Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2017/03219

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ...................... оршин суух, A /Регистрийн дугаар:  /-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: ..................................тоотод байрлах “K” ХХК /Регистрийн дугаар:/-д холбогдох,

Гаражийн төлбөрт шилжүүлсэн 2.700 ам доллар буюу 6.560.000 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.A, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.С.., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц... шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Д нар оролцов.

                                                                                                   

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Миний бие Д.A нь “K” ХХК-ийн барьсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 10/3 дугаар байрны подваль дахь авто зогсоолоос 2005 оны 12 дугаар сарын 30-нд тус компаний санал болгосны дагуу 18 мкв талбай бүхий автомашины зогсоолыг 2700 ам доллароор худалдан авч, мөн 14 жил уг зогсоолыг эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд бид 2016 оны 9 дүгээр сард компанид хандан уг зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг шаардсан боловч хариу өгөөгүй. Гэтэл 2017 оны 3 дугаар сараас эхлэн миний эзэмшдэг зогсоолын өмчлөгч гэх “Эм Эй Эф” ББСБ ХХК зогсоолыг суллахыг шаардсан тул би 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр “K” ХХК-д хандан энэ талаар тайлбар өгөхийг хүсч уулзахад “тус байрны 2 тоот айл тухайн үед зогсоолоо худалдаж аваагүй, та нар “Эм Эй Эф” ББСБ ХХК-тай шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүл, санаа зоволтгүй” гэж хэлээд надад ямар ч материал үзүүлээгүй. Ингээд “Эм Эй Эф” ББСБ-ийн ажилтнуудаас ямар үндэслэлээр зогсоол чөлөөл гээд байгаа тухай асуухад тус байрны подвал дахь авто машины зогсоолын бүдүүвч зургийг үзүүлсэн бөгөөд энэ зураг нь анх тус байрны СӨХ-д “K” ХХК-иас айл бүрт гаргаж өгсөн бүдүүвч зургаас өөр зураг байсан. Иймд би дахин “K” ХХК-д хандахад миний асуудлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн агуулга бүхий хариуг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ирүүлсэн бөгөөд үүнээс үзэхэд “K” ХХК анхнаасаа хууль бусаар надад гражийг давхардуулан борлуулж, намайг олон жил хуурч мэхлэсэн болох нь тодорхой болсон. 2005 оны 12 сарын 30-ны өдөр Д.A намайг “K“ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ариунтунгалаг өрөөндөө дуудаад та түрээслэж байгаа авто зогсоолоо худалдан авах уу, үнэ нь 2700 ам.доллар гээд бид маргааш Цагаанбар компанийн захирал Чинзоригт СӨХ-оо хүлээлгэн өгөх гэж байна. Та зогсоолоо худалдаж авахгүй бол СӨХ таны машиныг гаргах болно шүү гэсэн. Би зогсож байгаа зогсоолоо өөрчлөхгүй яг энэ зогсоолдоо хэвээр байна худалдаж авья гэсэн боловч таны зогсоол өөрчлөгдөхгүй гэж нягтлан бодогч Дэлгэрдалайтайгаа хоёул хариулсан. Ийм тохироотой би уг зогсоолоо худалдан авах болж тэр өдөр нь ажил тарахаас өмнө сандарч байж 2700 ам.доллар бүрдүүлж өгсөн ба нягтлан бодогч Дэлгэрдалай нь кассын орлогын ордер бичиж өгсөн. Энэ үед Ариунтунгалаг нь хамт нэг өрөөнд сууж байсан. Энэ баримтыг канондаж нэхэмжлэхэд хавсаргасан. Ингээд 2004 оноос хойш уг зогсоолдоо тохирсон ёсоороо хатуу зогсож байгаа. Энэ үед Батбаяр нь зогсоол булаацалдаж, бидний хооронд ямар ч яриа байгаагүй, бараа бараагаа харна уу гэхээс цаашгүй таньдаггүй байсан 2007, 2008 оноос энэ хүн нүүгээд явсан. 2 тоот байр нь олон жил оюутнууд түрээслэдэг байсан. Айлууд анх байранд орохдоо “K“ ХХК-иас хаана машинаа тавихаа заалгаж тавьсан тэр хэвээр машинуудаа байрлуулаад сурсан байсан. Зогсоолын дэс дугаар гэж урьд нь байгаагүй одоо ч байхгүй хэвээр. 2006 оны 01 дүгээр сарын 02-нд тус байрны 7 тоотод оршин суугч / Цагаан барс компанийн захирал/ Чинзоригт СӨХ-өө хүлээлгэж өгөхдөө авто зогсоолуудыг дугаарлаж өгөөгүй, зөвхөн айлуудын оршин суудаг хаалганы тоотоор нь дугаар бичиж зогсоолын бүдүүвч схем зургийг хийж айл бүрт канондож өгсөн байдаг K компанийн захирал н.