Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2017/03198

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .................................оршин суух,  ......... овогт   У /Регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ......................................ХК-ийн байр 2 дугаар давхарт байрлах, “АД” ХХК /Регистрийн дугаар:/-д холбогдох    

Даатгалын нөхөн төлбөр, хохиролд 1.834.360 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, В.А  , гэрч Л.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Д. нар оролцов.

                                                                                                   

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Э  овогтой У би 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн эзэмшлийн Баянгол дүүрэг, 18 дугаар хороо ,4 дүгээр хороолол, 45 дугаар байрны 141 тоот 3 өрөө орон сууцаа “АД” ХХК-д даатгуулан “Үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээ” байгуулсан болно. Уг байрыг АД ХХК-д хоёр дахь жилдээ даатгаж гэрээг шинэчилэн байгуулсан байсан. 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тус орон сууц эзгүй байх үеэр ариун цэврийн өрөөнд байх автомат угаалгын машины халуун усны холболт тасарч ус алдсаны улмаас миний даатгуулсан эд хөрөнгөнд хохирол учирсан. Үүнд коридор, том өрөө, унтлагын болон хүүхдийн өрөөнүүдийн паркетан шал, хаалганууд, шалны түвшнээс дээш 20-40 см норж, халуун усны нөлөөгөөр дэвтэн задарсан. Доод айлын цахилгааны бүх утас уг паркетан шалны доогуур явдаг учир тэдгээр цахилгааны утас, холболтууд болон шит нь бүрэн гэмтсэн. Үүнээс үүдэн цахилгааны гэмтлүүдийг засуулж, доорхи айлын цахилгааныг холбохын тулд шалыг бүхэлд нь хуулж авсан. Энэ явдал болсныг миний аав Л.Э мэдсэн даруйдаа АД компаний ажилтан Б.Бтэй 88007987 дугаар утсаар холбогдон мэдэгдсэн. Өмнөх гэрээнд түүний нэр утасны дугаар байсан тул тэр утсаар залгасан. Ингээд тус компаний ажилтан Б.Бийн өгсөн зааврын дагуу үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэн, шаардагдах материалуудыг бүрдүүлэн өгч, нөхөн төлбөр хүссэн боловч 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдөр АД компаниас доорхи шалтгааны улмаас нөхөн төлбөр олгохоос татгалзсан тухай 02/16/127 тоот шийдвэрийг гаргасан байсан. Үүнд: Үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээнд заасан 3.9.1-д “даатгагч нэн даруй мэдэгдэх” мөн 3.9.2-д “даатгалын тохиолдлын үед даатгалын зуучлагчид хандахгүй бөгөөд даатгагчид шууд хандах” зэрэг даатгуулагчийн үүргүүдээ биелүүлээгүй нь тус гэрээний заалтуудад хамаарч байх тул” гэсэн байна.

Э.У би дээрхи зүйл заалтуудыг зөрчөөгүй учир тус компаниас гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа, энэ асуудлыг дахин хянаж үзэхийг хүсч байгаа тухай гомдлыг бичгээр гарган 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр АД компанид өгсөн. Миний хүссэн зүйл нь би гэрээний ямар үүргийг хэрхэн зөрчсөн учраас нөхөн төлбөр авч чадахгүй байгаа гэдгээ гомдол дээрээ дурьдсан байсан учраас энэ талаар тайлбар авахыг хүссэн боловч намайг нөхөн төлбөрийн албаны даргаД.С ирж уулз хэмээн дуудаад надад хууль болон гэрээнд заасан тодорхой үндэслэлийг бичгээр гаргаж, тайлбарлаж өгөөгүй, тохиролцвол тохиролц, үгүй бол нөхөн төлбөр олгохгүй гэж хэлсэн.

2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд энэ асуудлыг шалгаж өгөх хүсэлт гаргасан бөгөөд “АДаас нөхөн төлбөр олгохгүй гэсэн нь үндэслэлтэй байна” гэсэн хариуг авсан. Үндэслэл бас тайлбарлагдаагүй байсан. Иймд би миний энэ асуудал дээр ямар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргаж өгсөн талаар тайлбар хүсэхэд надад тайлбар өгөөгүй. Үндэслэлээ тайлбарлах, мэдээлэл өгөх нь Санхүүгийн зохицуулах хорооны дүрэмд  угаасаа үүрэг хэлбэрээр тусгагдсан байдаг юм билээ. Ингээд дахиад 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан шийдвэрийн үндэслэлийг тайлбарлаж, эргэн нэг харж өгөхийг хүссэн хүсэлтийг гаргасан. Санхүүгийн зохицуулах хорооноос миний хүсэлтэд хариу өгөхдөө Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас 2016 оны 10 дугаар сарын 28-нд ирүүлсэн дүгнэлтийг хавсаргасан байсан. Үүнд бохирын хоолой сантехникийн эрсдэлд хамаарахгүй гэсэн тодорхойлолт байсан юм.

