Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 00461

 

 

Э.Уийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/03198 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Уийн хариуцагч Ад ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр, хохиролд 1 834 360 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ад ХХК-тай үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээ байгуулсан. 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тус орон сууц эзгүй байх үеэр ариун цэврийн өрөөнд байх автомат угаалгын машины халуун усны холболт тасарч ус алдсаны улмаас миний даатгуулсан эд хөрөнгөнд хохирол учирсан. Үүнд коридор, том өрөө, унтлагын болон хүүхдийн өрөөнүүдийн паркетан шал, хаалганууд, шалны түвшнээс дээш 20-40 см норж, халуун усны нөлөөгөөр дэвтэн задарсан. Паркетан шалны доогуурх цахилгааны утас, холболтууд болон шит нь бүрэн гэмтсэн учир шалыг бүхэлд нь хуулж авсан. Уг явдлыг мэдсэн даруйдаа миний аав Л.Э Ад ХХК-ийн ажилтан Б.Бтэй утсаар холбогдон мэдэгдэж, өгсөн зааврын дагуу үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэн, шаардагдах материалуудыг бүрдүүлэн өгч, нөхөн төлбөр хүссэн боловч 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Ад ХХК-иас нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэрийг гаргасан байсан. Үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээнд зааснаар даатгагч нэн даруй мэдэгдэх, даатгагчид шууд хандах зэрэг даатгуулагчийн үүргүүдээ биелүүлээгүй нь гэсэн байсан. Гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй уг асуудлыг дахин хянаж үзэхийг хүсч гомдлоо бичгээр гарган 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Ад ХХК-д өгсөн боловч нөхөн төлбөрийн албаны дарга Д.С хууль болон гэрээнд заасан тодорхой үндэслэлийг бичгээр гаргаж, тайлбарлаж өгөөгүй, тохиролцвол тохиролц, үгүй бол нөхөн төлбөр олгохгүй гэж хэлсэн. 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд энэ асуудлыг шалгаж өгөх хүсэлт гаргасан бөгөөд Ад ХХК-иас нөхөн төлбөр олгохгүй гэсэн нь үндэслэлтэй байна гэсэн хариуг авсан. Үндэслэл мөн тайлбарлагдаагүй. 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан шийдвэрийн үндэслэлийг тайлбарлаж, эргэн нэг харж өгөхийг хүссэн хүсэлтийг гаргасан боловч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас бохирын хоолой сантехникийн эрсдэлд хамаарахгүй гэсэн тодорхойлолт гаргасан байсан. Сантехник гэдэг нь цэвэр ус /халуун, хүйтэн/, бохир ус, дулааны шугамын холболт багтсан ойлголт болохынхоо хувьд энэ шийдвэр үндэслэлгүй юм. Иймд Ад ХХК-иас даатгалын нөхөн төлбөр болох 1 543 000 төгрөг, Ашид билгүүн Үнэлгээний газарт төлсөн үйлчилгээний хураамж болох 154 860 төгрөг, мөн даатгалын байгууллагын нөхөн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс үүдэн надад гарсан зардал болох нотариат, бичиг хэргийн зардалд гаргасан 136 500 төгрөг, нийт 1 834 360 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр угаалгын машины шланк мултарснаас болж ус алдсан хохирлыг барагдуулах хүсэлтийг 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан юм. Даатгалын компани нь даатгалын тохиолдол болсон үед даатгуулагчийн мэдэгдсэний дагуу газар дээр очиж нөхцөл байдалтай танилцаж даатгалын нөхөн төлбөр авахтай холбоотой зөвлөмжийг өгдөг. Гэтэл нэхэмжлэгч 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр буюу даатгалын тохиолдолд болсноос хойш 45 хоногийн дараа мэдэгдсэн. Энэ нь даатгагч тухайн тохиолдол бий болсон, даатгалын зүйлд хохирол учирсан, хохирлын хэмжээг бодитой тогтоох боломжгүй болгосон. Гэрээнд заасан даатгалын эрсдэл бий болж даатгуулсан зүйлд хохирол учирсан буюу даатгалын тохиолдол бий болсон эсэхийг нотлох боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар Ад ХХК-иас 1 543 000 төгрөг гаргуулж Э.Уөд олгож, нэхэмжлэлээс үлдэх 291 360 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 39 638 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:. Ад ХХК нь нэхэмжлэгч Э.Утэй Үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээг байгуулсан юм. Үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.9.1-т даатгагч нь даатгуулагчийн мэдэгдсэний дагуу газар дээр очиж нөхцөл байдалтай танилцаж даатгалын нөхөн төлбөр авахтай холбоотой зөвлөмжийг өгөх, эрсдэл бий болсон зэрэг байдлыг тодорхой болгон баримтжуулах зэрэг үүргийг талууд гэрээгээр тохиролцсон. Даатгуулагч нь энэхүү нэн даруй мэдэгдэх үүргээ зөрчиж 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр даатгалын тохиолдол бий болсон байхад 45 хоногийн дараа даатгагчид мэдэгдэн нөхөн төлбөр авах хүсэлтийг гаргасан байна. Даатгалын тохиолдол бий болсон тохиолдолд даатгуулагч нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, хохирлыг хэмжээг бодитой тогтоох боломжгүй болгосон байхад шүүх нэхэмжлэгчийг нэн даруй мэдэгдэх үүргийг биелүүлсэн гэж дүгнэсэн. Мөн гэрч Б.Бийн өгсөн мэдүүлэгт үндэслэн нэхэмжлэгч нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлсэн гэж үзсэн байна. Гэрч Б.Б нь даатгалын тохиолдолд бий болсон тухай өөрт нь мэдэгдээгүй гэдийг хэлсэн. Нөхөн олговор авах хүсэлтийг гаргасан өргөдлийг шийдвэрлэх үед нэхэмжлэгчийн аавтай утсаар ярьсан эсэх цаг хугацааг тодруулаагүй атлаа нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлсэн гэж үзсэн үндэслэлгүй болсон байна. Хариуцагч компанийн гүйцэтгэх захирал А.Б нь 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нөхөн төлбөрийн шийдвэрийн тухай хариу бичиг, нөхөн олговор хариуцсан албаны дарга, гэрч Д.Сгийн мэдүүлэг зэргийг харьцуулан дүгнэж нэхэмжлэгч нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй эсэхийг дүгнэх боломжтой байсан гэж үзэж байна. Хохирлын үнэлгээг тогтоосон “А” ХХК-ийн үнэлэгээний тайлангийн хоёр дах хэсэгт ус алдсанаас коридор, том өрөөний паркетан шал сольсон, 4 ширхэг хаалга сольсон гэж үнэлэгдэж буй хөрөнгийг тодорхойлсон байна. Мөн уг үнэлгээгээр даатгалын тохиолдол хэрхэн бий болсон, хохирлын бодит хэмжээ нь мөн эсэхийг тодорхойлоогүй зөвхөн гүйцэтгэсэн ажлын өртөгийг үнэлж гаргасан байна. Даатгалын тохиолдол бий болсон, хохирол бодитой эсэхийг нотлоход даатгуулагч нэн даруй мэдэгдэж даатгагчийн ажилтан тэдгээрийн баримтжуулах үүрэгтэй энэ ажиллагаа хийгдээгүй юм. Даатгалын компани хохирол үүсэн эсэхийг баримтжуулаагүй, хохирлыг нотлоогүйгээр даатгалын ажилтан утсаар зөвлөгөө өгөх боломжгүй юм. Хууль болон гэрээнд заасны нөхөн төлбөр олгохоос Ад ХХК нь татгалзсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Э.У нь хариуцагч Ад ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр, хохиролд 1 834 360 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч компани эс зөвшөөрч маргажээ. /хх.1, 17/

