Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 124

 

Н.Ц-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, цагаатгагдсан этгээд Н.Ц, түүний өмгөөлөгч Ж.Тэгшмандал, Г.Тунгалаг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаар цагаатгах тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 25 дугаар магадлалтай, Н.Ц-д холбогдох 201219000567 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1966 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Н.Ц нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Ц-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Н.Цэрэнпэлжээг цагаатгаж, түүнд авсан “Хувийн баталгаа авах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Төв аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор М.Буяннэмэх бичсэн эсэргүүцэлдээ Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаартай цагаатгах тогтоолоор “... дээр дурдсан нотлох баримтууд нь Н.Ц-г Э.О-ийг алсан болохыг шууд нотолсон баримт байхгүй, харин эсрэгээрээ энэ хэргийг гэрчлэн мэдүүлсэн Д.О-г энэ хэрэгт хамааралтай байх боломжтой, түүний хэргийн ул мөрийг балласан баримтууд хэрэгт авагдсан бөгөөд Н.Ц-г Э.О-тай маргалдсан, зодолдсон ямар нэгэн үйлдэл хийсэн эсэх нь нотлогдоогүй, түүний үхсэн үйлдэл нь Н.Ц-гийн ямар үйлдэл, эс үйлдэлтэй шалтгаант холбоотойг хөтөлбөргүй тогтоож чадаагүй байна...” гэж дүгнэж, шүүгдэгч Н.Ц-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр тус аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд, “...Н.Ц-гийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдохгүй, энэ хэргийг гэрчлэн мэдүүлсэн Д.О-г энэ хэрэгт хамааралтай байх боломжтой, түүнийг хэргийн ул мөрийг балласан баримтууд хэрэгт авагдсан бөгөөд Н.Ц-г Э.О-тай маргалдсан, зодолдсон, ямар нэгэн үйлдэл хийсэн эсэх нь нотлогдоогүй, түүний үхсэн үйлдэл нь Н.Ц-гийн ямар үйлдэл, эс үйлдэлтэй шалтгаант холбоотойг хөдөлбөргүй тогтоож чадаагүй гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. ... Н.Ц-д холбогдох хэрэгт шалгавал зохих зүйлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу бүгдийг шалгаж тодруулсан байна. Хэргийн үйл баримтаар 2012 оны 09 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Төв аймаг Заамар сумын Хайлааст багийн нутагт Э.О нь Д.О, Н.Ц нарын хамтаар Э.О-ийн эзэмшлийн 21-32 УНМ улсын дугаартай Ланд крузер 80 маркийн автомашинтай явж байхдаа Э.О нь цээжин тус газарт хутгалагдаж цээжний урд зүүн дээд хэргээр цээжний хөндийд нэвтэрч улмаар зүүн уушгины дээд дэлбэнг гэмтээсэн хатгагдсан шарх гэмтлийн улмаас дотуур хурцаар цус алдаж нас барсан байдаг ба уг гэмтлийг авах үед Д.О, Н.Ц, амь хохирогч Э.О нараас өөр хүн хэргийн газарт байгаагүй байна.

