Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2017/ШЦТ/311

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ж.Мөнхтуяа, Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч Б.Дагвасүрэн, нарийн бичгийн даргад Б.Нарангэрэл, Б.Цагаанцоож,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхмаа,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Отгонхүү, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, Б.Энхтуяа,

шинжээч Б.Тэнүүн, Т.Амартүвшин, М.Золжаргал, гэрч М.Хунгообээж, Э.Мөнхдэлгэр,

шүүгдэгч Н.Ц, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх, Г.Тунгалаг, Ж.Тэгшмандал, С.Сувдмаа,

шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Э.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н Ц, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О нарт холбогдох 201219000567 дугаартай 8 /найм/ хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1966 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн Алтандорнод хороололд оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй овгийн  Ц гэв.

Монгол Улсын иргэн, 1968 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 49 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, цэргийн техникийн ашиглалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 6-р хороо, 73-03-05 тоотод оршин суух О.  гэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/:

Шүүгдэгч Н.Ц нь 2012 оны 09 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутагт Д.О, Э.Октябрь нарын хамтаар Э.Октябрийн эзэмшлийн 21-32 УНМ улсын дугаартай Ланд-80 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байхдаа архидан согтуурч, улмаар хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж Э.Октябрийн цээжин тус газарт нь хутгалж шууд санаатай алсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Д.О нь согтуугаар 2012 оны 09 дүгээр сарын 07-ноос 08- нд шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутагт иргэн Н.Цг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэп:Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ц мэдүүлэхдээ: "2012 оны 9 сарын 7-ний өдөр 10 цаг болж байхад талийгаач утасдаад ахаа хоёулаа өвсөнд яваад ирье гэхээр нь би амжихгүй гэсэн чинь удаагүй байсан чинь талийгаач манай гадаа ирээд Пэлжээ ахаа явах уу гээд хүрээд ирсэн тэгэхээр нь би ах нь амжихгүй махгүй болчихсон хоолны маханд явна гэсэн чинь эхнэр ирээд дургүйцээд тэгсэн ганц удаа гуйж байна ш дээ хамт явъя гэсэн тэгээд эхнэр зөвшөөрөөд гарсан. Тэгсэн талийгаач Ог авна гээд Ог гэрээс нь аваад Заамар дэлгүүр ороод ойр зуурын юм авна гэж орчихоод нэг Ерөөл архи аваад гарч ирсэн. Тэгээд хөдлөөд явж байтал бороо орчсон чинь талийгаач өвс үзэх тарвага эргүүлэх боломжгүй юм байна даа гэхээр нь гайгүй байлгүй дээ гээд бид нар хоорондоо ярьж байсан. Тэгээд эрээд олохгүй болохоор нь Шаравдоржийг хайгаад олохгүй байгаад нэг хүмүүстэй таараад асуусан чинь зааж