 

Зохигчдын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээг 1 жилийн хугацаатайгаар гал, цахилгаан эрчим хүчний эрсдэл, сантехникийн эрсдэл, байгалийн эрсдэл, ахуйн эрсдэл /гуравдагч этгээдийн санаатай болон болгомжгүй үйлдэл, хулгайн сэдэлтэй оролдлогын улмаас даатгалын зүйл эвдэрч гэмтэх/, бүх төрлийн осол, гадны нөлөөлөл, цохилтууд зэрэг эрсдлээс үүссэн хохирлыг нөхөн төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан болох нь зохигчдын хэн алины тайлбар, хэрэгт авагдсан “Үл хөдлөх хөрөнгийн 30314105186 тоот даатгалын гэрээт баталгаа” гэх бичгийн баримтаар тогтоогдсон байна. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн.

 

Зохигчид гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч даатгалын хураамж төлсөн эсэх, даатгалын зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2205**** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол 45 дугаар байрны 141 тоот орон сууцанд 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ариун цэврийн өрөөний угаалгын машины холболт мултарч, тасарсны улмаас ус алдсан, нэхэмжлэгч нөхөн төлбөр хүсч материалыг 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр даатгагчид ирүүлсэн үйл баримтын талаар маргаагүй бөгөөд анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт зөв юм.

 

Нэхэмжлэгч нь даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж даатгуулагчийн эрх ашгийг хохироож байгаад хяналт тавьж нөхөн төлбөрийг төлүүлэх арга хэмжээ авахуулах агуулга бүхий гомдлыг Санхүүгийн зохицуулах хороонд гаргаж /хх.28-30/, уг байгууллагаас даатгалын гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг шүүхэд хандаж шийдвэрлүүлэхийг албан бичгээр мэдэгдсэн баримт хэргийн 31, 32 дугаар талд авагдсан байна. Иймд нэхэмжлэгч шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг баримталсан байна.

