүсэлтээр баригдсан барилгын хийцэд өөрчлөлт оруулж нэмэлт засвар хийлгэсэн. Гэрээний дагуу захиалагч барилгын зургаас өөрөөр нэмэлт засвар хийлгэсэн бол гарсан зардлыг өөрөө хариуцахаар үүрэг хүлээсэн. Манай компаниас 14.000.000 төгрөгийн зардал гаргаж захиалагч Д.Нгийн хүсэлтээр захиалгын орон сууцанд засвар хийсэн боловч нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл дээрх засварын зардлыг төлөөгүй байгаа. Нөгөө талаар захиалгын гэрээний дагуу манай компанийн зүгээс хуваарийн дагуу төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч байраа авна, мөнгөний бололцоогүй байна, хүнээс мөнгөө аваад бөөнд нь өгнө гэх мэтээр маш их хугацаа алдуулсан. Захиалагч гэрээний хуваарийн дагуу мөнгөө төлсөн нөхцөлд манай талаас байрыг хүлээлгэн өгөхөд бэлэн байсан. Хэвийн байсан орон сууцанд өөрчлөлт оруулж анхны зургаас илт өөрчлөлт орсноор маргаан бүхий орон сууц зах зээлд борлуулагдахгүй компанийн санхүүд ихээхэн хүндрэл учруулсаар байна. Д.Нд захиалгын дагуу үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардсан бөгөөд мөн орон сууц захиалгын гэрээг цуцлах саналыг тавьсан боловч ямар нэгэн хариу өгөхгүй байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Д.Н 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Захиалагч нь гэрээний 3.5 дахь хэсэгт заасан хугацаагаар төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн боловч урьдчилгаа 10.000.000 төгрөг төлснөөс хойш гэрээний үүргээ гүйцэтгээгүй өнөөдрийг хүрсэн. Компанийн зүгээс 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгчид гэрээний үүргээ биелүүлэхийг өмнө удаа дараа аман хэлбэрээр шаардаж байснаа албажуулж албан тоот явуулсан. Энэ талаар нэхэмжлэгчид хандахад асуудлыг шийдвэрлэнэ гэж тайлбарлаж байсан боловч манай компанийн зүгээс гэрээний 4.1.4-т заасны дагуу гэрээг дангаар цуцалж, дараагийн худалдан авагчид худалдах болохоо албан ёсоор мэдэгдэж байсан. Нэхэмжлэгч албан ёсоор ямар нэгэн хариуг ирүүлээгүй тул 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Улмаар гэрээ цуцлагдсан. Манай компани нэхэмжлэгчийн зүгээс гаргасан 91.5 мкв, 44.3 мкв байруудыг нийлүүлж 135.8 мкв болгон өөрчилж 14.000.000 төгрөгийн зардлыг компаниас гаргаж засвар, өөрчлөлтийг хийсэн байсан. Нэхэмжлэгчийн урьдчилгаа 10.000.000 төгрөг нь дээрх өөрчлөлт, засварт зарцуулагдсан. Нэгэнт Д.Н гэрээгээ цуцлахаар шүүхэд хандсан тул манай компаниас гарсан засвар, үйлчилгээний зардал 10.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д.Н “ОК” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч зардалд 10.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэг талаас Д.Н, нөгөө талаас “ОК” ХХК нар 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр харилцан тохиролцож, Худалдагч нь худалдагчийн өмчлөлд Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Дүнжингаравын гудамж, Женерал таун хотхон Б блок 2 орц, 5 давхар 135,8 мкв бүхий орон  сууцыг зоорийн давхрын В1-ийн 3,4 тоот автозогсоолын хамт 2015 оны 2 дугаар улиралд барьж дуусган худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, Худалдан авагч нь нийт үнэд 331.600.000 төгрөгөөс 10.000.000 төгрөгийн урьдчилгааг төлж, үлдэх хэсгийг хуваарийн дагуу 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж дуусгахаар тус тус харилцан тохиролцож “Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ”-г байгуулжээ. /хх 5-10/

Талууд хэн алин нь хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй, дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн гэрээ байна. 

Нэхэмжлэгч 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр урьдчилгаа 10.000.000 төгрөг төлсөн, байрыг 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр улсын комисс хүлээн авсан гэдэгт талууд маргаагүй байна.

Гэрээний эрх зүйн харилцаанд оролцогч талууд гэрээгээр хүлээсэн үүргийг тогтоосон хугацаанд зохих ёсоор шударгаар гүйцэтгэх үүргийг хүлээх бөгөөд  Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэг тал үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол нөгөө тал гэрээнээс татгалзахаар, ийнхүү татгалзахад үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг тогтоож өгөхөөр мөн зүйлийн 225.2-т заажээ.

