Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 480

 

 

Д.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/03219 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “К” ХХК-д холбогдох

 

Гараашийн төлбөрт шилжүүлсэн 2 700 ам.доллар буюу 6 560 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “К” ХХК-ийн барьсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 10/3 дугаар байрны подваль дахь авто зогсоолоос 2005 оны 12 дугаар сарын 30-нд тус компаний санал болгосны дагуу 18 м.кв талбай бүхий автомашины зогсоолыг 2 700 ам.доллароор худалдан авч, мөн 14 жил уг зогсоолыг эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд бид 2016 оны 9 дүгээр сард компанид хандан уг зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг шаардсан боловч хариу өгөөгүй. 2017 оны 3 дугаар сараас эхлэн миний эзэмшдэг зогсоолын өмчлөгч гэх “Эм Эй Эф” ББСБ ХХК зогсоолыг суллахыг шаардсан тул би 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр “К” ХХК-д хандан энэ талаар тайлбар өгөхийг хүсч уулзахад тус байрны 2 тоот айл тухайн үед зогсоолоо худалдаж аваагүй, та нар “Эм Эй Эф ББСБ” ХХК-тай шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүл, санаа зоволтгүй гэж хэлээд надад ямар ч материал үзүүлээгүй. Ингээд “Эм Эй Эф ББСБ” ХХК-ийн ажилтнуудаас ямар үндэслэлээр зогсоол чөлөөл гээд байгаа тухай асуухад тус байрны подвал дахь автомашины зогсоолын бүдүүвч зургийг үзүүлсэн бөгөөд энэ зураг нь анх тус байрны СӨХ-д “К” ХХК-иас айл бүрт гаргаж өгсөн бүдүүвч зургаас өөр зураг байсан. Иймд би дахин “К” ХХК-д хандахад миний асуудлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн агуулга бүхий хариуг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ирүүлсэн бөгөөд үүнээс үзэхэд “К” ХХК анхнаасаа хууль бусаар надад гараашийг давхардуулан борлуулж, намайг олон жил хуурч мэхлэсэн болох нь тодорхой болсон. Би зогсож байгаа зогсоолоо өөрчлөхгүй яг энэ зогсоолдоо хэвээр байна худалдаж авья гэсэн боловч таны зогсоол өөрчлөгдөхгүй гэж хэлсэн. Уг зогсоолоо худалдан авах болж тэр өдөр нь 2700 ам.доллар бүрдүүлж өгсөн. Ингээд 2004 оноос хойш уг зогсоолдоо тохирсон ёсоороо зогсож байгаа. Зогсоолын дэс дугаар гэж урьд нь байгаагүй одоо ч байхгүй хэвээр. Бид уг гэрчилгээн дээрх зогсоолыг худалдах-худалдан авах гэрээ хийгээгүй. Зогсоолуудын СӨХ-д өгсөн бүдүүвч зурган дээрх 8, 8 тоот гэсэн 2 зогсоолын тухай ярихаас 14, 15 тоотыг шилжүүлж авах ямар ч үндэслэлгүй. Эм-Эй-Эф ББСБ нь үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраас уг байрны автозогсоолын схем зургийг авч надад үзүүлсэнээр би СӨХ-д н.Чинбатын хийж өгч тараасан схем зураг нь худал болохыг мэдсэн. Иймд миний бие уг зогсоолыг тухайн үедээ худалдан авсан 2 700 ам.доллар буюу 6 560 000 төгрөгийг “К” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “К” ХХК Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөөний 10/3 байрыг барьж ашиглалтад оруулан зоорийн давхарт байрлах автомашины 15 дулаан зогсоолыг гэрээний дагуу авсан айлуудад нь эзэмшүүлэхээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлийн газарт 2005 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 05/99 тоот албан бичиг, зогсоолыг дугаарлан үзүүлсэн схем зургийг хүргүүлснээр айлууд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авч эзэмшиж эхэлсэн. Д.А-ийн давхардуулан олгосон гээд байгаа 12 тоот зогсоол нь 2 тоотод оршин суугч Н.Батбаярын нэр дээр гарсан байсан. 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Д.А нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөөний 10/3 байрны зоорийн давхарт байрлах өөрийн түрээслэж байсан 14 тоот дулаан зогсоолоо худалдаж авах хүсэлт тавихад нь иргэн Л.Ариунтунгалагийн нэр дээр улсын бүртгэлийн Ү-2203013743 дугаарт бүртгэгдсэн 14, 15 тоот дулаан зогсоолын гэрчилгээнээс 14 тоотыг салгаж авахаар тохирч Л.Ариунтунгалагтай худалдах-худалдан авах гэрээ хийхээр болж 2 700 ам.доллар тушааж авч явсан. Үүний дараагаас 12 тоот дулаан зогсоолыг эзэмшигч Н.