Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2389

 

 

П.Э-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2017/02542 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч П.Э-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч “УБТЗ” ХНН-т холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч П.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Э нь 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хөдөлмөрийн гэрээгээр УБТЗ ХНН-ийн Зорчигч үйлчилгээний төвийн Тээш худалдаа, нийтийн хоол хариуцсан байцаагчаар томилогдон ажиллаж байсан. Гэтэл 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Б-I-101 тоот дугаартай УБТЗ-ын даргын тушаалаар бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн нэрийдлээр П.Э-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж ажлаас халсан. Ажиллах хугацаандаа П.Э нь ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж ямар нэгэн арга хэмжээ авагдаж байгаагүй, өгөгдсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь хийж амжилт гаргаж байсан. УБТЗ-ын даргын А-71 тоот тушаалаар бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт оруулахдаа миний ажиллаж байсан Зорчигч үйлчилгээний төвийг Зорчигч тээврийн алба болгон өөрчилсөн. Ингэхдээ П.Э-ын ажил эрхэлж байсан тээш худалдааны байцаагчийн албан тушаал худалдаа үйлчилгээ хариуцсан байцаагч болон өөрчлөгдсөн, уг албан тушаалын ажлын байрны тодорхойлолт нь П.Э-ын эрхэлж байсан ажилтай нэг чиг үүрэгтэй байсан. Үндэслэлгүйгээр ажлаас халагдсанд гомдолтой байна. Иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагчийн гаргаж өгсөн цалингийн хүснэгтийг үндэслэн тооцож 7 426 900 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Э нь УБТЗ-ын Тээш худалдааны төвийн даргын 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 14 тоот тушаалаар Тээш худалдааны төвийн худалдааны асуудал хариуцсан байцаагчаар анх томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Замын даргын 2016 оны 01 дүгээр сарын 06-ны А-05 тоот Бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох тухай тушаалаар Зорчигч үйлчилгээний албыг татан буулгаж, шинээр бие даасан баланстай Зорчигч үйлчилгээний төв болгон өөрчлөн зохион байгуулж, уг байгууллагын харъяанд Тасалбарын төв, Зорчигч үйлчилгээний буудал, Улаанбаатар дахь вагон депо, Зэхэлт бэлтгэлийн контор, Тээш худалдааны төв, Нийтийн хоолны төв зэрэг 6 бие даасан баланстай байгууллагыг оруулсан. Зорчигч үйлчилгээний төвийн харъяанд Тээш худалдааны төв болон Нийтийн хоолны төв шилжсэнээр тэдгээр байгууллагын харъяа худалдаа, үйлчилгээ эрхэлдэг төв орон нутгийн харъяа бүх сүлжээ дэлгүүрүүд, талх нарийн боовны цех, вокзалын ресторанууд, вагон ресторан, буфет, ажилчдын цайны газрууд харъяалагдах болсон. Үүнтэй холбоотойгоор Зорчигч үйлчилгээний төвд Тээш-худалдаа, нийтийн хоол хариуцсан байцаагчийн орон тоог шинээр бий болгож, Замын даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б-1-19 тоот тушаалаар П.Э-ыг Зорчигч үйлчилгээний төвд Тээш худалдаа, нийтийн хоол хариуцсан байцаагчаар томилсон. Худалдааны төвийг Худалдаа үйлчилгээний алба болгон бие даасан баланстайгаар өөрчлөн байгуулсантай холбоотойгоор П.Э-ын Тээш-худалдаа, нийтийн хоол хариуцсан байцаагчийн орон тоо бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн дагуу хасагдсан. Орон тоо хасагдсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Тухайлбал, Замын даргын 2017 оны А-71 тоот тушаалаар бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн бөгөөд Замын дарга нь УБТЗ-ын бүтэц зохион байгуулалтыг батлах эрх бүхий ерөнхий хорооноос олгогдсон эрх хэмжээний дагуу буюу 2009 оны 4 тоот протоколоор орон тоо батлах, салбар нэгжийг байгуулах, татан буулгах эрх хэмжээг замын даргад олгосон байдаг. Энэ эрх хэмжээнийхээ хүрээнд тушаалын үндэслэлд дээрх ерөнхий хорооны хурлын тэмдэглэлийг үндэслэн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн. Зорчигч үйлчилгээний төв нь 26 орон тоотой байсан бол зохион байгуулалтын өөрчлөлтөөр Зорчигч тээврийн алба нь 23 орон тоотой болж өөрчлөгдсөн, бөөнөөр халаагүй учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан зохицуулалт хамаарахгүй. П.Э-д Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан сарын өмнө мэдэгдэх үүргийн дагуу түүнд 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдэл гардуулж, 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б-1-101 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 43.1, Хамтын гэрээний 3.14 дэх заалтуудыг удирдлага болгон, П.Э-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөр тасалбар болгон цуцлаж, 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний ажлаас халагдсаны тэтгэмж олгосон. Хуульд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцласан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан П.Э-ыг УБТЗ ХНН-ийн тээш худалдаа, нийтийн хоол хариуцсан байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч УБТЗ ХНН-ээс 7 279 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 147 750 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Э-ыг адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг хариуцагч УБТЗ ХНН-т даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагчаас 131 426 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй учраас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагатай огт хамааралгүй, УБТЗ-ын өөр чиг үүрэг бүхий худалдаа үйлчилгээний байгууллага болох Худалдаа үйлчилгээний албанд байгаа худалдаа үйлчилгээ хариуцсан байцаагчийн ажлын байрыг нэхэмжлэгчийн ажлын байрны үндсэн чиг үүрэгтэй адил байна гэж дүгнэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

...УБТЗ-ын ажилтнуудын ажлын байрны тодорохойлолтод заасан ерөнхий чиг үүрэг болох дарга, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, гомдол, мэдээлэл хүлээн авах утсаар ирсэн гомдол, мэдээллийн дагуу шуурхай арга хэмжээ авах, хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдалыг таслан зогсоох гэсэн ерөнхий чиг үүргүүдийг харьцуулаад ажлын байрны үндсэн чиг үүрэг нь адил гэж дүгнэж нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2-д "Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Э-ыг адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг хариуцагч "УБТЗ" ХНН-д даалгасугай" гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүх нэхэмжлэгчийг байхгүй болсон ажил, албан тушаал буюу Тээш худалдаа, нийтийн хоол хариуцсан байцаагчийн ажилд эгүүлэн тогтоогоод, түүнийгээ зөвтгөхдөө хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг даалгаж буй нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг тооцохдоо нэг өдрийн дундаж цалин хөлсийг буруу тооцсон. Хариуцагч талаас нэхэмжлэгч П.Э-ын цалингийн тодорхойлолтыг тамгатай эх хувиар нь гаргаж өгсөн байхад шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй ба нийгмийн даатгалын дэвтрээс зөрүүтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. /хх-60/ Нэхэмжлэгч тал цалингийн тодорхойлолтын талаар маргаагүй ба тухайн цалингийн тодорхойлолтын дагуу нэхэмжлэлийн үнийн дүнг тооцож нэхэмжилсэн байхад шүүх нэхэмжлэлийн дүнг нэмэгдүүлж тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй. Шүүх нийгмийн даатгалын дэвтэрт бичсэн дүнгээс ажилгүй байсан хугацааны нэг өдрийн дундаж цалинг тооцож гаргасан тул цалин хөлсний бүрэлдэхүүнд орохгүй жилийн үр дүнгийн цалин, хоол, унаа, томилолтын мөнгө зэргийг дундаж цалин хөлснөөс хасч тооцоогүй. Нэхэмжлэгчид 1, 2, 3 сард хоол 191 500 төгрөг, унаа 30 000 төгрөг, жилийн үр дүнгийн цалин 1 392 488 төгрөг, нийт 1 613 988 төгрөг олгосон болох нь хзрэгт авагдсан цалингийн тодорхойлолтоор тогтоогдоно. Тэдгээрийг хасч, сүүлийн 3 сарын цалинг нэмэхэд 4 304 925 төгрөг болох ба 1 сард авах дундаж цалин нь 1 434 975 төгрөг, нэг өдрийн дундаж цалин нь 65 226 төгрөг болох ба нийт ажиллаагүй 116 өдрөөр тооцвол 7 566 216 төгрөг, үүнээс ажлаас халагдсаны тэтгэмж 3 123 130 төгрөгийг хасвал, 4 443 086 төгрөг гарах байтал шүүх буруу тооцсон.

Зорчигч үйлчилгээний төв татан буугдсаны улмаас П.Э-ын ажлын байр байхгүй болсонтой холбогдуулан тус Зорчигч үйлчилгээний төвд Тээш худалдаа, нийтийн хоол хариуцсан байцаагчаар ажиллаж байсан П.Э-д Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу түүнд 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдэл гардуулж, Замын даргын 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б-1-101 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 43.1, Хамтын гэрээний 3.14 дэх заалтуудыг удирдлага болгон, 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний ажлаас халагдсаны тэтгэмж олгон, П.Э-ын хөдөлмөрийн гэрээг 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан тушаал хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, П.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч П.Э нь хариуцагч “УБТЗ” ХНН-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7 426 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч П.Э нь 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Улаанбаатар Төмөр Замын Тээш Худалдааны төвд худалдааны асуудал хариуцсан байцаагчаар ажиллаж байсан ба ажил олгогч 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр А-05 тоот тушаалаар бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийхдээ Зорчигч үйлчилгээний албыг татан буулгаж, Зорчигч үйлчилгээний төвийг байгуулж уг төвд Тасалбарын төв, Зорчигч үйлчилгээний буудал, Вагон депо, Тээш худалдааны төв, Нийтийн хоолны төв, Зэхэлт бэлтгэлийн конторыг тус тус харьяалуулж, 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн Б-I-19 тушаалаар П.Э-ыг Зорчигч үйлчилгээний төвд Тээш худалдаа нийтийн хоол хариуцсан байцаагчаар томилсон тухай үйл баримт хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Үүний дараа хариуцагч байгууллага дахин бүтэц зохион байгуултын өөрчлөлт хийхдээ 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А-71 тоот тушаалаар Зорчигч үйлчилгээний төвийг татан буулгаж Зорчигч тээврийн албыг, шинээр Маркетингийн хэлтэс, Худалдаа үйлчилгээний албыг тус тус байгуулсан бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А-95 тоот тушаалаар Зорчигч үйлчилгээний төвийн бүтцийг батлахдаа Тээш худалдааны төвийн Улаанбаатар дах Тээшийн хэсгийг Улаанбаатар зорчигч үйлчилгээний төв буудалд нэгтгэж улмаар 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б-I-101 тоот тушаалаар П.Э-ыг ажлаас чөлөөлсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогджээ.                                                               /хх 10 дугаар тал/

 

Ажил олгогч 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн  Б-I-101 тоот тушаалаар нэхэмжлэгч П.Э-ыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 43 дугаар зүйлийн 43.1, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн “а”, “з” заалтууд, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны 2016-2017 оны Хамтын гэрээний 3.14 дэх заалт, УБТЗ-ын даргын 2017 оны А-71 тоот тушаалыг тус тус баримталсан байна.

 

Ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн аль нэг үндэслэлийг заагаагүйгээс чухам аль үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь тодорхой бус болжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлийг тодруулахдаа аж ахуйн нэгж, байгууллагын салбар, нэгж татан буугдсан гэж тайлбарласан байна.

 

Хуулийн этгээдийн үйл ажиллагаа хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу бүрмөсөн зогсоогдож эрх, үүрэг нь бусдад залгамжлагдан шилжихгүйгээр дуусгавар болохыг татан буулгах гэж Иргэний хуулийн 32 дугаар зүйлд зохицуулагджээ.

 

Татан буугдах нь хуулийн этгээд болох аж ахуйн нэгж байгууллага эсхүл аж ахуйн нэгж байгууллагын зохион байгууллалтын тодорхой нэг хэсэг нэгж салбар татан буугддаг байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч байгууллагын салбар нэгж болох Зорчигч үйлчилгээний албыг Зорчигч үйлчилгээний төв болгож, Зорчигч үйлчилгээний төвийг Зорчигч тээврийн алба болгож, шинээр Маркетингийн хэлтэс, Худалдаа үйлчилгээний алба байгуулж, Тээш худалдааны төвийн Улаанбаатар дах Тээшийн хэсгийг салгаж Улаанбаатар зорчигч үйлчилгээний төв буудалд нэгтгэж тухайн байгууллагын шинээр байгуулсан салбар нэгжид эрх үүрэг нь залгамжлагдан үргэлжилж байгааг хуулийн этгээд өөрчлөгдөн зохион байгуулагдсан гэж үзэх бөгөөд ажилтнуудын хөдөлмөрийн харилцаа зогсоогдох үндэслэл бий болоогүй гэж үзнэ.

 

Гэхдээ өөрчлөгдөн зохион байгуулагдаж бий болсон салбар нэгж нь үйл ажиллагаа явуулж байх явцдаа өмнөх салбар нэгжээс хүлээн авсан бүтцийн зарим ажлын байрыг хасах, орон тоог цөөрүүлэх зэрэг зохицуулалт хийх шаардлагатай бол уг шаардлагыг аж ахуйн нэгж байгууллага хангахдаа өөрчлөн байгуулагдсан шалтгаанаар бус орон тоо хасагдах, ажиллагсдын тоо цөөрөх гэсэн үндэслэлийн аль тохирохыг хэрэглэх байжээ.

 

Хариуцагч байгууллага Зорчигч тээврийн албыг өөрчлөн зохион байгуулахдаа П.Э-ын ажиллаж байсан ажлын байрыг хассан гэх боловч шинээр бий болгосон Худалдаа үйлчилгээний албанд худалдааны байцаагчийн ажлын байрыг 3 сарын дотор бий болгосон нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч П.Э-ын өмнө ажиллаж байсан Зорчигч үйлчилгээний төвийн Тээш худалдаа нийтийн хоол хариуцсан байцаагчийн ажлын байрны тодорхойлолт, шинээр бий болгосон Худалдаа үйлчилгээний албаны худалдааны байцаагчийн ажлын байрны тодорхойлолтыг хооронд харьцуулан судлавал хийх ажил үүрэг хоорондоо давхцаж байх тул түүнийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болсон талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байв.                                                          

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч П.Э-ыг хариуцагч “УБТЗ” ХНН-ийн тээш худалдаа, нийтийн хоол хариуцсан байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10 402 880 төгрөг гаргуулахаас нэхэмжлэгчид олгосон 2 сарын тэтгэмж болох 3 123 130 төгрөгийг хасч тооцсон нь буруу байгааг дараах байдлаар залруулах боломжтой.

 

Хэргийн 140 дугаар талд нэхэмжлэгч П.Э-ын цалингийн тодорхойлолтыг хариуцагч нотлох баримтаар гаргаж өгсөн ба нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцож үзэхэд 7 742 100 төгрөг гаргуулахаар байгаа боловч нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7 426 900 төгрөгийг гаргуулахаар шаардсан тул 7 426 900 төгрөгийг хариуцагч “УБТЗ” ХНН-ээс гаргуулж нэхэмжлэгч П.Э-д олгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

            Мөн нэхэмжлэгч П.Э-ыг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг шүүх тогтоож, эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоох шийдвэр гарсан, уг шийдвэр хүчин төгөлдөр болсон боловч орон тоо цомхотгосон шалтгаанаар ажил олгогч биелүүлэхгүй, адил чанарын өөр ажил албан тушаалд ажиллуулах талаар ажилтантай тохиролцох, өөр ажил санал болгохгүй байгаа нөхцөл байдал бий болоогүй байтал шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Э-ыг адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг хариуцагч “УБТЗ” ХНН-т даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2017/02542 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Э-ыг “УБТЗ” ХНН-ийн тээш худалдаа, нийтийн хоол хариуцсан байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “УБТЗ” ХНН-ээс 7 426 900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Э-д олгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, 3 дахь заалтыг “2” гэж, 4 дэх заалтыг “3” гэж тус тус дугаарлан,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “131 426” гэснийг “133 780” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “УБТЗ” ХНН-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131 426 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ 

           

                             ШҮҮГЧИД                                      Т.ТУЯА

 

                                                                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