өгсөн толгой дээр очоод асуусан чинь та нар хэтрээд ирчихсэн байна гээд та нар байж бай би асуугаадхъя гээд гэртээ орчихоод Болдоо гэдэг залуу гарч ирээд тэр хүн чинь байхгүй байна сумын төв явчихсан байна гэсэн. Тэгээд талийгаач тарвага харъя гээд уулаар 2-3 цаг явж байгаад талийгаач ерөөсөө явъя гээд талийгаач сүлжээтэй газар байна уу гэсэн чинь О энд сүлжээтэй газар байгаа гээд талийгаач тэр Шаравдорж руу ярьсан чинь сумын төв дээр байна гэсэн тэгээлд би гэрлүүгээ бас холбоо барьчихаад өлсөж байна гээд айлд орсон тэгэд энэ 2 хоёр худ айраг уугаал би айраг уудаггүй гээд цай уусан. Тэгээд хүлээж байхаар өөдөөс нь явъя гээд талийгаач бид нар явсан. Тэгээд өөдөөс нь явж байсан чинь нэг трактортой хүнтэй таарсан чинь одоо ирж байгаа та нар хүлээж байхгүй гээд явсан тэрний дараа 30 минутын дараа ирээд уулзсан тэгсэн Шаравдорж нэгэнт ирснийх уулзчихаад яв гэсэн талийгаач машинаасаа нэг ерөөл ажлын бээлий гараж ирээд ажилчидтай өгөөрэй гэсэн. Тэгээд талийгаач машинаасаа экс архиа гаргаад Шаравдоржид өгсөн тэгээд явж өвсөө үзье эндээс 7-8 километр байгаа гээд хамт явцгаасан. Тэгээд өвсөө үзчихээд буцаж ирээд Шаравдорж талийгаачийн өгсөн ерөөл архийг ажилчидаа өгөөд яахав гээд тэр архийг уусан. Тэгсэн Шаравдорж 10-тын бригад орж ахиж архи аваал тэрийгээ уусан тэгээд талийгаач ажилтай гээд яаараад байх шиг байсан. Тэгээд бид нар тэндээсээ хөдлөөд явж байгаа би ард нь сууж явсан нойр хүрээд унтчихсан байсан. Нэг сэрсэн чинь хүмүүс маргалдаад байсан тэгээд харсан чинь талийгаач О 2 маргалдаад талийгаач О намайг дээрлэхэж байна гэр бүлээр оролдоод гэхээр нь би боль гэсэн О машинаа зогсоо гээд намайг зодсон.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О мэдүүлэхдээ: "Талийгаач хадлангаа үзчихээд ганц тарвага боож идчихээд иръе гэхээр нь 9 сар гарчихсан чи бид хоёрт баригддаг тарвага гэж байхгүй гэсэн чинь талийгаач би машиндаа бензин хийчихээд ирнэ шүү гээд явсан тэр хооронд би банк орж цалингаа авчихаад хүүгийнхээ ажил дээр жоохон сууж байгаад ирсэн чинь талийгаач хүрээд ирсэн би эхнэр хоол хийж байна идчихээд гаръя гэсэн чинь гадаа Н.Ц сууж байгаа хүн хүлээлгээд яахав гээд гарсан би буу хутга цүнхээ аваад гарсан. Тэгсэн Ц машины урд суучихсан байсан намайг гараад ирсэн нь буугаад хойшоо суух гэхээр нь хэрэггүй гээд би хойно суусан. Тэгээд н.Шаравдоржтой уулзаад талийгаач машинд байсан эксээ задлаад ууцгаасан. Тэгээд өвсөө үзчихээд хөдлөхдөө би урд суугаад н.Шаравдорж, Н.Ц 2 хойно суусан. Тэгээд архи ууж дуусгаад байж байсан чинь талийгаач ар хур ороод архи авъя гээд яваад н.Шаравдорж очоод таньдаг хүнээрээ нэг шил архи авахуулсан. Тэгээд машин дээрээ ирээд архиа уусан би тэр хоёрыг хүлээж байгаад машин дотор унтчихсан байсан чинь талийгаач машиндаа орж ирээд н.Шаравдоржоос өвс авахаа болилоо гээд хөдөлсөн чинь Н.Ц чи н.