Нэхэмжлэгч орон сууцны чанар гэрээнд зааснаас муу байсан, гэрээгээр тохиролцсон хугацаандаа орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүйгээс гэрээ цуцлагдсан гэж, хариуцагч гэрээнд заасан хугацаанд үнийг төлөх үүргээ биелүүлээгүйгээс гэрээ цуцлагдах болсон гэж тайлбарлан, хэн алин нь талууд гэрээг 2016 оны  3 дугаар сарын 01-ний өдөр цуцласан, орон сууц, автозогсоолыг гуравдагч этгээдэд худалдан борлуулсан гэдэгт маргаагүй байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.1, 2.2, 3.5-д нэхэмжлэгч орон сууцны үнийг 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж дуусгахаар, хариуцагч орон сууцыг Барилгын тухай хууль, норм стандартаар батлагдсан зургийн дагуу барьж 2015 оны 2 дугаар улиралд хүлээлгэн өгөхөөр тус тус харилцан тохиролцсон ч гэрээгээр тогтоосон хугацаанд нэхэмжлэгч үнэ төлөх үүргээ, хариуцагч хүлээлгэн өгөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Харин орон сууцны чанараас хамаарч гэрээг цуцласан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч төлбөр төлөх үндсэн үүргээ биелүүлээгүй, хариуцагчид орон сууцыг хугацаанд нь  хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхийг шаардсан, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т зааснаар нэмэлт хугацаа тогтоосон гэх байдал баримтаар тогтоогдохгүй байна.  Гэрээний 4.1.4-т хэрэв хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд нэг удаа шаардаж, дараагийн удаад гэрээг худалдагч тал дангаар цуцлахаар тохиролцсон,  хариуцагчаас 2015 оны 12 дугаар сарын 15-нд төлбөр төлөхийг мэдэгдэж Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т зааснаар нэмэлт хугацаа тогтоосон, 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэрээ цуцлах тухай мэдэгдсэн байна.

Нэгэнт талууд гэрээ цуцлагдсанд маргаагүй тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилгаанд төлсөн 10.000.000 төгрөгийг буцаан өгөх үүргийг хүлээх тул дээрх мөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгов.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” байхаар, “гарсан зардал,  эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, зайлшгүй орох байсан орлогыг хохиролд” тооцохоор мөн зүйлийн 227.3-т заасан байна.

Нэхэмжлэгч анх гэрээ байгуулахад 44.3 мкв талбай бүхий, 91.5 мкв талбай бүхий хоёр орон сууцыг нэгтгэн 135.8 мкв талбайтай орон сууцыг худалдан авахаар тохиролцсон болох нь хэрэгт авагдсан тус барилгын 2014 оны 3 дугаар сард батлагдсан зураг төслийн 2-5 дугаар давхрын зохион байгуулалтын бүдүүвч зураг, гэрч Ц.Хосбаярын мэдүүлэг, анх гэрээ байгуулахад хавсаргаж өгсөн гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн бүдүүвч зураг зэргээр тогтоогдож байна. 

Гэвч хариуцагч сөрөг нэхэмжлэлээр шаардаж буй 10.000.000 төгрөг нь анх гэрээ байгуулсны дараа 2015 оны 5 дугаар сард хоёр орон сууцыг нэгтгэхэд ханыг нураалгасан зардал гэж, гэрээ цуцлагдсанаас хойш анхны зураг төслийн дагуу хоёр байрыг буцаан тусгаарлахад гарсан зардлыг нэхэмжлээгүй гэж тайлбарлаж байна.

2015 оны 4 дүгээр сард талууд харилцан тохиролцож гэрээг байгуулахдаа худалдагч 135.8 мкв талбай бүхий орон сууцыг худалдан авагчид хүлээлгэн өгөх үүргийнхээ хүрээнд хоёр орон сууцыг тусгаарласан ханыг нураалгасан тул гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүднээс гарсан зардал гэж үзнэ. Харин гэрээ цуцлагдснаас хойш гарсан зардлыг нэхэмжлээгүй байх тул хариуцагчийг гэрээ цуцлагдснаас учирсан хохирол нэхэмжлээгүй байна гэж үзэн энэ үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                                                        

                                                                                                          ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч “ОК” ХХК-иас 10.000.000 /арван сая/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Нд олгож, нэхэмжлэгчээс 10.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 175.000 төгрөг, хариуцагчаас төлсөн 175.000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 175.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай. 

ДАРГАЛАГЧ                                   О.ОДГЭРЭЛ