Сантехник” гэдэг нь цэвэр ус /халуун, хүйтэн/, бохир ус, дулааны шугамын холболт багтсан ойлголт болохынхоо хувьд энэ шийдвэр үндэслэлгүй юм. Энэ талаар Санхүүгийн Зохицуулах Хороо болон тус өөрийнх нь байгууллагаас 2014 онд гаргасан Үл хөдлөх хөрөнгийн даатгалын гарын авлага дээр мөн тодорхой заасан байгаа. Үүнтэй би санал нийлэхгүй байгаа, санал нийлэхгүй гэдгээ нотолж чадах учраас, надад нотлох боломж олгоогүй, надаас тодруулж лавлаж асуугаагүй учраас ийнхүү шүүхэд хандаж байна. Учир нь шүүх л надад тэгш эрхтэйгээр мэтгэлцэх, хариу тайлбар өгөх, өөрийн нөхцөл байдлаа нотлох боломжийг олгох юм байна гэж би ойлгож байна. Мөн Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.3-т даатгалын тохиолдол бий болсныг мэдээлэх үүргээ биелүүлээгүй боловч даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй бол үүргээс чөлөөлөгдөхгүй гэж заасан байна.

Иймд АД компаниас даатгалын нөхөн төлбөр болох 1.543.000 төгрөг, Ашид билгүүн Үнэлгээний газарт төлсөн үйлчилгээний хураамж болох 154.860 төгрөг, мөн даатгалын байгууллагын нөхөн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс үүдэн надад гарсан зардал болох нотариат, бичиг хэргийн зардалд гаргасан 136.500 төгрөг, нийт 1.834.360 төгрөг гаргуулж өгнө үү  гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.У нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нэг жилийн хугацаатай үл хөдлөх хөрөнгийг “АД” ХХК-д даатгуулсан байна. Даатгалын гэрээг үндэслэн 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр угаалгын машины шланк мултарснаас болж ус алдсан хохирлыг барагдуулах хүсэлтийг 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан юм. Үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.9.1 дэх “даатгагч нь нэн даруй мэдэгдэх”, 3.9.2 дахь “даатгалын тохиолдлын үед даатгалын зуучлагчид зуучлахгүй бөгөөд даатгагчид шууд хандах”, 8 дугаар зүйлийн 8.3 дахь “хохирлыг нотлох боломжгүй”, 8.8-д “даатгуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн хариуг өгсөн байна. Даатгалын компани нь даатгалын тохиолдол болсон үед даатгуулагчийн мэдэгдсэний дагуу газар дээр очиж нөхцөл байдалтай танилцаж даатгалын нөхөн төлбөр авахтай холбоотой зөвлөмжийг өгдөг юм. Нөхцөл байдалтай танилцаад гэрээнд заасан эрсдэл бий болсон зэрэг байдлыг тодорхой болгон баримтжуулдаг энэхүү ажиллагааг даатгагч хэрэгжүүлж чадаагүй юм. Нэхэмжлэгч нь ус алдсан тухайгаа даатгагчид 2016 оны 01 дүгээр сарын 20 ны өдөр буюу даатгалын тохиолдолд болсноос хойш 45 хоногийн дараа мэдэгдсэн юм. Энэ нь даатгагч тухайн тохиолдол бий болсон, даатгалын зүйлд хохирол учирсан, хохирлын хэмжээг бодитой тогтоох боломжгүй болгосон юм. Гэрээнд заасан даатгалын эрсдэл бий болж даатгуулсан зүйлд хохирол учирсан буюу даатгалын тохиолдол бий болсон эсэхийг нотлох боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.У нь “АД” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр 1.543.000 төгрөг, үнэлгээний ажлын хөлс 154.860 төгрөг, нотариат, бичиг хэргийн зардал 136.500 төгрөг, нийт 1.834.360 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэг талаас “АД” ХХК, нөгөө талаас Э.У нар 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр харилцан тохиролцож, даатгуулагч нь үл хөдлөх эд хөрөнгийг галын, цахилгаан эрчим хүчний, сантехникийн, ахуйн зэрэг гэрээнд дурдсан даатгалын эрсдлээр нэг жилийн хугацаатай даатгуулах, хураамжид хөрөнгийн үнэ 110.000.000 төгрөгнөөс 0,11 хувиар тооцон 121.000 төгрөг төлөхөөр, даатгагч нь даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд учирсан хохирлыг нөхөн төлөхөөр тус тус харилцан тохиролцож, 30314105186 тоот “Үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээт баталгаа”-г байгуулжээ. /хх 8/