Чинбат 15 тоотод амьдардаг. Мөн K компани, Чинзориг нарын СӨХ хүлээлцсэн актан дээр подвалын хэсэгт 16 машины зогсоолтой гэж бичиж хүлээлцсэн нь бүдүүвч зургийн машины тоотой тохирч байна.  Уг байрны авто зогсоолд бодит байдал дээр бүдүүвч зурагт зурсан 14,15 тоот гэсэн 2 машины зогсоол нь машин тавих ямарч боломжгүй, гал усны аюул болон бусад машин гарч ороход хааж зогсох тул зогсоол биш машины гарч орох зам юм. Би 15 тоот гээд байгаа машины зогсох боломжгүй тэр зогсоол гэж бичээд байгаа газрыг ор түрээслэж байгаагүй, тэнд зогсож ч байгаагүй хажуу талын машины эзгүүд зогсооч үгүй. Харин Чинбат нь өөрөө 2006 онд 2 машинаа тавиад айлууд хэл ам хийж больсон. Н.Ариунтунгалаг нь 2008 онд 14, 15 гэсэн дугаар бүхий авто зогсоолын гэрчилгээг гадаа орцны үүдэнд тааралдаад таньд үүнийг өгөх гэж байгаа юм шилжүүлж аваарай гээд өгөхөд тухайн үед би балмагдаад юу ч ойлгоогүй авсан. Надаас тэр гэрчилгээг асуудаг ч үгүй байсан. Бид уг гэрчилгээн дээрх зогсоолыг худалдах, худалдан авах гэрээ ч хийгээгүй. Зогсоолуудын СӨХ-д өгсөн бүдүүвч зурган дээрх 8, 8 тоот гэсэн 2 зогсоолын тухай ярихаас 14, 15 тоотыг шилжүүлж авах ямар ч үндэслэлгүй. 2008 оноос Чинбат нь өөрөө Алтай сургуулийн зүүн талд буюу манай орон сууцны гадаа баруун урд талд өөрийн хувийн гражаа барьж өөрсдийн 2 машинаа оруулж тавьдаг болсон. 2017 оны 3 сард Эл-Эй-Эф ББСБ, ХХК-нь 02 тоот орон сууц манай өмч болсон, 02 тоот айлын зогсоол мөн манай өмч болсон иймд та энэ зогсоолыг сулла гэсэн шаардлага тавьсан. 2017 оны 5 сард албан ёсоор надад хандсан. Ингээд бид уг асуудлаар “K“ ХХК-ний Чинбатад хандахад н.Батбаяр нь уг гражийг худалдан аваагүй, Батбаярыг олж уулзах хэрэгтэй, хэрэв шүүхэд асуудлаа тавьсан бол би тайлбарлаад хамгаалаад өгнө наад ББСБ чинь худлаа хэлж байгаа юм гэж хэлсэн. Дараа нь хэд хоногийн дараа энэ хэлсэн ярьснаасаа тэс өөр хариуг надад бичгээр өгсөн. Эм-Эй-Эф ББСБ нь үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраас уг байрны автозогсоолын схем зургийг авч надад үзүүлсэнээр би СӨХ-д Чинбатын хийж өгч тараасан схем зураг нь худал болохыг мэдсэн. Ингээд мөн өөрийн ггэр бүлийн орон сууцтайгаа хамт худалдаж авсан 1 машины зогсоолын дугаар маань 8 тоот биш 13 тоот болсоныг мэдэж 2005 онд авсан орон сууцныхаа гэрчилгээг 2017 онд залруулж авлаа. Иймд миний бие уг зогсоолыг тухайн үедээ худалдан авсан 2700 ам доллар буюу одоогийн ханшаар 6.560.000 төгрөгийг “K ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: “K” ХХК Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөөний 10/3 байрыг барьж ашиглалтанд оруулан зоорийн давхарт байрлах машины 15 дулаан зогсоолыг гэрээний дагуу авсан айлуудад нь эзэмшүүлэхээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлийн газарт 2005 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 05/99 тоот албан бичиг, зогсоолыг дугаарлан үзүүлсэн схем зургийг хүргүүлснээр айлууд Үл Хөдлөхийн гэрчилгээгээ авч эзэмшиж эхэлсэн. Д.Aийн давхардуулан олгосон гээд байгаа 12 тоот зогсоол нь 2 тоотод оршин суугч Н.Батбаярын нэр дээр гарсан байсан. 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Иргэн Д.A нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөөний 10/3 байрны зоорийн давхарт байрлах өөрийн түрээслэж байсан 14 тоот дулаан зогсоолоо худалдаж авах хүсэлт тавихад нь иргэн Л.Ариунтунгалагийн нэр дээр улсын бүртгэлийн Ү-2203013743 дугаарт бүртгэгдсэн 14, 15 тоот дулаан зогсоолын гэрчилгээнээс 14 тоотыг салгаж авахаар тохирч нотариат дээр Л.Ариунтунгалагтай уулзаж худалдах худалдан авах гэрээ хийхээр болж 2700 ам.доллар тушааж авч явсан. Л.Ариунтунгалаг гэрчилгээгээ салгая гэж удаа дараа шаардахад “Би завгүй байна. Танай 15 тоот зогсоолыг зарчихгүй. Би мөнгөө тушаасан учир та нарт айх шалтгаан байхгүй гэсээр өнөөдрийг хүрсэн”.