Шаравдоржийг зам дээр хаях гэлээ гээд талийгаач буцаж байх шиг байсан. Тэгээд би унтчихсан байсан тэгсэн Очироо ахаа гээд дуудсан чинь гарынх нь салаанаас цус гарчихсан Н.Ц наймаг хутгалчихлаа гэсэн миний хутаг машины голд байсан. Би бариул хэсгээс нь чимхээд хөлрүүгээ шидсэн. Тэгээд талийгаач би үхлээ гэхээр нь ахын дүү суудлаа солиод сууя гээд сольж суугаад би Н.Цг чи хүн алчихлаа ш дээ гэсэн чинь Н.Ц наймаг чи хутгалсан биз дээ гэхээр нь энэ намайг гүтгэж байна гэж бодоод талийгаачаас эхнэрийх нь утсыг аваад эхнэртэй яриулаад талийгаач эхнэртээ Н.Ц намайг хутгалчихлаа гэж 2-3 удаа хэлсэн. Тэгээд би бас эхнэртэй нь яриад эмнэлэг болон цагдаад хэлээрэй гээд явсан чинь талийгаач би бууя гээд байсан би хурдан эмнэлгийн тусламж үзүүлэх хэрэгтэй гэсэн чинь буух гээд цээжээ машинаас гарах гээд байсан би талийгаачийн цамцнаас зуураад байсан чинь дийлдэхгүй болохоор нь унагаачихаж магадгүй гэж бодоод зогссон чинь талийгаач буугаад 2 алхаад газар хэвтээд өгсөн. Тэгээд би машинаас буугаад тойрч очоод машинд оруулах гэсэн боловч дийлэхгүй байсан. Би н.Отгонхүү рүү залгаад та нар яачихваа гэсэн чинь олоо очиж байна гэсэн тэр хооронд би 700-800 метр явсан. Тэгээд буцааж талийгаач Н.Ц хоёрыг хайгаад олохоо больчихсон. Тэгээд би Н.Ц чирээд явчих шиг боллоо гэж хэлсэн. Гэрлээрээ дохиод талийгаачийн 2 дүү болох н.Хонгорзул, н.Мөнхдэлгэр 2 ирээд ахыг яагаад алчихваа гэсэн тэгэхээр нь би алаагүй Н.Ц алсан гэсэн. Жоохон яваад миний үлдээсэн газар талийгаач Н.Ц нар байсан. Би тухайн үед хажуу тийшээ салсан замаар явсан байснаа мэдээгүй тэгээд 2 дүү нь очиж үзээд ах өнгөрчихсөн байна ш дээ гэж хэлсэн байсан. Тэгээд Цагдаа эмнэлэг ирээд талийгаачийг аваад явсан тэгээд талийгаачийн машинг дүү нь бариад явах гэсэн боловч чадахгүй болохоор нь ах нь бариад явах уу гээд би бариад явсан. Би Н.Цг нэг удаа цохисон.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Отгонхүү мэдүүлэхдээ: "Манай хүн над руу утсаар яриад хадланд яваад иръе гэж байсан. Тэгэхэд би хотод байсан юм. Тэгээд шөнө 9905 тай дуудлага орж ирээд Д.О залгаад Н.Ц Окийг хутгалчихлаа гэж хэлж байсан. Тэгээд би Хонгорзултай яриад ахыг чинь хутгалчихсан байна гээд хэлсэн. Би өөрөө нэг ярьсан миний хөгшин яасан бэ гэхэд "үхлээ л” гэсэн Д.О өөрөө худлаа яриад байгаа юм. Яагаад миний нөхрийг та 2 алсан юм бэ. Ичихгүй энэ олон хүний дунд би н.Отгонхүүд нөхрийг маань Ц намайг хутгалсан " гэж хэлсэн гээд худлаа ярьж чадаж байнаа 5 жил энэ хэргийн жинхэнэ алуурчин олдох болов уу гэж хүлээлээ. Маш их гомдолтой байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Б.Тэнүүн өөрийн гаргасан дүгнэлтээ тайлбарлан мэдүүлэхдээ: Би тус хэрэгт холбогдолтой 2 шинжээчийн дүгнэлт гаргаж өгсөн байгаа миний гаргасан 2 дүгнэлт бол үндэслэлтэй гэж үзэж байна. Би хувцаснаас хайчилж авч байгаад тусгай бодис цацахад урвал өгөөгүй тул цус гэж үзэхгүй. Магадгүй хадгалалтын журам зөрчсөн байж магадгүй. Химийн нөлөөллөөр /жишээ нь угаах байж болно/ толбо гарахгүй байж болно.

