Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2020/00708

 

ПС ХХК, Н.Г- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/00979 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1033 дугаар магадлалтай,

ПС ХХК, Н.Г- нарын нэхэмжлэлтэй,

КБ ХХК, Д.А, М.М, М.Мт нарт холбогдох

121.915.390 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

 Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч КБ ХХК, Д.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-ын гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Г-, нэхэмжлэгч ПС ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, хариуцагч М.М, хариуцагч нарын өмгөөлөгч Н.М, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ПС ХХК, Н.Г- нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...КБ ХХК болон ПС ХХК-ийн хооронд анх 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдөр бичгээр хэлцэл байгуулагдаж, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 591 м.кв талбай бүхий үйлдвэрийн зориулалттай газрыг 340.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. ПС ХХК-ийн ТУЗ-ийн дарга Н.Г- гэрээ байгуулж, 340.000.000 төгрөг шилжүүлсэн. Н.Г-аас 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Д.Аын дансанд 170.000.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл тухайн газрын хувьд маргаантай асуудал үүссэн. Хариуцагчаас үлдэгдэл төлбөрөө төлчих, газрын маргаан ямар ч асуудалгүй манай талд шийдэгдэнэ, бид танд газрын эрхийг шилжүүлнэ гэж хэлсэн. Тэгээд 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг байгуулан газар дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж, улмаар 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 170.000.000 төгрөг шилжүүлсэн. ПС ХХК тухайн газар дээр сэндвичин хавтангийн үйлдвэр барих төслийн ажил хэрэгжүүлэх байсан. КБ ХХК газрын эрхийг шилжүүлж өгөөгүйгээс энэ үйл ажиллагааг явуулах боломжгүй байдал үүссэн тул уг хэлцлээсээ татгалзаж, мөнгөө буцааж авья гэхэд 340.000.000 төгрөгийг банкинд 1 жилийн хугацаатай хадгалуулсан тул мөнгө өгөх боломжгүй гэж хэлсэн. Мөн Захиргааны хэргийн шүүхэд газрын маргаан үүсч, КБ ХХК-иас хэлцлийн дагуу үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. ПС ХХК-иас сэндвичин хавтангийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэн явуулахын тулд ПС ХХК-ийн ТУЗ-ийн дарга Н.Г- Номин юнион ХЗХ-оос 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 400.000.000 төгрөг зээлж авсан бөгөөд талууд 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан хэлцлээр хариуцагч 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 317.500.000 төгрөг төлөх, үлдэгдэл 22.500.000 төгрөгийг 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төлөхөөр тохирсон. 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Голомт банкны 160017201001 тоот данснаас буюу М.Мөнхтулгын данснаас 317.500.000 төгрөгийг Н.Г-ын данс руу шилжүүлсэн. Мөн 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 3.000.000 төгрөгийг Д.Ааас Н.Г- руу шилжүүлж, 19.500.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Номин юнион ХЗХ-оос авсан 400.000.000 төгрөгийн зээлийн хүүнд 41.157.190 төгрөг төлж, зээл төлөгдөж дуусаагүй. 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 400.000.000 төгрөгөөс хүүнд 3.818.667 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүүнд 6.682.666 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 238.667 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүүнд 7.871.301 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 24.556 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүүнд 6.678.269 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 243.664 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 15.600.000 төгрөг төлсөн. 