Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 00064

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А.А-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3 хаягт байрлах Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд Ханхолбогдох

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 10 сарын 19-ний өдрийн 5/1740 дугаар тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 10 сарын 25-ны өдрийн 4/768 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгч А.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Батхүү, хариуцагчийн төлөөлөгч М.Хажидмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие А.А  нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 12 сарын 17-ны өдрийн 6054 дугаар захирамжаар Б.Наранчимэгт 71,477,200 төгрөг төлөхөөр болсон. Барьцаанд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5 дугаар байр, 43 тоот хаягт байрлах 39 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг тавьсныг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас битүүмжилж, хурааж, 2 удаа дуудлага худалдаанд оруулсан боловч борлогдоогүй гэдэг үндэслэлээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь миний байрыг Б.Наранчимэгт 37,000,000 төгрөгт тооцон өгч одоо надаас үлдэгдэл төлбөрийг шүүхийн шийдвэргүйгээр гаргуулахаар удаа дараа мэдэгдэл өгсөн тул шийдвэр гүйцэтгэгч Хажидмаагийн мэдэгдэх хуудсыг эс зөвшөөрч тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Даваасүрэнд хандаж, дараа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хандаж тус тус хариуг аваад шүүхэд хандаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар 2017 оны 10 сарын 19-ний өдөр гаргасан хариундаа миний хаягийг Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, 21а байр 7 тоот гэж буруу бичиж явуулснаас хугацаа алдаж 2017 оны 11 сарын 13-нд хүлээж авсан. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 11 сарын 13-ны өдрийн 156/04 тоот мэдэгдэх хуудсаар байраа чөлөөл гэсэн мэдэгдэл ирлээ. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь миний эрх ашгийг удаа дараа зөрчиж байгаа тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 10 сарын 19-ний өдрийн 5/1740, 2017 оны 10 сарын 25-ны өдрийн 4/768 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэв.

           

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 сарын 17-ны өдрийн 6054 дүгээр шийдвэрээр Арслангийн Алтанцэцэгээс 71,734,868 төгрөг гаргуулж Б.Наранчимэгт олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч А.А ийн төлбөрт барьцаалагдсан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5 дугаар байрны 43 тоот 3 өрөө орон сууцыг битүүмжилж хураан, анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй. Төлбөр төлөгч А.А  нь анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаа болон үнэлгээг хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2016 оны 1 сарын 29-ний өдрийн 1189 дүгээр шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг А.А  нь үл зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 сарын 18-ны өдрийн 550 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу 2017 оны 5 сарын 10-ны өдрийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан орон сууцыг төлбөр авагчид санал болгох ажиллагаагаар төлбөр төлөгчид 21 хоногийн хугацаа өгч, уг хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд орон сууцыг 2 дахь албадан дуудлага худалдааны үнэ болох 37,000,000 төгрөгт тооцон төлбөр авагчид шилжүүлж, үлдэгдэл зөрүү төлбөрийг төлбөр төлөгч А.А ээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг хугацаанд төлбөр төлөгч нь төлбөрөөс огт барагдуулаагүй бөгөөд орон сууцыг төлбөр авагчид санал болгосон ажиллагааны шийдвэрийг хүчингүй болгуулахаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2017 оны 7 сарын 3-ны өдрийн 9657 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч А.А  болон өмчлөгч нарт орон сууцыг сайн дураар султган чөлөөлөх тухай мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч султган чөлөөлөөгүй бөгөөд төлбөр төлөгчөөс орон сууцыг төлбөр авагчид санал болгосон ажиллагааны талаар Шийдвэр гүйцэтгэх албанд хандан гаргасан гомдлыг хянаж 2017 оны 10 сарын 19-ний өдрийн 5/1740 дугаар албан бичгээр хариу өгсөн. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй талаар 2017 оны 10 сарын 25-ны өдрийн 4/768 дугаар мэдэгдэх хуудсаар хариу өгсөн. Төлбөр төлөгчийн хүчингүй болгуулахаар нэхэмжилсэн 5/1740, 4/768 тоот албан бичгүүд нь тус байгууллагад хандан гаргасан гомдол, хүсэлтэд хуулийн дагуу өгсөн хариу албан бичгүүд байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.А  нь хариуцагч хуучнаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба буюу одоогийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2017 оны 10 сарын 19-ний өдрийн 5/1740 дугаар тогтоол, 2017 оны 10 сарын 25-ны өдрийн 4/768 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэлд дурдсан 2017 оны 10 сарын 19-ний өдрийн 5/1740 дугаар тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа С.Батбямбын 2017 оны 10 сарын 19-ний өдрийн 5/1740 дугаар бүхий “Өргөдөлд хариу өгөх тухай” гэсэн нэртэй А.А ийн үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгосон ажиллагаатай холбогдуулан тус албанд хандаж гаргасан гомдолд өгсөн хариу /хх-59 тал/, 2017 оны 10 сарын 25-ны өдрийн 4/768 дугаар мэдэгдэл  нь үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгосон ажиллагаатай холбогдуулан Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасантай холбоотойгоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлж өгөх хүсэлтэд өгсөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хариу мэдэгдэх хуудас /хх-60 тал/ байна.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд 2017 оны 10 сарын 19-ний өдрийн 5/1740 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагаа үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгосон ажиллагааг зөвшөөрөхгүй байгаа ба уг ажиллагааны талаар Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргахад 2017 оны 10 сарын 19-ний өдрийн 5/1740 дугаар тогтоолоор хариу өгсөн, уг хариуг зөвшөөрөхгүй байгаа тул  бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгосон ажиллагааг хүчингүй болгуулах, 2017 оны 10 сарын 19-ний өдрийн 5/1740 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, 2017 оны 10 сарын 25-ны өдрийн 4/768 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах шаардлагын хувьд үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгосон ажиллагаатай холбогдуулан Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасантай холбоотойгоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлж өгөх хүсэлт гаргасныг татгалзсан хариу өгснийг зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан тайлбарлаж байна.