Үүний дараагаас 12 тоот дулаан зогсоолыг эзэмшигч Н.Батбаяртай зогсоолоо сольж тавьдаг байсан бөгөөд энэ талаар Н.Батбаяр нь гэрчийн тайлбараар шүүхэд нотлох баримт гаргаж өгсөн. Н.Батбаяр нь байр болон дулаан зогсоолоо ЭМ ЭЙ ЭФ ББСБ ХХК-ын өмчлөлд 2006 оны 5 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлсэн тул ЭМ ЭЙ ЭФ ББСБ ХХК нь гэрчилгээнд байгаа зогсоолоо Д.Aээс чөлөөлж өгөхийг шаардсан. Энэ үеэс эхлэн Д.A нь 13 тоотыг солиод авчихмаар байна. Танай компани надад анхнаасаа зарсан гэж тус болооч гээд байхаар нь манай компаний зүгээс “2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 2017/15 тоотоор”... та анхнаасаа 14 тоотыг авсан. Ямар нэгэн залилан хийх хэрэггүй...” гэсэн тодорхой хариу өгснийг нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна. K ХХК нь Д.Aт 12 тоот зогсоолыг зарахаар ямар нэгэн аман болон бичгээр хэзээ ч гэрээ байгуулж байгаагүй. Хэрэв Д.Aийн нэхэмжлэлд дурьдаснаар манай компани анхнаасаа энэ хүнийг хууран мэхэлж 12 тоот зогсоолыг давхардуулан олгосон бол Д.Aтэй гэрээ байгуулж үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлийн газарт албан тоот болон схем зургийг хүргүүлж тэр дороо л давхардуулан залилан хийсэн нь тодорхой болж цагдаагаар шалгуулж эрүүгийн хэрэг үүсэх байв. Мөн нэхэмжлэлд ЭМ ЭЙ ЭФ ББСБ ХХК-ийн ажилтнуудын үзүүлсэн байрны подвол дахь автомашины зогсоолын бүдүүвч зураг нь анх тус байрны СӨХ-д K ХХК-аас айл бүрт гаргаж өгсөн бүдүүвч зургаас өөр байсан гэж огт үндэслэлгүй гүжирдэж Д.A өөрийн хийсэн схем зургийг шүүхэд нотлох баримтаар өгсөн байна. Д.Aийн нотлох баримтанд дурьдаснаар 1 сарын 90.000 төгрөгөөр түрээслэж байсан гэвэл өнөөдрийг хүртэл 140 сар ашигласан гэж үзвэл 12.600.000 төгрөг түрээсэнд төлөхөөр болж байна. Гэтэл Д.A нь тухайн үеийн ханшаар 2.970.000 төлж зогсоолоо аваад 12 жилийн турш ашиглаж байснаа шүүхээр мөнгөө өсгүүлж 6.560.000 төгрөг болгон авч ЭМ ЭЙ ЭФ ББСБ ХХК-аас дулаан зогсоолын мөнгийг төлөөд худалдаж авч болно гэсний дагуу мөнгө босгох гэсэн заль байлаа. Тухайн үед Д.A зогсоолоо худалдаж аваагүй байсан бол Н.Батбаяр зогсоолоо сольж тавихгүй байсан гэдгээс харахад Д.Aт мөнгө нэхэмжлэх ямар ч үндэс байхгүй. Иймд K ХХК-ийн тайлбар, нотлох баримт, гэрчийн мэдүүлэг зэрэг нь Д.Aийн 12 жилийн өмнө 14 тоот зогсоолыг аваад хүний зогсоолд сольж тавьж байснаа өөрт нь худалдсан мэтээр шүүхийг төөрөгдүүлж, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад одоо л мэдэж байгаа мэт увайгүй залилан мэхэлсэн үйлдлийг хангалтгай бүрэн нотолж байгаа тул Иргэний хуулийн 75.1, 75.2.2 зүйлд заасныг үндэслэн Д.Aийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.A нь “K” ХХК-д холбогдуулан гаражийн төлбөрт шилжүүлсэн 2.700 ам доллар буюу 6.560.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргав.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас маргааны үйл баримтыг дүгнэвэл, иргэн Д.Батбаяр, “K” ХХК-тай 2003 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороонд баригдаж буй 16 айлын орон сууцнаас 5 давхарын 155 мкв талбайтай 8 тоот орон сууцыг, зоорийн давхрын 18 мкв талбайтай гаражийн хамт худалдан авахаар гэрээг байгуулж, худалдагч хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэн, улмаар Д.Баатар, Д.A нарт өмчлөх эрхийн Ү-2203012876 дугаартай тус байрны 8 тоот орон сууц, 8 тоот автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ 2005 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр олгогджээ.  2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр бүртгэлд өөрчлөлт оруулж 8 тоот автозогсоолыг 13 тоот болгон өөрчилж бүртгэжээ. Дээрх үйл баримт, гэрээний талаар талууд маргаагүй байна. 