Гэрч Д.О нь амь хохирогч Э.О-ийг Н.Ц хутгалсан талаар удаа дараагийн мэдүүлэгтээ тогтвортой мэдүүлдэг ба анхан шатны шүүх шүүгдэгч Н.Ц-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгахдаа гэрч Д.О-гийн өгсөн мэдүүлгийг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар үгүйсгэгдэж байна гэж дүгнэсэн боловч бусад нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, Н.Ц-г цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга тэдгээрийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн үндэслэлээ тодорхой заагаагүй, улсын яллагчийн шүүгдэгч Н.Ц-г гэм буруутай гэж ялласан яллах дүгнэлтийг няцаан үгүйсгэж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2-т заасан шаардлагыг хангаагүй, түүнийг цагаатгасан үндэслэл нь тодорхой бус, Эрүүгийн хуулийг үндсэн агуулгаас нь зөрүүтэй буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж дүгнэсэн ...дээрх үндэслэлүүдээр прокурорын эсэргүүцэл нь үндэслэлтэй байх боловч Монгол Улсын Их Хурлын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн 1.3-т заасныг хүчингүй болсонд тооцсон тул давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах эрх хэмжээгүй учраас цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Давж заалдах шатны шүүх Монгол Улсын Их хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг хүчингүй болгосон буюу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах хууль зүйн боломжгүй гэсэн үндэслэлээр хуульд нийцээгүй цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасныг хэрэгжүүлээгүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаартай цагаатгах тогтоол, Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ДШМ/25 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгохоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Золзаяа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ Өнөөдрийн шүүх хуралдаанд прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжих байр суурьтай оролцож байна. 2012 оны 09 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө Төв аймаг Заамар сумын Хайлааст багийн нутагт Д.О, Э.О нарын хамтаар Э.О-ийн эзэмшлийн 21-32 УНМ улсын дугаартай Ланд Круйзер80 маркийн автомашинтай явж байхдаа архидан согтуурч, улмаар Э.О нь цээжин тус газарт хутгалуулсны улмаас нас барсан үйл баримт тогтоогджээ. Дээрх үйл баримтыг прокуророос Н.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн байна. Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд гэрч Д.О нь амь хохирогч Э.О-ийг Н.Ц хутгалсан талаарх удаа дараагийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын харилцан хамаарал, эх сурвалж, харьцуулан судалж удаа дараа хийгдсэн туршилтууд тэдгээрийг бататгасан дүгнэлт, талийгаачийн эхнэртэйгээ ярьсан яриа, утасны лавлагаа, шинжээчийн дүгнэлт зэргээр Д.О-ийн мэдүүлэг үндэслэлтэй байх байдлыг Төв аймгийн прокурорын газрын яллах дүгнэлтэд дурдаж, тухайн үед болсон үйл явдлыг сэргээн дүрсэлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхээс эдгээр нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэж, няцааж байгаа талаар дүгнэлт хийлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн цагаатгах тогтоол нь үндэслэлгүй боловч 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүчингүй болгох эрх хэмжээгүй байхгүй гэдэг агуулгаар дүгнэлт хийсэн нь давж заалдах шатны шүүхэд үүрэг болгосон заалт буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасныг зөрчсөн байх тул хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох байр суурьтай байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа хэлсэн саналдаа “Энэ хэрэг 2012 онд гарсан. Хохирогч талын байр суурь бол Д.О-гийн гэм буруутай үйлдлийн улмаас талийгаачийн амь нас хохирсон гэж удаа дараа мэдүүлдэг. Хуульч хүний хувьд хэргийн нөхцөл байдлаас харахад Д.О-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон гэсэн дүгнэлт хийсэн. Он дамжсан удаа дараагийн шүүх хурлуудад Д.О үнэнийг мэдүүлсэн гэдэг бол ерөнхий ойлголт. Э.О-ийг чухам хэн хутгалсан гэдэг асуудлыг сөхөхөд амь хохирогч эхнэртэйгээр ярихдаа “...хөгшин нь үхлээ” гэснээс өөр үг, өгүүлбэр хэлээгүй. Гэтэл Д.О амь хохирогч эхнэртэйгээ ярихдаа “Н.Ц хутгалчихлаа” гэсэн гэх худал мэдүүлгийг өгдөг. Хохирогч “Н.Ц хутгалчихлаа” гэж ерөөсөө хэлээгүй гэдгийг хэлдэг. Анхан шатны шүүх Д.О-ийн үйлдэл нотлогдоогүй үндэслэлээр цагаатгах тогтоол гаргахад Төв аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүх Н.Ц-ийн гэм буруутай үйлдэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн ч мөрдөн байцаалтад буцаах эрх хэмжээ байхгүй гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Д.О-ийн нас барсан шалтгаан эргэлзээтэй. Бүтэн жилийн дараа уснаас олоход согтолтын зэрэгтэй гарсан. Түүнчлэн цусны бүлэг зөрүүтэй. Тэгэхээр Д.О амьд байх боломжтой нөхцөл байдал харагдаж байна. Хэрэгт Д.О-г нас барсныг бүртгэсэн баримт байхгүй. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг дэмжиж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Г.Тунгалаг хэлсэн саналдаа “Прокурорын эсэргүүцэл үндэслэл бүхий биш байгаа учир эсэргүүцлийг хүлээн авахгүйгээр цагаатгах тогтоол, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй. Хэдийгээр анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт харилцан зөрүүтэй ч давж заалдах шатны шүүх хуульд заасан шаардлагыг баримталсан учир магадлалыг хэрхэн шийдвэрлэх нь хяналтын шатны шүүхийн эрх хэмжээний асуудал. Прокурорын эсэргүүцэлд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж, дүгнэлгүйгээр цагаатгах тогтоол гаргасан гэж шүүмжилсэн байна. Цагаатгах тогтоолын 4-12 талд Н.