 

Хариуцагч хуучнаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба буюу одоогийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 12 сарын 17-ны өдрийн 6054 дугаар захирамж /хх-23,24 тал/-аар А.А  нь Б.Наранчимэгийн гаргасан 71,477,200 төгрөг гаргуулах тухай шаардлагыг зөвшөөрч, уг төлбөрийг төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 3 сарын 12-ны өдрийн 252 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол” /хх-26 тал/-оор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэсэн байна.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5 дугаар байр, 43 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээ, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай А.А ийн нэхэмжлэл бүхий иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэж, 2016 оны 1 сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/01189 дугаар шийдвэр /хх-27-31 тал/-ээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 сарын 18-ны өдрийн магадлал /хх-32-35 тал/-аар хэвээр үлдээсэн байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 5 сарын 10-ны өдрийн санал болгох ажиллагаагаар төлбөрт хураагдсан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5 дугаар байр, 43 тоот хаягт байрлах 39 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг төлбөр төлөгчид 21 хоногийн хугацаа өгч, барьцаа хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдааны үнэ болох 37,000,000 төгрөгөөр тус хугацаанд өмчлөгч авах эрхтэй, төлөөгүй тохиолдолд 37,000,000 төгрөгт тооцон төлбөр авагчид шилжүүлж өгөхөөр шийдвэрлэсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан санал болгох ажиллагааны тэмдэглэл /хх-48-51 тал/-ээр тогтоогдож байна.

Үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон шилжүүлсэн ажиллагаатай холбогдуулан гаргасан А.А ийн гомдлыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 5 сарын 22-ны өдрийн 03 дугаартай тогтоол /хх-52 тал/-оор хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өгсөн байх ба  уг тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд гаргасан А.А ийн нэхэмжлэлийн дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2017 оны 7 сарын 3-ны өдрийн 181/ШЗ2017/09657 дугаартай “Нэхэмжлэл буцаах тухай” захирамж /хх-46, 47 тал/-аар  нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нь 2017 оны 5 сарын 10-ны өдрийн санал болгох ажиллагаагаар төлбөрт хураагдсан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5 дугаар байр, 43 тоот хаягт байрлах 39 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг төлбөр төлөгчид 21 хоногийн хугацаа өгч, барьцаа хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдааны үнэ болох 37,000,000 төгрөгөөр тус хугацаанд өмчлөгч авах эрхтэй, төлөөгүй тохиолдолд 37,000,000 төгрөгт тооцон төлбөр авагчид шилжүүлж өгөхөөр шийдвэрлэснийг эс зөвшөөрч байгаа үндэслэлээ 74,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн орон сууцыг  37,000,000 төгрөгт тооцон төлбөр авагчид шилжүүлж, үлдэх төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь миний эрх ашгийг зөрчиж байна гэж тайлбарлаж байна.

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5 дугаар байр, 43 тоот хаягт байрлах 39 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас томилогдсон шинжээч Лэндс ХХК 74,000,000 төгрөгөөр үнэлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/01189 дугаар шийдвэрээр тогтоогдож байх ба 74,000,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг 37,000,000 төгрөгийн төлбөрт тооцон төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь заалтад нийцээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь заалт буюу “Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгоно” гэсэн заалт нь тухайн эд хөрөнгийн үнэ ямар байхаас үл хамааран уг эд хөрөнгийг төлбөр авагчид төлбөрт тооцон санал болгох эрх олгосон заалт биш бөгөөд албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй эд хөрөнгө нь үнийн хувьд төлбөрийн хэмжээ, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардлын нийт үнийн дүнгээс хэт өндөр биш, ойролцоо, дүйцэхүйц хэмжээнд байх нь энэхүү заалтын агуулга болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дахь заалтад заасан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дахь заалтад заасан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хүндэтгэх, шуурхай, энэрэнгүй байх зарчимд үндэслэнэ” гэсэн агуулга, зорилго, зарчимд нийцнэ.

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны явуулсан 2017 оны 5 сарын 10-ны өдрийн санал болгох ажиллагааг болон уг ажиллагаанд холбогдуулан гаргасан гомдлыг шийдвэрлэсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа С.Батбямбын 2017 оны 10 сарын 19-ний өдрийн 5/1740 дугаар бүхий “Өргөдөлд хариу өгөх тухай” албан бичгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгосон ажиллагаатай холбогдуулан Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасантай холбоотойгоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлж өгөх хүсэлт гаргасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлгүй талаар мэдэгдсэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Даваасүрэнгийн 2017 оны 10 сарын 25-ны өдрийн 4/768 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах шаардлагын хувьд ахлах шийдвэр гүйцэтгэгч хүсэлтийн хариуг өгөх үед ерөнхий шийдвэр гүйцэтгэгч 2017 оны 10 сарын 19-ний өдрийн 5/1740 дугаар бүхий “Өргөдөлд хариу өгөх тухай” албан бичгээр гомдол гаргагчид хариу өгч гомдлыг шийдвэрлэсэн байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5 дахь заалтад заасан “иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шүүхэд, эсхүл дээд шатны албан тушаалтанд гаргасан гомдлыг шүүх, эсхүл дээд шатны албан тушаалтан үндэслэлтэй гэж үзэн гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн” үндэслэл арилсан байсан байх тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Даваасүрэнгийн 2017 оны 10 сарын 25-ны өдрийн 4/768 дугаар мэдэгдлийг хүчингүй болгох үндэслэлгүй, уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 48 дугаар зүйлийн 48.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь заалтыг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны явуулсан 2017 оны 5 сарын 10-ны өдрийн санал болгох ажиллагааг болон уг ажиллагаанд холбогдуулан гаргасан гомдлыг шийдвэрлэсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 10 сарын 19-ний өдрийн 5/1740 дугаар бүхий “Өргөдөлд хариу өгөх тухай” албан бичгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 10 сарын 25-ны өдрийн 4/768 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 сарын 15-ны өдөр урьдчилан төлсөн 70 200 төгрөгийн 35,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                        Б.УУГАНБАЯР