Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2017/03005

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:............................... байрлах Н ХХК /Регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ............................. Р ХХК /Регистрийн дугаар /-д холбогдох

     Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 38.042.589 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, алданги 22.157.599 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э. шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Д. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Н ХХК нь 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Р ХХК-тай “Ажил гүйцэтгэх тухай” 014 тоот гэрээ байгуулсан билээ. Уг гэрээгээр манай компани Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Р.К цогцолборын 402 дугаар байрны 1 дүгээр давхрын хаалга, цонхны ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Манай компани гэрээнд заасан үүргийнхээ дагуу хаалга, цонхыг хугацаанд нь хийж захиалагч талд хүлээлгэж өгсөн. Гэтэл Р ХХК гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг төлөөгүй өдийг хүрээд байна. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д ажлын хөлсийг харилцан тохиролцон бууруулж 44.315.198 төгрөг байхаар тусгасан. Үүнээс захиалагч урьдчилгаа төлбөрт 2013 оны 8 дугаар сард 15.953.472 төгрөг, 2014 оны 11 дүгээр сард 3.000.000 төгрөг нийт 18.953.472 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 25.361.726 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй.

            Үндсэндээ гэрээнд заасны дагуу тухайн барилгын 402 дугаар байрны 1 дүгээр давхарт байх 28 ширхэг цонхнуудыг 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар угсарч суурилуулсан байдаг. Энэ хугацаанд ажлыг актаар хүлээлгэн өгөхөөр удаа дараа хандсан ч ажлыг доголдолтой гэх шалтгаанаар аваагүй гэдэг. Гэтэл энэ доголдол гээд байгаа зүйл нь цонхны даравч резиний өнгө саарал байх ёстойгоос зарим цонхных хар өнгөтэй ирсэн, энэ нь доголдол гэдэг шалтгааныг хэлдэг. Хэрэгт авагдсан удаа дараагийн нэхэмжлэгч талаас өгч байсан албан бичиг, тухайн үед хариуцагч талыг төлөөлж байсан барилгын ажилтны өгсөн мэдүүлэг зэргээс үзвэл доголдлыг зөвхөн өнгө өөр гэдэг зүйл хэлж байгаа. Мөн тухайн ажлыг хариуцаж байсан хариуцагч талын ажилтан Л.Энхбаяр анх ажлыг хүлээж авахад резин өөр өнгөтэй, тохиргоо хийгдээгүй, бариул нугасны таг хийгдээгүй гэж дурдсан байдаг. Шүүхэд өгсөн мэдүүлэгтээ тэрбээр тохиргоо, нугас тагийг нэхэмжлэгч тал хийсэн гэж мэдүүлснээс үзвэл зөвхөн өнгө өөр гэдэг зүйл доголдолд хамаарч ажлыг хүлээж аваагүй болох нь нотлогдож байна. Уг барилгыг улсын комисс 2014 оны 02 дугаар сард хүлээн авч, одоо хэвийн байдлаар ашиглаж байгаа. Түүнчлэн нэхэмжлэгч талын гүйцэтгэсэн ажлыг өөр байдлаар хэвийн хэмжээнд ашиглах боломжгүй, чанарын шаардлага хангаагүй гэдгийг нотлосон баримтгүй байна. Иймд хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй.

Иргэний Хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1, талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 4.1.2-т “гүйцэтгэгч нь гэрээт ажлыг бүрэн гүйцэтгэж, эцсийн гүйцэтгэлийг актаар хүлээлцсэний дараа үлдэгдэл буюу гэрээний нийт үнийн дүнгийн 50 хувь буюу 22.157.599 төгрөгийг гүйцэтгэгч талын өгсөн нэхэмжлэлийн дагуу шилжүүлнэ" гэсэн заалт, 4.1.3-т “Захиалагч нийт гэрээт ажлын үнийн дүнгийн 10 хувь буюу 4.431.520 төгрөгийг чанарын доголдлын буюу магадлашгүй засварын зардал болгон суутган хадгалах ба гэрээт ажлыг бүрэн хүлээн авч, барилга байгууламжийг байнгийн ашиглалтад хүлээн авах улсын комиссийн акт батлагдсанаас хойш 1 жилийн дотор гэрээт ажилд чанарын болон угсралтын аливаа доголдол илрээгүй тохиолдолд гүйцэтгэгчид буцаан олгоно” гэсэн заалт, 4.4-т “... хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө” гэсэн заалтуудыг тус тус үндэслэн үндсэн төлбөр 25.361.726 төгрөг, алдангийг 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаагаар тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул хуулийн дээрх зохицуулалтын дагуу хасч тооцвол 12.680.863 төгрөг болж байх тул нийт 38.042.589 төгрөгийг гаргуулж өгнө үү.  