Бага хэмжээний толбо бол арилж болно. 4420 тоот дүгнэлт дээр цэнхэр өнгийн цамцнаас цус илэрсэн байна, ДНК дээр манай тухайн үед их ачаалалтай байсан. Надад 2015 оны дүгнэлт дээр шинжилгээ хийлгэчхээд 2016 онд дахин шинжилгээ хийлгэсэн шинжилгээний ажлын зааврын дагуу шинжилгээ хийсэн.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Т.Амартүвшин өөрийн гаргасан 1240 дугаартай дүгнэлтээ тайлбарлан мэдүүлэхдээ: "Шинжээчийн 1240 дугаартай дүгнэлтийг нэмэлтээр хийж бүрэлдэхүүнтэй гаргасан. Бид 3 санал нэгтээ дүгнэлт гаргасан. Талийгаачид учирсан гэмтэл шинэ гэмтэл. Нэмэлт дүгнэлтээр бид нар байрлалыг тогтоож магадлалтай гэж дүгнэлт гаргасан. Үүнийг бид нар гаргах боломжгүй өөр криминалистикийн шинжээч гаргана. Нэмэлт дүгнэлтээр нарийвчлан тогтоогоод машин дотор үүссэн байх боломжтой гэсэн. Нэмэлт дүгнэлтээр асуулт тавьсан тул дүгнэлтээ гаргасан. Хутганы үзүүр урдаас хатгагдсан. Баруун гараас магадлалтай. Тэгж хариулж байсан байж болно гэхдээ нарийвчлан баруун гар илүү магадлалтай. Дүгнэлтийг гаргахдаа хэрэгт цугларсан /3 дугаар хавтаст хэргийн 676 талын гэрэл зургийн 31 -32 тал/ гэрэл зураг болон туршилтанд оролцож дүгнэлт гаргасан. Туршилтанд би ганцаараа орсон.”гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч М.Золжаргал өөрийн гаргасан 1240 дугаартай дүгнэлтээ тайлбарлан мэдүүлэхдээ: "Илүү магадлалтай нь араас хутгалах боломжтой гэж үзсэн. Баруун гараараа үйлдэх боломжтой гэж хариулсан. Бичигдсэн бол тэгж хариулсан байх. Туршилт болон биологийн дүгнэлтээр авто машинд авсан байх боломжтой гэж үзсэн байгаа. Гадаа орчинд хийсэн туршилт дээр тулгуурласан. Би шинжээч эмч ажилтай. Арын суудалд сууж байгаа хүн бол илүү боломжтой гэсэн дүгнэлт гаргасан байгаа. 2016 оны 09 дүгээр сарын 21-нээс 9 дүгээр сарын 30-ны хооронд танилцсан. Туршилтанд оролцоогүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Хунгообээж мэдүүлэхдээ: "миний ярьж байгаа үнэн. Хэрэг гардаг өдөр О хөдөө явахдаа дисантк өмдтэй цагаан малгайтай гарсан. Маргааш өглөө нь Наранхүүгийн утас дуугараад гараад явсан. Тэгээд үдээс хойш нь Наранхүү орж ирээд аавынхаа малгай гутал хоёрыг авч орж ирээд шатаана гэж байсан. Наранхүүгийн найз Шижирбаатар энэ хэргийг шалгаж байсан тэрэнтэй Наранхүү байнга уулзаад мөнгө төгрөг өгч байсан ууж иддэг байсан. Наранхүү 100.000 төгрөг аваад өг гэхээр нь би яах гэж байгаа вэ гэсэн чинь Шижирээд өгнө гээд энэ хэргээс болж байнга мөнгө нэхээд байх бий дээ гээд авч байсан. О хөдөө анд явахдаа тэр дисанц хувцас хантааз өмсдөг байсан. Тэр хантааз нь сүүлд гэрт нь байсан. 9 сарын 7-ний өглөө анд явахдаа цагаан малгай хантааз ногоон эрээн судалтай цамц өмссөн байсан. Намайг маргааш нь бил үү нөгөөдөр нь билүү ороход хадам ээж угаалгын машинд хийгээд тэр хувцсыг угааж байсан тэгээд яанаа нил цус байна ш дээ гэж хэлж байсан. Ийм хувцастай байгаагүй /хэрэгт авагдсан Огийн хэрэг гарах үед өмсөж явсан гэх хувцастай зураг харуулав/ дисант өмдтэй байсан. Наад зурагт байгаа өмдийг чинь дотуур нь өмссөн байж магадгүй. Манайд орж ирээд гарсан болохоор би сайн харсан. Энх-Амгалан, Энхбат гэдэг хүмүүс хамаатан. Оюунчимэг гуай өөрөө нул цус байна гээд угаахдаа хэлж байсан. Би зөвхөн өөрийнхөө үзсэн харсан зүйлийг л мэдүүлж байна худал хэлсэн зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Мөнхдэлгэр мэдүүлэхдээ: "Шүүгдэгч нарыг танина нэг нутаг. Амь хохирогч миний ах хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бол манай бэр эгч. Хонгороо ах хэлсэн анх надад 02 цаг болж байхад ахыг хүнд хутгалуулсан талаар хэлсэн Отэй эхлэж уулзсан тэгэхэд Цг чирээд явчихлаа гэсэн тэгсэн чинь цаашаа 800 метр газарт төв зам дээр дээшээ хараад Ц, ах хоёр хоёулаа хэвтэж байсан. Ахын цээж нь хутга орсон шархтай цусгүй байсан. Газарт зөндөө цус байсан. Хэргийн газар дээр очсон чинь О та нар битгий хамаагүй яваад бай хэргийн газрын мөр балалчихна гээд байсан. Талийгаачийн хажууд өмсөж байсан хар цамц байсан би авахад их хүнд байхаар нь норчихсон юм болов уу? Гэж бодож байсан чинь гар нил цус болчихсон байсан. Моорогт Хонгороо ах би О нар шарилыг оруулсан. Цг Цагдаа нар аваад явсан. Ахын цээжнээс нь цус гараагүй байсан. Дуудлага аваад очиход 10-15 минут л болсон байх очиход машин явдаг улаан зам дээр Ц ах хоёр хэвтэж байсан. Хүн төөрөөд байхааргүй улаан зам дээр байсан. Би гэгээ оруулаад дүүгээ авах гээд буцаад тэр замаар явахад цагдаа нар хэргийн газрыг хамгаалалтанд аваагүй суугаагаар нь чирсэн бололтой газарт бөөн бөөн цус болсон байсан. Намайг хот явсан хойгуур О эхнэртэйгээ ирээд манай ээжид юм өгөх гэж оролдсон гэсэн. Эд нарын маргааны талаар би нарийн ширийн зүйлийг би бол мэдэхгүй байна. Оршуулгын ажиллагаа дууссаны дараа би ахынхаа өмсөж явсан бакаль гутлыг шатаасан, хэрэгт эд мөрийн баримтаар ахын гутал гэж хураагдаж ирсэн гутал хэнийх гэдгийг мэдэхгүй байна.” гэв.