Харин Д.A “K” ХХК-тай амаар харилцан тохиролцож, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө, 10/3 дугаар байрны зоорийн давхарт байрлах автозогсоолоос нэг автозогсоолыг нэмж худалдан авахаар хэлэлцэн тохирч, гаражийн төлбөр 2.700 ам долларыг 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “K” ХХК-д шилжүүлжээ. Хариуцагч мөнгийг шилжүүлэн авсан үйл баримтад маргаагүй байна.

Нэхэмжлэгч нь 12 тоот автозогсоолыг худалдан авахаар хэлцлийг байгуулсан ч уг автозогсоол бусдын өмчлөлийнх гэдгийг 2016 онд мэдсэн гэж, хариуцагч нь 12 тоот автозогсоолыг бус харин 14 эсхүл 15 тоот автозогсоолын аль нэгийг худалдахаар тохиролцсон байсан, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн агуулгаа өөрсдөө тодорхойлж гэрээг байгуулах эрхтэй бөгөөд ийнхүү байгуулах гэрээ нь хуульд нийцсэн байхаар зохицуулжээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Д.Aтэй хэлцлийг хийж мөнгийг шилжүүлэн авахаас өмнө тус байрны 12 тоот автозогсоолын өмчлөгчөөр иргэн Н.Батбаяр 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр, харин 14, 15 тоот автозогсоолын өмчлөгчөөр иргэн Л.Ариунтунгалаг 2005 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тус тус бүртгэгдэж, тэдгээрт үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-2203012987, Ү-2203013743 дугаар гэрчилгээ олгогдсон байжээ. Хариуцагч “K” ХХК-ийн зүгээс дээрх нөхцөл байдлыг мэдэж байсан болох нь тус байгууллагын үл хөдлөх эд хөрөнгийн  бүртгэлийн газарт удаа дараа хүргүүлсэн 2005 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 05/76 тоот, 11 дүгээр сарын 07-ны өдрийн 05/92 тоот, 2005 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 05/98, 05/99 тоот албан бичгүүдээр нотлогдож байна. Түүнчлэн дээрх байрны зоорийн давхарт дээрх 15 ширхэг автозогсоолоос өөр нэмэлт автозогсоол байхгүй гэдэгт талууд маргаагүй байна.

