Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 467

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00467

 

 

“НА” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/03005 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “НА” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “РН” ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 38 042 589 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй

Алдангид 22 157 599 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Энхчимэг

Хариуцагчийн өмгөөлөгч: М.Өлзийцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “НА” ХХК нь 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “РН” ХХК-тай ажил гүйцэтгэх тухай 014 тоот гэрээ байгуулсан. Уг гэрээгээр манай компани Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Роял Кроун Вилла цогцолборын 402 дугаар байрны 1 дүгээр давхрын хаалга, цонхны ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон.

Манай компани гэрээнд заасан үүргийнхээ дагуу хаалга, цонхыг хугацаанд нь хийж захиалагч талд хүлээлгэж өгсөн.

Гэрээний 4.1-д ажлын хөлсийг харилцан тохиролцон бууруулж 44 315 198 төгрөг байхаар тусгасан. Үүнээс захиалагч урьдчилгаа төлбөрт нийт 18 953 472 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 25 361 726 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй.

Гэрээнд заасны дагуу тухайн барилгын 402 дугаар байрны 1 дүгээр давхарт байх 28 ширхэг цонхнуудыг 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар угсарч суурилуулсан байдаг. Уг барилгыг улсын комисс 2014 оны 02 дугаар сард хүлээн авч, одоо хэвийн байдлаар ашиглаж байгаа. Түүнчлэн доголдол гээд байгаа зүйл нь цонхны даравч резинийн өнгө саарал байх ёстойгоор хар өнгөтэй ирсэн гэдэг шалтгааныг хэлдэг. Нэхэмжлэгч талын гүйцэтгэсэн ажлыг өөр байдлаар хэвийн хэмжээнд ашиглах боломжгүй, чанарын шаардлага хангаагүй гэдгийг нотолсон баримтгүй.

Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 4.1.2, 4.1.3, 4.4-т заасныг тус тус үндэслэн үндсэн төлбөр 25 361 726 төгрөг, алдангид 12 680 863 төгрөг болж байх тул нийт 38 042 589 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. “РН” ХХК нь ажлыг актаар хүлээж аваагүй атлаа хүлээлгэж өгсөнгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Учир нь манай компанийн хийсэн ажил одоо ч тэр хэвээрээ байгаа бөгөөд Улсын комисс хүртэл тус барилгыг хүлээж авч ашиглалтад оруулж, оршин суугчид байрандаа орсон бодит нөхцөл байдал байгаа. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гарсан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “РН” ХХК болон “НА” ХХК-ийн хооронд 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дотор Роял Кроун Вилла цогцолборын 402 дугаар барилгын 1 дүгээр давхрын хаалга, цонхыг үйлдвэрээс нийлүүлж, угсрах ажлыг гүйцэтгүүлэхээр тусгай мэргэжлийн ажил гүйцэтгэх гэрээг 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан.

Гэрээний 1.3-д заасан хугацаанд хариуцагч үүргээ гүйцэтгээгүй, 4.1.1-д заасны дагуу манай компани урьдчилгаа санхүүжилт болох 15 953 472 төгрөгийг гэрээний дагуу шилжүүлсэн болно.

Гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэж, хийсэн ажлаа актаар хүлээлцэж өгснөөр төлбөр хийгдэхээр гэрээнд заасан байтал урьдчилгаа төлбөр аван ажлаа эхэлснээс хойш тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ өөрсдөө хангалтгүй биелүүлсэн, алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч, энэ тухайгаа мэдэгдэхдээ нэмэлт санхүүжилт хүссэн хүсэлтийг удаа дараа манай компанид гаргаж байсан.

Мөн уг гэрээний 4.13-д заасны дагуу гэрээт ажлыг актаар хүлээн авснаас хойш 1 жилийн хугацаа тоологдох ёстой юм. Гэтэл гүйцэтгэгч маань гэрээт ажлаа актаар хүлээлгэж өгөөгүй байж магадлашгүй засварын баталгаа болох 4 431 520 төгрөгийг нэмж тооцон нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.

