Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2020/00690

 

ПОЭЭ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/00672 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 940 дугаар магадлалтай,

ПОЭЭ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

МД ХК /МД ХХК/-д холбогдох

Даатгалын гэрээний үүрэгт 303.345.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, даатгалын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ж, Э.Ж, нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ПОЭЭ ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Монгол Асфальт ХХК-тай 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр S2018/17 тоот газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 739.573.000 төгрөгийн түлшийг нийлүүлсэн боловч тус компаниас өнөөдрийг хүртэл төлбөр төлөлт хийгээгүй байна. Дээрх гэрээний хуваарьт төлбөр хэвийн төлөгдөх байдлыг хангаж ПОЭЭ ХХК нь МД ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 90С18200072824 дугаартай даатгалын гэрээ, түүний хавсралтаар 404.460.000 төгрөгийн даатгалын үнэлгээ бүхий гэрээг байгуулсан. Уг гэрээгээр даатгуулагч ПОЭЭ ХХК нь худалдан авалтын гэрээний дагуу төлөгдөх хуваарьт төлөлтийг даатгуулах, даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгалын нөхөн төлбөрийг олгох үүргийг хүлээсэн. Даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.9-д даатгалын тохиолдол гэж худалдан авалтын зээлийн гэрээний хуваарьт үндсэн төлбөрийн төлөлт гэрээнд заасан хугацаанаас 120 хоногоор хэтрэх, төлөгдөхгүй байхыг ойлгоно гэж заасан. Монгол Асфальт ХХК-ийн хувьд Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, түүний хавсралтад зааснаар төлбөрийг 2018 оны 05 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулах үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа нь дээр заасан 120 хоногоос хэтэрч даатгалын тохиолдлыг бий болгоод байна. Даатгалын тохиолдол бий болсон учир даатгагч нь даатгалын гэрээ, түүний 1 дүгээр хавсралтад заасан даатгалын үнэлгээ болох 404.460.000 төгрөгөөс даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлага болох 25 хувийг хасч, даатгуулагчид 303.345.000 төгрөгийн даатгалын нөхөн төлбөр олгох үүрэгтэй. Бид төлбөр тасалдал үүссэн буюу даатгалын тохиолдол бий болсныг мэдэгдэж, холбогдох баримтуудын хамт даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжилж хандсан боловч даатгагч нь гэрээнд заасан ажлын 5 хоногийн дотор даатгуулагчийн дансанд нөхөн төлбөрийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, ямар нэг хариу өгөөгүй. Улмаар Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх... заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан. Харин тус хорооноос 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 9/4377 тоот албан бичгээр ирүүлсэн хариуг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан 90С1820007284 дугаартай Даатгалын гэрээний дагуу МД ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 303.345.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч МД ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Хариуцагч нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгч ПОЭЭ ХХК-тай төлбөр тасалдлын даатгалын гэрээний чиглэлээр хамтран ажиллах болсон. Цаашид энэ журмаар хамтран ажиллах юм байна гэсэн ойлголттой болж бизнесийн итгэлцлийн зарчмын үндсэн дээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлсэн. Улмаар 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Монгол Асфальт ХХК-д газрын тосны бүтээгдэхүүн худалдах гэж байгаа талаараа бидэнд мэдэгдэж мөн өдрөө №90С1820007284 тоот даатгалын гэрээг байгуулж Монгол Асфальт ХХК-д 404.460.000 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлэлт хийгдэх гэж байгаа талаар мэдэгдсэн учир уг үнийн дүнгээр төлбөр тасалдлын даатгалд хамруулсан. ПОЭЭ ХХК нь Монгол Асфальт ХХК-тай 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр №S2018/17 тоот газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг байгуулж мөн өдрөөс даатгалын гэрээ байгуулагдах хүртэл хугацаанд нийт 404.712.000 төгрөгийн бүтээгдэхүүнийг нэгэнт нийлүүлсэн байсан. Даатгалын гэрээ байгуулагдах үед нэхэмжлэгч компанийн зүгээс бидэнд 440.460.000 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлэх талаараа мэдэгдэж байсан боловч 2018.03.28-ны өдрөөс 2018.04.20-ны өдрийн хооронд Монгол Асфальт ХХК-д нийт 14 удаагийн нийлүүлэлтээр 739.573.200 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлсэн. ПОЭЭ ХХК нь бүтээгдэхүүн нийлүүлэх бүрдээ Монгол Асфальт ХХК-д төлбөрийн нэхэмжлэхийг хүргүүлж байсан боловч худалдан авагчийн зүгээс нэг ч удаа төлбөр төлөлт хийгээгүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон. Даатгалын гэрээний 6.10-д худалдан авагч нь даатгуулагчийн нэхэмжлэлийн дагуу төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй нөхцөлд төлбөр төлөгдөөгүй үнийн дүнгийн хэмжээгээр дараагийн нийлүүлэлтийн хэмжээг багасгах үүрэг хүлээнэ гэж заасны дагуу даатгуулагч ПОЭЭ ХХК нь Монгол Асфальт ХХК төлбөрийн нэхэмжлэх хүлээн авсан даруйдаа төлбөрөө төлөөгүй нөхцөлд дараагийн нийлүүлэлтийг багасгах, зогсоох үүрэгтэй байсан боловч уг үүргээ биелүүлэлгүй нийлүүлэлтийг үргэлжлүүлэн нэмэгдүүлсээр богино хугацаанд их хэмжээний нийлүүлэлт хийж даатгуулагчийн зүгээс бизнесийн ёс зүйгүй үйлдэл гаргасан байна. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн тохиолдолд даатгагч нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй. ПОЭЭ ХХК нь худалдан авагч талд нэгэнт бүтээгдэхүүнийг нийлүүлсэн атлаа нийлүүлэх гэж байгаа гэж мэдэгдэн даатгалын гэрээ байгуулсан, худалдан авагч төлбөрөө удаа дараа төлөөгүй байхад дараагийн нийлүүлэлтийг багасгах, зогсоох арга хэмжээ авалгүйгээр үргэлжлүүлэн нийлүүлэлт хийж даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг санаатайгаар бүрдүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч МД ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ...ПОЭЭ ХХК нь худалдан авагч талд нэгэнт бүтээгдэхүүнийг нийлүүлсэн атлаа нийлүүлэх гэж байгаа гэж мэдэгдэн даатгалын гэрээ байгуулсан, худалдан авагч төлбөрөө удаа дараа төлөөгүй байхад дараагийн нийлүүлэлтийг багасгах, зогсоох арга хэмжээ авалгүйгээр үргэлжлүүлэн нийлүүлэлт хийж даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг санаатайгаар бүрдүүлсэн байна. ПОЭЭ ХХК нь даатгалын гэрээ байгуулагдахаас 21 хоногийн өмнө худалдан авагч Монгол Асфальт ХХК-д 9 удаагийн нийлүүлэлтээр 404.712.000 төгрөгийн бүтээгдэхүүнийг нийлүүлсэн талаар болон худалдан авагч нийлүүлэлт болгоны дараа төлбөрийн нэхэмжлэлийг хүлээн авсан атлаа төлбөрөө төлөөгүй талаар бидэнд мэдэгдсэн бол бид даатгалын гэрээ байгуулахаас татгалзах байсан. Худалдан авагч 9 удаагийн бүтээгдэхүүн нийлүүлэлтийн төлбөрийг төлөөгүй явдал нь даатгалын тохиолдол бий болоход нөлөөлөх ноцтой нөхцөл байдал мөн байтал ПОЭЭ ХХК-иас энэ тухай бидэнд мэдэгдэлгүй дахин 5 удаагийн бүтээгдэхүүн нийлүүлэлтийг нэмж хийсэн нь даатгалын тохиолдол бий болох нөхцөл байдал, түүнээс учирч болох аюулыг санаатайгаар ихэсгэсэн явдал юм. Хууран мэхэлж хийсэн хэлцэл нь бодит үнэн нөхцөл байдлыг нуун дарагдуулж төөрөгдөлд оруулах сэдэлт зорилготой байдаг. Даатгалын гэрээний гол зорилго, агуулга нь аливаа эрсдэлд өртөж хор уршиг, хохирол учраагүй эд хөрөнгө буюу даатгалын зүйлийг эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чиглэдэг. ПОЭЭ ХХК нь хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг санаатайгаар нуун дарагдуулж тус компанийг хуурч мэхлэн, төөрөгдөлд оруулан гэрээ байгуулжээ. Иймд даатгалын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ПОЭЭ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: ...Хариуцагч нь нэхэмжлэгч компанийг борлуулалтаа зогсоогоогүй, Монгол Асфальт ХХК нь шатахууны төлбөрийг төлөөгүй байхад нэмж борлуулалт хийсэн гэсэн байна. Гэвч гэрээ байгуулсны дараа болсон үйл явдал нь хууран мэхэлж гэрээ хийсэн гэх үндэслэлд огтоос хамааралгүй юм. Төлбөр тасалдлын даатгалын гэрээнд хамрагдаагүй буюу даатгалын үнэлгээ болох 404,0 сая төгрөгөөс давсан хэмжээний борлуулалтын төлбөр төлөгдөхгүй байх эрсдэлийг нэхэмжлэгч компани өөрөө хариуцаж байгаа. Худалдан авагчийн зүгээс борлуулалтын төлбөрийг төлөөгүй, цаашид төлөх боломжгүй болох нөхцөл байдал аль хэдийнээ үүссэн байхад энэ талаар бидэнд мэдэгдээгүй, нуун дарагдуулсан гэж тайлбарласан байна. Гэвч энэ нь үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй тайлбар байна. Даатгалын гэрээ байгуулах үед Монгол Асфальт ХХК нь төлбөр төлөх үүргээ зөрчсөн, цаашид ч төлөхгүй байх нь тодорхой гэх зүйл бий болоогүй байсан. Бид төлбөр тасалдлын даатгалын гэрээг хийхэд даатгалд хамруулж буй компанитай байгуулсан Худалдан авалтын зээлийн гэрээ болон борлуулалтын мэдээг өгдөг байсан. Даатгалын компанийн зүгээс энэ бүх мэдээллийг авсаны үндсэн дээр даатгал хийдэг болохоос ямар ч мэдээлэлгүй буюу харанхуй байдлаар хандаж гэрээ хийхгүй нь тодорхой билээ. Даатгалын гэрээний 7.3, 7.4 дэх заалтуудад худалдан авагчийн төлбөрийн чадварыг шалгаж, тус бүрт нь зээлийн хамгаалалтын дээд хэмжээг тогтоох, зээлийн шугамын шалгуур үзүүлэлтийг хангаагүй худалдан авагчийг даатгалд хамруулахаас татгалзах эрхийг даатгагч эдлэх тухай заасан бөгөөд хариуцагч нь тус эрхийнхээ хүрээнд Монгол Асфальт компанийг шалгасны үндсэн дээр даатгалд хамруулсан гэж ойлгож байна. Бид Даатгалын гэрээнд заасан нөхөн төлбөрийн баримтуудыг бүрдүүлэн өгч, хариуцагчаас даатгалын нөхөн төлбөр нэхэмжилж байх үед хариуцагч нь дээрх үндэслэлийг гаргаагүй. Ямар үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзаж байгаа үндэслэлээ бичгээр болон амаар тайлбарлаагүй. Бид хэд хэдэн удаа тус компанитай уулзсаны дараа Монгол Асфальт ХХК-тай уулзах хүсэлтийг бидэнд тавьсан. Гэвч даатгалын нөхөн төлбөрийг шийдвэрлэхийн тулд бид төлбөр төлөх үүрэг бүхий компаниудыг даатгагчтай уулзуулах үүрэг хүлээгээгүй бөгөөд энэ нь нөхөн төлбөрийг шийдвэрлэхэд хамааралгүй юм. Нэхэмжлэгч нь санаатайгаар даатгалын тохиолдол бий болгосон, орчин нөхцлийг бүрдүүлсэн гэдэг тайлбар хэлж байгаа нь бизнесийн ёс зүйгүй зан гаргаж, төлбөр төлөхөөс зайлсхийж буй явдал байна. Төлбөр төлөх үүрэг бүхий компаниуд нь төлбөр төлөхгүй байх нь бидэнд учрах эрсдэл тул бид тус нөхцөл байдлыг санаатайгаар бий болгох ашиг сонирхол байхгүй билээ. Бид төлбөр төлөх үүрэг бүхий компаниуд төлбөрөө төлөхгүй байх эрсдэлийг хэсэгчлэн даатгалын компанид даатгуулсан. Энэ нь даатгалын компанийн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хэрэгжүүлдэг үндсэн үйл ажиллагаа бөгөөд бидэнтэй энэ талаар Төлбөр тасалдлын даатгалын гэрээ байгуулсан тул гэрээний дагуу хүлээсэн үүргээ шударгаар гүйцэтгэх учиртай. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/00672 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар МД ХХК-иас 303 345 000 /гурван зуун гурван сая гурван зуун дөчин таван мянга/ төгрөгийг гаргуулж, ПОЭЭ ХХК-д олгож, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-д зааснаар МД ХХК-ийн 2018 оны 04 сарын 18-ны өдөр МД ХХК болон ПОЭЭ ХХК-ийн хооронд байгуулагдсан №90С1820007284 тоот Даатгалын гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 674 680 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 180 350 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч МД ХХК-иас 1 674 680 төгрөгийг гаргуулж ПОЭЭ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 940 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/00672 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 674 680 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч МД ХХК-ийн төлөөлөгч Ч.Э-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, шаардлагатай эрх зүйн асуудал болон үйл баримтыг тодруулаагүй. Даатгалын үйл ажиллагааны гол онцлог, даатгал хийх гол зарчим нь эрсдэл учраагүй буюу бүрэн бүтэн эд хөрөнгө, хуульд харшлаагүй эдийн бус ашиг сонирхлыг аливаа төрлийн эрсдэл, аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилготой байдаг. Өөрөөр хэлбэл нэгэнт эрсдэл учирсан, учрах нь тодорхой болсон нөхцөл байдалд ямар ч эд хөрөнгө, ашиг сонирхлыг даатгах боломжгүй. Тус компани нь ПОЭЭ ХХК-тай олон удаагийн хамтран ажиллаж байсан туршлага, сахилга бат, ажил хэргийн хүрээнд тогтсон заншил, цэвэр бизнесийн итгэлцэл, харилцан ойлголцлын зарчимд тулгуурлан даатгалын үйл ажиллагаа явуулж ирсэн. Хууртагдан мэхлэгдсэн гэх асуудал нь даатгуулагч даатгалын гэрээ байгуулахаас өмнө болон гэрээ байгуулагдсанаас хойш даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох ноцтой нөхцөл байдлын талаар даатгагчид нэн даруй мэдээлэх Иргэний хуулийн 436.1-д заасан үүргээ биелүүлээгүй, цаашлаад бүтээгдэхүүн нийлүүлж эхлээгүй байгаа гэж мэдэгдсэн нь бидний хувьд даатгалын гэрээний хугацааг ухрааж хийх үндсэн нөхцөл болсон. Өөрөөр хэлбэл даатгалын гэрээ байгуулагдахаас өмнө газрын тосны бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээгээр аль хэдийн 10 удаагийн 442.512.000 төгрөгийн нийлүүлэлт, гэрээ байгуулагдсаны дараа 4 удаагийн 297.061.200 төгрөгийн, нийт 14 удаагийн 739.573.200 төгрөгийн нийлүүлэлт хийгдсэн, энэхүү 14 удаагийн нийлүүлэлтийн төлбөр нь Газрын тосны бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээний 3.2 дах хэсэгт “...нэхэмжлэхийг үндэслэн төлбөрийг  ...шилжүүлнэ” гэж заасныг баримтлан нийлүүлэгчийн нэхэмжлэхэд заагдсан хугацаанд төлбөр төлөгдөөгүй нөхцөл байдал үүссэн талаар даатгуулагч нь даатгагчид үнэн шударгаар мэдээлэх Иргэний хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь Иргэний хуулийн 186.2 “Үүргийн агуулга, шинж чанарыг харгалзан талуудын алинд нь ч нөгөө талын эрх, эд хөрөнгийн хувьд онцгой үүрэг ногдуулж болно” гэж мөн хуулийн 188.1-д “үүрэг нь ямар нэгэн мэдээлэл олж авах эрхийг аль нэг талд бий болгож болно" гэж заасныг зөрчиж бидний эрхийг хөндөж байна. Мөн хариуцагчийн зүгээс “ПОЭЭ” ХХК-ийг худалдан авагч талдаа бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн болохоо нуун дарагдуулж даатгагчид мэдэгдэлгүйгээр даатгалын гэрээ байгуулсан явдлыг бичгийн нотлох баримтаар нотлох боломжгүй юм. Учир нь уг баримт нь даатгуулагч үүргээ биелүүлж албан ёсоор бичгээр, цахим шуудангаар мэдэгдсэн тохиолдолд бий болох баримт юм. Даатгуулагч нь энэ үйл баримтыг нуун дарагдуулсан ба энэ нь нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэхэд илэрсэн үйл баримт юм. Шүүх уг асуудлыг дүгнэхдээ эрх зүйн харилцааны онцлог зохицуулалтыг харгалзаагүй, зөвхөн гэрээний чөлөөт байдлын зарчмыг удирдлага болгож, гэрээний хүсэл зоригийг тайлбарлахдаа иргэний хуулийн 198.6-д заасан талуудын нэгдмэл санааг тодруулах, гэрээ байгуулахаас өмнөх хэлэлцээ харилцан илгээсэн баримт бичиг, талуудын хооронд тогтсон практик, ажил хэргийн хүрээнд тогтсон заншил зэрэг нөхцөл байдлыг тодруулах тухай хуульд заасан журмыг зөрчсөн, мөн хуулийн 186.2, 188.1, 436.1-д заасан үүргийг биелүүлсэн эсэхэд үндэслэл бүхий үнэлэлт дүгнэлт өгөөгүй, цаашлаад маргааны үйл баримтыг тал бүрээс нь бодитой тогтоогоогүй байгаа нь шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй байна. ПОЭЭ ХХК нь даатгалын гэрээ байгуулагдах явцад Мон Делкрида ХХК-иар худалдан авагчийн эрсдэлийн түвшинг судалж тодорхойлох Кредит менежментийн журмын төслийг боловсруулах талаар хамтран ажиллаж байгаа цаашид уг журмын дагуу үйл ажиллагаа явуулах тул эрсдэлийн түвшинг судлах үүрэг нь зөвхөн даатгагчид бус хамтын үүрэг болох тухай бидэнд мэдэгдэж тус компаниас боловсруулагдаж байгаа журмын төслийг авахыг санал болгож байсан бөгөөд уг баримтыг шүүхийн журмаар үзлэг хийлгэж хэрэгт хавсаргасан болно. Нэхэмжлэгч нь Кредит менежментийн журмын 10 дугаар зүйлийн 10.2- т “Тухайн худалдан авагчид зээлийн шугам нээх шийдвэр гаргахаас өмнөх шатанд худалдан авагчийг төлбөр тасалдлын даатгалд зайлшгүй хамруулах шаардлагатай” гэж заасныг зөрчиж даатгалын гэрээ байгуулагдахаас өмнө зээлийн шугамыг нээж худалдан авагчид бараа нийлүүлсэн байдаг. Үүнээс харахад даатгалын гэрээний хугацааг бүтээгдэхүүн нийлүүлж эхлэхээс өмнө байгуулах үүрэгтэй байна. Гэтэл шүүх уг журмыг хэрэгжүүлсэн эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, зохигчид энэ талаар бүрэн мэтгэлцээгүй, маргааны үйл баримт бодитой тогтоогдоогүй болохыг анхаараагүй ба хэрэгт байгаа баримтын хэмжээнд уг алдааг залруулах боломжгүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шийдвэр магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. ПОЭЭ ХХК нь Монгол Асфалт ХХК-д бүтээгдэхүүн нийлүүлэх бүртээ тухайн бүтээгдэхүүний үнийг гэрээнд заасан 45 хоногийн дотор багтааж ГТБХХАГэрээний 3.2-т “нийлүүлэгчийн нэхэмжлэхийг үндэслэн шилжүүлнэ” гэж заасны дагуу нийлүүлэлт бүрийн төлбөр төлөх хугацаа өөрөөр тооцогдож, тухайн нийлүүлэлтийн төлбөрийг хэд хоногийн дотор төлөх ёстой хугацааг тогтоосон төлбөрийн нэхэмжлэхийг хүргүүлж байхаар гэрээнд тусгасан байгаа бөгөөд тус баримт болох төлбөрийн нэхэмжлэхийг нэхэмжлэгч талаас гаргаж өгөөгүй байхад шүүх төлбөр төлөх хугацааг 45 хоногт багтаан нийлүүлэгчийн нэхэмжлэхийн дагуу төлөх асуудлыг 45 хоногийн дараа төлөх байдлаар тайлбарлаж шаардах эрх үүсэх хугацааг 05 дугаар сарын 12-ны өдрөөс гэж тооцсон нь үндэслэлгүй буюу хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлсэн бөгөөд талуудын хоорондын тохиролцоог буруу тайлбарлаж, хэт нэг талыг барьж дүгнэлт гаргасан байна. Мөн шүүх даатгалын гэрээний 6.10-д заасан “худалдан авагч нь даатгуулагчийн нэхэмжлэлийн дагуу төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд төлбөр төлөгдөөгүй үнийн дүнгийн хэмжээгээр дараагийн нийлүүлэлтийн хэмжээг багасгах үүрэг хүлээнэ” гэж заасан үүргээ биелүүлсэн эсэхийг дээр дурьдагдсан хэрэгт авагдаагүй нэхэмжлэхийг үндэслэж тогтоох шаардлагатай бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ энэхүү нотлох баримт байхгүй байхад ямар нотлох баримтанд үндэслэж уг үүргийг биелүүлсэн гэж үзсэн нь тодорхойгүй байгаа бөгөөд нийлүүлэлтийн хэмжээг багасгах үүргийг нийлүүлэлтийн хэмжээг зогсоох үүрэгтэй адилтган үзсэн нь учир дутагдалтай бөгөөд гэрээний агуулгыг илтээр нэхэмжлэгч талд ашигтай байдлаар тайлбарлаж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Мөн шүүх шаардах эрх үүсэх өдрийг 05 дугаар сарын 12 гэж үзсэн бол даатгалын гэрээний 6.10-т заасан үүргийг биелүүлэх нөхцөл байдал үүсэхгүй буюу нийлүүлэлтийг 4 сарын 20-ны өдөр зогсоохгүй буюу 05 сарын 12 хүртэл үргэлжлүүлэх үүрэгтэй болно. Гэтэл давж заалдах шатны шүүх нийлүүлэлтээ зогсоосон үйлдлийг хууль ёсны гэж үзсэн нь эргэлзээ төрүүлж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд нотлох баримтанд үндэслэсэн байх гол зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

ПОЭЭ ХХК /улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгасны дагуу нэрийн хоёр, гурав, дөрөв дахь үгийн эхний үсгийг жижгээр бичсэн/ МД ХК /МД ХХК/-д холбогдуулан даатгалын гэрээний үүрэгт нөхөн төлбөр 303.345.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг, МД ХК /МД ХХК/ нь ПОЭЭ ХХК-д холбогдуулан даатгалын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч ПОЭЭ ХХК нь нэхэмжлэлийн үндэслэлээ, “худалдах-худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн дизель түлшний үнийг 45 хоногийн дотор төлөх үүргээ Монгол асфальт ХХК биелүүлээгүй уг хугацаанаас хойш 120 хэтэрсэн нь зохигчийн хооронд 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болж, нөхөн төлбөр шаардах эрх үүссэн” гэснийг хариуцагч МД ХК /МД ХХК/ “...даатгалын гэрээ байгуулагдах үед нэхэмжлэгч нь Монгол асфальт ХХК-д дизель түлшийг нийлүүлсэн, худалдан авагч төлбөрийг төлөөгүй, төлөх боломжгүй нөхцөл байдал бий болсныг нууж, хуурч мэхэлсэн тул даатгалын гэрээ хүчин төгөлдөр бус, ...нөхөн төлбөр шаардах эрхгүй” гэж марган, энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч “...Монгол асфальт ХХК-д нийлүүлэлт хийснийг хариуцагч мэдэж, холбогдох бичиг баримтыг шалгаж, улмаар гэрээ үйлчлэх хугацааг нийлүүлэлт хийсэн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс байхаар тохиролцсон” гэж тайлбарлан сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, зохигч дээрх маргааны хүрээнд мэтгэлцжээ.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн гомдолд заасан агуулгаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.5-д заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв.

Хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үед хариуцагч МД ХХК нь өөр хуулийн этгээдтэй нэгдэж, компанийн хэлбэрийн хувьд өөрчлөгдөж МД ХК болсон байх тул энэхүү хуулийн этгээдийн өөрчлөлтийг шийдвэр, магадлалд тусгах нь зөв байна. Харин МД ХХК нь татан буугдаагүйгээс эрх залгамжлагч тогтоох ажиллагаа хийгдэхгүй, иймээс нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг дурдав.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан даатгалын гэрээний харилцаа үүсч, гэрээг 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр бичгийн хэлбэрээр байгуулж, даатгалын хураамж төлөгдснөөр гэрээ хүчин төгөлдөр болсон талаархи шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Даатгалын гэрээгээр нэхэмжлэгч ПОЭЭ ХХК нь Монгол асфальт ХХК-ийн худалдан авалтын гэрээний дагуу төлөгдөх хуваарьт төлөлтийг даатгуулах, хариуцагч МД ХК /МД ХХК/ нь даатгалын тохиолдол бий болбол даатгалын нөхөн төлбөр олгохоор тохиролцжээ.

Даатгалын гэрээний 4.1-т гэрээний үйлчлэх хугацааг талууд 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэл байхаар, гэрээний 2.1.9-д худалдан авах гэрээнд заагдсан хуваарьт төлбөр хугацаанаасаа 120 хоногоор хэтэрсэн тохиолдолд даатгалын тохиолдол үүссэн гэж үзэхийг тус тус заажээ.

Зохигч даатгалын гэрээний үйлчлэх хугацааг уг гэрээ байгуулсан өдрөөс өмнө буюу ПОЭЭ ХХК нь Монгол асфальт ХХК-д дизель түлш нийлүүлж эхэлсэн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэхээр заасан нь хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох Иргэний хуулийн 189 дугаар зүйлийн 189.1-д заасныг зөрчөөгүй байна.

Даатгагчийн эрхийг зохицуулсан гэрээний 7.3-т “худалдан авагчийн төлбөрийн чадварыг зээлийн шугамын аргачлалаар шалгаж, тус бүрд нь зээлийн хамгаалалтын дээд хэмжээг тогтоох”, 7.4-т “зээлийн шугамын шалгуур үзүүлэлтийг хангаагүй худалдан авагчийг даатгалын багцад хамруулахгүй байх”, 7.5-д “даатгалын зүйлд эрсдэл тохиолдох боломж гэрээг байгуулах үеэс нэмэгдсэн, ийнхүү нэмэгдэх нөхцөл орчин бүрдсэн тохиолдолд даатгалын хураамжийн хувь хэмжээг ихэсгэх буюу гэрээг цуцлах саналаа нөгөө талд тавих”, 7.6-д “даатгуулагч худал мэдээлэл өгсөн... бол гэрээг цуцлах”-ыг тус тус заажээ. Зээлийн шугамын “шалгуур үзүүлэлт” гэж аж ахуйн нэгжүүдийн төлбөрийн чадамжийг шалгах аргачлал” гэж гэрээний 2.1.7-д, “зээлийн хамгаалалтын шугам” гэж гэрээний хугацаанд худалдан авагчийг даатгалын шалгуур үзүүлэлтээр тогтоогдсон худалдан авагчид олгож болох зээлийн дээд хэмжээ” гэж гэрээний 2.1.8-д тус тус тодорхойлжээ.

Дээрх зохицуулалтаас үзвэл, МД ХК /МД ХХК/ нь ПОЭЭ ХХК-ийн дизель түлшний нийлүүлэлтийн цаг хугацаа, худалдан авагч Монгол асфальт ХХК-ийн төлбөр төлөх хугацаа, төлбөрийн чадварын талаар болон өөртөө даатгалын эрсдэл бий болох, эрсдэл нэмэгдэх нөхцөл байдлыг шалгах бүрэн эрхтэй байх тул эдгээрийг тооцож гэрээ байгуулсан гэж үзнэ.

Нөгөө талаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болгон тайлбарлаж буй, “...гэрээ байгуулахад нийлүүлэлт хийгээд эхэлсэн байдлын талаар үнэн зөв мэдээлэл өгөөгүй, хуурч мэхэлсэн...” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, зохигч даатгалын гэрээний үйлчлэх хугацааг уг гэрээ байгуулсан өдрөөс өмнө буюу ПОЭЭ ХХК нь Монгол асфальт ХХК-д дизель түлш нийлүүлж эхэлсэн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэхээр заасан нь, нийлүүлэлт хийгдсэн талаар мэдэж, улмаар эрсдлийг даатгахаар тохиролцсон гэх үндэслэл болно гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэснийг үгүйсгэх боломжгүй юм.

Иймд зохигчийн хооронд байгуулагдсан даатгалын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүйгээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т заасантай нийцжээ.

Гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр учир хариуцагч үүргээ биелүүлэх ёстой болно.

Нэхэмжлэгч ПОЭЭ ХХК нь даатгалын гэрээ байгуулагдахаас өмнө болон байгуулагдсанаас хойш Монгол асфальт ХХК-д нийт 739.573.200 төгрөгийн дизель түлш нийлүүлсэн боловч худалдан авагч төлбөрийг ачилт хийгдсэн өдрөөс хойш 45 хоногийн дотор төлөх үүргээ биелүүлээгүй, уг хугацаанаас хойш 120 хоног өнгөрч даатгалын тохиолдол бий болсон нь тогтоогджээ.

Шүүх даатгалын гэрээнд заасан үнэлгээ буюу 404.460.000 төгрөгөөс нэхэмжлэгч ПОЭЭ ХХК-ийн хүлээх хариуцлага 25 хувийг хасч 303.345.000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасныг зөрчөөгүй байна.

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн бол даатгагч нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болдог хэдий ч ийм үндэслэл үүсээгүй байна.

Даатгалын гэрээний 6.10-д заасан “худалдан авагч нь даатгуулагчийн нэхэмжлэлийн дагуу төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд төлбөр төлөгдөөгүй үнийн дүнгийн хэмжээгээр дараагийн нийлүүлэлтийн хэмжээг багасгах үүрэг хүлээнэ” гэж заасан ч нэмж нийлүүлэлт хийх хугацаанд өмнөх нийлүүлэлтийн төлбөр төлөх 45 хоногийн хугацаа болоогүй байжээ.

Даатгалын тохиолдол бий болсон талаар 60 хоногийн дотор мэдэгдэх даатгалын гэрээний 10.1.7-д заасан үүргээ нэхэмжлэгч ПОЭЭ ХХК биелүүлсэн байна. Иймээс хариуцагч МД ХК /МД ХХК/-д нөхөн төлбөр олгохгүй байх гэрээний 10.1-д заасан үр дагавар үүсээгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хороонд гомдлоо гаргаж хариу авсан нь хэргийн баримтад авагдсан учир Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчөөгүй гэж үзнэ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд даатгалын эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан, гэрээний хүчин төгөлдөр байдал, нөхөн төлбөрийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хууль, Даатгалын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэлд болон шийдвэр, магадлалд нэхэмжлэгч компанийн нэрийг улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсанаас өөрөөр бичиж, зөв бичгийн дүрмийн алдаа гаргасныг  дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 940 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/00672 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “МД ХХК-иас” гэснийг “МД ХК-иас” гэж, 2 дахь заалтад “МД ХХК” гэснийг “МД ХК” гэж, 3 дахь заалтад “МД ХХК-иас” гэснийг “МД  ХК-иас” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Ч.Энх-Амгалангийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч МД ХК /МД ХХК/ нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1.674.680 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