Ц-г яллаж буй гол үндэслэл болсон Д.О-гийн мэдүүлгийг бусад нотлох баримтууд хэрхэн үгүйсгэсэн, хэргийн аль хэсэгт байгаа гэдгийг нарийн тоочиж бичээд “нотлох ажиллагааны явцад цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь дангаар бус хэд хэдэн нотлох баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар цогц тогтолцоо бүрдүүлж, Н.Ц энэ хэргийг үйлдсэн гэдэг нь хангалттай тогтоогдоогүй байна” гэх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий баримт бичиг болсон. Түүнчлэн Н.Ц-г цагаатгасан нэг үндэслэл болгож, түүний хамгийн анх мөрдөн байцаалтад гэмт хэрэг үйлдсэн мэтээр өөрийнхөө эсрэг өгсөн мэдүүлгийг яллах дүгнэлтийн үндэслэл болгосон нь хууль зөрчсөн үйлдэл болохыг тодорхой дүгнэсэн. Анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг баримталсан нь үндэслэл бүхий болсон. Н.Ц-д холбогдох хэрэгт цуглуулж болох бүхий л баримтыг цуглуулан шалгасан боловч түүнийг гэм буруутай гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдоогүй үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна. Шүүх хэргийг олон удаа буцаасан үндэслэлүүд нь тодорхой буюу Д.О-г шалгах үндэслэлийг шууд зааж байсан. Шат шатны прокурорууд Д.О-гийн талд шийдвэрлэснийг шүүх удаа дараа няцааж ирсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Н.Ц-г гэм буруутайд тооцож болох байсан мэт дүгнэлт орсон нь эргэлзээтэй, ойлгомжгүй байна. Урьд Н.Ц-г шийтгэсэн тогтоолыг үндэслэлгүй гээд хүчингүй болгож байсан. Гэтэл сүүлийн удаад дээрх байрь сууриасаа ухарсныг ойлгохгүй байна. Энэ асуудлаар хяналтын шатны шүүхээс зохих дүгнэлтийг хийх байх. Бусдаар бол хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал хэлсэн саналдаа “Хэрэг анхан шатны шүүхээр 11-12 удаа, давж заалдах шатны шүүхээр 5 удаа хэлэлцэж, хоёр удаа прокуорын эсэргүүцлийг хүлээж аваагүй, нэг удаа буцааж, нэг удаа хэвээр үлдээсэн шийдвэрүүд байгааг дурдъя. Хяналтын шатны шүүх хэргийг нэг удаа миний гомдлын дагуу хянан хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийх үндэслэлтэй гэж үзсэн. Мөн анхан шатны шүүх нэг удаа шийтгэж, нэг удаа цагаатгасан. Энэ бол хоёр дахь удаагаа цагаатгасан шийдвэр гэдгийг дурдъя. Прокурорын эсэргүүцэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримталсан байна. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйл. Эргэлзээтэй нөхцөл байдлыг хавтаст хэргийн 4-12 дугаар талд дүгнэсэн. Энэ нь хэрэг цугларсан нотлох баримтуудад үндэслэж хийгдсэн бөгөөд ямар нэгэн байдлаар хийсвэрлэсэн эсхүл зохиомолд байдлаар хийгдсэн зүйл байхгүй. Тэгэхээр хэргийн бодит байдалд нийцээгүй гэх үндэслэл үгүйсгэгдэж байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд Д.О-гийн мэдүүлгүүдийг нэг бүрчлэн няцааж, үг бүрчлэн эх сурвалжийг нь заагаагүй ч тодорхой хэмжээнд няцаасан байдаг. Уг нь Д.О хэргийн сэжигтэн, яллагдагчаар явах ёстой хүн гэрч болчихсон. Хэрэг хяналтын шатны шүүхээр ороход Д.О-г шалгаагүй асуудлыг гаргасан байдаг. Д.О мөрдөгчтэй хамт хоноод, Н.Ц 2 цаг ухаан алдсан байдалтай байж байгаад маргааш нь байцаалт өгсөн нөхцөл байдал бий. Маргааш нь Д.О гэрч болоод мөрдөн байцаалтын туршилт, хэргийн газрын үзлэг зөрчигдсөн байдлыг нэг бүрчлэн ярих боломжгүй. Үндсэндээ мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ажлын хэсэг, прокурорын хяналт зэрэг бүхэлдээ утгаа алдсан. Мөрдөн шалгах ажиллагаа Д.О-гийн үгээр явчихсан. Д.О-гийн хүү О.Н-гийн найз н.Ш, прокурор н.Сонинмөнх нар оролцож хийгдсэн хууль бус ажиллагааг нотлох баримтаас хасуулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч зөвхөн Н.Ц-гийн мэдүүлгийг аваад бусдыг нь ямар үндэслэлээр хүлээж аваагүй талаар дурдаагүй. Энэ хүн бүтэн 11 жилийн хугацаанд хохирч явна. Ял авсан бол ялаа эдлээд дуусах хугацаа өнгөрсөн байна. Тэгэхээр шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон баримтуудаа хэргийн бодит байдалд нийцүүлж бичсэн. Харин хүн бүр хууль хэрэглээний хувьд өөр учир 2012 оноос хойш гарсан 20 орчим шүүхийн шийдвэрт янз бүрийн байдлаар л бичигдсэн нөхцөл байдал бий. Прокурорын эсэргүүцэлд бичсэнээр бол шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж ойлгохоор байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудлыг хэрэглэх боломж зөндөө ч хэрэглэх ач холбогдол, хүрэх үр дүн нь хэцүү. Энэ нь Төв аймгийн прокурорын газрын нэг талыг барьсан ашиг сонирхлоос үүдэлтэй. Энэ хэрэгт Төв аймгийн шүүхийн оролцоогүй шүүгч, прокурорын газрын прокурор гэж байхгүй. Анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа хэн нэгний эрхийг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим, журмыг зөрчөөгүй. Давж заалдах шатны шүүх ямар дүгнэлт хийх нь хамаагүй. Мөн адил хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим, журмыг зөрчсөн зүйл байхгүй. Тэгэхээр хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах гурван үндэслэлд хамаарахгүй байна. Анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулаагүй учир хоёр шатны шүүх хэргийг ноцтой зөрүүтэй шийдвэрлэсэн зүйл байхгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