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Манай компани 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Р ХХК-тай байгуулсан гэрээгээр Хан- Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Р.К цогцолборын 402 дугаар байрны 1 давхрын хаалга, цонхны ажлыг хийж гүйцэтгэхээр болсон. Манай компани гэрээнд заасан үүргийнхээ дагуу хаалга, цонхыг хугацаанд нь хийж захиалагч талд хүлээлгэж өгсөн. Анх гэрээг байгуулахад Тухайн үед Р ХХК нь өөрсдөө ажлыг актаар хүлээж аваагүй мөртлөө хүлээлгэж өгсөнгүй гэж тайлбарлаж байгаа нь ор үндэслэлгүй. Учир нь манай компанийн хийсэн ажил одоо ч тэр хэвээрээ байгаа бөгөөд Улсын комисс хүртэл тус барилгыг хүлээж авч ашиглалтад оруулж оршин суугчид байрандаа орсон бодит нөхцөл байдал байгаа. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Р ХХК болон Н ХХК-ийн хооронд 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн дотор “Р..............а” цогцолборын 402-р барилгын 1 дүгээр давхрын хаалга, цонхыг үйлдвэрлэн нийлүүлж, угсрах ажлыг гүйцэтгүүлэхээр тусгай мэргэжлийн ажил гүйцэтгэх гэрээг 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-д “захиалгат цонх хаалгыг барилгын үйлдвэрлэлийн талбайд 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн дотор бүрэн угсарч суурилуулна.” гэж гэрээний үүргийн гүйцэтгэлийн хугацааг тодорхой заасан бөгөөд гүйцэтгэгч компани болох Н ХХК нь гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй болох нь Р ХХК-ийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 434 тоот мэдэгдэл, 2014 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 60 тоот албан бичгийн хариу болон Н ХХК-ийн 2014 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 2/54 тоот мэдэгдлүүдээр нотлогдож байна. Дээрх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасны дагуу манай компани урьдчилгаа санхүүжилт болох 15.953.472 төгрөгийг гэрээний дагуу шилжүүлсэн болно.

Ажил гүйцэтгэх гэрээний төлбөр тооцоо, хариуцлага гэсэн хэсэг буюу 4 дүгээр зүйлийн 4.1.2-д “Гүйцэтгэгч нь гэрээт ажлыг бүрэн гүйцэтгэж, эцсийн гүйцэтгэлийг актаар хүлээлцсэний дараа үлдэгдэл дүн болох гэрээний нийт үнийн дүнгийн 50 хувь буюу 22.157.599 төгрөгийг гүйцэтгэгч талын өгсөн нэхэмжлэлийн дагуу гүйцэтгэгчийн дансанд шилжүүлнэ” гэж заасан байна. Гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэж, хийсэн ажлаа актаар хүлээлцэж өгснөөр төлбөр хийгдэхээр гэрээнд заасан байтал урьдчилгаа төлбөр аван ажлаа эхэлснээс хойш тус компаний ерөнхий менежер Д.Дамдин, Гүйцэтгэх захирал Э.Энхзаяа, Ерөнхий захирал Ч.Баасанжав, захирал Э.Түмэндэлгэр нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ өөрсдөө хангалтгүй биелүүлсэн, алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч, энэ тухайгаа мэдэгдэхдээ нэмэлт санхүүжилт хүссэн хүсэлтийг удаа дараа манай компанид гаргаж байсан. Үүнд: Н ХХК-ийн 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 32 тоот албан бичигт “..танай компаниас ирүүлсэн гүйцэтгэлийн актын дагуу деталуудыг солих ажлыг 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор дуусгана”, 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2/90 тоот албан бичигт “..буруу ирсэн даравч резинийг солиход бидэнд 4296 евро буюу 10.000.000 төгрөг хэрэгтэй байна. 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 3.000.000 төгрөгийг манай данс руу шилжүүлсэн” зэрэг нь гүйцэтгэгч нь өөрсдийн буруутай ажиллагаа, хариуцлагагүй байдлын улмаас материалаа алдаатай захиалж авчирснаа хүлээн зөвшөөрсөн, гэрээт ажлын гүйцэтгэлийн хугацаа хэтэрсэн, гэрээт ажлыг дутуу хийсэн зэрэг гэрээний үүргийн зөрчлүүд гаргаж байсан хэдий ч бид бүхэн ажлыг нь түргэвчлүүлэх, гүйцэтгэгчийн үүргээ биелүүлээгүйгээс барилгын бусад ажлыг саатуулахгүйн тулд үлдэгдэл төлбөрөөс урьдчилан шилжүүлэн дэмжлэг үзүүлж байсныг нотолж байна.