 

Түүнчлэн сантехникийн эрсдлийн ямар төрөл нь даатгалын тохиолдолд хамаарахыг гэрээнд тухайлан заагаагүй тул угаалгын машины холболт мултарч ус алдсаныг “үл хөдлөх хөрөнгийн даатгалын хамгаалалт” гэх хэсэгт заасан эрсдэл үүссэн гэж үзнэ. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Даатгалын тохиолдол үүссэн даруй буюу 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч компанийн ажилтан Б.Бтэй нэхэмжлэгчийн аав Л.Э утсаар холбогдсон болох нь “Даатгалын тохиолдол гарахад материал бүрдүүлсэн процессын талаар ярина уу” гэх асуултад гэрч Л.Эы “...охин нэг утас өгөөд наад байр чинь даатгалтай гэсэн. Тэр хүүхэн рүү ярьсан чинь гэрээний нэг хувь, ус алдсан тодорхойлолт гээд баахан материал хэлсэн. Тэр материалуудыг бичиж аваад цуглуулаад яваад нэг сар гаргасан, 1 сарын 20-н болсон. Тэгж байтал 6,7 хоногийн дараа намайг дуудсан. Очиход зураг нэхсэн. Фото зураг байхгүй, энэ сар гаруй болсон одоо олдохгүй гэхэд юм бичиж байсан. Тэгсээр байгаад үнэлгээ гаргаад материалыг бүрдүүлээд явж байгаад Ард даатгал компаниас н.С гэдэг хүнтэй уулз гэж ярьсан. Тэр хүнтэй уулзсан чинь нөхөн олговор гэж талыг нь өгье гэсэн. Үнэлгээ нь хамгийн доод үнээр хийдэг юм байна. Авсан засварын материалуудын падаанууд бүгд байсан. Үнэлгээний талыг өгнө гэхээр нь зөвшөөрөөгүй. Ингээд зарга эхэлсэн.” гэж мэдүүлсэн /хх.123/, мөн хэргийн 26 дугаар талд авагдсан 12 дугаар сарын 06-ны өдөр гэж огноолсон гар бичвэр дор “...даатгал руу ярих, Ард даатгал Батцэцэг 88007987” гэх бичилт бүхий эх баримт, Л.Э өөртэй нь холбогдсон эсэх тухай асуултад гэрч Б.Бийн “холбогдохын хувьд холбогдсон” гэж хариулсан мэдүүлэг /хх.62/ зэрэг хэргийн нотлох баримтыг харьцуулан үзэхэд тогтоогдож байна. Иймд даатгуулагчийн зүгээс даатгалын тохиолдлыг нэн даруй мэдэгдэх үүргээ зөрчсөн гэх хариуцагч буюу даатгагчийн тайлбар няцаагдаж байна.

 

Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д зааснаар даатгагч байгууллага даатгалын хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг даатгуулагчид танилцуулах үүргийг хүлээх бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээнд даатгалын тохиолдол үүссэн үед даатгуулагч хэнтэй, ямар хэрэгслээр холбогдох талаар тусгагдаагүй байна. Энэ тохиолдолд даатгуулагч нь өөрт олдсон утасны дугаараар даатгагч байгууллагын ажилтантай холбогдож, мэдэгдсэнийг буруутгах боломжгүй. Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохиролцсон даатгалын нөхөн төлбөрийг хариуцагч компаниас шаардах эрхтэй.

 

Хэргийн 103, 104, 105 дугаар талд авагдсан зарлагын баримтаар 3 501 000 төгрөгийн зардал гарсан талаар бичигдсэн байх боловч хэргийн 85-87 дугаар талд авагдсан “Ашид билгүүн” ХХК-иас хохирлын үнэлгээг 1 543 000 төгрөгөөр тогтоосны дагуу нэхэмжлэгч нөхөн төлбөр гаргуулахаар шаардаж, хариуцагч талаас хохирлын үнэлгээний хэмжээний талаар маргаж няцаагаагүй байна. Иймд даатгагчаас даатгуулагчид нөхөн төлбөр олгуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно. Харин үнэлгээний ажлын хөлс 154 860 төгрөг, нотариат, бичиг хэргийн зардал 136 500 төгрөг нь зохигч өөрийн үндэслэлээ нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийн хүрээнд гаргасан зардал тул хариуцагчийн гэрээний үүргийг зөрчсөнтэй холбоотой нэхэмжлэгчид учруулсан хохирол биш гэж анхан шатны шүүх үзэн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг зөв хэрэглэжээ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/03198 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ад ХХК-ийн төлсөн 39 638 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах ба энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ                                         Т.ТУЯА

 

                                          ШҮҮГЧ                                          Ш.ОЮУНХАНД

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