Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 602

 

Д.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/03199 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Нгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “О” ХХК-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдуулан урьдчилгаанд төлсөн 10 000 000 төгрөгийг буцаан гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 

гэрээнээс татгалзсантай холбогдуулан учирсан хохиролд 10 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би “О” ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Энэ үед захирал Б.Өнөр-Утас тус байрны бүгд холболт төвийнх гэсэн боловч цэвэр усны холболт нь тусдаа болохыг гэрээний дараа мэдсэн. Гүйцэтгэгч “О” ХХК гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 2015 оны 2 дугаар улиралд багтаан байрыг ашиглалтад оруулж хүлээлгэж өгөх байсан ч барилгын явц удаан, чанар танилцуулж байсан шиг люкс зэрэглэлийн байж чадаагүй тул төлбөр хийхийг хойшлуулж барилга бүрэн ашиглалтад орохыг хүлээж байсан. Захиалагч Д.Н тус компанид урьдчилгаа 10 000 000 төгрөг төлсөн. Компаниас төлбөрөө хий гэж шаардлага тавьж байсан боловч миний санаанд төдийлөн нийцээгүй тул 2015 оны 8 дугаар сард тус компанийн борлуулагчид манай захиалсан байрыг зараад миний мөнгийг өгөөрэй гэж хэлсэн. Гэрээ цуцлагдаж, уг байр бусдад худалдагдсан. Иймд гэрээний дагуу урьдчилгаанд төлсөн 10 000 000 төгрөгийг “О” ХХК-иас гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд анхнаасаа байрыг захиалахдаа 5 өрөө 135.8 мкв орон сууц захиалсан тул хана нураасан, барьсан гэдэг үндэслэлгүй. Иймд бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.         

 

Хариуцагч “О” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь манай компанийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж ашиглалтанд орсон Женерал таун хотхоны барилгаас захиалгаар орон сууц бариулахаар гэрээ байгуулж гэрээний дагуу урьдчилгаа 10 000 000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч гэрээний хуваарийн дагуу төлбөл зохих төлбөрийг огт төлөөгүй бөгөөд баригдсан барилгын хийцэд өөрчлөлт оруулж нэмэлт засвар хийлгэсэн. Гэрээний дагуу захиалагч барилгын зургаас өөрөөр нэмэлт засвар хийлгэсэн бол гарсан зардлыг өөрөө хариуцахаар үүрэг хүлээсэн. Манай компаниас 14 000 000 төгрөгийн зардал гаргаж захиалагч Д.Нгийн хүсэлтээр захиалгын орон сууцанд засвар хийсэн боловч нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл дээрх засварын зардлыг төлөөгүй. Захиалагч гэрээний дагуу мөнгөө төлсөн нөхцөлд байрыг хүлээлгэн өгөхөд бэлэн байсан. Орон сууцанд өөрчлөлт оруулж анхны зургаас илт өөрчлөлт орсноор маргаан бүхий орон сууц зах зээлд борлуулагдахгүй ихээхэн хүндрэл учруулсан. Д.Нгаас үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардаж, орон сууц захиалгын гэрээг цуцлах саналыг тавьсан боловч хариу өгөөгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Д.Н орон сууц захиалгаар бариулах гэрээний урьдчилгаа 10 000 000 төгрөг төлснөөс хойш гэрээний үүргээ гүйцэтгээгүй. Компанийн зүгээс удаа дараа аман хэлбэрээр шаардаж, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр албан тоот явуулан, гэрээг дангаар цуцлах талаар албан ёсоор мэдэгдсэн. Нэхэмжлэгч ямар нэгэн хариу ирүүлээгүй тул 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлж гэрээг цуцласан. Манай компани 91.5 м.кв, 44.3 мкв байруудыг нийлүүлж 135.8 мкв болгон өөрчилж 14 000 000 төгрөгийн зардал гаргасан. Нэхэмжлэгчийн урьдчилгаа 10 000 000 төгрөг нь дээрх өөрчлөлт, засварт зарцуулагдсан. Иймд манай компаниас гарсан засвар, үйлчилгээний зардал 10 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч “О” ХХК-иас 10 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Нд олгож, нэхэмжлэгчээс 10 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 175 000 төгрөг, хариуцагчаас төлсөн 175 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 175 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч гэрээг цуцалснаас хойш 135.8 м.кв орон сууцыг нурааж талбайн хэмжээг нэмэгдүүлснийг буцаан хоёр тусдаа орон сууц болгох зардлыг нэхэмжлээгүй гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн 10 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр тусдаа зохион байгуулалттай орон сууцыг нэгтгүүлж 135.8 м.кв хэмжээтэй болгуулахыг зөвшөөрсөн талаар гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбар бусад нотлох баримтууд байсаар байтал анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудад бодитой дүгнэлт өгөөгүй. Орон сууц захиалгаар бариулах гэрээнд захиалагч орон сууцанд өөрийн хүсэлтээр нэмэлт ажил, засвар хийлгэсэн нөхцөлд өөрийн зардлаар дээрх засвар, заслыг хийлгэхээр талууд тохирсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр хоёр тусдаа орон сууцыг нэгтгүүлэн дотоод хануудыг өөрчлүүлж нэмэлт заслыг хийлгүүлсэн нь талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан захиалагчийн хүсэлтээр хийгдсэн тул нэхэмжлэгчээс гарах зардал мөн байсан.

Анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлд ч мөн хоёр орон сууцыг нэгтгэсэн болон буцаан зураглалын дагуу хэвийн байдалд оруулсан нийт зардалд 10 000 000 төгрөг нэхэмжилсэн байхад анхан шатны шүүх өөрийн дур зоргоор хариуцагч нь гэрээг цуцалснаас хойшхи гарсан зардал буюу орон сууцыг буцаан засварласан зардлаа нэхэмжиллээ гэж хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг шүүх нэхэмжлэгчид ашигтай байдлаар тайлбарлаж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зохицуулалтыг зөрчсөн.

Талуудын гэрээгээр хүлээсэн үүргийг мөн зөвхөн нэхэмжлэгчид ашигтай байдлаар тайлбарласан нь гэрээгээр нэхэмжлэгчийн хүсэл зоригийг буруу тайлбарлаж гэрээний үүргээ биелүүлэхгүй байх боломжийг хангасан. Маргааны зүйл болсон орон сууцнуудад шүүхээс үзлэг хийсэн мөн орон сууцны батлагдсан зургаар тусдаа орон сууцнуудыг нэгтгэсэн мөн буцаан өмнөх байдалд эргүүлэн засварласан болох нь нотлогдсоор байхад сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхисон нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс хариуцагчийн эрх ашгийг хохироож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.  

Мөн анхан шатны шүүхэд хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс шинжээч томилуулах саналыг гаргасан боловч өмнөх шинжээч дүгнэлт гаргахаас татгалзсан тул дахин шинжээч томилох шаардлагагүй гэж дүгнэсэн нь хариуцагчид хуулиар олгогдсон татгалзлаа нотлох эрхийг нь хаан боогдуулсан хууль бус шийдвэр болсон. Энэ шалтгааны улмаас хариуцагч нь нэгтгэсэн орон сууцнуудыг дахин хуучин байдалд нь оруулахад гаргасан зардлыг нотлох боломж алдагдсан.

Дээрх үйлдлийг давж заалдах шатны шүүхээр нөхөн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхэд хэргийг буцаан Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хариуцагчийн эрхийг сэргээж анхан шатны шүүхийн хууль зөрчсөн үйлдлийг зөвтгөх боломжийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэн, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээр шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч “О” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагавар болох гэрээгээр шилжүүлсэн 10 000 000 төгрөгийг буцааан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролд 10 000 000 төгрөг шаардан сөрөг нэхэмжлэл гарган, маргажээ.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Талууд 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 331 600 000 төгрөгийн үнийн дүн бүхий орон сууц захиалгаар барих, бариулах 15/19 тоот гэрээ байгуулж, гүйцэтгэгч “О” ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Женерал таун хотхоны Б блок 2 дугаар орцны 5 давхрын 135.8 м.кв талбай бүхий орон сууцыг зоорийн давхрын В1-ийн 3 4 тоот авто зогсоолын хамт 2015 оны 2 дугаар улиралд Д.Нгийн өмчлөлд шилжүүлэх, захиалагч Д.Н нь орон сууц, авто зогсоолын үнээс урьдчилгаанд 10 000 000  төгрөг бэлнээр төлж, үлдэх 321 600 000 төгрөгийг 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төлөхөөр тохиролцон, харилцан үүрэг хүлээсэн болох нь хэрэгт авагдсан гэрээгээр тогтоогдож байна. /хх 5-9 дэх тал/

Дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ талуудын хэн аль нь хугацаандаа биелүүлээгүйн улмаас гэрээнээс татгалзах санал гаргаж байсан, мөн хариуцагч тал гэрээний зүйл болох орон сууцыг өөр этгээдэд худалдсан болох нь хариуцагчийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 15/130, 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 16/29 тоот мэдэгдлүүд, зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул талуудыг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан гэж үзнэ. /хх 43-45,  228-230 дахь тал/

 Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, хариуцагч “О” ХХК-иас 10 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.  

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч “О” ХХК, нэхэмжлэгч Д.Нгаас 10 000 000 төгрөг гаргуулахаар шаардаж буй сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “ ... нэхэмжлэгчийн хүсэлтээр 91.5 м.кв, 44.3 м.кв талбай бүхий 2 орон сууцыг нийлүүлж, 135.8 талбайтай 1 орон сууц болгон өөрчлөхөд гарсан зардал ...” гэж тайлбарладаг.

Талууд худалдах-худалдан авах гэрээ байгуулахдаа 2 орон сууцыг нэгтгэн 1 орон сууц болгохоор өөрчлөн худалдахаар тохиролцож, үүний дагуу хариуцагч тал орон сууц тусгаарласан ханыг буулгасан болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Анхан шатны шүүх дээрх үйл баримт, нотлох баримтыг харьцуулан үнэлж, хариуцагч талын тухайн цаг хугацаанд гэрээний үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан зардлыг гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролд тооцох боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/03199 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 175 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                             ШҮҮГЧИД                                      Т.ТУЯА

 

                                                                                                Ч.ЦЭНД