Батбаяртай зогсоолоо сольж тавьдаг байсан бөгөөд энэ талаар Н.Батбаяр нь гэрчийн тайлбараар шүүхэд нотлох баримт гаргаж өгсөн. Н.Батбаяр нь байр болон дулаан зогсоолоо ЭМ ЭЙ ЭФ ББСБ ХХК-ийн өмчлөлд 2006 оны 5 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлсэн тул “ЭМ ЭЙ ЭФ ББСБ” ХХК нь гэрчилгээнд байгаа зогсоолоо Д.А-с чөлөөлж өгөхийг шаардсан. “К” ХХК нь Д.А-т 12 тоот зогсоолыг худалдахаар ямар нэгэн аман болон бичгээр хэзээ ч гэрээ байгуулж байгаагүй. “ЭМ ЭЙ ЭФ ББСБ” ХХК-ийн ажилтнуудын үзүүлсэн байрны подвол дахь автомашины зогсоолын бүдүүвч зураг нь анх тус байрны СӨХ-д “Каркас” ХХК-иас айл бүрт гаргаж өгсөн бүдүүвч зургаас өөр байсан гэж огт үндэслэлгүй гүжирдэж Д.А өөрийн хийсэн схем зургийг шүүхэд нотлох баримтаар өгсөн байна. Д.А-ийн нотлох баримтад дурдснаар 1 сарын 90 000 төгрөгөөр түрээслэж байсан гэвэл өнөөдрийг хүртэл 140 сар ашигласан гэж үзвэл 12 600 000 төгрөг түрээсэнд төлөхөөр болж байна. Гэтэл Д.А нь тухайн үеийн ханшаар 2 970 000 төлж зогсоолоо аваад 12 жилийн турш ашиглаж байснаа шүүхээр мөнгөө өсгүүлж 6 560 000 төгрөг болгон авч “ЭМ ЭЙ ЭФ ББСБ” ХХК-иас дулаан зогсоолын мөнгийг төлөөд худалдаж авч болно гэсний дагуу мөнгө босгох гэсэн заль байна. Тухайн үед Д.А зогсоолоо худалдаж аваагүй байсан бол Н.Батбаяр зогсоолоо сольж тавихгүй байсан гэдгээс харахад Д.А-т мөнгө нэхэмжлэх ямар ч үндэслэл байхгүй. Иймд “К” ХХК-ийн тайлбар, нотлох баримт, гэрчийн мэдүүлэг зэрэг нь Д.А-ийн 12 жилийн өмнө 14 тоот зогсоолыг аваад хүний зогсоолд сольж тавьж байснаа өөрт нь худалдсан мэтээр шүүхийг төөрөгдүүлж, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад одоо мэдэж байгаа мэт увайгүй залилан мэхэлсэн үйлдлийг хангалтгай бүрэн нотолж байгаа тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.2-т заасныг үндэслэн Д.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч “К” ХХК-иас 3 296 700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.А-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 3 263 300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 119 910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 67 697 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүх 2006 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн ханшаар тооцож 3 296 700 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 3 263 300 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай байна. Нэхэмжлэлийн шаардлага нь 2 700 ам.доллар гаргуулах тухай шаардлага байгаа ба нэхэмжлэгчээс авсан 2 700 ам.долларыг “К” ХХК нь буцаан Д.А-т өгөх хуулийн үндэслэл тогтоогдсон тул нэхэмжлэл гаргах үеийн 1 ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг үндэслэх ёстой юм. “К” ХХК нь тухайн үед автозогсоолын үнийг 2 700  ам.доллараар үнэлж тооцоо хийсэн. Нэхэмжлэгч Д.А би “К” ХХК-д төлсөн ам.доллароо ам.доллароор нь буцаан гаргуулахыг нэхэмжилж байна. Иймд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 03219 тоот шийдвэрийн 1 дүгээр заалтыг 2 700 ам.доллар буюу 6 560 000 төгрөгийг “К” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Д.А-т олгосугай гэж өөрчилж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  ...Анхан шатны шүүх эрх нь зөрчигдсөн үеэс эрх ашиг нь хөндөгдсөн байна гэж үзсэн нь үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн. Д.А нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөөний 10/3 байрны Сууц өмчлөгчдийн холбооны дарга учраас нийт оршин суугчид тэр дундаа автозогсоол эзэмшигч, өмчлөгч нараас дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалтын зардал, цэвэрлэгээ үйлчилгээ, харуул хамгаалалтыг хариуцан ажиллаж байсан хүний хувьд аль нь хэний зогсоол гэдгийг хамгийн сайн мэдэж байгаа. Хэрвээ 12 тоот н.Батбаярын зогсоолыг Д.А худалдан авсан бол сүүлд “Эм Эй Эф ББСБ” ХХК-иас дахин худалдан авах шаардлага байхгүй уг орон сууцанд ашиглалтад орсон үеэс амьдарч байгааг шүүх анхаарч үзэлгүй, эрх нь зөрчигдсөн үеэс, эсвэл мэдсэн үеэс хугацаа тоолно гэж буруу дүгнэлт хийсэн.

Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, шаардлагын үндэслэлээ 2017 оны 11 сарын 17-ны өдөр /хх-ийн 76 дугаар тал/ "2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн буюу зогсоол худалдан авах аман хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж..." гэж тодруулсан нь хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага уу, эсвэл хэлцлээсээ татгалзаж харилцан өгсөн авсанаа буцаахыг шаардаж байна уу гэдгийг тодруулахгүйгээр “К” ХХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн нь тодорхойгүй гэж үзэж байна. Л.Ариунтунгалагийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байсан, Л.Ариунтунгалагаас өмчлөх эрхийн гэрчилгээг Д.А эх хувиар нь аваад, өмчлөх эрхээ шилжүүлэн аваагүйн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд өмчлөх эрхийн гэрчилгээг эх хувиар нь гаргаж өгч байгаа нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гарааш худалдах, худалдан авахаар тохиролцон нь нотлогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон агуулгын өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

            Нэхэмжлэгч Д.А хариуцагч “К” ХХК-д холбогдуулан гараашийн төлбөрт шилжүүлсэн 2 700 ам.доллар буюу 6 560 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг давж заалдах шатны шүүх хуралдаанд тодруулахад “өөр өмчлөгч гарч ирсэн. Тиймээс мөнгөө буцааж авъя” гэж тайлбарласнаас үзэхэд талууд аман хэлцлээр 12 тоот гараашийг худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу хариуцагч гараашийн өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй, өмчлөх эрхийг шилжүүлж өгөх боломжгүй болсон тул гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 6 560 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч гаргасан гэж үзнэ.

 

Хариуцагч “К” ХХК-тай иргэн Д.Баатар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, нэгдүгээр төрх газрын урд баригдаж буй 16 айлын орон сууцанд 155 м.кв талбай бүхий 8 тоот орон сууц, уг орон сууцны барилгын подвалын 18 м.кв талбай бүхий гараашийг бариулахаар 2003 оны 12 дугаар сарын 29-ний өдөр орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 10/3 байрны 8 тоот 5 өрөө орон сууц, 8 тоот гараашийн өмчлөгчөөр Д.Баатар, Д.А нар 2005 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр эрхийн бүртгэлийн газар бүртгүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

 

Үүний дараа Д.Баатар, Д.А нар 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 8 тоот гараашийн дугаарыг 13 тоот хаягт байршилтай болгон өөрчлөлт оруулж эрхийн бүртгэлийн газар бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээ авсан нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон энэ талаар зохигчид маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч “К” ХХК-иас дахин өөр гарааш худалдан авахаар 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гараашийн төлбөрт 2 700 ам.доллар төлсөн үйл баримт хэргийн 6 дугаар тал дахь мөнгө төлсөн орлогын ордерын тасалбар болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 

Зохигчид гарааш худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулсан бөгөөд уг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж нэхэмжлэгч гараашийн төлбөрт 2 700 ам.долларыг хариуцагчид төлсөн байх боловч хариуцагч нь гэрээгээр тохирсон гараашийг баримт бичгийн хамт нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн буруутай байна.

 

Хариуцагч “К” ХХК-ийн барьсан дээрх орон сууц подвальдаа 15 гарааштай бөгөөд уг гараашууд бүгд худалдан борлогдсоноос гэрээ биелэгдэх боломжгүй болсон тул нэхэмжлэгч Д.А Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд гэрээний дагуу шилжүүлсэн зүйлийг буцаан шаардах эрх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгээр тодорхойлогдоно.

 

Иймд нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж хариуцагчаас гараашийн төлбөр 2 700 ам.долларыг шаардсаныг шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримталсныг залруулан өөрчлөв.

 

Мөн ам.доллар шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулахдаа зохигчдын гэрээ байгуулах үеийн төгрөгтэй харьцах ханшаар тооцож 3 296 700 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангасан нь буруу болжээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дах хэсэгт гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцож нэхэмжлэлийн үнийг тодорхойлох тул хариуцагчаас үүрэг үүсэх үе буюу 2017 оны 7 дугаар сард Монгол банкнаас зарласан ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2 409.41 төгрөгөөр тооцож, хариуцагч “К” ХХК-иас 6 560 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг ханган шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/03219 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “К” ХХК-иас 6 560 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.А-т олгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “67 697” гэснийг “119 910” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “К” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67 997 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.А-ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67 168 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

        

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