Мөн нэхэмжилж буй гэрээний төлбөрийн үлдэгдэлд 25.361.726 төгрөг нэхэмжлэсэн байх ба уг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.13-д “үнийн дүнгийн 10 хувь буюу 4.431.520 төгрөгийг чанарын доголдлын буюу магадлашгүй засварын зардал болгон суутган хадгалах ба гэрээт ажлыг бүрэн хүлээн авч, улсын комиссын акт батлагдсанаас хойш 1 жилийн дотор гэрээт ажилд чанарын болон угсралтын доголдол илрээгүй тохиолдолд Гүйцэтгэгчид буцаан олгоно” гэсэн заалтын дагуу гэрээт ажлыг актаар хүлээн авснаас хойш 1 жилийн хугацаа тоологдох ёстой юм. Гэтэл гүйцэтгэгч маань гэрээт ажлаа актаар хүлээлгэж өгөөгүй байж магадлашгүй засварын баталгаа болох 4.431.520 төгрөгийг нэмж тооцон нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1.2-д “Гүйцэтгэгч нь гэрээт ажлыг бүрэн гүйцэтгэж, эцсийн гүйцэтгэлийг актаар хүлээлцсэний дараа үлдэгдэл буюу гэрээний нийт үнийн дүнгийн 50 хувь буюу 22.157.599 төгрөгийг гүйцэтгэгч талын өгсөн нэхэмжлэлийн дагуу Гүйцэтгэгчид шилжүүлнэ” гэж заасан.

Дээр дурдсанчлан гүйцэтгэгч Н ХХК нь гэрээт ажлыг бүрэн гүйцэтгээгүй, гэрээт ажлын гүйцэтгэлийн актыг хүлээлгэн өгөөгүй 3 жил гаруйн хугацаанд бүрэн гүйцэтгээгүйгээс гэрээний үлдэгдэл төлбөр болон алданги шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тухайн барилга нь тансаг зэрэглэлийн орон сууц тул талууд гүйцэтгэх ажлыг ердийн нөхцлөөс илүү хэмжээний шаардлага тавигдсан байхаар гэрээгээр тухайлан зохицуулж энэ тухай гэрээний 1.4, 1.5, 1.6-д заасан байгаа. Гэрээний дагуу бүх даравч резин саарал өнгөтэй байх ёстой байтал зарим цонхных хар өнгөтэй ирсэн, нэг цонхонд хийгдсэн резин өөр өөр хэмжээтэй хийгдсэн, мөн жийрэвч резинийг солихдоо дутуу ирснээс даравч шил хоёрын хооронд зай гаргасан, дутуу зай гарсан хэсгийг бөглөхдөө зориулалтын бусаар силикон шахсан зэрэг доголдол илэрсэн. Энэ нь гэрээний 1.5.2-т “цонх халаганы үндсэн хүрээ болон даравчны булангийн уулзвар хэсгүүд завсаргүй нийлсэн, резин жийргэвч гэмтэлгүй бүрэн бүтэн байна” гэж, 1.5.9-д “шилэн багц, хүрээ рам, даравч нь сэв эвдрэл гэмтэлгүй байна” гэж заасныг тус тус зөрчсөн тул ажлыг актаар өнөөг хүртэл хүлээж аваагүй байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулсан гэрээгээр Р.К цогцолборын 402-р барилгын 1 дүгээр давхрын хаалга, цонхыг үйлдвэрлэн нийлүүлж, угсрах ажлыг 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн дотор гүйцэтгэхээр тохиролцсон бөгөөд гүйцэтгэгч “Набу штокелази” ХХК нь гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй болох нь Р ХХК-ийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 434 тоот мэдэгдэл, 2014 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 60 тоот албан бичгийн хариу болон Н ХХК-ийн 2014 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 2/54 тоот, 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 17 тоот мэдэгдлүүдээр нотлогдож байна. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-д “Гүйцэтгэгч нь энэ гэрээний 1.2 дугаар зүйлд заасан ажлыг талуудын баталсан графикийн дагуу хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг Захиалагч талд төлнө.” гэсэн заалтыг үндэслэн гүйцэтгэгч Н ХХК-иас гэрээт ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй үеийн алданги буюу 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар гэрээний нийт үнийн дүн болох 44.315.198 төгрөгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр 22.157.599 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