19.500.000 төгрөгийн хүүнд 15.358.200 төгрөг төлж, нийт 56.515.390 төгрөгийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлж хохирол хүлээсэн. Шүүхэд ирсэн Голомт банкны баримтуудаас харахад М.Мөнхтулгын дансны үлдэгдэл 2013 оны 8 дугаар сарын 1, 2-ны өдрийн байдлаар 270 039 729 төгрөг байсан, 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 100 000 000 төгрөгийн, 2013 оны 8 дугаар сарын 2-ны өдөр 170 000 000 төгрөгийг Д.Ааас шилжүүлж, нийт 270 039 729 төгрөг болсон байдаг. Нэг жилийн дараах буюу 2014 оны дансны хуулганд 2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн байдлаар 47 461 866 төгрөгийн хүүгийн орлого бодогдон хадгаламжийн үлдэгдэл 317 501 616 төгрөг болсон. Үүний 2014 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 317 491 616 төгрөгийн зарлага хийсэн дүнгээс 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хүүгийн орлого 187 891 төгрөг бодогдсон. Нийт 47 649 777 төгрөгийн хүүгийн орлого 1 жилийн хугацаанд олсон байна. Бид нэмэгдүүлсэн шаардлагадаа 12 сараар бодож 45 900 000 төгрөгөөр тооцсон болно.    Иймд КБ ХХК болон Д.А нараас хэлцлийн үүргийн дагуу үлдэгдэл төлбөр 19.500.000 төгрөг, хохирол 56.515.390 төгрөг, нийт 76.015.000 төгрөг, хариуцагч Б.Анхбаяр, М.Мт, М.М нараас үндэслэлгүйгээр олж авсан 45.900.000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч КБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...Бид талуудын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх, газар шилжүүлэх гэрээний үйл баримтад маргахгүй, хүлээн зөвшөөрнө. Тухайн газарт байсан хоёр давхар хувийн сууц, ус савладаг гэх компанид мэдэгдэл хүргүүлэхэд Захиргааны хэргийн шүүхэд хандаад энэ маргаан үргэлжилж явсаар 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Улсын дээд шүүхийн тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн. Үүний дагуу бид албадан буулгах нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгч, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улсын дээд шүүхийн тогтоолоор шийдвэрлэгдсэн. Одоогоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Бид гэрээтэй холбоотой худлаа ярьж, зугтсан зүйл байхгүй. Тухайн газар дээр зөвшөөрөлгүй обьект барьсан гуравдагч этгээд Оюуны холбоо компаниас болж асуудал үүссэн. Үүнтэй холбоотой гэрээний талууд ярилцаад 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн хэлцлийг байгуулсан уг хэлцлийн хуваарийн дагуу бид эхний ээлжинд 317.500.000 төгрөг, дараа нь 3.000.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр үлдэгдэл 2.500.000 төгрөгийг шилжүүлснээр үүргээ биелүүлсэн гэж үзэж байна. Гэрээ байгуулахад зуучилсан Тэнхлэг зууч компанид зуучлалын хөлс 17.000.000 төгрөг төлсөн нь үнийн дүнгийн 5 хувь юм. Уг компанид мөнгө шилжүүлэх асуудалд Н.Г- бид энэ хүнээр зуучлуулсан. Тэнхлэг зууч ХХК руу 17.000.000 төгрөгийг шилжүүлснийг бид хариуцахгүй. Номин юнион ХЗХ-оос 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 400.000.000 төгрөгийн зээлийг Н.Г- гэдэг хүн хувиараа авсан. Зээлийн гэрээнд нэг талаас Номин юнион ХЗХ, нөгөө талаас иргэн Н.Г-, зээлийн зориулалт нь орон сууц худалдан авах гэж байна. Бид 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хэлцэл байгуулж гэрээгээ дуусгавар болгосон. Гэтэл 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Н.Г- зээлээ сунгаж, хэрвээ энэ зориулалтаар зээл авсан бол 317.000.000 төгрөг болон 2.500.000 төгрөг авсны дараа төлөлгүй зээлээ сунгаж байгаа нь зээлийн зориулалт нь өөр байсныг нотолж байгаа гэжээ.

Хариуцагч Д.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...Д.А нь ПС ХХК болон КБ ХХК-ийн хооронд байгуулсан гэрээнд хамааралгүй. Энэ гэрээ 2 хуулийн этгээдийн хооронд байгуулагдсан байгаа. Тийм учраас Д.А ямар нэгэн эрх зүйн харилцаанд оролцоогүй тул Д.Ат холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч бөгөөд хариуцагч М.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мын шүүхэд гаргасан тайлбарт: ...М.Мт нь нэхэмжлэгч компани болон Н.Г-тай ямар нэгэн эрх зүйн харилцаанд оролцоогүй учраас эдгээр төлбөрт хамааралгүй, ямар нэгэн гэрээ хийгээгүй. Мөн М.М миний хувьд өөрийнхөө нэр дээр мөнгө хадгалуулаад 45.900.000 төгрөгийн хүү авсан зүйл байхгүй. Хэрэгт авагдсан дансны хуулгаар харагдаж байгаа. 2013 оны 3 дугаар сард Д.Ааас 170.000.000 төгрөг орж ирсэн. Д.Аын даалгаврын дагуу КБ ХХК-ийн өглөг, өр төлбөрийг шилжүүлээд үлдэгдэл 100.000.000 төгрөгийг М.Мтд, 170.000.000 төгрөгөөс Тэнхлэг зууч ХХК-д зуучлалын хөлс 17.000.000 төгрөгийг шилжүүлсэн. М.М-ын хувьд банкны хуулгаас харахад хүүгийн орлого орсон зүйл байхгүй. Өдрийн орлого гэсэн тэмдэглэгээ байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч КБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-ын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ...Бид 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн хэлцлийн дагуу төлбөрөө бүрэн шилжүүлсэн. Иймд ПС ХХК-иас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч ПС ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М-гийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: ...Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаагаад шилжүүлэхэд ПС ХХК-ийн зүгээс татгалзах зүйл байхгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ТЗ ХХК-ийн төлөөлөгч Д.Д-гийн шүүхэд гаргасан тайлбарт: ...КБ ХХК нь тухайн үед манай компанид хандаж дээрх хэлцлийг гүйцэтгэх зуучлалын үйлчилгээг авсан нь 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдөр манай компанийн кассанд орсон 17.000.000 төгрөгийн бичилт, мөн тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэх Б.Батзоригийн тайлбар бүхий албан тоот зэргээр нотлогдож байна. Зуучлалын гэрээний үндсэн зарчим нь зуучлагч худалдагч, худалдан авагч хоёр талыг холбон өгч, худалдах худалдан авах гэрээ хийгдэж, төлбөр тооцоо хийгдсэнээр зуучлагчийн үүрэг дуусгавар болдог. Иймд энэхүү тохиолдлын хувьд хэлцэл бүрэн хийгдэж төлбөр хийгдсэн тул зуучлагч үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж, зуучлалын хөлсийг манай компани өөртөө үлдээх үндэслэлтэй байна. Тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэх Б.Батзориг Тэнхлэг зууч ХХК болон компанийн хувьцаа эзэмшигчидтэй байгуулсан ямар нэгэн гэрээ түүнтэй адилтгах баримт бичиг байхгүй байна. Эндээс харахад Б.Батзориг нь компанийн нэрийн өмнөөс ямар нэгэн бичиг баталгаа гаргаж өгөх эрх бүхий этгээд биш болохыг тэмдэглэмээр байна. Тухайн үед компанийн гүйцэтгэх удирдлагыг Б.Мөнхнаран хариуцаж байсан гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 101/ШШ2019/00979 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан КБ ХХК-аас 17 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ПС ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Н.Г-ын нэхэмжлэлийн шаардлага, мөн хариуцагч Д.А, М.М нарт болон 59 015 390 төгрөгт холбогдох хэсэг, түүнчлэн хариуцагч М.М, М.Мт нараас 45 900 000 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ПС ХХК эрхийн улсын бүртгэлийн Ү-2205049310 дугаартай, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16101/, Эрчим хүчний гудамж 28 тоот хаягт байршилтай, үйлдвэрийн зориулалттай, 621,5 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг буцаан шилжүүлэхийг даалгах тухай хариуцагч КБ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ПС ХХК-аас төлсөн 925 480 төгрөг, хариуцагч КБ ХХК-аас төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч КБ ХХК-аас 242 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ПС ХХК-д, нэхэмжлэгч ПС ХХК-аас 70 200 төгрөг гаргуулан хариуцагч КБ ХХК-д тус тус олгож,  Нэхэмжлэгч ПС ХХК, хариуцагч КБ ХХК нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1033 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 101/ШШ2019/00979 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дах хэсэгт зааснаар хариуцагч Квадрбат берг ХХК-иас 48 383 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ПС ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27 632 390 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч Н.Г-ын нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Б.Анхбаяр, М.Мт, М.М нарт холбогдуулан гаргасан 45 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дах заалтад ...242 950... гэснийг ...399 865... гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 670 030 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч КБ ХХК, Д.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангаравын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа төдийгүй шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Хариуцагч КБ ХХК нь Баянгол дүүргийн 20 хороо, Ү-0231906 улсын бүртгэлийн гэрчилгээтэй 4591м2 газрын газар эзэмших эрхийг худалдан борлуулахаар 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ПС ХХК-тай 340.000.000 төгрөгөөр эзэмших эрхийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Тухайн газар дээр газар эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр объект барьсан Оюуны холбоо ХХК-ийн зүгээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамжийн КБ ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба дээрх захиргааны хэрэгт КБ ХХК нь гуравдагч этгээдээр оролцсон ба нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдааны явцыг ажиглаж Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шийдвэрүүдийг хүлээхээр харилцан тохиролцсон ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 274 дүгээр магадлал гарсаны дараа буюу 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгчийн зүгээс гэрээнээс татгалзах шийдвэрийг гаргаж хэлцэл байгуулсан юм. Хариуцагчийн зүгээс удаа дараа нэхэмжлэгчид газрын асуудал шүүхээр шийдвэрлэгдэж дуустал цаг хугацаа их зарцуулагдах гээд байна гэрээний үүргээсээ татгалзах саналыг тавьсан боловч бидний зүгээс үйлдвэр барьж, үйлдвэрлэл явуулах хамгийн боломжит газар, шүүхийн шийдвэрийг хүлээнэ гэж хэлдэг байсан ба Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно гэх бодит байдал Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарсанаар бий болсон юм. Анхан шатны шүүх шийдвэртээ нэхэмжлэгч Н.Г- болон Номин Юнион ХЗХ-ы хооронд 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан орон сууц худалдан авах зориулалттай 400.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээ байгуулсан. Дээрх зээлийн гэрээний дагуу авсан зээлийг хариуцагчаас худалдан авсан газар дээр