1.Төв аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор М.Буяннэмэхийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Н.Ц-д /цагаатгагдсан этгээд/ холбогдох хэрэгт хийгдсэн мөрдөн шалгах ажиллагааны үр дүн, прокурорын яллах үндэслэл болсон нотлох баримтууд, шүүгдэгчийн гэм буруугийн талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт, гаргасан шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Төв аймгийн прокурорын газраас Н.Ц-г 2012 оны 09 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Төв аймаг, Заамар сумын Хайлааст багийн нутагт Д.О, Э.О нарын хамтаар Э.О-ийн эзэмшлийн 21-32 УНМ улсын дугаартай “Ланд Крузер-80” маркийн автомашинтай явж байхдаа архидан согтуурч, улмаар Э.О-ийн цээжин тус газарт хутгалж алсан гэмт хэрэгт холбогдуулан 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Н.Ц-г сэжигтнээр тооцож /2хх-307/, улмаар 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.11-д зааснаар яллагдагчаар татаж /2хх-314/ мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

 2012-2022 оны хооронд 10 жилийн хугацаанд явагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнгээс үзэхэд Төв аймгийн прокурорын газраас Н.Ц-д холбогдох хэрэгт нийт 10 удаа яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ба анхан болон давж заалдах шатны шүүх тухай бүр мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Д.О-гийн хувьд прокуророос түүнийг Н.Ц-гийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх үйлдэлд холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан шалгаж /2 дахь хавтаст хэргийн 340 дэх тал/, мөрдөн байцаалтын явцад прокуророос түүнийг үл ялих зүйлээр шалтаглан Н.Ц-г зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан гэж дүгнэн 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдөр түүнд урьд сонсгосон ялыг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 болгон өөрчилснөөс гадна /3 дахь хавтаст хэргийн 649 дэх тал/ прокурорын 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолоор Д.О-г Н.Ц-тэй бүлэглэн Э.Октябрийг алсан гэх гэмт хэрэгт холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар яллагдагчаар татаж /9 дэх хавтаст хэргийн 133 дахь тал/, улмаар прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн тогтоолоор Д.О-д холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож /9 дэх хавтаст хэргийн 184 дэх тал/ шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