Иймд хариуцагч “K” ХХК нь тус байрны автозогсоолуудыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэрнээ өөрт байхгүй хөрөнгийг худалдахаар нэхэмжлэгчтэй 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хэлцлийг хийж, мөнгийг шилжүүлэн авсан болох нь тогтоогдож байх ба талуудын дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ.

Хариуцагч нь “K” ХХК-ийн захирал Д.Батбаяр иргэн Л.Ариунтунгалаг нар гэр бүлийн хүмүүс, 2005 онд хэлцлийг хийх үед тус компанийн захирлаар Л.Ариунтунгалаг ажиллаж байсан гэж тайлбарлаж байх хэдий ч иргэний өмчлөлд шилжсэн 14,15 тоот автозогсоолыг “K” ХХК-ийн өмчлөлийн зүйл гэж үзэх үндэслэлгүйгээс гадна хариуцагч энэ талаар нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй. Мөн Л.Ариунтунгалаг компанийн гүйцэтгэх удирдлага байсан гэх баримтгүй, энэ талаарх баримтыг хариуцагчаас мөн ирүүлээгүйг дурдах нь зүйтэй.

            Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй хожим дуусгавар болсон буюу  хүчин төгөлдөр бус болсон бол уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгч хариуцагч байгууллагаас шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй.

Хэрэгт авагдсан баримтаар 2006 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар нэг ам доллар 1221 төгрөгтэй тэнцэж байсан байх тул шүүх тухайн үеийн ханшаар тооцон /2700 ам доллар*1221 төгрөг/ нийт 3.296.700 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгон нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Харин автозогсоолын өмчлөгчдийн зүгээс автозогсоолыг нэхэмжлэгчид эзэмшүүлж, ашиглуулж байсантай холбоотойгоор хохирол учирсан гэж үзвэл тухайн асуудлаар жич нэхэмжлэл гаргах эрх нээлттэйг дурдав.

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байхаар  хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил,  гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.1-д заажээ. Түүнчлэн уг хугацаа шаардах эрх үүссэн үеэс буюу эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс эхлэхээр мөн хуулийн 76.1, 76.2-т заасан байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хэлцлээр хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлэх хугацааг талууд тухайлан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар эрхээ зөрчигдснийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс хуульд заасан ерөнхий хугацаагаар тооцох нь зүйтэй. Нэхэмжлэгч хэлцлийг хийснээс хойш 12 тоот автозогсоолыг өөрийн эзэмшлийнх гэж ойлгон эзэмшиж ашиглаж байсан, 2016 оны 5 дугаар сарын 19-нд хөрөнгө “Эм эй эф” ББСБ-ийн өмчлөлд шилжсэнээр мэдсэн гэж тайлбарлаж хариуцагч дээрх байдлыг үгүйсгээгүй тул шүүх Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар хугацааг тооцон хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

Шүүх   хуралдааны   явцад   нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс  шүүх хуралдаан явцад алхыг чангаар тогшсон, хариуцагчийн хариу тайлбарыг зогсоохгүй сонссон хэрнээ нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэгчид тавьсан асуултыг таслаж зогсоосон, түүнчлэн хариуцагч талын шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг удаа дараа авч шүүх хуралдааныг хойшлуулж байсан шалтгаанаар  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т зааснаар “хэргийг шударгаар   шийдвэрлэж   чадах   эсэхэд   эргэлзээ   төрсөн”  үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргаж байх боловч дээрх хүсэлтийг хүсэлтийн шатанд гаргаагүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлд заасны дагуу шүүх хуралдаан даргалагчаас хуралдааны дэг, журмыг сахиулж алх хэрэглэх, шүүх хуралдааныг удирдан явуулах, хуульд заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах явдал “үндэслэл бүхий эргэлзээ” гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүсэлтийн хэмжээнд үзээгүй, хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч “K” ХХК-иас 3.296.700 /гурван сая хоёр зуун ерэн зургаан мянга долоон зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Aт олгож, нэхэмжлэлээс үлдэх 3.263.300 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 119.910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 67.697 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     О.ОДГЭРЭЛ