Зохигчид гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй бөгөөд дээрх гэрээ Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3-т заасан гэрээг бичгээр байгуулах шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

Даатгалын зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2205001772 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол 45 дугаар байрны 141 тоот орон сууцанд 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ариун цэврийн өрөөний угаалгын машины шланк мултарч, холболт тасарсны улмаас ус алдсан, нэхэмжлэгч нөхөн төлбөр хүсч материалыг 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр даатгагчид ирүүлсэн үйл баримтад зохигчид маргаагүй байна. Мөн нэхэмжлэгч даатгалын хураамж төлсөн эсэхэд хариуцагч маргаагүй болно.

Харин нэхэмжлэгч ус алдсан эрсдэл даатгалын тохиолдолд хамаарч байгаа, даатгалын тохиолдол үүссэн даруйд “АД” ХХК-ийн ажилтан Б.Бт утсаар мэдэгдсэн, түүнээс өгсөн зааврын дагуу үнэлгээг хийлгэж, материалыг бүрдүүлж хандсан гэж, хариуцагч даатгалын тохиолдол үүссэн даруйд нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, эрхгүй этгээдэд хандсан, үүний улмаас хохирлын хэмжээг бодитой тогтоох боломжгүй гэж тус тус маргав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нөхөн төлбөр олгохоос татгалзсан үндэслэлд “даатгалын зуучлагчид хандсан” гэх нөхцөл хамааралгүй гэж тайлбарлав.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчээс нөхөн төлбөр хүсэхэд “АД” ХХК-иас гэрээний 3.9.1, 8.3, 8.8-д зааснаар “нэн даруй мэдэгдэх” үүргээ биелүүлээгүй, “хохирлыг нотлох боломжгүй, хангалттай нотлох баримт бүрдээгүй” үндэслэлээр олгохоос татгалзсан хариуг 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр өгчээ. Мөн Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороонд хандахад 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тус тус “ гэрээнд заасан эрсдэлд хамаарахгүй” үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсныг үндэслэлтэй гэсэн хариуг өгсөн байна. /хх 31, 32, 40/

Санхүүгийн зохицуулах хороо “АД” ХХК-ийн олгохоос татгалзсан үндэслэлээс өөр үндэслэлийг дурдаж, олгоогүй үйлдлийг зөв хэмээн дүгнэснээс гадна хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан гэрээнд сантехникийн эрсдэл бүхэлдээ хамаарахаар зохицуулсан, нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөлд энэ тухай тусгагдаагүй байна. Өөрөөр хэлбэл сантехникийн эрсдэлээс аль хэсгийг даатгалын тохиолдолд хамаатуулах, аль хэсгийг хамаатуулахгүй байх талаар гэрээнд тухайлан зохицуулаагүй тул уг эрсдэл бүхэлдээ хамаарна гэж үзнэ. Түүнчлэн гэрч Д.Батжаргалаас угаалгын машины холболт мултарч ус алдах нь сантехникийн эрсдэлд тооцогдоно гэж мэдүүлж байх бөгөөд хариуцагч дээрх мэдүүлгийг баримтаар үгүйсгээгүй. Иймд даатгалын тохиолдол үүссэн гэж үзэв.

Нэхэмжлэгч даатгалын тохиолдол үүссэн даруйд тухайн өдөртөө буюу 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “АД” ХХК-ийн ажилтан Б.Бтэй утсаар холбогдон мэдэгдсэн гэж, хариуцагч нь нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, тохиолдол бий болсноос хойш 45 хоногийн дараа мэдэгдсэн, Б.Б эрхгүй этгээд гэж тус тус маргаж байх боловч гэрч Б.Бээс шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “нэхэмжлэгчийн төрсөн эцэг Л.Эгаас түүнтэй утсаар холбогдсон” гэдгийг үгүйсгээгүй, харин “би эрх бүхий этгээд биш” гэж мэдүүлснээс үзвэл шүүх нэхэмжлэгчийг нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэстэй гэж дүгнэв.  Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д зааснаар даатгагч байгууллага “даатгалын хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг даатгуулагчид танилцуулах” үүргийг хүлээх бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээнд даатгалын тохиолдол үүссэн үед даатгуулагч хэнтэй, хэрхэн, ямар арга замаар холбогдох талаар тусгагдаагүйгээс гадна “надад бус, гэрээнд заасан утсаар мэдэгдэх ёстой” гэж гэрч Б.Б мэдүүлж байх боловч хэрэгт авагдсан гэрээнд энэ тухай тусгагдаагүй байна. Иймд анх гэрээг байгуулахад оролцож байсан үндэслэлээр тус байгууллагын ажилтан Б.Бт даатгалын тохиолдлын талаар нэхэмжлэгч мэдээлснийг буруутгах боломжгүй. Өөрөөр хэлбэл даатгагч хуульд зааснаар мэдээлэл өгөх өөрийн үүргээ бүрэн биелүүлсэн гэх нөхцөл баримтаар тогтоогдохгүй, энэ талаарх нотлосон баримтыг хариуцагч гаргаагүй тул шүүх нэхэмжлэгчийг эрхгүй этгээдэд даатгалын тохиолдол үүссэн тухай мэдэгдсэн явдалд буруутгах үндэслэлгүй.

Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 7.1.1-7.1.7 дахь заалтад нөхөн төлбөр авахаар хүсэх үед бүрдүүлэх баримтыг тусгасан байх бөгөөд нэхэмжлэгч дээрх баримтуудаас алийг өгөөгүй, дутуу бүрдүүлсний улмаас хариуцагч гэрээний 8.3-т заасан “хохирлыг нотлох боломжгүй, хангалттай баримт материал бүрдүүлээгүй” гэх үндэслэлд хамруулж татгалзсан нь тодорхойгүй байна. Түүнчлэн гэрч Д.Сумьяагаас “анх орон сууцны контороос гаргасан акт, даатгалын гэрээ, үнэлгээний тайлан, техникийн комиссын акт зэрэг баримтууд ирсэн байсан. Нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр татгалзсан” гэж, гэрч Б.Бээс “үнэлгээг тухайн үед биш дараа нь хийлгэсэн байсан, зураг биш байсан” гэж мэдүүлснээс үзвэл энэ үндэслэлээр татгалзсан нь үндэслэлгүй.

            Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

            Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ус алдсаны улмаас паркет, хаалга солих зэргээр засварт 3.501.000 төгрөгийн зардал гарсан талаарх баримтыг ирүүлсэн ч “Ашид билгүүн” ХХК-иас хохирлын үнэлгээг 1.543.000 төгрөгөөр тогтоосон үндэслэлээр уг үнэлгээний дагуу нөхөн төлбөр гаргуулахаар шаардсан, хариуцагчийн зүгээс нөхөн төлбөрийн хувь хэмжээний талаар маргаагүй тул шүүх энэ хэмжээгээр тооцон хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгов.  /хх 85-87, 103-105/

            Харин үнэлгээний ажлын хөлс 154.860 төгрөг, нотариат, бичиг хэргийн зардал 136.500 төгрөг нь зохигч өөрийн үндэслэлээ нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийн хүрээнд гаргасан зардал гэж үзэн нэхэмжлэлээс энэ хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгч талаас ОСНАА-н “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-12”-с 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ус алдсан шалтгаан, учирсан хохирол гэмтлийн талаарх техникийн комиссын дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангасан хэлбэрээр ирүүлээгүй ч уг баримтыг эх хувиар хариуцагчид өгсөн үндэслэлээр шүүхийн журмаар гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэжээ. Хариуцагч талаас эх хувь байхгүй гэх үндэслэлээр шүүхэд баримтыг ирүүлээгүй ч гэрч Д.Сумьяа, Б.Б нараас уг дүгнэлт материалд байсан гэж, гэрч С.Буман-Аюуш, Д.Батжаргал нараас “дээрх дүгнэлтийг гаргасан, угаалгын машины холболт тасарснаас ус алдсан байсан, техникийн комиссын дүгнэлтийг нэг хувь үйлддэг, хана тааз шарласан, цахилгааны монтаж гэмтсэн, бүх өрөөгөөр ус алдсан байдалтай байсан” гэж мэдүүлж байх тул шүүх дээрх үйл баримт гэрчийн мэдүүлгээр давхар нотлогдож байна гэж үзэн гэрчийн мэдүүлэгт тулгуурлан хэргийг шийдвэрлэсэн болно. / хх 108, 57-68/

Мөн хавтас хэргийн 26, 27, 33, 34 дэх талд авагдсан баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй тул шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар “АД” ХХК-иас 1.543.000 /нэг сая таван зуун дөчин гурван мянга/  төгрөг гаргуулж Э.Уөд олгож, нэхэмжлэлээс үлдэх 291.360 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44.300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 39.638 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ                                   О.ОДГЭРЭЛ