2.Төв аймгийн прокурорын газраас Н.Ц-г 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 394 дугаартай яллах дүгнэлт үйлдэж /12 дахь хавтаст хэргийн 217 дахь тал/ хэргийг харьяаллын дагуу шүүхэд шилжүүлсэн ба Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаар цагаатгах тогтоолоор Н.Ц-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэхдээ “... Н.Ц-г Э.О-ийг алсан болохыг шууд нотолсон баримт байхгүй, харин эсрэгээрээ энэ хэргийг гэрчлэн мэдүүлсэн Д.О-г энэ хэрэгт хамааралтай байх боломжтой, түүний хэргийн ул мөрийг балласан баримтууд хэрэгт авагдсан бөгөөд Н.Ц-г Э.О-тай маргалдсан, зодолдсон, ямар нэгэн үйлдэл хийсэн эсэх нь нотлогдоогүй, түүний үхсэн үйлдэл нь Н.Ц-гийн ямар үйлдэл, эс үйлдэлтэй шалтгаант холбоотойг хөдөлбөргүй тогтоож чадаагүй ... Н.Ц-гээс анх авсан тайлбарыг үндэслэн түүнийг гэм буруугаа хүлээсэн мэтээр яллах дүгнэлт үйлдсэн нь нотлох баримтын шаардлага хангаагүй ..., Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан ... Н.Ц-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Н.Ц-г цагаатгах үндэстэй байна...” гэсэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Харин Н.Ц-д холбогдох цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч, прокурорын бичсэн эсэргүүцлийн дагуу Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 25 дугаар магадлалаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ “... Хэргийн үйл баримтаар ... Э.О нь цээжин тус газарт хутгалагдаж ... нас барсан ба уг гэмтлийг авах үед Д.О, Н.Ц, амь хохирогч Э.О нараас өөр хүн хэргийн газарт байгаагүй. Гэрч Д.О нь амь хохирогч Э.О-ийг Н.Ц хутгалсан талаар удаа дараа тогтвортой мэдүүлдэг ба анхан шатны шүүх шүүгдэгч Н.Ц-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгахдаа гэрч Д.О-ийн өгсөн мэдүүлгийг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар үгүйсгэгдэж байна гэж дүгнэсэн боловч өөр бусад нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, Н.Ц-г цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, тэдгээрийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн үндэслэлээ тодорхой заагаагүй, улсын яллагчийн шүүгдэгч Н.Ц-г гэм буруутай гэж ялласан яллах дүгнэлтийг няцаан үгүйсгэж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2-т заасан шаардлагыг хангаагүй, түүнийг цагаатгасан үндэслэл нь тодорхой бус, Эрүүгийн хуулийг үндсэн агуулгаас нь зөрүүтэй буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх гэмт хэргийн шалтгаант холбооны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар үнэлж чадаагүй буюу мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх боловч Монгол Улсын Их Хурлын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг хүчингүй болсонд тооцсон тул давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах эрх хэмжээгүй учир анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв...” гэсэн дүгнэлт хийсэн байна.