Гүйцэтгэгч “НА” ХХК нь гэрээт ажлыг бүрэн гүйцэтгээгүй, гэрээт ажлын гүйцэтгэлийн актыг хүлээлгэн өгөөгүй 3 жил гаруйн хугацаанд бүрэн гүйцэтгээгүйгээс гэрээний үлдэгдэл төлбөр болон алданги шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Гүйцэтгэгч нь өөрсдийн буруутай ажиллагаа, хариуцлагагүй байдлын улмаас материалаа алдаатай захиалж авчирснаа хүлээн зөвшөөрсөн, гэрээт ажлын гүйцэтгэлийн хугацаа хэтэрсэн, гэрээт ажлыг дутуу хийсэн зэрэг гэрээний үүргийн зөрчлүүд гаргаж байсан. Иймд гэрээний 4.5-д дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч “НА” ХХК-иас алданги 22 157 599 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан “РН” ХХК-иас 25 361 726 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “НА” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 12 680 863 төгрөг болон “НА” ХХК-иас алданги 22 157 599 төгрөг гаргуулах тухай “РН” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 348 200 төгрөг, хариуцагчийн төлсөн 284 759 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 268 738 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч "НА" ХХК гэрээний 1.3-д заасан үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй байдаг. Энэ нь "РН" ХХК-ийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 434 тоот мэдэгдэл, 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 60 тоот албан бичгийн хариу болон "НА" ХХК-ийн 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2/21, 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2/54, 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2/91 тоот албан бичиг нотлогдож байхад шүүх дээрхи баримтуудыг үнэлээгүй.

Мөн гэрээний 4.1.2-т ажил гүйцэтгэх гэрээний гол зүйл нь ажлын үр дүн байдаг бөгөөд ажлын үр дүнг актаар хүлээлгэн өгч, үүний дараа төлбөрийг төлөхөөр талууд тохироцсон ч гүйцэтгэгч гэрээт ажлыг актаар хүлээлгэн өгөөгүй, хүлээлгэн өгөх талаар мэдэгдсэн баримтууд болон гэрч н.Энхбаярын 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ажлыг актаар хүлээн авах боломжгүй доголдолтой байгаа талаархи тайлбар зэргийг гэрээний 4.1.2 дахь заалттай хамааралтай талаас авч үзээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Түүнчлэн гэрээний 1.5.2 болон 1.5.9 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул ажлыг доголдолтой гэж хүлээн аваагүй, дээрхи байдлыг нотлуулахаар хариуцагч талаас хүсэлт гарган, Л.Энхбаярыг гэрчээр асуусан, гэрч ажил доголдолтой байсан гэдгийг нотолсон байтал хариуцагч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж шүүх дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч "Улсын комисс хотхоны барилгыг бүхэлд нь хүлээн авч акт үйлддэг, тусгайлан нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн цонхны ажлыг шалгаагүй учраас, тусгайлан нэхэмжлэгчийн хийсэн ажилтай холбогдуулан тодорхой даалгавар өгөөгүй" гэсэн тайлбарыг буруу үнэлсэн.

Мөн "цонхыг анх суурилуулснаас хойш тэр хэвээр ашиглаж байгаа болох нь гэрч н.Энхбаярын мэдүүлэг, зохигчийн тайлбараар тогтоогдож байна" гэж дурдсан нь үндэслэлгүй юм. Гэрчийн мэдүүлэгт цонхыг нэхэмжлэгчийн доголдолтой хийж гүйцэтгэсэн байдлаар өнөөг хүртэл байлгаж байгаа ямар нэг засвар үйлчилгээ хийгээгүй. Тухайн орон сууцанд одоог хүртэл хүн орж амьдраагүй байгаа, түрээсийн үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй байгууллага нь тус байрнуудын цонхнуудыг засварлах арга хэмжээ авахыг шаардсаар байгаа талаарх нотлох баримтыг хэрэгт хавсаргасан болно.

