Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 3923

 

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:   Э    -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б -д холбогдох,

5,355,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О   , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ү.Мандал нар оролцов. 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Б  нь Э  надаас 2014, 2016 онуудад хүүхдийн сургалтын төлбөр төлөх шаардлагатай боллоо, банкинд цалингийн зээлтэй учир мөнгийг нь өгч чадахгүй болоод байна. 3,500,000 төгрөгийг хүүтэй зээлүүлээч банкны зээлээ төлж дуусгаад бололцоотой үедээ эргүүлэн өгье гэж хэлсэн. Би бөөнөөр нь өгч чадахгүй, бага багаар нь зээлүүлье гэж хэлээд 2014 оноос эхлэн Б ийн Төрийн банкны 343200326546 тоот данс руу шилжүүлэн явуулсан. Энэ хүн урьд нь амьдралтай байсан, 2 хүүхэдтэй, сургалтын төлбөр гэсэн хүүхэд нь Налайхын онцгой байдлын хэлтэст ажилладаг, нас биенд хүрсэн залуу байдаг гэж уулзахдаа хэлж байсан. Энэ хүнийг хүүхдийнхээ төлөө амьдрах гээд тэмцээд явааг нь бодоод мөнгө шилжүүлсэн. Мөнгийг би өөрийн бизнесээс хамаараад бага багаар шилжүүлсэн. 2016 оны 05 дугаар сард мөнгөө авахаар утасдсан бөгөөд Б  нь банкны зээлээ төлж дуусаагүй байгаа, одоохондоо өгч чадахгүй, зээлээ дуусаад өгье гэж хэлсэн. Б ийг банкны зээлээ төлж дуусгаад мөнгөө өгнө гээд хүлээж байгаад 2017 оны 04 дүгээр сард мөнгөө авахаар дахин нэхсэн боловч гар утсаа унтраах, дугаараа солих, ажлаасаа гарах мэт надаас бултан зугтаах үйлдэл гаргаж иргэн намайг хохироож байна. Уг мөнгийг авахаар Э  би удаа дараа ажил дээр нь очиж уулзсан боловч шүүхдээд яваад аваарай гэж хэлдэг болсон. Тийм учир Б ээс мөнгөө авах нэхэмжлэхээ Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд уг нэхэмжлэхийг Б  нь ирж аваагүй, улмаар өөрийн харъяа Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулж одоо амьдарч байгаа хаягийг нь тогтоолгосон. Энэ мэтээр Б  нь зээлээр авч хэрэглэсэн мөнгөө өгөхгүй бултан зайлах оролдлого удаа дараа гаргаж иргэн намайг хохироож байгаа юм. Ийм учраас Б эд зээлдүүлсэн зээлийн маргааны үндсэн төлбөр болох 3,500,000 төгрөг, үндсэн мөнгөний алданги болох 1,750,000 төгрөг, эрэн сурвалжлуулахад тушаасан 70,200 төгрөг, үүний алданги 35,000 төгрөг, нийт 5,355,200 төгрөгийг гаргуулан өгч Э  намайг хохиролгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“М овогтой Б   миний бие Баатар овогтой Э  ийг 2014 оноос таньдаг болсон, улмаар ганц хоёр удаа уулзаж гэр бүлээс гадуур бэлгийн харьцаатай байсан. Э  нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэний шүүхэд 5,355,200 төгрөг нэхэмжилсэн, энэ мөнгийг би зээлж аваагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Мөн хүүхдийн сургалтын төлбөр гэж авсан гэжээ. Надад сургалтын төлбөр төлдөг хүүхэд ч байхгүй, дүү ч байхгүй, тухайн үед надад туслаж байгаа нэрийдлээр мөнгө гуйвуулж байсан. Би эргэж өгч чадахгүй, авахгүй гэтэл зүгээрээ туслаж байна гэж өгчихөөд, одоо мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна. Э ээс болж эхнэрээсээ салж амьдралаа алдаж бишгүй л хохирол амссан. Хэсэг хугацааны дараа амьдралаа шинээр эхэлж эхнэртэй болж, эхнэр 6 сартай жирэмсэн үед ахин гарч ирэн, чиний амьдрал миний гарт байна, амьдралыг чинь сүйрүүлнэ хэмээн дарамталж мөнгө нэхэж байсан. Ер нь бол сексийн хэрэгцээгээ хангахын тулд данс руу мөнгө хийж, утсаар залгаж ярихгүй бол  утасруу явуулж өөрөө дуртайдаа өгдөг байсан. Энэ маргаанаас болоод эхнэр маань сална, хүүхдээ аваад чамаас сална гээд бас л хэцүү байна. Э  миний амьдралыг хоёр дахь удаагаа салгах оролдлого хийж байгаа учир бидний маргааныг үнэн зөвөөр шүүн тунгааж гэр бүлийг минь бүрэн бүтэн үлдээж өгөхийг хүсч байна. Б , Э  нарын хооронд зээлийн харилцаа үүсээгүй. Дансаар шилжүүлсэн гээд байгаа мөнгө нь 3,500,000 төгрөг хүрдэггүй. Бичгээр гэрээ байгуулаагүй тул хүү, алданги төлөх үндэслэлгүй” гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э  нь хариуцагч Б эд холбогдуулан зээлдүүлсэн мөнгө 3,500,000 төгрөг, үүний алданги 1,750,000 төгрөг, эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, үүний алданги 35,000 төгрөг, нийт 5,355,200 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хүүхдийн сургалтын төлбөрт мөнгө хэрэгтэй байна гэсний дагуу 3,500,000 төгрөгийг хариуцагч Б эд зээлсэн тул түүнээс 3,500,000 төгрөгийг, хуульд заасны дагуу алдангийн хамт гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч нь мөнгийг Төрийн банкин дахь С.Б  ийн 343200326546 дугаартай данс руу шилжүүлж байсан гэх тайлбарыг гаргасан бөгөөд Төрийн банкин дахь 343200326546 дугаартай депозит дансны хуулгаар Э  нь 2014.11.03-нд 300,000 төгрөг, 2014.11.28-нд 300,000 төгрөг, 2014.12.09-нд 200,000 төгрөг, 2014.12.19-нд 150,000 төгрөг, 2015.02.03-нд 200,000 төгрөг, 2015.02.13-нд 200,000 төгрөг, 2015.02.27-нд 200,000 төгрөг, 2015.04.24-нд 200,000 төгрөг, 2015.04.30-нд 300,000 төгрөг, 2015.05.04-нд 200,000 төгрөг, 2015.06.13-нд 100,000 төгрөг, 2015.06.16-нд 100,000 төгрөг, 2015.06.17-нд 100,000 төгрөг, 2015.07.01-нд 200,000 төгрөг, 2016.02.29-нд 60,000 төгрөг, 15 удаагийн шилжүүлгээр нийт 2,810,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх-24-39/ Эдгээр мөнгөн шилжүүлгийн дүнгийн талаар зохигчид маргаагүй.