3.Давж заалдах болон хяналтын шатны шүүх нь гомдол, эсэргүүцлийн дагуу доод шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, хууль буруу хэрэглэсэн алдааг зөвтгөн өөрчлөх, эсхүл тухайн шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээг хуулиар олгосон бөгөөд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах болон шийдвэр гаргах үндэслэл, журмыг Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хуульд заасан зарчим, үзэл санаанд нийцүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар нарийвчлан зохицуулсан болно.

Тухайлбал, анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн алдаа нь тухайн шийдвэрийг хүчингүйд тооцох, эсхүл өөрчлөх үндэслэлд хамаарах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд хуульчлан заажээ.

4.Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс “прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй” гэж дүгнэсэн атлаа “Монгол Улсын Их Хурлын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг хүчингүй болсонд тооцсон тул давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах эрх хэмжээгүй болсон” гэх үндэслэлээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн хувьд үүрэг болгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн холбогдох заалтыг хэрэгжүүлээгүй явдал нь агуулгын хувьд илт зөрчилтэй шийдвэр болсноос гадна эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг зөрчсөн гэж үзэв.

Түүнээс гадна давж заалдах шатны шүүх “... анхан шатны шүүх шүүгдэгч Н.Ц-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгахдаа гэрч Д.О-ийн өгсөн мэдүүлгийг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар үгүйсгэгдэж байна гэж дүгнэсэн боловч өөр бусад нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, Н.Ц-г цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, тэдгээрийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн үндэслэлээ тодорхой заагаагүй, улсын яллагчийн шүүгдэгч Н.Ц-г гэм буруутай гэж ялласан яллах дүгнэлтийг няцаан үгүйсгэж чадаагүй байна” гэсэн хэт ерөнхий дүгнэлт хийхдээ анхан шатны шүүх нь прокурорын яллах үндэслэл болсон ямар нотлох баримтыг үнэлээгүй орхигдуулсан, эсхүл түүнийг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэж чадаагүй, түүнчлэн цагаатгах үндэслэл болсон ямар нотлох баримт нь хууль ёсны шаардлага хангаагүй талаар тодорхой дүгнэлт хийгээгүй буюу хуулиар хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байна.

Иймд Төв аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор М.Буяннэмэхийн бичсэн эсэргүүцлийг хэсэгчлэн хангаж, Н.Ц-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 25 дугаартай магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

5.Хяналтын шатны шүүхийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх, ямар ял оногдуулах тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй болно.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгчийн гэм буруугийн талаар цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал, Г.Тунгалаг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа нарын хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 25 дугаартай магадлалыг хүчингүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                          Б.АМАРБАЯСГАЛАН

С.БАТДЭЛГЭР

Б.БАТЦЭРЭН

С.СОЁМБО-ЭРДЭНЭ