Гүйцэтгэгч нь өөрсдийн буруутай ажиллагаа, хариуцлагагүй байдлын улмаас материалаа алдаатай захиалж авчирснаа хүлээн зөвшөөрсөн, гэрээт ажлын гүйцэтгэлийн хугацаа хэтэрсэн, гэрээт ажлыг дутуу хийсэн зэрэг гэрээний үүргийн зөрчлүүд гаргаж байсан хэдий ч бид ажлыг нь түргэвчлүүлэх, гүйцэтгэгчийн үүргээ биелүүлээгүйгээс барилгын бусад ажлыг саатуулахгүйн тулд үлдэгдэл төлбөрөөс урьдчилан шилжүүлэн дэмжлэг үзүүлж байсныг нотолж байна. Иймд нэхэмжлэгч Н ХХК-иас алданги 22.157.599 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Н ХХК нь Р ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 25.361.726 төгрөг, алданги 12.680.963 төгрөг, нийт 38.042.589 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч алданги 22.157.599 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэг талаас Н ХХК нөгөө талаас Р ХХК нар 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр харилцан тохиролцож, гүйцэтгэгч нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах захиалагчийн Р.К цогцолборын 402 дугаар байрны 1 дүгээр давхрын 28 ширхэг хаалга, цонхыг 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн дотор чанар, стандартын өндөр түвшинд бэлтгэн нийлүүлж, угсарч суурилуулахаар, захиалагч нь ажлыг хүлээн авч, гэрээнд заасан шатлалаар ажлын хөлс 44.315.198 төгрөгийг төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ. /хх 8-10/

Зохигчид гэрээ байгуулагдсан үйл баримтад маргаагүй, зохигчдын хооронд байгуулсан дээрх  гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан хүчин төгөлдөр гэрээ байна. 

Дээрх гэрээний 1.2, 1.4, 6 дугаар зүйлд зааснаас үзвэл уг гэрээ 11 хавсралттай байхаар, хавсралт 1, 2-т ажлын тоо хэмжээ, загвар, болон бусад мэдээлэл, хугацааг тусгахаар заасан байх хэдий ч талууд хэн алин нь гэрээний хавсралтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй, шүүхэд гаргаж өгөх боломжгүй гэж тайлбарлав. Мөн уг хавсралт нь гадаад хэл дээр бичигдсэн техникийн үзүүлэлт маягийн зүйл байсан, ажлын нийт тоо хэмжээ, хугацааг гэрээнд заасан гэж тайлбарлаж байх тул шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч ажлын хөлсөд 18.953.472 төгрөг шилжүүлсэнд маргаагүй байна.

Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.3-д зааснаар гүйцэтгэгч нь гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт нийцүүлэн ажлыг хийж гүйцэтгэх, хэрэв гэрээгээр энэ тухай тохиролцоогүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой үр дүнг Захиалагчид шилжүүлсэн өгснөөр ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзэхээр заажээ.

Хариуцагч нь гүйцэтгэсэн ажил гэрээнд заасан чанарт нийцээгүй, ажлыг актаар хүлээн аваагүй  гэж маргав. Түүнчлэн гэрээний 1.5.2-т заасан “цонх халаганы үндсэн хүрээ болон даравчны булангийн уулзвар хэсгүүд завсаргүй нийлсэн, резин жийргэвч гэмтэлгүй бүрэн бүтэн байна” гэснийг, 1.5.9-д заасан “шилэн багц, хүрээ рам, даравч нь сэв эвдрэл гэмтэлгүй байна” гэснийг тус тус зөрчсөн буюу суурилуулсан зарим цонхны даравч резиний өнгө өөр байсан, зарим цонхонд хийгдсэн резин адил бус, өөр өөр хэмжээтэй хийгдсэн, даравч шил хоёрын хооронд зай гарсан, зай гарсан хэсгийг бөглөхдөө зориулалтын бусаар силикон шахсан гэж тайлбарлав.