Нэхэмжлэгч нь дээр дурдсан мөнгөн шилжүүлгээс гадна хариуцагчид бэлнээр өгсөн мөнгөтэй нийлээд нийт 3,500,000 төгрөг зээлсэн гэх тайлбарыг гаргаж байх боловч бэлнээр мөнгө өгсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, баримтаар нотлоогүй болно.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Э ийн шилжүүлсэн 2,810,000 төгрөгийг хариуцагч Б  хүлээн авсан нь тогтоогдож байх боловч зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч Б  нь нэхэмжлэгчээс 2,810,000 төгрөгийг Төрийн банкин дахь өөрийн дансаар авсан талаар маргаагүй бөгөөд шилжүүлж авсан мөнгийг нэхэмжлэгч нь өөрсдийн хоорондох хувийн харилцаатай холбогдуулан тусалж байгаа гэж өгсөн, түүнд буцаан өгөх үүрэг хүлээгээгүй тул нэхэмжилсэн мөнгийг төлөх үндэслэлгүй гэх тайлбар гарган маргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй болно.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй тул нэхэмжлэгч Э  нь хариуцагч Б ээс шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагчид 3,500,000 төгрөгийг өгсөн гэж нэхэмжилсэн боловч дансаар 2,810,000 төгрөгийг шилжүүлсэн нь баримтаар тогтоогдож, бэлнээр өгсөн гэх мөнгө нь баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчаас 2,810,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

            Нэхэмжлэгч нь зээлдүүлсэн мөнгө 3,500,000 төгрөгний алдангид 1,750,000 төгрөгийг гаргулахаар нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөх талаар зохицуулсан бөгөөд хугацаа хэтрүүлсэн тал нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөх үндэслэлтэй боловч нэхэмжлэгч Э , хариуцагч Б  нарын хооронд хугацаа тохирсон ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдсэн нь  тогтоогдохгүй байх тул хариуцагчаас зээлсэн мөнгөний алдангид 1,750,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, үүний алданги 35,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан эрх зүйн харилцаанд оролцогч нь нэхэмжлэлийнхээ шаардлага, үндэслэл, тайлбар болон түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, холбогдох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, үүнтэй холбоотой гарсан зардлыг тэрээр өөрөө хариуцах ёстой бөгөөд хариуцагчийн хаягийг тодруулсны үндсэн дээр шүүхэд нэхэмжлэл гаргах нь нэхэмжлэгчийн өөрийнх нь хариуцах асуудал тул хариуцагчийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, үүний алданги 35,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б ээс 2,810,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,545,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                          ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б ээс 2,810,000 /хоёр сая найман зуун арван мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,545,200 /хоёр сая таван зуун дөчин таван мянга хоёр зуун/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,633 төгрөгийг улсын  орлогод  хэвээр үлдээж, хариуцагч Б ээс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох  улсын тэмдэгтийн хураамжид 55,674 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э т олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Хариуцагч Б  шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР