Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2020/0047/З |
Дугаар | 128/ШШ2020/0607 |
Огноо | 2020-09-23 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 128/ШШ2020/0607
2020 оны 09 сарын 23 өдөр Дугаар 128/ШШ2020/0607 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны хоёрдугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* ХХК
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/******* дүгээр тушаалын "НС байц ОТ" ХХК-д олгосон 8,8 га газрын ******* ХХК-ийн хүсэлт гаргасан газартай давхцалтай 1,34 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, *******" ХХК-д 3,9 га газар ашиглах эрх олгохоос татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийн дагуу 3,9 га газар ашиглах эрх олгохыг даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2014 оны 10 дугаар сараас хойш манай компани Байгаль орчин аялал жуулчлалын яаманд аялал жуулчлалын чиглэлээр төсөл хэрэгжүүлнэ гэж хүсэлт гаргасан. Хууль, дүрэмд заасны дагуу бүх шатаар нь явж байгаа. Кадастрын зураг хийлгэж хүсэлт гаргаж, кадастрын зураг дээр төсөл боловсруулж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд үзүүлээд шат шатны нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ болон нарийвчилсан үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгээд тэр нь 5, 6 сарын хугацаанд үргэлжилж, 2015 оны 06 дугаар сард Байгаль орчин аялал жуулчлалын сайдын мэргэжлийн зөвлөлөөр тус хүсэлтийг 2 удаа танилцуулаад дахин нэмж сайжруулж наадмын өмнө 2015 оны 07 дугаар сард Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаал гарахад бэлэн болгоод бичиг баримтаа бүрдүүлсэн байсан. Гэтэл манай төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талбайд Байгаль орчин аялал жуулчлалын сайд н.******* өөр компанид газар олгосон байсан. Гэхдээ тэр компани нь ямар ч бичиг баримт бүрдүүлээгүй, хууль бусаар тушаал гаргуулсан байсан. Үүнтэй бид 2016 онд ******* ******* ХХК-ийн үйлдэл хууль бус байна гэдгээр маргасан. 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шинээр сайд болсон н.Цэрэнбат бидний хүсэлт гаргасан газрыг өөр компанид шилжүүлсэн. Ингээд тухайн шүүхийн шийдвэртэй газрыг дахин өөр компанид олгосон нь буруу гэдгийг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан... гэв.
Хоёр. нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* нь 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2016 онд шүүхээс ******* ХХК-ийн нэхэмжлэлийг давж заалдах журмаар шийдсэн ба ******* ХХК-ийн хувьд нэхэмжлэл гаргах эрхтэй хүсэлт гаргах эрхтэй бөгөөд газар ашиглахтай холбоотой баримтуудыг бүрдүүлж өгсөн байна. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын буруутай эс үйлдэхүй байна гэдгийг дүгнэсэн шийдвэр гарсны дараа ******* ХХК нь 2017 оны 07 дугаар сарын 04-ны өдрөөс хойш 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нийт 8 удаагийн хүсэлт гаргасан. Тухайн газарт газар олгохыг хүсэж байна гэдэг агуулга бүхий хүсэлтийг 3,9 га газрын баримтын хамт бүрдүүлж өгсөн. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас хариу өгөхдөө 2015 оны Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар Баруун дэлгэрийн ам-нд 5 га газар олгогдсон. Танай хүсэлт хангагдсан учир тус газарт эрхээ хэрэгжүүл гэдэг байдлаар тайлбар өгч тухайн газарт газар олгохоос татгалзаж байгаа шийдвэрийг хууль бус гэж үзэж байна. 2015 оны тушаалын хувьд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх болоод Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн аль аль нь дүгнэсэн. 2016 оны 11 сард Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарахдаа 2015 оны Байгаль очин аялал жуулчлалын сайдын тушаалтай холбоотой асуудлыг дүгнэсэн. Баруун дэлгэрийн ам-нд ******* ХХК нь газар ашиглахтай холбоотой хүсэлт гаргаагүй байхад газар ашиглах эрх олгож байгаа нь ойлгомжгүй байна гэдэг асуудлыг дүгнэсэн боловч хариуцагч 2019, 2020 он хүртэл энэ тайлбараа өгсөөр байна. Татгалзаж байгаа шийдвэр нь хууль бус байна гэдгийг шүүхээр тогтоолгож татгалзсан шийдвэрийн улмаас эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа ******* ХХК-ийн эрхийг сэргээж 3,9 газрыг ашиглах эрх олгохыг даалгах гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Байгаль орчин аялал жуулчлалын яам нь НС байц ОТ ХХК-д газар ашиглах эрх олгохдоо 2019 онд тушаал гаргасан. Энэ 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн тушаалаар баримт бичгийн бүрдэл дутуу холбогдох дүгнэлтүүд, нөлөөлөх байдлын үнэлгээ тайлангууд хийгдээгүй байхад, хүсэлт гаргаснаас хойш ажлын 4 хоногийн дотор Байгаль орчин аялал жуулчлалын яам шинээр газар ашиглах эрхийг ******* ******* ХХК-д олгосон ижил байршилд эргэлтийн цэгийг давхцуулан олгосон. Өмнө шүүхийн хүчингүй болгосон компанийн асуудлыг өөр компанид олгож хууль зөрчсөн үйлдлээ давтан гаргасан гэж үзэж байна. Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуульд газар ашиглах эрхийг олгохтой холбоотой зохицуулалтууд байгаа. Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 35.1 дэх хэсэгт зааснаар газар ашиглахаар ******* ХХК нь хүсэлт гаргах эрхтэй. Үүнийг Байгаль орчин аялал жуулчлалын яам хуульд заасны дагуу шийдвэрлэх ёстой. Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.3 дахь хэсэгт хэрэв нэг байршилд хоёр ба түүнээс дээш газар ашиглах эрх үүсвэл үүнийг байгальд учруулах сөрөг нөлөө, нөхөн сэргээх зардал, эдийн засагт үзүүлэх үр өгөөж, төслийн хэрэгжих бодит нөхцөл гэх мэт бусад зүйлийг харгалзаж, аль илүү төсөлд тухайн газрыг ашиглуулахтай холбоотой асуудлыг Байгаль орчны яам шийдвэрлэх журамтай. Гэтэл НС байц ОТ ХХК нь одоо хүртэл байгаль орчны нарийвчилсан үнэлгээ байхгүй. Ямар төсөл хэрэгжүүлэх гэж байгаа нь мөн тодорхойгүй, техник үндэслэлийн эдийн засгийн үзүүлэлт байхгүй. Харин нэхэмжлэгч компанийн хувьд бүрдүүлж өгч байгаа бүх баримтууд нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаа. Энэ хэргийн хувьд 2017 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар шийдвэрлэгдсэн. Нэгдүгээр хавтаст хэргийн 76 дугаар хуудсаас эхлээд авагдсан баримтаас харахад нэхэмжлэгч компанийн бүрдүүлбэрийг хуульд хэрхэн нийцүүлж өгсөн талаар баримт байгаа. Иймд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/******* дүгээр тушаалын 8,8 га газрын НС байц ОТ ХХК-д олгосон газраас ******* ХХК-ийн хүсэлт гаргасан 1,34 га газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгож өгнө үү... гэв.
Гурав. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага нь шүүхээр яваад шийдэгдсэн. 3,9 га газар гэж явж байгаад шүүхээс ******* ******* ХХК-д ямар нэгэн хууль зүйн дүгнэлт өгөөгүй, ******* ******* ХХК-д олгосон 8,8 га газрын 1,34 га газартай давхацсан учир хүчингүй болгож, ******* ХХК-ийн компанийн асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэ гэсэн. Газар ашиглахаар олго гэж шийдвэр гаргаагүй. Тэр үед 3,9 га газрыг олгох ёстой гэж ярьдаг байсан. Тухайн үед нэхэмжлэгч компанийн захирлаар ******* ажилладаг байсан. Иймд хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах нь зүйтэй юм.
Нэг дэх нэхэмжлэлийн шаардлагын хувьд иргэн аж ахуй нэгж газар ашиглах эзэмших, эрхээсээ татгалзаж болдог. ******* ******* ХХК нь 8,8 га газраас татгалзаж байна гэсэн хүсэлтээ өгсөн. Тус газарт НС байц ОТ ХХК нь газар ашиглах хүсэлт гаргаж, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тушаал гаргаж газар ашиглах эрхийг олгосон. Энэ компани нь зохих журмын дагуу холбогдох баримт бичгийг бүрдүүлж өгсөн, ерөнхий үнэлгээг хийлгэсэн байсан. Ерөнхий үнэлгээг газар ашиглах эрх авахын өмнө хийлгэнэ гэсэн зүйл байхгүй, төсөл хэрэгжүүлж эхлэхдээ хийж болно. Байгаль орчинд нөлөөлөх үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан байдаг. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас ерөнхий үнэлгээг хийлгэх шаардлагатай гэсэн шаардлагыг тавьж газар олгож байгаа. Ингээд 2017 оны 2 дугаар сарын магадлал гарснаас хойш ******* гуай удаа дараа ирж уулздаг, хүсэлт гаргадаг байсан. 2017 онд н.******* сайд, манай хуулийн хэлтсийн н.******* дарга тухайн үед газар ашиглалт хариуцаж байсан н.Гал гэж мэргэжилтэн, мөн миний бие н.******* сайдын өрөөнд суугаад ярьж байсан. н.******* дарга *******аа танай компанид тухай газар олгогдохгүй, шүүх манайд газрыг олго гэж даалгаагүй юм байна. 1,34 га газрыг олгох боломжгүй гэж хэлсэн. Чамд 2015 онд Баруун дэлгэрийн ам-нд 5 га газрыг олгосон. Түүнийгээ ашигла гэдэг байдлаар хандсан. 2015 онд Баруун дэлгэрийн аманд олгосон 5 га газраасаа албан ёсоор татгалзаагүй. Тухайн үед шүүхээр явж байхад Баруун дэлгэрийн аманд 5 газрыг авъя ******* ******* ХХК-ийн газар дээр авахаа болъё гэдэг зүйл ярьж байсан гэж манай байгууллагын газрын мэргэжилтнүүд хэлдэг. Үүний дагуу Баруун дэлгэрийн аманд газар олгосон гэж ярьж байсан. Байгаль орчин аялал жуулчлалын сайд уулзалт хийгээд албан ёсоор хэлсэн. Тэгээд дараа нь 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Тусгай хамгаалалтай газар хариуцсан дотоод нэгж тусгай хамгаалалтай газраас албан бичиг өгч танай газар ашиглах боломжгүй гэдгийг хэлж байсан. 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хуулийн хэлтсийн даргаас албан бичиг явж байсан. Бид 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг биелүүлсэн гэж үзэж байна. Учир нь Байгаль орчин аялал жуулчлалын сайд албан ёсоор уулзаж хэлсэн, мөн дотоод нэгжүүд нь гарах боломжгүй гэдэг шийдвэрүүдийг гаргасан. 2017 онд Байгаль орчин аялал жуулчлалын сайд газар ашиглах эрх олгох боломжгүй гэж хэлж байхад нь ******* ХХК нь гомдол гаргаагүй. 2018 онд манай дотоод нэгжээс 4 дүгээр сарын 12-ны өдөр албан бичиг өгч байхад мөн гомдол гаргаагүй. Энэ талаар 2017 онд татгалзсан байхад одоо шүүхэд хандаж байгаа тул хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдах байх. Давхцаж байгаа газрыг ашиглаж байгаа компани нь газар эзэмших эрхээсээ татгалзвал олгох боломжтой. Удаа дараагийн татгалзсан шийдвэрийг удаа дараа мэдэгдсэн. Иймд нэг дэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
Дөрөв. Гуравдагч этгээд НС байц ОТ ХХК-ийн төлөөлөгч Э.Ганбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Манай компани нь Хан-Уул дүүргийн Ташгайн аманд газар ашиглах хүсэлт болон бусад холбогдох материалыг зохих журмын дагуу бүрдүүлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 сарын 03-ны өдрийн А/******* дүгээр тушаалаар газар ашиглах эрх авсан. Материал бүрдүүлэх явцад бидний газар ашиглах эрх нь гуравдагч этгээдийн эзэмшлийн газартай давхардсан эсэх талаар судалж үзэхэд ямар нэгэн давхардалгүй байсан. Энэ нь Богдхан Уулын Дархан Цаазат Газрын Хамгаалалтын Захиргааны 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн албан тоотод НС байц ОТ ХХК-ийн хүсэлт гаргасан газар нь бусад газар ашиглагчийн зөвшөөрөл бүхий газартай давхцалгүй бөгөөд олгоход татгалзах зүйлгүй гэж дурдсанаар нотлогдоно.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлд дархан цаазат газарт газар ашиглах хүсэлтийг хамгаалалтын захиргаанд гаргаж, тухайн байгууллагын шийдвэрийг үндэслэн Төрийн захиргааны төв байгууллага эцэслэн шийдвэр гаргахаар тусгажээ. Гэтэл хэргийн материалтай танилцахад нэхэмжлэгч газар ашиглах хүсэлт гаргасан боловч түүнд газар ашиглах эрх олгосон ямар нэгэн шийдвэр эцэслэн гараагүй болох нь харагдаж байна. Хүсэлт гаргаснаар түүнд газар ашиглах эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй билээ. Харин 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2017/0125 дугаар магадлалаар ******* ХХК-ийн хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаж шийдвэрлэжээ.
Хэргийн материалаас харахад нэхэмжлэгчид Баруун дэлгэрийн аманд 5 га газар ашиглах эрх олгосон боловч нэхэмжпэгч үүнийг эс зөвшөөрч 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Ташгайн аманд эсвэл Арцатын, Жаргалантын аманд газар ашиглах эрх олгох хүсэлт гаргаж байсан байна. Энэ нь нэхэмжлэгч Ташгайн амнаас өөр газарт ч газар ашиглах эрх авах боломжтой болохыг илэрхийлж байна. Тиймээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь шүүхийн шийдэрийг биелүүлэхдээ Ташгайн амнаас өөр газарт ч газар олгох замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжтой гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/******* дүгээр тушаалын НС байц ОТ ХХК-д олгосон 8,8 га газрын "*******" ХХК-ийн хүсэлт гаргасан газартай давхцалтай 1,34 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, *******" ХХК-д 3,9 га газар ашиглах эрх олгохоос татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийн дагуу 3,9 га газар ашиглах эрх олгохыг даалгуулах гэж тодруулжээ.
Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар дүгнэж, шийдвэрлэлээ.
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн маргаж буй газрыг ашиглах хүсэлтийг хүлээн авч Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн албан бичгээр Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэхэд татгалзах зүйлгүй гэж, мөн яамны ерөнхий шинжээчийн 11 дүгээр сарын 14-ний өдрийн ... Ерөнхий үнэлгээний дүнгээр нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай ... гэж мэдэгдэж, нэхэмжлэгчийг нарийвчилсан үнэлгээ хийлгэх явцад түүний хүсэлт гаргасан газрын 1,34 га-д давхцуулан ******* ******* ХХК-д газар ашиглуулахаар шийдвэрлэж байжээ.
Нэхэмжлэгчийн ашиглахыг хүссэн 3,9 га газрын зөвхөн 1,34 га газарт нь давхцуулан ******* ******* ХХК-д газар ашиглах зөвшөөрөл олгосонтой холбоотой маргааныг шүүхээс Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаар тушаалын ******* ******* ХХК-д газар ашиглуулах зөвшөөрөл олгосон хэсгийн нэхэмжлэгчийн 1,34 га газартай давхцсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн газар ашиглах зөвшөөрөл хүссэн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ******* ХХК-ийн хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаж эцэслэн шийдвэрлэжээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүйгээр 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/******* дугаар тушаалаар гуравдагч этгээд НС байц ОТ ХХК-д Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Ташгайн амны хязгаарлалтын бүсэд 8.8 га газар ашиглах зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай олгохдоо нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан газраас 1,34 га газрыг давхцуулан олгожээ.
Хариуцагч энэхүү үйлдлээ ... шүүхийн шийдвэрийг биелүүлж, ******* ******* ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалж, тус газрыг НС байц ОТ ХХК-д олгосон, шүүхийн шийдвэрээр ******* ХХК-д газар ашиглах эрх олгохыг даалгаагүй, харин газар ашиглах эрх олгох эсэх нь сайдын эрх хэмжээний асуудал гэж, түүнчлэн ******* ХХК-д Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын Баруун дэлгэрийн ам гэх газарт 5.0 га газар олгосон... гэж тайлбарлан маргаж байгаа болно.
Нэхэмжлэгчийн ...дээрх 5 га газрыг ашиглах хүсэлтийг гаргаагүй, өнөөдрийг хүртэл тус газрыг ашиглах эрх олгосон тушаалыг аваагүй... гэсэн тайлбартай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй бөгөөд нэхэмжлэгч компанийн хүсэлт гаргаагүй талбайд газар ашиглах зөвшөөрөл олгож, энэ үндэслэлээр хүсэлт гаргасан газрыг олгохоос татгалзсан хариуцагчийн шийдвэр ойлгомжгүй байна.
Өөрөөр хэлбэл Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын Ташгайн аманд ******* ******* ХХК-ийн ашиглаж байсан 8.8 га газрыг НС байц ОТ ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан хүсэлтээр 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тус газрыг ашиглуулах шийдвэр гаргаж, мөн өдөр гэрчилгээ олгосон нь, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... газар ашиглуулах шийдвэр гаргахад заавал байгаль орчны нарийвчилсан төлөвлөгөө шаардахгүй... гэсэн тайлбар нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Төрөөс газрын талаар дараах зарчмыг баримтлана;, 4.1.3-т газар...ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах; гэснийг зөрчсөн, хариуцагч Байгаль, орчин аялал жуулчлалын сайд хуульд заасан үндсэн зарчимд нийцсэн шийдвэр гаргаагүй гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч ******* ХХК нь маргаан бүхий талбайд газар ашиглах хүсэлтээ, цаг хугацааны хувьд НС байц ОТ ХХК-ийн хүсэлтээс өмнө хуульд заасан журмын дагуу гаргасан байхад энэ нөхцөл байдлыг шалгахгүйгээр гуравдагч этгээдэд газар ашиглуулах зөвшөөрөл олгосон хариуцагчийн шийдвэр хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй байна.
Захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтан нь газар ашиглах шийдвэр гаргах эрхтэй хэдий ч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал газар ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан сонголт хийнэ. гэсэн зохицуулалтыг баримтлан шийдвэр гаргах үүрэгтэй бөгөөд хариуцагч энэ үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.
Хариуцагч нэхэмжлэгчийн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах хүсэлтээс ... бусдын ашиглалтын газартай давхцсан, өөр газар газар ашиглах эрх олгосон... гэсэн үндэслэлээр татгалзсан нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана, 36 дугаар зүйлийн 3-д Аялал, жуулчлал эрхлэх зориулалтаар газар ашиглах тухай хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын аялал, жуулчлалын үйл ажиллагаа явуулах материаллаг баазыг олон улсын стандарт, түвшинд хүргэсэн байдлыг нь харгалзан сонголт хийнэ., 5-д Газар ашиглуулахаас татгалзсан бол төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрт үүний шалтгаан, үндэслэлийг заана гэснийг зөрчжээ.
Хариуцагч захиргааны байгууллага өмнө гарсан шүүхийг шийдвэрийг гуйвуулж, ******* ХХК-д 3,9 га газар ашиглах эрх олгохоос хууль бусаар татгалзсаны улмаас нэхэмжлэгчийн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл хүссэн хүсэлтээ хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэх эрх зөрчигдсөн байх тул хариуцагчид нэхэмжлэгчийн хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг бус харин гаргасан хүсэлтийн дагуу тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах эрх олгохыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь ******* ХХК нь 2014 оноос хойш Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газарт 3,9 га газар ашиглах хүсэлтийг хууль журамд заасан холбогдох баримтуудын хамт хүргүүлж, захиргааны байгууллагаас байгаль орчны ерөнхий үнэлгээг баталж, дэмжин байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэн, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний төслийг боловсруулан ирүүлэхийг даалгасан атлаа ...хүсэлт гаргасан газар нь бусдын ашиглаж буй газартай давхцсан, өөр газар олгосон... гэсэн хууль бус үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг нь хууль бусаар удаа дараа зөрчиж, шүүхийн шийдвэрийг үндэслэлгүйгээр биелүүлэхээс татгалзаж байгаа болно.
Нөгөөтэйгөөр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа бодит нөхцөл байдалд тохирсон байх ёстойн дээр төрийн үйл ажиллагаанд тэгш байдлыг хангах зарчимтай. Нэхэмжлэгч эрх бүхий захиргааны байгууллагад газар ашиглах хүсэлтийг шаардлагатай баримт материалын хамт бүрдүүлэн өгсөн, харин захиргааны байгууллагаас шийдвэр гаргах үйл ажиллагаа хийхээс хууль бусаар татгалзаж байгаа тул даалгаж шийдвэрлэх нь зүйд нийцнэ гэж үзлээ.
Гуравдагч этгээдийн хувьд шүүх хуралдаанд оролцохоос татгалзсанаа шүүхэд бичгээр мэдэгдсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 3, 5-д заасныг баримтлан ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 03-ний өдрийн А/******* дүгээр тушаалын НС байц ОТ ХХК-д газар ашиглуулах зөвшөөрөл олгосон 8.8 га газрын нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан 1,34 га газартай давхцсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчид 3.9 га газар ашиглах эрх олгохоос татгалзсан хариуцагчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, ******* ХХК-ийн хүсэлтийн дагуу 3,9 га газар ашиглах эрх олгохыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