 
   

 хэрэгжүүлэх төсөлд зарцуулсан гэж тайлбарлаж байгаа боловч уг тайлбараа нотлоогүй гэж зөв дүгнэсэн. Давж заалдах шатны шүүх КБ ХХК болон ПС ХХК-ийн хооронд байгуулсан газар эзэмших эрхийг худалдан борлуулах гэрээг 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ПС ХХК-тай байгуулсан ба иргэн Н.Г- нь гэрээнээс татгалзсантай хамааралтайгаар ямар ч байдлаар хохироогүй байхад дээд шатны шүүх гэрээний оролцогч бус этгээдийг хохирсон гэж үзэж шүүхийн практикт байхгүй асуудлаар Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-д заасан хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэж Н.Г- нь хувьдаа орон сууц худалдан авах зорилгоор Номин Юнион ХЗХ-ноос 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээг Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Ривер Гарден хотхоны 317 байрны 101 тоот орон сууц худалдан авах зориулалтаар нэг жилийн хугацаатай сарын 1.79 хүүтэйгээр авсан зээлийн 50 хувиар буюу иргэний зээлийн хүүг өөрийн эрх мэдлийг хэтрүүлж индексжүүлэн сарын 0,9 хувиар тооцож хариуцагч КБ ХХК-аас 31.383.000 төгрөгийг гаргуулж ПС ХХК-ийн хохирол гэж үзэж олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ПС ХХК болон Н.Г-,  

-хариуцагч КБ ХХК болон Д.А, М.М нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлсэн 19.500.000 төгрөг, гэрээнээс татгалзснаас учирсан хохиролд 56.515.390 төгрөг, нийт 76.015.390 төгрөг,

-хариуцагч М.М, М.Мт нарт холбогдуулан үндэслэлгүй олж авсан хадгаламжийн хүү 45.900.000 төгрөг тус тус гаргуулах нэхэмжлэл,

Хариуцагч КБ ХХК, нэхэмжлэгч ПС ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг буцаан шилжүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.

Хариуцагч КБ ХХК, Д.А, М.М нар үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөөгүй байна.

Нэхэмжлэгч ПС ХХК сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх хариуцагч КБ ХХК-с 17.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ПС ХХК-д олгож, хамтран нэхэмжлэгч Н.Г-ын нэхэмжлэл болон нэхэмжлэлийн бусад шаардлагыг, мөн хариуцагч Д.А, М.М,  М.Мт нарт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх КБ ХХК-с 48.383.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ПС ХХК-д олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.

1. ПС ХХК болон КБ ХХК-ийн хооронд 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдөр бичгийн хэлбэрээр байгуулагдсан газрын эрх шилжүүлж, үнэд 340.000.000 төгрөг төлөх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан, уг гэрээ хүчин төгөлдөр, энэ талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Худалдан авагч ПС ХХК нь гэрээгээр тохирсон 340.000.000 төгрөгийг шилжүүлсэн боловч газрын эзэмших эрхийн талаар гуравдагч этгээд Оюуны холбоо ХХК худалдагч КБ ХХК-тай маргаан үүсгэсний улмаас нэхэмжлэгч гэрээнээс татгалзсныг хариуцагч зөвшөөрчээ. Шилжүүлсэн мөнгөнөөс 17.000.000 төгрөгийг хариуцагч төлөөгүй тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй, энэ нэхэмжлэлийг хангасан нь хуульд нийцжээ.