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутагт Д.О, Э.Октябрь, Н.Ц нар нь 2012 оны 09 дүгээр сарын 07-ний 20.30 цагийн орчим Д.О, Э.Октяръ, Н.Ц нар нь гэрч ?.Шаравдоржоос салж яваад 7-ноос 08-нд шилжих шөнө Э.Октябрийн эзэмшлийн 21-32 УНМ улсын дугаартай Ланд-80 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад Э.Октябрь нь цээжний урд дээд хэсгээр цээжний хөндий рүү нэвтэрч, зүүн уушигний дээд дэлбэнг гэмтээсэн нэг ширхэг, ээрүүл хэлбэрийн хатгагдсан шарх гэмтлийн улмаас дотуур хурцаар цус алдаж амь нас хохироосон үйл явдал болсон байна.

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Ц нь 2012 оны 09 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутагт Д.О, Э.Октябрь нарын хамтаар Э.Октябрийн эзэмшлийн 21-32 УНМ улсын дугаартай Ланд-80 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байхдаа архидан согтуурч, улмаар хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж” Э.Октябрийн цээжин тус газарт нь хутгалж шууд санаатай алах гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, Д.Огийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, 2012 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн мөрдөн байцаалтын туршилт хийсэн тэмдэглэл, шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2012 оны 9 сарын 21-ний өдрийн 142 дугаартай акт, дээрх дүгнэлтийг гаргасан шинжээч эмчийн мэдүүлэг, давтан шинжээчийн дүгнэлт, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гэрч Б.Шаравдорж, Н.Энхжаргал, Ц.Оюунчимэг, Э.Мөнхтулга, Ч.Өлзийбаяр, А.Алтанжолоо, Д.Тарважамц, Ү.Саранчимэг нарын мэдүүлэг, шинжээчийн 1240 дугаартай дүгнэлт, шинжээч П.Маргад, шинжээч эмч Т.Амартүвшин, Б.Тэнүүн, нарын мэдүүлэг, мөрдөн байцаалтанд шүүгдэгч Д.Огийн өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон гэж дүгнэж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, 2017 оны 1 сарын 9-ний өдөр 03 дугаартай Прокурорын яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна. /8 дугаар хх-ийн 02 тал/

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шинжлэн судлахад:

Эрүүгийн 201219000567 дугаартай хэрэгт Төв аймгийн ЗСДСДЦХ-ийн МБТ-ийн мөрдөн байцаагч, Цагдаагийн дэслэгч А.Алтанжолоо нь 2012 оны 9 сарын 9-ний өдөр эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.11 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна./1 хавтас хх-1 тал/

Тухайн хэрэгт анхнаасаа хэргийн газарт /хх-9 тал/ 2012 оны 9 сарын 8-ны өдөр /19.43 минутаас 20.25 минутанд үзлэг хийхдээ онц ноцтой хэргийн газрыг хамгаалалтанд аваагүй хэрэг учрал гарснаас хойш олон цагийн дараа хугацаа алдаж үзлэг хийсэн/ үзлэг хийж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон холбогдох журмуудыг ноцтой зөрчсөн, үүний улмаас хэргийг түргэн шуурхай илрүүлэх, хэрэг гарсан байдлыг үнэн зөв, бодитой тогтоох боломжийг хязгаарласан хийгээд хэргээ удаашрах, хэрэгт ач холбогдол бүхий байж болох баримт, эд мөрийн баримт устах, хэрэг ээдрээ төвөгтэй байдал үүсэх нөхцөл байдлууд үүссэн байна.

Тухайлбал:

2012 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хэрэг учралын газарт үзлэг хийхдээ хэрэг учрал гарах үед хамт байсан Д.Ог гэрчээр оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1-т заасан тэгш эрхийн зарчим алдагдсан байна.

Энэ нь мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй” заасныг тус тус зөрчсөн байна.

Улсын яллагчийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай яллах дүгнэлтэнд тусгагдсан яллах талын нотлох баримт болох :

-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2012 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 142 дугаартай акт, дээрх дүгнэлтийг гаргасан шинжээч эмчийн мэдүүлэг, давтан шинжээчийн дүгнэлт зэрэг нь -амь хохирогчийг гадны нөлөөтэй цээжний зүүн урд зүүн хэсгээр цээжний хөндийг нэвтэрч, зүүн уушигний дэлбэнг гэмтээсэн хатгагдсан шарх гэмтэл нь хохирогчийг амьд ахуй үед нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл ба цээжний хөндийд нэвтэрч улмаар зүүн уушигний дээд дэлбэнг гэмтээж хатгагдсан шарх гэмтлийн улмаас дотуур хурцаар алдаж нас барсан гэмт хэрэг гарсныг,

-2012 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн мөрдөн байцаалтын туршилт хийсэн тэмдэглэл, Д.Огийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлүүд нь хэрэг учрал гарсныг сэргээх, хэрэг учрал гарах үед Д.Ог хэрэг учрал гарах үед 99075376 дугаар луу дуудлага хийсэн дээрх дугаараас дуудлага авсан нийт 99075376 дугаарын утас буюу амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.отгонхүүгийн утас руу 11 удаа холбогдож ярьснийг,

  • гэрч Б.Шаравдоржийн мэдүүлэг нь амь хохирогч, шүүгдэгч Д.О, Н.Ц нар хамт архи уугаад 2012 оны 07-ний 20.30 минутын орчим Д.О, Н.Ц, Октябръ нар нь 3-лаа хамт салж явсан, явахдаа хоорондоо маргалдаагүй талаар,
  • гэрч Н.Энхжаргал, Ц.Оюунчимэг, Э.Мөнхтулга, Ч.Өлзийбаяр, А.Алтанжолоо, Д.Тарважамц, Ү.Саранчимэг нарын мэдүүлгүүд нь хэрэг учрал гарсны дараах үйл баримтын талаар,
  • яллах дүгнэлтэнд тусгагдсан яллах талын нотлох баримт болох шинжээчийн 142, 692, 505, 2901, 1241 дугаар дүгнэлтүүд нь амь хохирогчийн биед ямар гэмтэл учирсан болох, түүний амь насыг аврах боломжтой байсан эсэх, уг гэмтлийг аваад үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой байсан эсэх, амь хохирогчийн хэрэг учрал гарах үед өмсөж явсан саарал өнгийн цамцанд үүссэн гэмтэл нь хурц ир үзүүртэй иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэнийг, мөн амь хохирогчийг хутгалсан байж болзошгүй гэх хутганд цус илэрсэн, энэ цус нь В/3 бүлгийн харъяалалтай хүний цус буюу амь хохирогчийн цус болохыг тус тус нотолсон баримт байх ба дээрх нотлох баримтуудаар Н.Ц нь амь хохирогчтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар шууд санаатай хутгалж алсан гэх үйл баримтыг нотлоогүй байна.

Харин хэргийн материалаар хийсэн 2016 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн туршилт, /7хавтас хх-402 тал/ түүний дараа буюу 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх эмнэлгийн 1240 дугаартай шинжилгээг шүүх яллах нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй .

Учир нь: хэргийн материалаар хийсэн туршилтаар амь хохирогчийн үхэлд хүргэсэн хутганы шарх бүхий гэмтлийг босоо, хэвтээ, хагас суугаа, урдаас араас байрлалуудын баруун зүүн гарын шуу, шулуун болон доторш барьсан чиглэлүүдийн аль алины үед ч үүсгэгдэх боломжтойг,

Шинжээчийн 1240 дугаартай шинжээч Т.Амартүвшин, Ж.Ганцэнгэл, М.Золжаргал нарын бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлт /7 хавтас хх-437 тал/ нь амь хохирогчийн биеийн цээжний зүүн дээд хэсэгт үүссэн хутганы үхэлд хүргэсэн шарх гэмтэл учирснийг, туршилтаар дээрх гэмтэл нь босоо, хэвтээ, хагас суугаа, урдаас араас байрлалуудын баруун зүүн гарын шуу, шулуун болон доторш барьсан чиглэлүүдийн аль алины үед ч үүсгэгдэх боломжтойг, талийгаачид учирсан үхэлд хүргэсэн хутганы шарх гэмтлийг автомашин дотор авсан байх боломжтойг тус тус нотлосон байна.

Харин 1240 дугаартай дүгнэлтээ тайлбарлан мэдүүлсэн шинжээч Т.Амартүвшингийн мөрдөн байцаалт /хх-486 тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт "1240 дугаартай дүгнэлтийг нэмэлтээр гаргасан дүгнэлтээр талийгаачид үүссэн шарх гэмтлийг хэрэгт авагдсан туршилт, фото зургийн үзүүлэлтүүд нь уг гэмтлийг автомишин дотор ард талын суудалд сууж явсан хүний болон хажуу талын суудалд сууж явсан хүний аль алины үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэсэн дүгнэлт гаргасан гэхдээ фото үзүүлэлтүүд нь гаднаас хутганы чиглэлийг ямар байгааг харуулсан үзүүлэлт нь талийгаачид учирсан гэмтлийн чиглэл, үхлийн шалтгаан , талийгаачид учирсан цээжний зүүн талын дээрээс доош баруунаас зүүн тийш ташуу чиглэлтэй цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушигний дэлбэнг гэмтээсэн мухар шархны байдлаас харахад хүрдний ард сууж явсан хүнийг суудлын ард сууж явсан буюу жолоочийн эсрэг талын хойд талын суудлын байрлалаас баруун гарын хүчээр уг шарх үүссэн магадлалтай буюу тогтоогдсон.” гэж шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй, тусгай мэдлэгийнхээ хэмжээнээс хэтэрсэн зүйлийг буюу амь хохирогчийн бие махбодид учирсан гэмтлийг ямар байрлалаас хэрхэн учруулсныг шууд заан мэдүүлсэн мэдүүлгийг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

Түүнчлэн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1240 дугаартай бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлт гаргасан Ж.Ганцэнгэл, М.Золжаргал нар нь дээрх туршилтад оролцоогүй атлаа 1240 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гэж мэдүүлж, гарын үсэг зурсан нь /шүүхийн хэлэлцүүлэгт шинжээчдийн мэдүүлэг нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 2-т "шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс гаргаж, хариуцлага хүлээнэ”, мөн хуулийн 9.2 дугаар зүйлийн 2-т " ....тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлтийг бичгээр гаргана” гэж заасныг тус тус зөрчсөн нь дээрх шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэхэд эргэлзээ төрж байна.

  • Яллах дүгнэлтийн талын ганц гэрч болох Д.Огийн "Октябръ намайг Н.Ц хутгалчихлаа” гэж хэлсэн "би хохирогчийн эхнэртэй яриулахад тэр эхнэртээ Пэлжээ намайг хутгалчихлаа” гэж хэлсэн гэж мэдүүлдэг боловч шүүгдэгч Д.Огийн мэдүүлэг нь шүүгдэгч Н.Ц амь хохирогчийг хутгалж алсныг шууд гэрчлээгүй бөгөөд түүний "би хохирогчийн эхнэртэй яриулахад тэр эхнэртээ Пэлжээ намайг хутгалчихлаа” гэж эхнэр Л.Отгонхүүдээ хэлсэн гэх мэдүүлэг нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Отгонхүүгийн мөрдөн байцаалт болон удаа дараагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хууль сануулан хохирогчоор өгсөн " Октой ярь бие нь муу байна гэхээр нь миний хөгшин яасан бэ гэхэд нөхөр би үхэхнээ гэж ” ганцхан хэлээд утас салсан түүнээс Пэлжээ намайг хутгалчихлаа гэж хэлээгүй. Д.О өөрөө хэргээс бултах гэж байнга худлаа хэлж байна.” гэх мэдүүлгээр няцаагдаж байна.

Прокурорын 03 дугаартай яллах дүгнэлтийн "хэргийн товч утга”-т Н.Цг "хохирогчтой хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн маргалдаж, улмаар түүний цээжин тус газарт хутгалж шууд санаатай хутгалж алсан.” гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ц, амь хохирогч Октябръ нар нь хэрэг учрал гарахын өмнө болон хэрэг учрал гарах үед хувийн таарамжгүй харьцаатай байсан эсэх, маргалдсан талаар гэрч, шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь мэдүүлээгүй, бусад байдлаар нотолсон баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна.

Мөрдөн байцаалтийн шатанд гэрч Б.Шаравдорж "...Тэд нар хоорондоо маргалдаж муудалцаагүй...” гэж,

мөрдөн байцаалт шүүхийн хэлэлцүүлэгт Д.О "хохирогч Н.Ц нар муудалцаагүй, хутгалуулсаны дараа ч Н.Ц юм яриагүй.” гэж тус тус мэдүүлсэн нь яллах дүгнэлтэнд тусгагдсан Н.Ц амь хохирогч Октябръ нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдсан гэх яллах дүгнэлтэнд тусгагдаж гэмт хэрэг гаргах болсон шалтгааныг заасан нь үгүйсгэгдэж байна.

Эрүүгийн 201219000567 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас хойш 5 жил 2 сар гаруй хугацаа өнгөрсөн байх ба прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд 4 удаа шилжүүлсэн байна.

Н.Цд холбогдох хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул /Төв аймаг дахь Сум дундын 2 шүүхийн тогтоолоор 1 удаа, Сум дундын 23 дугаар шүүхийн тогтоолоор 2 удаа, Өмнөгов аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолоор 1 удаа/ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн, хэрэгт шалгавал зохих ажиллагааг бүрэн гүйцэт шалгаагүй, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн, /3 хавтас хх-604, 4 хавтас хх-899 тал, 5 хавтас хх-116 тал, 7 хавтас хх-335 тал/ гэх үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан боловч шүүхийн тогтоолд дурдсан ажиллагааг бүрэн гүйцэд хийж гүйцэтгээгүй байна.

Өөрөөр хэлбэл улсын яллагч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдлыг буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн хэрхэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэм хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг шалган тогтоож ирүүлээгүй байна.

Шүүх тухайн хэрэгт хамааралтай гэх бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт " эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж зааснаар шүүгдэгч Н.Цд ашигтайгаар хянан шийдвэрлэж Н.Цд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Харин шүүгдэгч Д.О нь согтуугаар 2012 оны 09 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутагт иргэн Н.Цг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан болох нь:

Н.Цгийн бие махбодид учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн 32 дугаартай дүгнэлт, Н.Цгийн гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг гэрэл зургаар бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, 8101 дугаартай дүгнэлтэнд: "Н.Цгийн гэх майк сорочик цамцан дээр цус илэрсэн. Энэ нь В/1 бүлгийн харъяалалтай хүний цус байна.” гэх дүгнэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Огийн "Н.Цгийн биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг нь хэргийн бусад баримттай тохирч байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Төв аймгийн Прокуророос шүүгдэгч Д.Ог догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба тухайн гэмт хэрэг шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна. Харин Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд танхайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн гэх гэмт хэргийн шинжийг заагаагүй байх тул мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэж шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь " ...хөнгөн хохирол учруулсан бол ...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэжээ.

Шүүгдэгч Д.О-гийн холбогдсон хэрэг 2012 оны 09 дүгээр сарын 7-8-нд шилжих шөнө үйлдэгдсэн бөгөөд гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт "..хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Цг "хохирогчтой хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн маргалдаж, улмаар түүний цээжин тус газарт хутгалж шууд санаатай хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан тул амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Отгонхүүгийн оршуулгын зардал болох 11426800 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, харин хохирогч Н.Ц нь /хөнгөн гэмтэл учруулсан гэх/ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

Гэмт хэргийн улмаас шүүгдэгч Н.Ц нь 974 хоног, Д.О нь 241 хоног тус тус урьдчилан цагдан хоригдсоныг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн 201219000567 дугаартай хэргийг эд мөрийн баримтын хамт прокурорт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2, 2, 36.1, 36.2, 36.6, 36.8, 36.9, 36.10, 37.1 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Ц-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг "Хүнийг алах” болгон өөрчилсүгэй.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Цг "хохирогчтой хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн маргалдаж, улмаар түүний цээжин тус газарт хутгалж шууд санаатай хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Н.Ц-г цагаатгасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 20121900567 дугаартай хэргийг /эд мөрийн баримтын хамт/ хэрэг бүртгэлтэнд буцаасугай.

 

 

  1. Н.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  2. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Отгонхүүгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхисугай.
  3. Энэ хэрэгт Н.Ц нь 974 хоног цагдан хоригдсон, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  4. Шинэчлэн найруулсан 2015 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Д.Ог 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

8. Шүүгдэгч О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Д.О-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Д.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  3. Д.О нь 241 хоног цагдан хоригдсон, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

12. Хохирогч Н.Ц нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  2. Шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Н.Ц, Д.О нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.ОТГОНЖАРГАЛ

ШҮҮГЧИД                                           Ш.ГАНДАНСҮРЭН

 

Ж.МӨНХТУЯА