Нэхэмжлэгч талын гүйцэтгэсэн зарим цонхны даравч резиний өнгө өөр байсан болох нь хэрэгт авагдсан талуудын хооронд явуулсан удаа дараагийн албан бичиг, зохигчдын тайлбараар тогтоогдож байх хэдий ч гэрээний 1.4-1.6-д заасан ажлын гүйцэтгэлийн чанарын шаардлагад даравч резин ямар өнгөтэй байх талаар тухайлан тусгаагүй байна. Мөн гэрээний 1.4-т “нийлүүлэх цонх, хаалганы хуванцар хүрээний загвар, өнгийг хавсралт 1-д заасан үзүүлэлтийг хангасан байна” гэж заасан нь даравч резиний өнгийг заасан гэж үзэх боломжгүйгээс гадна гэрээний хавсралтыг баримтаар ирүүлээгүй, боломжгүй гэсэн тайлбар шүүх хуралдаанд гаргасан тул резиний өнгө өөр байх явдал доголдолд хамаарах болохыг хариуцагч баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Иймд даравч резиний өнгө өөр байх явдал гэрээнд заасан доголдол гэж үзэх боломжгүй.

Түүнчлэн зарим цонхонд хийгдсэн резин адил бус, өөр өөр хэмжээтэй хийгдсэн, даравч шил хоёрын хооронд зай гарсан, зай гарсан хэсгийг бөглөхдөө зориулалтын бусаар силикон шахсан гэсэн тайлбараа хариуцагч мөн адил баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүйгээс гадна хэд хичнээн цонхонд дээрх байдал илэрсэн нь тодорхойгүй тул татгалзал үндэслэлгүй.

Хэрэгт авагдсан баримтаар тус барилгыг 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр улсын комисс хүлээн авсан, нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн нэг давхрын цонхнуудтай холбоотойгоор улсын комиссоос ямар нэг үүрэг даалгавар өгөгдөөгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна. Мөн цонхыг анх суурилуулснаас хойш тэр хэвээр ашиглаж байгаа болох нь гэрч Л.Энхбаярын мэдүүлэг, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. Иймд гүйцэтгэсэн ажлыг гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй, хууль тогтоомжид заасан стандартад нийцээгүй гэж үзэх нөхцөл баримтаар тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажлын хөлсний үлдэгдлийг  нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.   

Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.4, 4.5-д “хугацаа хэтрүүлсэн бол хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 0,5 хувиар тооцон” хэн алин нь нөгөө талдаа алданги төлөхөөр тохиролцжээ. Нэхэмжлэгч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцон алданги 12.680.963 төгрөг гаргуулахаар, хариуцагч нийт үнийн дүнгээс тооцон алданги 22.157.599 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжилж байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хугацаа хэтрүүлсэн тал гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд тооцож төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж тодорхойлжээ. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгаар тайлбарлах бөгөөд талуудын “гэрээний нийт үнийн дүн”-гээс алданги тооцох тухай дээрх тохиролцоо нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцээгүй тул шүүх талууд алдангийн талаар тохиролцоогүй гэж үзэв. Иймд хугацаа хэтрүүлсний алдангийг хэн алинаас гаргуулах тухай нэхэмжлэгч, хариуцагч талын шаардлагыг тус тус хангахгүй орхив.

Дээрхийг нэгтгээд Р ХХК-иас 25.361.726 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хөөн хэлэлцэх хугацааны тухайд талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1.3-т “улсын комиссын акт батлагдснаас хойш 1 жилийн дотор доголдол илрээгүй бол магадлашгүй засварын зардлыг гүйцэтгэгчид олгох”-оор, 8.1-д “ гүйцэтгэсэн ажилд 3 жилийн чанарын  баталгаа олгож, уг хугацаа улсын комиссын акт батлагдсан өдрөөс хойш тоологдож эхлэх”-ээр тус тус заасан байх тул Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2, 75.2.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Р ХХК-иас 25.361.726 /хорин таван сая гурван зуун жаран нэгэн мянга долоон зуун хорин зургаан/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 12.680.863 төгрөг болон Н ХХК-иас алданги 22.157.599 төгрөг гаргуулах тухай Р ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 348.200 төгрөг, хариуцагчийн төлсөн 284.759 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 268.738 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                        О.ОДГЭРЭЛ