2. Худалдах-худалдан авах гэрээ хоёр хуулийн этгээдийн буюу ПС ХХК болон КБ ХХК-ийн хооронд байгуулагдсан тул гэрээний оролцогч бус нэхэмжлэгч Н.Г-, хариуцагч Д.А, М.М нар тухайн гэрээнээс үүссэн эрх зүйн үр дагаварыг тухайлбал, шаардлага гаргах, төлбөр хариуцах боломжгүй тул Н.Г-ын нэхэмжлэл, Д.А, М.М нарт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Анхан шатны шүүх, КБ ХХК-с хохиролд 56.515.390 төгрөг, М.М, М.Мт нараас үндэслэлгүй олж авсан хадгаламжийн хүү 45.900.000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч ПС ХХК-ийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хохиролд 31.383.000 төгрөгийг хариуцагч КБ ХХК-с гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулахдаа нотлох баримт үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг  зөрчсөн, Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-д заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн  дүгнэлтийг хэрхэн үгүйсгэсэн нь тодорхой бусаас гадна тус шүүх өөр өөр үндэслэл бүхий 2  төрлийн нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч нь хэнд хариуцуулан гаргасныг ялгаж зааглаагүй, нэхэмжлэлийн үндэслэлд заасантай нийцээгүй, ойлгомж муутай дүгнэлтийг хийсэн байна.

Тухайлбал, нэхэмжлэгч ПС ХХК нь хариуцагч КБ ХХК болон Д.А, М.М холбогдуулан хохиролд 56.515.390 төгрөг шаардахдаа,  Н.Г- болон Номин юнион ХЗХ-ны хооронд 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг үндэслэж, уг гэрээний үүрэгт 2014 оны 4, 5, 6, 7, 9-р сард  төлсөн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон, хариуцагч М.М, М.Мт нарт холбогдуулан хохиролд 45.900.000 төгрөг гаргуулах шаардлагаа, Д.Ааас тэдний дансанд мөнгө шилжин орж тухайн мөнгөнд хүү бодогдсон хэмжээгээр тодорхойлсон атал давж заалдах шатны шүүх, эдгээр 2 төрлийн нэхэмжлэлийн үндэслэлд заасан үйл баримт, цаг хугацааг буруу тодорхойлсон,   хэнд ямар нэхэмжлэлийг холбогдуулсныг анхаараагүй нь зөрчилтэй байна. Өөрөөр хэлбэл, зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл, тэдний мэтгэлцсэн асуудлаас өөр үндэслэл зааж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангажээ.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хохиролд 56.515.390 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэлийн үндэслэлээ нотлоогүй гэж үзсэн бөгөөд тус шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрх зүйн зохицуулалтыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэг гэж хуулийг хэрэглэсэн нь оновчтой зөв байна. Учир нь нэг тал гэрээний үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй байдаг бөгөөд зохигчийн хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний зүйл болсон хариуцагч КБ ХХК-ийн  эзэмшлийн газар доголдолтойн улмаас нэхэмжлэгч ПС ХХК гэрээнээс татгалзсан, нэхэмжлэгч гэрээнээс татгалзахад хариуцагчийн гэм буруу байсан гэж үзнэ. Гэм буруу байгаа нөхцөлд хохирол шаардах эрх үүсэх юм.

Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал, буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцохыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заажээ.

Дээрх зохицуулалт нь хохиролд хамаарах зүйлийг тодорхойлон заасан байна. Харин нэхэмжлэгч хэдийгээр буруутай этгээдээс хохирол шаардах эрхтэй ч уг компанид хохирол учирсан болохыг нотлож чадаагүй байна. 56.515.390 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн үндэслэл болгосон, Н.Г- болон Номин юнион ХЗХ-ны хооронд 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан орон сууц худалдан авах зориулалтаар 400.000.000 төгрөг зээлсэн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлсөн дансны мэдээлэл нь нэхэмжлэгч ПС ХХК-д хохирол учирсныг нотлоогүй байна. Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ, хариуцагч татгалзлаа тус тус нотлох үүрэгтэйг зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг зөрчөөгүй гэж үзлээ.

Хариуцагч М.М, М.Мт нараас 45.900.000 төгрөг гаргуулах ПС ХХК-ийн нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь  үндэслэл бүхий болжээ. Тэд гэрээний оролцогч бусаас гадна мөнгийг нэхэмжлэгчээс шилжүүлэн аваагүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүйг анхан шатны шүүх шийдвэртээ тодорхой тусгасан байна.

5. Хариуцагч КБ ХХК нь өөрийн эзэмшлийн газарт байсан 621.5 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч ПС ХХК-д  шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлснийг зохигч маргаагүй юм. Талууд нэгэнт гэрээнээс татгалзсан учир үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг буцаан шилжүүлэхийг даалгах нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д нийцэх ба сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч зөвшөөрснийг шүүх баталж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу байна.

6. Дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1033 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/00979 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч КБ ХХК, Д.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нын гаргасан гомдлыг хангасугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 314.865 төгрөг төлснийг  шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