Анхан шатны шүүх гүйцэтгэсэн ажлыг гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй, хууль тогтоомжид заасан стандартад нийцээгүй гэж үзэх үндэслэл тогтоохгүй гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, эргэлзээгүй талаас нь харьцуулан дүгнэж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж, хэргийг зөв шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч “НА” ХХК нь хариуцагч “РН” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 38 042 589 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч алдангид 22 157 599 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Талууд 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч буюу “НА” ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Роял кроун вилла” цогцолборын 402 дугаар байрны 1 дүгээр давхрын 28 ширхэг хаалга, цонхыг 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дотор чанар, стандартын өндөр түвшинд хийж гүйцэтгэх, захиалагч буюу “РН” ХХК нь ажлын хөлс 44 315 198 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн талаар талууд маргаагүй.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байна. Талууд гүйцэтгэсэн ажлын хөлсөнд захиалагч 18 953 472 төгрөг төлсөн талаар маргаагүй. Харин хариуцагч нь ажлын үр дүн доголдолтой, ажлын үр дүнг хүлээж аваагүй маргажээ.

 

            Нэхэмжлэгч талын гүйцэтгэсэн ажлаас зарим цонхны даравч резиний өнгө өөр байсан болох нь хэрэгт авагдсан талуудын хооронд явуулсан удаа дараагийн албан бичиг, зохигчдын тайлбараар тогтоогдож байх хэдий ч гэрээний 1.4-1.6-д заасан ажлын гүйцэтгэлийн чанарын шаардлагад даравч резин ямар өнгөтэй байх талаар тухайлан тусгаагүй байна. Мөн гэрээний 1.4-т нийлүүлэх цонх, хаалганы хуванцар хүрээний загвар, өнгийг хавсралт 1-д заасан үзүүлэлтийг хангасан байна гэж заасан нь даравч резиний өнгийг заасан гэж үзэх боломжгүйгээс гадна гэрээний хавсралтыг баримтаар ирүүлээгүй тул резиний өнгө өөр байх явдал, өөр өөр хэмжээтэй хийгдсэн, даравч шил хоёрын хооронд зай гарсан, зай гарсан хэсгийг бөглөхдөө зориулалтын бусаар силикон шахсан гэх тайлбараа хариуцагч баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул ажлын үр дүн гэрээнд заасан доголдол гэж үзэх боломжгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Тус барилгыг 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр улсын комисс хүлээн авснаар барилга хариуцагчийн эзэмшил, ашиглалтанд шилжсэн байх тул ажлын үр дүнг хүлээж авсан гэж үзнэ. Иймд гүйцэтгэсэн ажлыг гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй, хууль тогтоомжид заасан стандартад нийцээгүй гэж үзэх нөхцөл баримтаар тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажлын хөлсний үлдэгдлийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

Харин талуудын хооронд байгуулсан гэрээний 4.4, 4.5-д хугацаа хэтрүүлсэн бол хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 0,5 хувиар тооцон алданги төлөхөөр тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хугацаа хэтрүүлсэн тал гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд тооцож төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж тодорхойлжээ. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгаар тайлбарлах бөгөөд талуудын гэрээний нийт үнийн дүн-гээс алданги тооцох тухай дээрх тохиролцоо нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцээгүй тул шүүх талууд алдангийн талаар тохиролцоогүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй. 

 

Иймд хариуцагч “РН” ХХК-иас 25 361 726 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “НА” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.

 

Гэрээний 4.1.3-т улсын комиссын акт батлагдснаас хойш 1 жилийн дотор доголдол илрээгүй бол магадлашгүй засварын зардлыг гүйцэтгэгчид олгохоор, 8.1-д гүйцэтгэсэн ажилд 3 жилийн чанарын баталгаа олгож, уг хугацаа улсын комиссын акт батлагдсан өдрөөс хойш тоологдож эхлэхээр тус тус заасан байх тул Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Түрээслэгч “Кито проперти менежмент” ХХК-иас 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр “РН” ХХК-д шаардлага хүргүүлэх тухай албан бичигт “Роял кроун вилла” цогцолборын вакум цонхны даравч, резин, эвдэрсэн рамыг засварлуулах талаар гомдол ирсэн байх боловч уг баримтаас “НА” ХХК-ийн гүйцэтгэсэн ажил доголдолтой эсхүл уг доголдол ашиглалтын явцад үүссэн гэдэг нь нотлогдохгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/03005 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “РН” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 285 000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                        ШҮҮГЧИД                                                       Ш.ОЮУНХАНД

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА