Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 90

 

М.Эрхэмбаяр, С.Санжмятав нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Тунгалаг даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, гуравдагч этгээд Л.Энхтайван, гуравдагч этгээд Ч.Мөнхбатын өмгөөлөгч Ц.Цэрэнжаргал нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны  өдрийн 870 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2017/0055 дугаар магадлалтай, М.Эрхэмбаяр, С.Санжмятав нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээд Л.Энхтайван, гуравдагч этгээд Ч.Мөнхбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиун нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 870 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.1.1, 19.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Эрхэмбаяр, С.Санжмятав нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 438 дугаар захирамжийн Л.Энхтайванд холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1050 тоот захирамжийн Ч.Мөнхбатад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд Л.Энхтайван, гуравдагч этгээд Ч.Мөнхбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиун нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2017/0055 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 870 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “...19.1.1” гэснийг хасч, “нэхэмжлэгч М.Эрхэмбаяр, С.Санжмятав нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 438 дугаар захирамжийн Л.Энхтайванд холбогдох хэсэг, нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1050 дугаар захирамжийн Ч.Мөнхбатад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай” гэснийг “нийслэлийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 438 дугаар захирамжийн Л.Энхтайванд холбогдох хэсэг, нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1050 дугаар захирамжийн Ч.Мөнхбатад холбогдох хэсгийн М.Эрхэмбаяр, С.Санжмятав нарын эзэмшил 800 м.кв газартай давхацсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Ч.Мөнхбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиун, гуравдагч этгээд Л.Энхтайван, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Гуравдагч этгээд Л.Энхтайван хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Давж заалдах шатны шүүхээс гуравдагч этгээд миний гаргасан гомдлын талаар ямар ч дүгнэлт тайлбар гаргалгүйгээр хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч талын эрх ашгийг хамгаалсан, анхан шатны шүүхийн хэт нэг талыг барьсан шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Нэхэмжлэгч талтай холбоотой хууль бус үйлдэл, зөрчлийг авч үзэлгүйгээр үндэслэлгүй, шударга бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Газрын тухай хуульд газар эзэмших хүсэлтийг үндэслэн газар эзэмших эрх олгох боломжтой бол газар эзэмшүүлэх Засаг даргын захирамж гарч, захирамжид дурдсан газрын хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээг байгуулдаг. Нэхэмжлэгч нарын гаргасан тайлбар болоод хэрэгт авагдсан баримтаас үзэхэд газар эзэмших хүсэлтийг 2005 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан байна. Гэтэл газар эзэмших эрх олгосон дүүргийн Засаг даргын захирамж нь 2004 оны 8 дугаар сарын 06-ны өдөр буюу хүсэлт гаргахаас өмнө гарсан байдаг. Албан ёсоор хүсэлт гаргаагүй болон шийдвэр гаргахад шаардлагатай баримт бүрдээгүй байхад гарсан дүүргийн Засаг даргын захирамжийг хүчинтэй гэж үзэхгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс “... захиргааны байгууллага, албан тушаалтны үндэслэлгүйгээр М.Эрхэмбаяр, С.Санжмятав нарын эзэмших эрх бүхий газрын кадастрын зургийг мэдээллийн сангаас устгаж, тухайн газартай давхцуулан “Одон консалтинг” ХХК-ийн газрын кадастрын зургийн хэлбэр, байршлыг өөрчилж бүртгэн, улмаар гуравдагч этгээдүүдэд шилжүүлсэн буруутай...” гэж дүгнэжээ.

“Одон консалтинг” ХХК хууль, дүрэм журмын дагуу 2003 онд нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу тухайн үеийн кадастр буюу тойм зураг дээр заасан байрлалдаа газраа эзэмшиж байсан. Гэтэл нэхэмжлэгч нар яагаад анх хүссэн гэх газраасаа хол, өөр байршилд газрын хэмжээгээ өөрчлөн бусдын эзэмшлийн газартай давхцуулан 2006 онд зураг хийлгэсэн, хэний ямар шийдвэрээр энэхүү өөрчлөлтийг хийсэн талаар ямар ч баримт ирүүлээгүй, тайлбар хийж чадахгүй байхад шүүхээс энэхүү буруутай үйлдлийг тодруулалгүйгээр шийдвэр гаргаж буй нь шударга ёсонд нийцэхгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Ч.Мөнхбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиун хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гуравдагч этгээд Ч.Мөнхбатын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2-д заасан үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Тус хэргийг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

Нэг. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Газрын тухай хууль болоод Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, тус газрыг шударгаар эзэмшиж буй газар эзэмшигч Ч.Мөнхбатын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Ч.Мөнхбат нь маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын аманд орших зуслангийн зориулалттай 2837 м.кв газрыг нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1050 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай” захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан.

Нэхэмжлэгчээс дээрх захирамжийн Ч.Мөнхбатад холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн маргаж буй нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1050 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгийг тус тус үндэслэсэн байдаг.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т нийслэлийн Засаг дарга нь “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна”, 38 дугаар зүйлийн 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана:, 38.2.1.нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ; 38.2.2. эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо; 38.2.3.хураамж төлсөн тухай баримт” гэсэн зохицуулалтууд юм.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл уг захирамж нь хууль тогтоомжид нийцэн гарсан гэдэг нь харагдана. Гуравдагч этгэзд Ч.Мөнхбат нь маргаан бүхий газрыг эзэмших эрх нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлээр зохицуулагдсан харилцааны үндсэн дээр бий болсон. Газрын тухай хуульд газар эзэмших эрхийг шинээр авахдаа хүсэлт, холбогдох материалаа хэрхэн бүрдүүлж, хаана хандах болоод газар эзэмших эрхийг шилжүүлэх тохиолдолд мөн ямар процессоор явах талаар 5 дугаар бүлэгт тодорхой зохицуулж өгсөн. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс газар эзэмших эрхийг шинээр авахад хэрэглэгдэх зохицуулалт буюу Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг үндэслэн Ч.Мөнхбатад шилжүүлэхдээ энэхүү зохицуулалтыг зөрчсөн байна гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хоёр. Дээр дурдсанчлан нэхэмжлэгч М.Эрхэмбаяр болон С.Санжмятав нарын нэхэмжлэлийн шаардлага нь нийслэлийн Засаг даргын 2011 оны 438 дугаар захирамжийн Л.Энхтайванд газар эзэмшүүлсэн хэсэг, 2013 оны А/1050 дугаар захирамжийн Ч.Мөнхбатад газар эзэмшүүлсэн хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах тухай болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нар нь газар эзэмших эрх шилжүүлсэн 2011 болоод 2013 оны үйл баримттай маргасан.

Гэтэл шүүхээс уг оноос өмнөх буюу 2009 оны үйл баримтад дүгнэлт хийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байна. Давж заалдах шатны шүүхээс “...анх 2004 онд нэхэмжлэгч М.Эрхэмбаяр, С.Санжмятав нарт эзэмшүүлсэн 800 м.кв газар нь “Одонконсалтинг” ХХК-ийн эзэмшлийн 2 га газартай давхцаагүй, тусдаа нэгж талбар бүхий газар байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна” гээд 1 дүгээр хавтаст хэргийн 48-д буй тойм зургаар тэгш өнцөгт хэлбэртэй олгогдсон байсан бөгөөд нэхэмжлэгч нарын кадастрын зургийг 2006 онд мэдээллийн санд бүртгэж, 2009 онд бүртгэлээс устгасан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэжээ. Дээр дурдсанчлан энэ нь нэхэмжлэгч нарын маргаж буй үйл баримтаас өмнөх үйл баримтууд юм.

Анхан шатны шүүхээс 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 1/4562 дугаар албан бичгээр Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт “18628319435928 нэгж талбарын дугаар бүхий Л.Энхтайваны эзэмшил газрын кадастрын зургийг 2003 оноос хойшх сансрын зурагтай он тус бүрээр давхцуулан зураглал үйлдэж ... ирүүлнэ үү” гэсний дагуу тус газраас 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 1/740 дугаар албан бичгээр маргаан бүхий газартай холбоотой нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд хайлт хийсний үндсэн дээр хийгдэж байсан өөрчлөлтүүдийг дурдан, хавсралтын хамт ирүүлсэн бөгөөд уг баримтад ямар нэгэн байдлаар мэдээллийн сангаас нэхэмжлэгч нарын эзэмшлийн газрын кадастрын бүртгэлийг устган, өөрчлөлт оруулсан талаар дурдаагүй юм.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс уг нотлох баримтыг үнэлэхгүйгээр Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас нэхэмжлэгч М.Эрхэмбаярт 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 1/420 дугаар албан бичгээр өгсөн хариу буюу шүүхийн журмаар авагдаагүй нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн эзэмшил газрыг мэдээллийн сангаас устгасан гэж дүгнэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Гурав. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хариуцагч байгууллагыг буруутгаж буй үндэслэл нь “...захиргааны байгууллага, албан тушаалтны үндэслэлгүйгээр М.Эрхэмбаяр, С.Санжмятав нарын эзэмших эрх бүхий газрын кадастрын зургийг мэдээллийн сангаас устгаж, тухайн газартай давхцуулан “Одонконсалтинг” ХХК-ийн газрын кадастрын зургийн хэлбэр, байршлыг өөрчилж бүртгэн, улмаар гуравдагч этгээдүүдэд шилжүүлсэн буруутай...” гэж дүгнэсэн. Кадастрын зурагт өөрчлөлт оруулах нь нийслэлийн Засаг даргын шийдвэрлэх асуудал биш байтал хариуцагчийг тодорхойлон тодруулалгүйгээр дээрх нөхцөл байдлыг Нийслэлийн Засаг даргад хамааруулан шийдвэрлэсэн нь хууль бус юм.

Мөн Газрын тухай хуулийн 32, 33 дугаар зүйлд зааснаар газар эзэмших тухай хүсэлтийг үндэслэн газар эзэмших эрх олгох боломжтой бол газар эзэмшүүлэх шийдвэр буюу Засаг даргын захирамж гарч, захирамжид дурдсан газрын хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээг байгуулдаг.

Нэхэмжлэгч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болоод хэрэгт авагдсан баримтаар газар эзэмших хүсэлтийг 2005 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан болох газар эзэмших эрх олгосон дүүргийн Засаг даргын захирамж нь 2004 оны 8 дугаар сарын 06-ны өдөр буюу хүсэлт гаргахаас өмнө гарсан нь тодорхой харагддаг. Түүнчлэн газар эзэмших эрх олгосон Засаг даргын захирамж болон газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ зэргээр нэхэмжлэгч нарт 400 м.кв газрыг эзэмших эрхийг олгосон байдаг. Харин нэхэмжлэгч нар нь өөрт олгогдсон газрын хэмжээг хэтрүүлэн 565 м.кв газар гэж газрын кадастрын мэдээллийн санд бүртгүүлсэн байдаг.

Дээрх нөхцөл байдлаас харахад нэхэмжлэгч нар нь өөрсдөө холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн нь тодорхой байхад уг нөхцөл байдлыг огт харгалзаж үзэлгүй хууль ёсоор эзэмших эрхийг шилжүүлэн авсан гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргаж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна.

Ийнхүү дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 870 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 55 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулж, шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх “...хариуцагч 2009 онд анх Нийслэлийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 159 дүгээр захирамжаар “Одон консалтинг” ХХК-д эзэмших эрх олгосон 2,0 га газрын байршлыг “өөрчилснөөс” болж Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаар захирамжаар нэхэмжлэгч нарт эзэмших эрх олгосон 800 м.кв газартай давхцсан бөгөөд уг давхцсан газрыг маргаан бүхий актуудаар гуравдагч этгээдэд шилжүүлсэн нь хууль бус” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, анхны газар эзэмшигч болох “Одон консалтинг” ХХК-д газар эзэмших эрх олгосон захиргааны акт /Нийслэлийн Засаг даргын 2003 оны 159 дүгээр захирамж/ хууль ёсны, гагцхүү түүний эзэмшил газрын байршлыг өөрчилсөн үйл баримт буюу “хууль бус факт”-аас болж газар эзэмших эрх шилжүүлсэн актууд хууль бус болсон гэсэн утгатай дүгнэлт хийсэн нь эргэлзээтэй байна.

Учир нь, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд маргаан бүхий актуудаар газар эзэмших эрхийг шилжүүлэх үед /2011, 2013 онд/ “Одон консалтинг” ХХК-ийн эзэмшил газрын байршил нь нэхэмжлэгч нарын газартай давхцсан байгаа бөгөөд тус компани нь тухайн газраа гуравдагч этгээд Л.Энхтайванаас гадна 15 хүнд хуваан шилжүүлсэн, одоо ч уг газрын нэг хэсгийг “Одон консалтинг” ХХК эзэмшиж байдаг /хавтаст хэрэг 1, 135-136 дахь тал/. Үүнээс үзвэл маргаан бүхий актыг хууль бус гэж үзэж буй үндэслэл нь анхны газар эзэмшигч болох “Одон Консалтинг” ХХК-ийн газар эзэмших эрхтэй холбогдож байх тул шүүх хэргийн оролцогчдоос энэхүү нөхцөл байдлыг тодруулах, хэрэв эрх, хууль ёсны ашиг сонирхол зайлшгүй хөндөгдөхөөр бол “Одон консалтинг” ХХК-г гуравдагч этгээдээр оролцуулах нь зүйтэй.

Шүүх энэхүү нөхцөл байдлыг хэргийн оролцогчдоос бүрэн тодруулж, үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүйгээс гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...нэхэмжлэгч нар нь 2011, 2013 оны үйл баримттай маргасан байхад 2009 оны үйл баримтад дүгнэлт хийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байна” гэж маргасан байна.

Түүнээс гадна гуравдагч этгээд нараас маргаж буй “хавтаст хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх олгосон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 163 дугаар захирамж нь тэднийг газар эзэмших тухай хүсэлт гаргахаас өмнө гарсан байдаг, газар эзэмших эрхийн гэрчилгээ авч гэрээ байгуулахдаа анх хүсэлт гаргаснаасаа өөр газар авсан, захирамжаар 400 м.кв газар олгосон байтал кадастрын зурагт 565 м.кв газар байхаар газрын кадастрын санд бүртгүүлсэн” гэх гомдлын үндэслэлүүдийг бүрэн шалгаж, хэрэгт хамааралтай эсэхэд нь дүгнэлт өгөх, үүний тулд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 163 дугаар захирамжтай холбоотой баримт, тайлбар зэрэг шаардлагатай нотлох баримтыг эрх бүхий этгээдээс гаргуулж энэ талаарх маргааныг эцэслэн дүгнэх нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн алиных нь эрх ашигт нийцнэ.

Мөн “Одон консалтинг” ХХК-ийн 2006 оны Газрын кадастрын мэдээллийн сангийн архивын зурган мэдээллийг тухайн оны агаарын зурагтай харьцуулан гаргуулах, түүнийг нь хавтаст хэрэгт авагдсан байгаа нэхэмжлэгч нарын 2006 оны Газрын кадастрын мэдээллийн сангийн болон агаарын зурагтай нь харьцуулан дүгнэлт хийх нь маргааныг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой.

Дээр дурдсан нөхцөл байдлуудыг бүрэн тодруулж, шаардлагатай нотлох баримтыг цуглуулан хэргийг бүх талаас нь бүрэн дүгнэж, хэргийн оролцогчдын хэн алинд нь эргэлзээгүй болгосны үндсэн дээр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй хэмээн шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны  өдрийн 870 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2017/0055 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар гуравдагч этгээд Ч.Мөнхбат, Л.Энхтайван нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн тус бүрийн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧ                                                                                   Г.БАНЗРАГЧ